УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

- 2022 онд та манай сонинд өгсөн ярилцлагадаа Аюулгүй байдлын соёл, бодлого, хөтөлбөртэй” болохыг зорьж байгааг дурдсан. Энэ хөтөлбөрийн хэрэгжилт одоо хэр хэмжээнд явж байна вэ?  

 

-2024 онд бид Замын даргын А/02 тушаалаар “Аюулгүй байдлын соёл”-ыг төлөвшүүлэх зорилт тавьсан. Төмөр замчид бид одоо энэ зорилтоо бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Соёл гэдэг ойлголт нь аюулгүй байдалд яагаад чухал вэ гэдгийг бид олон улсын төмөр замуудын туршлага, ирээдүйн чиг хандлагаас олж харсан. Ажилтан бүр өндөр сахилга бат, хариуцлагатай байж, технологи дүрэм, журмыг чанд мөрдөхийн сацуу ажлын байрны эрсдэлийг өөрөө илрүүлж, арилгах, мэдээлэх. Ингэснээр учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг зарчмыг байгууллагын соёлдоо шингээх шаардлага бидний өмнө зүй ёсоор тулгарч байна. Цаашлаад энэхүү бий болгосон соёлоо үеэс үед уламжлан авч явах нь хүний хүчин зүйлээс шалтгаалсан эрсдэлийг бууруулж, аюулгүй байдлыг дээшлүүлэх гол “түлхүүр” гэж бид харж байгаа. Япон, ОХУ зэрэг өндөр хөгжилтэй орны төмөр замын салбар, зөвхөн төмөр зам ч гэлтгүй үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг бүхий л томоохон байгууллагуудад Аюулгүй байдлын соёлыг өндөрт авч үздэг. Энэ нь ч бодит үр дүнд хүрч осол, гологдол, зөрчлийн хэмжээ буурдаг болох нь бодит тооцоо судалгаагаар нотлогдсон байдаг.

 

-Тэгэхээр аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэхэд удирдлагын оновчтой шийдвэрээс гадна хүн бүрийн идэвх оролцоо хамгаас чухал байх нь?

 

-Бид жил бүрийн арванхоёрдугаар сард уламжлал болгон зохион байгуулдаг зөвлөгөөн дээрээ аюулгүй байдлыг тухайн жилд хэрхэн хангаж ажилласнаа хэлэлцдэг. Мөн алдаа, оноогоо дүгнэж ирэх жилд зохион байгуулах ажлуудынхаа талаар алба, нэгжийн удирдлагуудтай санал солилцдог. Зөвлөгөөний төгсгөлд тэдний саналыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөнд тусгаж хамтран ажиллахыг зорьдог.

 

-Өнгөрсөн хугацаанд гарсан гологдол дутагдалд дүн шинжилгээ хийх, шалтгааныг нь олж тогтооход төмөр замчид өндөр ач холбогдол өгч ирсэн. Гэхдээ энэ нь орчин цагийн хүмүүсийн сэтгэлгээ, арга барилд төдийлөн оновчтой бус байх шиг?

 

