Техникийн бодлого, стандартчиллын албаны дарга С.Мөнх-Алдартай 2024 онд УБТЗ ХНН-ийн дэвшүүлж буй жилийн зорилт, энэ хүрээнд хийгдэж ажлын төлөвлөлтийн талаар ярилцлаа.
-Энэ оныг “Бүтээгдэхүүн үйлчилгээний чанар стандартыг хангах жил” болгон зарлалаа. Зорилтоо өмнөх жилүүдийн зорилтуудтай уялдуулсан гэж ойлгож байгаа. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Аливаа байгууллага оршиж л байвал зайлшгүй өмнөө зорилт дэвшүүлж, түүнд хүрэхийн тулд баг хамт олноороо зорилтоо батлан төлөвлөлтөө хийж ажилладаг. Зорилгыг бол урт, дунд, богино хугацаатай дэвшүүлж ажилладаг жишиг олон улсад хэдийнээ тогтчихсон. Урт хугацааны зорилгоо тодорхойлж буйгаа бид “Алсын хараа”, дундыг нь “Эрхэм зорилго”, богиныг нь “Жилийн зорилго” болгож хэрэгжүүлдэг. Хаана, юунд хүрэх, ямар үр дүн хүлээж байгаа юм гэдгээ тооцох ёстой шүү дээ. Улс ч ялгаа байхгүй 2050 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны бодлогоо “Алсын хараа-2050” гэж тодорхойлж баталсан. “Шинэ сэргэлтийн бодлого” гээд дунд хугацааны зорилтоо хэрэгжүүлээд явж байна. Эдгээр том бодлого стратегийг бодитоор хэрэгжүүлэхийн тулд жил бүр Засгийн газраас богино хугацааны жилийн зорилтуудаа тодорхойлдог. Энэ бүгд бүх шатандаа харилцан уялдаатай байвал зорьсон зорилтдоо хүрч, үр дүн гарч, хөгжиж байна гэж үздэг. Монгол Улсын Засгийн газрын 481 дүгээр тогтоолоор энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” гэж зарласан. Үүний хүрээнд ЗТХЯ-наас “Бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтын жил” гэж томьёолоод зорилгоо тодорхойллоо. Харин УБТЗ-ын хувьд 2021 оноос бэлтгэл ажлаа хангаж, 2022 оноос “Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх жил” гэж зарласныг та бүхэн мэднэ. Бид байгууллагуудыг нэг гараанаас гаргах зорилготой байсан. Замын удирдлага дэмжиж, Замын хэмжээнд ажил зохион байгуулж эхэлсэн. Тэгээд 2023 онд түүнийгээ баталгаажуулах жил болгож зарласан шүү дээ. Үүнийхээ хүрээнд бичиг цаасаа байгаа байдалдаа хэрхэн уялдуулах вэ, бидэнд ямар бичиг баримт дутуу байна, ямар тогтолцоо хэрэгтэй юм гэдэг талаар нь явсан. Байгууллагуудын үйл ажиллагаа, хамрах хүрээ, урд нь хийсэн ажил, цөм багийн ур чадвар, удирдлагуудынх нь дэмжиж буй байдал, харилцаа, уялдаа холбоо зэргээс хамаарч харилцан адилгүй байна. Зарим нь хоцорч, зарим нь дахин шинэчлэх шаардлагатай болж байна. Тиймээс үүнийг нь жигдлэхийн тулд баталгаажуулах жилийн хүрээнд нэлээд ажил хийсэн. Хоцорсныг нь ойртуулах, ойлголт дутмаг байгаад нь зөвлөгөө өгч, сургалт хийсэн. Тэгээд энэ оны зорилтыг хэрхэн тогтсон бэ гэвэл “Хүний хөгжлийг дэмжих”, “Стандартыг хэвшүүлэх” гэх мэт олон санал Замын удирдлагуудад ирсэн л