УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэнтэй уулзаж, улс орон даяар өрнүүлээд буй “ТҮР ЗОГС, БҮҮ ЯАР” аяны талаар тодрууллаа. 

-УБТЗ жил бүр “Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ тэмдэглэлт өдрийн талаар та манай уншигчдад тодорхой мэдээлэл өгөөч. Чухам ямар өдөр юм бэ?

-Тэгэлгүй яах вэ. Олон улсын төмөр замуудын холбоо буюу UIC нь 2009 оноос эхлэн “Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр /ILCAD/-ийг тэмдэглэж эхэлсэн байдаг. Энэхүү өдрийг төмөр замын гарам дээрх эрсдэлийг бууруулах зорилгоор улс орнууд, НҮБ, Европын холбоо зэрэг томоохон байгууллагууд хамтран зохион байгуулдаг уламжлалтай. УБТЗ-ын хувьд 2011 онд Олон улсын төмөр замуудын холбоонд нэгдсэн бөгөөд 2013 оны 05-р сарын 07-ны өдөр “Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр”-ийг “Зогс! Галт тэрэгнээс болгоомжил” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байсан юм. Ингэснээр тус өдрийг эх орондоо тэмдэглэсэн 44 дэхь орноор бүртгэгдэж, өнөөдөр 11 дэх жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ тэмдэглэлт өдрийн утга учир нь гармын техникийн байдлыг сайжруулах, иргэд олон нийтэд гармын тухай ойлголтыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэдэг. Гэхдээ та бүхний оролцоо идэвх санаачилга юу юунаас чухал гэдгийг онцлон хэлмээр байна.

-Энэ жилийн хувьд та бүхэн “ТҮР ЗОГС, БҮҮ ЯАР” уриатай аян болгон өргөжүүлж, улс орны хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа юм байна. Аяны хүрээнд ямар бүтээлч, нөлөөллийн ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?

-2023 оны тухайд “Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр”-ийг манай Тээврийн хяналтын алба хариуцан зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд салбар замууд дахь гармуудыг бүртгэлжүүлэх, “Төмөр замын гарам ашиглах журам”-ын шаардлагад нийцүүлэн тоноглох, шаардлага хангахгүй, зөвшөөрөлгүй гармуудыг хөдөлгөөнд хаах, УБТЗ-ын хэмжээнд байгаа гармуудын тооллого, судалгаа, үзлэг шалгалт, эрсдэлийн үнэлгээг хийж, эрсдэлийг бууруулах ажлуудыг эхлүүлээд ажиллаж байна. Эрсдэл өндөр Сүхбаатар-Дулаан хоорондын замын 25-р километрийн гармыг хоёр өөр түвшинд огтлолцуулан нүхэн гарц барих, Хангай-Багахангай хоорондын замын 508-р километрийн гармын тоноглолыг сайжруулан жижүүрийн зохицуулалтай болгох ажлыг орон нутагтай хамтран хийхээр болсон. Энэ нь, эрсдэлийг үнэлж, удирдаж байгаагийн нэг том жишээ юм.

-Өнөөдрийн байдлаар, УБТЗ-ын хэмжээнд хэчнээн гарам ашиглагдаж байгаа вэ. Тэдгээрийг хэрхэн тоноглож, гармын аюулгүй байдлыг хангуулж байна? 

-Тээврийн хяналтын албанаас зохион байгуулсан гармын тооллого, үзлэг шалгалтаар УБТЗ-ын хэмжээнд нийт 376 гарам байгаагаас гол замд 68, салбар замд 308 гарам бий. Бид гармын техник тоноглолыг сайжруулах, хяналтын камер, галт тэрэгний автомат зарлан мэдээлэх төхөөрөмж, лед гэрэлтүүлэг, мал хорих төхөөрөмж, чиглэл заагч зэргээр тоноглохын зэрэгцээ гармын автомат дохиоллыг хөндлөн консоль дээр байрлуулан үзэгдэлтийг сайжруулах, сөхөгддөг саад /УЗП/-аар тоноглох, гармын жижүүрүүдийн ажлын байрны нөхцөлийг сайжруулах зэрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүллээ. Иргэд олон нийтэд гарам дээр гарч болох аюул эрсдэлийн талаарх сургалт, сурталчилгааг тасралтгүй хийж ирсэн боловч гарам дээр гарч буй зөрчил дутагдал буурахгүй байна. Энэ оны дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар гарам дээр тээврийн хэрэгсэл дайрагдсан таван удаагийн тохиолдол /гологдол/ бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дөрвөн нэгжээр, гарам дээр автомашин байснаас галт тэрэг яаралтай тоормос хийж зогссон нийт 15 тохиолдол /дутагдал/ бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дөрвөн нэгжээр тус тус нэмэгдсэн. Эдгээр гологдол, дутагдлын дийлэнх буюу 80 хувь нь салбар замуудад байрлах гарам дээр гарч байгаа нь нийтийн болон дагнасан хэрэглээний гармуудад анхаарах шаардлага зайлшгүй байгааг харуулж байна.

-Олон улсын төмөр замуудын холбооноос энэ жил чухам юунд голлон анхаарч байна. УБТЗ-ын хувьд бас?

-Олон улсын төмөр замуудын холбооноос 2023 онд “Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр”-ийг тэмдэглэх зорилтоо Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн гарам хэрэглэгчдэд зориулан тодорхойлж байгаа. Энэ нь, миний түрүүнд хэлсэнчлэн салбар замуудад байрлах гармуудад анхаарах зайлшгүй шаардлага байгаагийн нэг жишээ юм. Тиймээс УБТЗ-ын зүгээс гармын техникийн байдал найдвартай ажиллагааг сайжруулан эрсдэлийг бууруулахад үйл ажиллагааны зардлаа нэмэгдүүлнэ. Эцэст нь, УБТЗ-ын зүгээс Монгол Улсын хэмжээнд “ТҮР ЗОГС, БҮҮ ЯАР” аяныг ийнхүү албан ёсоор эхлүүлж байна. ХАЙРТАЙ ХҮМҮҮСТЭЭ ОЧИХЫН ТУЛД ТҮР ЗОГС, БҮҮ ЯАР!