-Гологдол, дутагдлыг судлан шинжлэх нь зайлшгүй хийх ёстой ажлын нэг мөн үү гэвэл мөн. Гэхдээ бид аливаа гологдол, дутагдал гарсных нь дараа судлахаас илүүтэйгээр түүнээс урьдчилан сэргийлэхэд илүү ач холбогдол өгч, эрсдэлийг бууруулахад гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна.  Эрсдэлтэй ажлын байр 10 байлаа гэж үзэхэд, эрсдэлтэй хүчин зүйл 90 хувийг нь бүрдүүлдэг гэсэн албан ёсны судалгаа ч бий. Замын даргын А/828 тушаалын дагуу хагас жил бүр хийгдэж байгаа эрсдэлийн үнэлгээ жилээс жилд чанаржиж, илүү бодитой, үр дүнтэй болж байгааг бид бүхэн харж байна. Эрсдэлийн үнэлгээ гэдэг нь үйлдвэрлэлийн процессын хаана нь их эрсдэл байна вэ гэдгийг илрүүлэх. Тэрхүү эрсдэлтэй цэгүүдийг тодорхойлсныхоо дараа нийт ажилтнууддаа ойлгуулан таниулах, болзошгүй аюул эрсдэл, гологдлоос урьдчилан сэргийлэх, боломжийг бүрдүүлэх зорилготойгоор хийгддэг үйл ажиллагаа юм. Одоо нэг үеэ бодвол манай алба, хэлтэс, салбар нэгжийн удирдлагууд эрсдэлийн тухай тодорхой ойлголттой болсон. Энэ бол эрсдэлийг бууруулахын тулд хийж байгаа ажлууд маань жилээс жилд үр дүнгээ өгч, эрсдэлийг удирдах боломжийг бүрдүүлж байгаагийн гол нотолгоо юм.

 

-Гологдол дутагдал гарсан л бол эзэн холбогдогчийг олж, хариуцлага тооцохыг чухалчилдаг тогтолцоо бидний дунд байсан нь нууц биш. Гэхдээ энэ нь гарсан гологдол дутагдлыг нуун  дарагдуулах, улмаар улам илүү аюултай нөхцөлд хүргэх шалтгааны нэг болдгийг та олон хурал зөвлөгөөн дээр онцолж байсан?

 

-Аюулгүй байдлын соёлын бас нэгэн тулгын чулуу бол “Нээлттэй мэдээллийн тогтолцоо” юм. Ажилтан хэзээ ч, хаанаас ч үл тохирол, эрсдэлийн тухай мэдээллийг байгууллагын удирдлага, холбогдох ажилтнуудад чөлөөтэй дамжуулж, эрсдэлийг арилгуулах нь энэ тогтолцооны үндсэн зорилго юм. Алтан үеийнхэн маань “Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөхгүй” гэж ярьдаг байсан. Товчхондоо бидний зориод байгаа гол санаа бол энэ. Мэдээллийг хялбар, түргэн шуурхай дамжуулах үүднээс байгууллага бүрд “Аюулыг мэдээлэх суваг” буюу QR- кодыг байршуулсан. Тус сувгаар ирсэн мэдээллийн дагуу хариу арга хэмжээг авч, мэдээлэл өгсөн ажилтанд заавал буцаж мэдэгддэг байх зарчмаар “Нээлттэй мэдээллийн тогтолцоо” хэрэгжиж байна. Тухайлбал, энэ онд Тээврийн хяналтын албанд 40 гаруй мэдээлэл ирсэн. Тухайн мэдээллүүдийн дагуу чиглэл хариуцсан байцаагч нар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн, мэдээ илгээгчдэд хариу өгөх ажлыг зохион байгуулж байна. Түүнээс гадна “хаалттай” мэдээллийг ч энэхүү сувгаар өгч болно. Энэ тохиолдолд мэдээлэл өгсөн ажилтны нууцыг чанд хадгалж зохих арга хэмжээг авч ажиллана. “Нээлттэй мэдээллийн тогтолцоо” нь бидэнд их, бага гэлтгүй аливаа үл тохирол эрсдэлийг тухай бүр нь арилгаж томоохон осол, гологдол, дутагдлаас сэргийлэх боломжийг бүрдүүлэх юм.   

 

-Саяхан болж өндөрлөсөн улирлын үзлэгийн явцад төмөр замчид маань ямар асуудлыг үзлэгийн комисст дэвшүүлэн тавив. Тэдгээрийг шийдвэрлэх гарц гаргалаа нь юу байна вэ?