дээ. Харин тэдгээр саналыг Замын захиргаанд хуралдаад “2022 оноос эхлэн Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх томоохон зорилт тавиад явлаа. Энэ хүрээнд хийсэн цаас, бүх зүйлээ хөрсөн дээр нь буулгаж хэрэгжүүлье. Том агуулгаар нь хараад буй ч жижиг үйл ажиллагаандаа стандартыг хангах ажил учир дутагдалтай байна” гэдэг үүднээс “Бүтээгдэхүүн үйлчилгээний чанар стандартыг хангах жил” болгосон. Өөрөөр хэлбэл, шат ямар стандарттай, бариул нь ямар байх ёстой юм. Үйлчилгээний ажилтны хувцас нь, өрөө нь ямар байх, гаднаа ямар хаягтай байх юм. Салбар нэгж, байгууллагуудын хаяг янз бүр байгаа. Цаашид бүгдийг нь нэг стандарттай болгоно. Мөн тогтолцооны стандартуудаа байгууллагуудад хөрсөн дээр нь буулгана. УБТЗ-ын 75 жил болж байна. Тиймээс энэ том ойг тохиолдуулаад бэлтгэл нь хангагдсан эдгээр ажлаа хөрсөн дээр нь буулгаж, бүрэн утгаар нь хийж хэрэгжүүлье гэж үзсэн. Бүтээгдэхүүн үйлчилгээний чанар гэдэг нь засварласан зүтгүүр, вагон, зам, барилгын материал гэхчлэн бүгд стандартын шаардлага хангасан байхыг хэлнэ. Гадна өнгө төрхөөсөө ч, доторх агуулгаараа ч нэгдсэн стандарттай байх ёстой. Энэ нь ч Засгийн газраас, салбарын яамнаас гаргаж буй зорилтуудтай уялдаж байгаа юм.
-УБТЗ ХНН-ийн өмнөх онуудын зорилт хэрхэн биелсэн гэж дүгнэв?
-Зорилт бол зүгээр л нэг тунхаг биш. Оны эцэст бид зорилтынхоо хэрэгжилтийг Замын хэмжээнд дүгнэдэг. Улирал бүр хэмжиж үздэг. Аль түвшинд хүрэв, хэрэгжиж байна уу, үгүй юу гэдгийг нь гаргаж ирдэг. 2022, 2023 оны эцэст дүгнэхэд зорилтдоо хүрээд явж байна гэж үзсэн. Жил бүрийн зорилтыг бид хооронд нь уялдаа холбоотой тодорхойлж байгаа. Ганцхан жилд менежментийн нэгдсэн тогтолцоог бий болгож, стандартыг бүрэн хэвшүүлж чадахгүй шүү дээ. Үр дүн нь тодорхой хугацааны дараа гарна. 2030, 2040 он гэхэд УБТЗ ямар түвшинд хүрсэн, орчин үетэйгээ хэрхэн хөл нийлүүлэн явах юм гэдэг алсын бодлогыг хардаг. Үүнийг ч төмөр замчид маань ойлгодог болсон. Байгууллагыг хэн нэгэн хүн биш зөв тогтолцоо нь удирддаг болох ёстой. Дарга нь өөрчлөгдсөн ч тогтолцоо нь удирдаад явна. Тиймээс төмөр замчид “Аан, ийм юм байна шүү дээ. Үүнийг хэрэгжүүлчихвэл бүх зүйл тодорхой болох юм байна. Бүгд шударга явах юм байна” гэж ойлгох нь чухал. Тэгэхгүй бол хэн нэгнээс “Чи энэ байгууллагад яг юу хийдэг вэ” гэхэд тайлбарлаж чаддаггүй тохиолдол гардаг байсан. Ерөнхийд нь л албан тушаалынхаа нэршлийг хэлэхээс тайлбарлахгүй. Харин одоо бол байгууллага нь юу хийдэг, ямар бодлого чиглэлтэй, өөрөө өдөрт ямар ажил хийсэн байх ёстой гээд мэддэг болсон. Энэ оны зорилтыг хэрхэн биелж буйг улирал бүр дүгнээд явна. Болж байгааг нь урамшуулж, болоогүйд нь заан зөвлөж, хамтарч ажиллана.
-Оны зорилттой холбоотой энэ жилийн ажлын төлөвлөгөө гарсан байх. Тухайлбал, яг юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Бүтээлч, бүтээн байгуулалттай холбоотой том ажил нэлээд орсон. Тухайлбал, Менежментийн нэгдсэн тогтолцооны үндсэн 11 шаардлага байдаг. Дээр нь, ISO9001, ISO45001, ISO14001 гээд гурван үндсэн том стандартын нийт 150 гаруй шаардлага бий. Тэр шаардлагуудыг бид ажлын байранд буулгана. Үүний тулд хөрөнгө мөнгөтэй холбоотой олон ажил хийнэ. Төлөвлөгөөний дагуу төсвөө баталсан. Ер нь, Менежментийн нэгдсэн тогтолцоонд “Ийм байх ёстой” гэсэн ажлууд нь тийм байна уу гэдгийг тулгаж үзэх хэрэгтэй. Тэгээд мөнгө шаардлагатай байна уу, ажилбар хэрэгтэй юу гэдгээ гарга. А/01 дээр бүх шаардлагыг зааж өгсөн байгаа. Мөн УБТЗ-ын брендингийг тодорхойлох гэж нэг том ажил орсон. Замын даргын үзлэг, эсвэл ой энэ тэр гэхээр янз бүрийн өнгөөр байшин, барилга, хашаагаа буддаг. Тэгвэл байшингуудын өнгө, загвар, төмөр зам дагасан хашаанууд ямар байх юм. Улаан, ногоон өнгөтэй логонууд байж болох уу гэхчлэн бүгдийг нь нэг стандарттай болгоно. ОХУ-ын “РЖД” улаан, саарал өнгөн дээр хосолдог. Бүх салбар нэгж нь нэг л логоны ард байгууллагын нэрийн товчлолоо биччихнэ. Гэтэл манайх янз бүрийн логотой байгаа. Тэгээд зарим байгууллагад очоод шалгахаар “Менежментийн нэгдсэн тогтолцооны ажил маань энэ. Манай тэр хариуцдаг юм” гээд олон хуудас цаас үзүүлдэг. “Байгууллагад чинь хэрэгжсэн юу байна” гэхээр үзүүлэх юм байдаггүй. Цех рүү нь орохоор ямар зорилготой, юу хийдэг, ямар зураглалаар ажил нь явдаг, хэн хэн ажилладаг нь тодорхойгүй байдаг. Технологийн бичиг баримт ч байхгүй. Нэг цехтэй танилцах гэж бүтэн өдөр зарцуулдаг. Уг нь тэр цаасан дээрхээ бодит ажил болговол 30 минутад л танилцана шүү дээ. Оффисын соёл ч ялгаагүй, бүх зүйл тодорхой байх ёстой. Компьютер, суурин утас, бичиг цаас гээд бүгд хаана байрлахыг заадаг. Мөн хавтаснууд нэг өнгө, загвартай байна гэхчлэн жижиг гэлтгүй олон шаардлага бий.
-Эдгээр шаардлагыг хөрсөн дээр буулгахгүй байгаа нь юутай холбоотой гэж харж байна вэ?
-Байгууллагын удирдах ажилтнууд хурал зохион байгуулж, аргачлалын дагуу ажлаа зөв ойлгомжтой тодорхой хуваарилж хийхгүй байгаагаас гадна харилцан уялдаа систем тодорхойгүй зүйлүүд байна. Бүгд цуглаад “Манай байгууллага юу хийдэг билээ” гэж бүх ажлаа жагсааж бичих хэрэгтэй. Тэгээд хэн аль ажлыг хариуцахаа тодорхой болго. Ингээд бүгд хувааж авсан ажлаа дахин дараа дараагийн шатандаа хуваарилаад, хяналт шаардлагаа зөв тавиад явах ёстой.
Мөн байгууллагууд ажлаа учир дутагдалтай төлөвлөдөг. “Бүтээгдэхүүн үйлчилгээний чанар стандартыг хангах жил” гээд Замын захиргаанаас зарлан тушаал гаргангуут байгууллагууд зорилтын тушаал гаргах нь зөв. Гэхдээ “Бүтээгдэхүүн үйлчилгээний чанар стандартыг хангах жилийн зорилтыг хангасугай” гэх мэт дахиж тушаалын цаас үйлдвэрлээд байна. Ямар ч үр дүнгүй. Харин энэ зорилтыг биелүүлэхийн тулд танай байгууллага яг юу хийх юм гэдгээ л тодорхой болго. Зарим нь СХЗГ-ын баталгаажуулалтад орж болно. Бүх ажлын байрандаа стандартуудыг хангуулна гэдэг ч юм уу. Хэрэв тэгвэл стандартуудыг тулгаж үзэх хэрэгтэй. Тэгээд бүх ажлын байраа мэргэжлийн байгууллагаар үзүүлж, өгсөн зөвлөмжийнх нь дагуу бүгд ажиллаад оны эцэст дүгнэ. Алба нь салбар нэгжүүдээ цуглуулаад ярилцаж болно шүү дээ. Энэ жил тэнд, дараа жил тэр шатанд хүрнэ гэдгээ тодорхойлж, зорилгоо бүрэн мэддэг байх хэрэгтэй. Байгууллага бүр төлөвлөгөөнийхөө дагуу хийсэн ажлаа доод шатнаасаа эхлээд хураахад УБТЗ-ын зорилт биелдэг байх ёстой.