 

-Замын даргын үзлэг, улирлын үзлэг бол ажилчдынхаа ажлын байр, амьдрах нөхцөлтэй газар дээр нь танилцаж, тэдний өмнө тулгамдаж буй асуудлуудыг сонсож шийдвэрлэх, тээврийн тасралтгүй найдвартай үйл ажиллагаа, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор хийгддэг өндөр ач холбогдолтой ажил гэдгийг та бүхэн мэднэ. Бид жилээс жилд үзлэгийн чанар, үр дүнд анхаарч байна. Үзлэг шалгалт гэхээрээ л ажилтан хүнд, ажил удирдагч, байгууллагын дарга, удирдлагуудад ч тэр дарамт болох ёсгүй. Харин ч эсрэгээрээ тухайн ажилд, ажлын байранд алдаа, дутагдал гарахаас урьдчилан сэргийлэх, тоног төхөөрөмж, байгууламжийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангуулахын төлөө үзлэг шалгалтууд хийдэг. Салбар нэгжийн удирдлагуудын хувьд тухайн байгууллагын үйл ажиллагаанд үүссэн асуудал, үл тохирлуудыг илрүүлж, засах арилгах чиглэлээр зөвлөн тусалж, чиглүүлж өгдгөөрөө давуу талтай юм. Замын даргын хаврын үзлэгээр замчид маань цалин хөлсөө нэмэгдүүлэх нэн шаардлагатай байгааг илэрхийлсэн. Энэ хүрээнд энэ сарын 01-нээс нийт замчдынхаа цалинг тодорхой хувиар нэмэгдүүлж тооцох шийдвэр гарсан. Энэ мэтчилэн үзлэг бүрийн дараа Замын захиргаа шаардлагатай шийдвэрүүдийг  гаргаж ажилладаг. Гуравдугаар улирлын үзлэгээр ч мөн төмөр замчдынхаа тулгамдсан асуудлуудыг сонсож, байгаа нөөц боломжийнхоо хэмжээнд шийдвэрлэхийг зорин ажиллаж байна. 

 

-Ялангуяа, нийгмийн чанартай асуудлууд төмөр замчдын хувьд гол хүндрэл болж байх шиг. Үзлэг ахалж ажилласан хүний хувьд энэ талаар ямар байр суурь байна вэ?

 

-Үзлэгийн комисс алба, салбар, нэгжүүд тээврийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа, улирлын чанартай тээврийн ажлыг оновчтой зохион байгуулах чиглэлээр ямар ажлуудыг хэрэгжүүлж байна вэ гэдэгтэй газар дээр нь үзэж танилцдаг. Улмаар Замын удирдлагаар шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлуудыг нэгтгэн, үзлэгийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тушаалд тусгаж, биелэлтийг хангуулдаг. Төмөр замчдын зүгээс дэвшүүлэн тавьдаг асуудлын дийлэнх хувийг хөрөнгө, санхүүтэй холбоотой ажил, тэр дундаас ажилчдын нийгмийн асуудлууд эзэлдэг. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд ч мөн эрсдэлийн үнэлгээ, тооцоо судалгаа шаардагдаж байна. Жишээ нь, Барилга ашиглалт, үйлчилгээний ангийн балансад бүртгэлтэй өртөө, зөрлөгүүдийн замчдын байруудын нэгдсэн судалгааг гаргаж, 2024, 2025, 2026 онуудад болоод урт, богино хугацаанд аль аль байруудыг нь засвах вэ гэдгийг тодорхой болгох ёстой. Одоо ямар байдалтай байгаа, хамгийн түрүүнд аль байруудад засвар хийх шаардлагатайг өмнө нь хийсэн засварын чанарын судалгаанаас харж болно. Хөдөлгөөний аюулгүй байдлыг тогтвортой хангахад шугам замд ажиллаж байгаа ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах нь хамгийн чухал асуудал. Үүний тулд цалин хангамжаас гадна тэдэнд ая тухтай ажиллах амьдрах нөхцөлийг нь бүрдүүлж өгөх нь чухал. Мөн ажил хийх хүнд багаж хэрэгсэл, сэлбэг материал амин чухал хэрэгцээ байдаг учраас цаг алдалгүй хангаж байх нь чухал. Ингэснээр бид хүссэн үр дүндээ хүрнэ.