-Энэ он гарсаар та бүхэн зарим аж ахуйн нэгжийн төлөвлөгөөтэй нь танилцав уу?
-Энэ жил Замын удирдлагаас үүрэг чиглэл болгосны дагуу Менежментийн нэгдсэн тогтолцооны чиглэлээр хийсэн журам, заавар, зураглал, үйлдэл зэрэг нь бодит байдалд хэрхэн буусныг үзэж, заавар зөвлөгөө өгөх зорилготой Дотоод аудит, хяналт шалгалтын албатай хамтарсан үзлэг хийж эхлээд байна. Бид загнаж, хариуцлага тооцож, айлгаж ичээх бус болохгүйд нь зөвлөж туслах, зааварчлах зорилготой. Толгойт өртөө, Улаанбаатар татах хэсгийн ажилтай танилцсан. Бичиг баримтын хүрээнд бүрдүүлэлт сайн боловч бодит байдалд учир дутагдалтай асуудал цөөнгүй байна. Хөрсөн дээр буусан ажил бага. Өнөө л цаасаа үзүүлдэг хэвээрээ. “Та зорилтоо мэдэх үү. Төлөвлөгөөнд чинь хэдэн заалт туссан бэ. Танд аль заалт нь хамааралтай юм” гэхэд мэдэхгүй байна. Ер нь, олон байгууллага ийм л байгаа. Жишээ нь, эдийн засагч, ерөнхий нягтлан төлөвлөгөө боловсруулахад оролцдоггүй. Байгууллагын дарга ерөнхий инженертээ ч юм уу нэгэнд нь төлөвлөгөө хийх үүрэг өгдөг. Нөгөөх нь хэдэн ажил төлөвлөөд даргаараа батлуулчихна. Гэтэл ямар ажил хийх, хэдэн төгрөг шаардах тухай юу ч тодорхойгүй. Эдийн засагч танилцаагүй учир өнөө ажил нь мөнгө шаардлагатай болохоор гацдаг. Тухайлбал, “Ажлын байрны үнэлгээ хийлгэнэ, тэр инженер хариуцна” гээд төлөвлөсөн. Үнэлгээ хийлгэх гэтэл манайд ийм, ийм юм шаардлагатай юм байна. Агааржуулагч байх хэрэгтэй гэнэ, тэдэн сая төгрөг гэдэг. Энэ мэт дандаа мөнгөтэй холбоотой ажлууд учир биелдэггүй. Уг нь, төлөвлөгөөгөө байгууллагын удирдлагууд бүгд ярилцаж, бүгд гарын үсэг зурж батална. Хийх ажлуудын зардлыг эдийн засагч хянаад болно гэвэл зардал төлөвлөх ёстой. Гэтэл очоод асуухаар “Зардал төлөвлөөгүй” гэдэг. Эдийн засагчдаа хэлээгүй, эдийн засагч нь ч юу төлөвлөснийг асууж, шахаагүй байдаг. Бичгийн цааснаас эхлээд зардал хэрэгтэй биз дээ. Харин бүгдээрээ ярилцвал зардлаа хэрхэн гаргах олон арга байдаг. Эдийн засагч оролцвол энийг бичиг хэргийн зардлаас, үүнийг аж ахуйгаас, үүнийг даргын сангаас гаргачихъя гэх мэт шийдчихвэл амьд төлөвлөгөө болно. Гэвч тийм биш байна. Мөн зорилтдоо ямар ч хамаагүй ажил төлөвлөсөн байдаг. Яг юуг голлох нь тодорхойгүй юм юм руу самгардсан л төлөвлөгөө байх нь олон. Тэгэхээр яаж төлөвлөгөө нь биелэх вэ дээ. Тогтолцоонд нөлөөлөх гол ажил болох технологийн бичиг баримтын уялдаа холбоо, боловсруулалт дээр анхаарч сайжруулах асуудал ч байна. Дан ганц байгууллагаас шалтгаалахгүй бусад албад болон удирдлагаас шалтгаалах ажлууд ч байна. Бид дүн шинжилгээ хийгээд тухайн байгууллагуудтай хамтран ажиллаж сайжруулалтыг хийгээд явна.
-Тэгэхээр зарим байгууллага Менежментийн нэгдсэн тогтолцооны бодлого чиглэлийг бүрэн ойлгоогүй байдаг гэсэн үг үү?
-Бид 2023 оноос хойш сургалтуудыг байгууллагын ажилтнууд, дунд шатны удирдлагууд, дээд удирдлагууд гэсэн гурван түвшинд хийж байгаа. Стандартуудын хэдэн мянган заалтыг бүгдийг нь хүн бүрд заавал ямар ч үр дүнгүй шүү дээ. Тиймээс Замын удирдлагын түвшинд юуг мэдэж байвал зохих юм гэдгийг нь заадаг. Тэгээд дунд түвшин буюу албадын дарга, орлогч, ерөнхий инженерүүд юу мэдэж байх ёстой юм гэхчлэн дөрөв шатлан сургалт хийж байгаа. Гэтэл зарим алба, салбар нэгжийн удирдлагууд “Манай байгууллага ийм онцлогтой. Бид олон жил ингэж явж ирээд болсон юм” гэж ярьдаг. Өөр онцлог гэж байхгүй шүү дээ. УБТЗ чанартай, аюулгүй тээвэр явуулах гэсэн ганцхан гол зорилготой. Үүний тулд чиглэл чиглэлээрээ үүрэг гүйцэтгэдэг ч дотоод тогтолцоо нь ижил байх ёстой. Зорилт тавьдаг, төлөвлөдөг, хийдэг, хяналт тавьдаг, үнэлдэг нэг тогтолцоотой, нэг л “хэлээр ярьдаг” байх ёстой. Зам засдаг байгууллагыг зүтгүүр зас гэж хэлээгүй шүү дээ. Гэхдээ сургалтад албаны удирдлагууд нь суусан ч инженерүүд нь үлдчихдэг. Тэгээд л салбар нэгждээ буруу чиглэл өгдөг байж болно. Тиймээс сургалтад суусан хүмүүс албаныхандаа ойлголт өгөх хэрэгтэй байгаа юм. Мөн албад салбар нэгжүүдтэйгээ хамтарсан зөвлөгөөнүүдийг зохион байгуулах хэрэгтэй байна. Бид энэ оны үйл ажиллагааг үнэлж, дүгнэхдээ ч ийм байдлаар хандана. Өөрөөр хэлбэл, алба аж ахуйн нэгжтэйгээ хэрхэн хамтран ажиллаж байна, уялдаа холбоо нь сайн байна уу үгүй юу гэдгийг харна. Бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд нэг л цөм байх ёстой. Тиймээс А/01-ийг бүгд эхлээд сайн судлах хэрэгтэй. Мөн зарим байгууллагад хамт олны ажлын ачаалал харилцан адилгүй байна. Бүтэн өдрийн хоёрхон цагт нь ажиллаад бусад үед нь ямар ажил хийдэг нь тодорхойгүй ажилтан байна. Бүр гурав хоногт ганцхан хуудас акт гаргадаг гээд бод. Хүн харахад ажилтай, дүйвээн дунд нь хутгалдаад л. Гэтэл хажууд нь нэг хүн өдрийн найман цагтаа ажлаа багтаахгүй, бүр оройтох жишээний. Тэгсэн хэр нь тэр хоёр ижил цалин авна. Ажил хийсэн хийгээгүй үнэлгээ ижил байхаар ажил их хийдэг хүнийх нь сонирхол буурч эхэлнэ. Тэр бүү хэл шагналыг хүртэл нөгөө сэлгүүцдэг нөхөр авчихна. Тэгэхээр ажлын жигд хуваарилалттай, гүйцэтгэлийн үнэлгээ хийдэг болох хэрэгтэй байгаа биз. Ер нь, байгууллагад нь шинэ зүйл нэвтрүүлэх гэхээр хамгийн их эсэргүүцдэг нь тэр цаг нөхцөөдөг хүмүүс байдаг юм билээ.