 

-Хөдөлгөөний аюулгүй байдал талаасаа Замын хэмжээнд танд ямар дүр зураг ажиглагдав? 

 

-Замын их засвар болон технологийн цонхны ажлуудад хяналт тавих, алба, салбар нэгжүүд харилцан уялдаа холбоотой хамтран ажиллаж технологийн мөрдөлт, сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд бүх шатанд анхаарах шаардлагатай болсон нь харагдаж байсан. Энэ намрын тухайд замын их засварын бэлтгэл ажлыг бүрэн хангаж, төлөвлөсөн хугацаандаа чанартай гүйцэтгэх нь Замын аж ахуйн алба, Зам засварын машинт станц, Замын II ангийн хамт олны хувьд нэн чухал ажил юм. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд шугам замын өртөө, зөрлөгүүд дэх замчдын байрны засварыг яаралтай хийж дуусгах, ажилчдад зориулсан халуун усны газрыг засах, шинээр барих, 00-ын асуудлуудыг хамтад нь шийдвэрлэх бодит шаардлага үүсээд байна. Тиймээc бид холбогдох судалгаа, тооцоог гаргаж, үе шаттайгаар шийдвэрлэх шаардлагатай.

 

-Төмөр замын аюултай бүсийн дэглэмийг сахиулах, тэр дундаас гармын аюулгүй байдалтай холбоотой гологдол дутагдлууд сүүлийн үед олон гарч байна. Энэ чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ?

 

-Хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан орон нутгийн иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэх тул төмөр замын гарам, “Аюултай бүсийн дэглэм”-ийг сахиулах чиглэлээр зангилааны салбар нэгжүүд хамтарсан ажил зохион байгуулах хэрэгтэй. Аюултай бүсийн дэглэмийг сахиулах болон намрын хуурайшилтын чиглэлээр холбогдох цахилгаан, зааварчилгаанууд ч гарсан.

 

-Улс орны хэмжээнд үүсээд байгаа хүний нөөцийн хомсдлын асуудал УБТЗ-ыг ч бас тойрч гарсангүй. Үүнийг шийдвэрлэх гаргалгааг чухам юу гэж харж байна вэ?

 

-Ямар ч асуудалд шийдэл бий. Түүнийг олж, оновчтой зохион байгуулалт хийх нь л чухал. Тухайлбал, Замын урд хэсгийн хэмжээнд орон тоо дутуу ажиллаж байгаа салбар нэгжүүд ТЗДС, ПТК-той хамтран шинэ залуу боловсон хүчнийг сургаж, дадлагажуулан бэлтгэх чиглэлээр тодорхой ажил зохион  байгуулах шаардлагатай байна. Оюутан залуусыг ажлын талбарт нь дадлагажуулах ажлыг хөдөлгөөнтэй холбоотой албад Хүний нөөцийн албатай хамтран хэрэгжүүлэх хэрэгтэй. Замын нэгдүгээр орлогч даргын өгсөн чиглэлийн дагуу эхлээд холбогдох байгууллага нь тухайн ажилтнуудын сургалтын төлбөрийг даах таатай нөхцөлийг бүрдүүлэх. Сургуулиа төгссөнийх нь дараа орон тоо дутуу газартаа шууд томилон ажиллуулж, суралцсан хугацааных нь сургалтын төлбөрийг эргэн төлүүлэх, тухайн байгууллагадаа 3-5 жилийн хугацаатайгаар тогтвор суурьшилтай ажиллуулах зэргээр оновчтой зохицуулалтуудыг хийж, мэргэжилтэй хүний нөөцийн баазаа бэхжүүлэх боломж бий.

 

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

 

-Баярлалаа.

 

Б.Дэлгэрхишиг