-Бусдадаа үлгэр жишээ болохуйц маш сайн хэрэгжүүлсэн байгууллага хэр олон байна вэ?
-Анхаарч засаг гээд жаахан дутуу, дулимаг байгааг нь л онцолж буйгаас биш сайн хэрэгжүүлсэн 20 гаруй аж ахуйн нэгж бий. Албадтайгаа уялдаж, жилийнхээ зорилтыг зөв тодорхойлж, түүнийхээ дагуу ажилтан бүр нь хичээдэг. Тухайлбал, Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо, Замын II анги, Тээвэр зуучийн төв гэхчлэн нэрлэж болно. Холбогдох албадтайгаа хүртэл нэгдсэн тогтолцоотой болсон байдаг. Гэхдээ нийтээр нь сайжруулах зүйл их бий. Тиймээс шат дараатай зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна.
-Ер нь, төлөвлөгөө гаргахдаа зөвлөгөө авахыг хүсдэг байгууллага, ажилтан байна уу?
-Одоо харин асууж, зөвлөгөө хүсдэг болсон. Нэг үе асуудал гарвал нуух гэдэг байсан шүү дээ. Харин одоо илэн далангүй ярилцаж, асуудлаа шийдвэрлэх гэдэг болж байна. Хувь хүний соёл, байгууллагын соёл гээд нэлээд сайжирсан гэхэд болно. Ер нь, тухайн байгууллагад гологдол, зөрчил гарч, дотроо үл ойлголцол байна гэдэг нь хүний биеэр бодвол өвдчихөөд байгаа хэрэг. Хүн өвдөхөөрөө эмчид очдог шүү дээ. Тэгээд биеийнхээ аль хэсэгт өвдөж буйгаа худлаа хэлдэггүй. Дараа нь шинжилгээ өгдөг. Хэрэв өвчнөө нууж, эмчид худлаа хэлбэл эмчилгээ, оношилгоог буруу хийж цаг алдана биз. Яг түүн шиг болохгүй байгаа бүх зүйлээ нуулгүй хэлэх хэрэгтэй. Дотооддоо ойлголцохгүй бол ажлын үр дүн нь гардаггүй.
-УБТЗ-ын Менежментийн нэгдсэн тогтолцооны хэрэгжилтийг бусад байгууллагууд хэрхэн харж, дүгнэж байгаа бол?
-Ер нь, гаднын байгууллагынхан “УБТЗ сүүлийн хэдэн жилд өөр болж байгаа шүү. Харьцахад нээлттэй, нэг цэгийн үйлчилгээтэй болсон. Хэнтэй нь ч уулзахад, үйлчлүүлэхэд амар байна” гэдэг болсон. Энэ нь, бидний тавьж буй зорилтуудын үр дүн гарч эхэлснийх. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон дотоодын бүх байгууллага УБТЗ-тай харьцдаг. Төмөр замын төсөлд оролцож буй ОХУ, Англи, Герман, БНХАУ зэрэг олон улсын бүх байгууллага харьцаж байна. Бүгд л “Одоо сайхан болж байна. Өмнө нь их хаалттай байсан” гэдэг. Үнэхээр ч өмнө нь нэг байгууллага руу ороод юм асуухаар “Мэдэхгүй, дарга л мэднэ” гэдэг байсан. Юу хийдэг байгууллага нь тодорхойгүй, нууц юм шиг. Бараг төмөр замчид ч доторх зарим байгууллагаа сайн мэддэггүй байлаа. Одоо харин “Хүрээд ир, танилцуулъя” гэдэг болсон. Байгууллагууд харилцан танилцаж, туршлага судлалцсаар байгаад танилцуулах тусдаа хөтөлбөртэй ч болсон байна. “Багануур” ХК, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК зэрэг 10 гаруй томоохон байгууллага өнгөрсөн жил манайхаас туршлага судалсан. “16 мянган ажилтантай, ийм нүсэр бүтэцтэй байгууллага яаж хэрэгжүүлж байна. Ямар арга байдаг юм” гэж их сонирхдог. Тэд хэрэгжүүлж эхэлж байгаа. Ер нь, дэлхий тэр чигтээ нэг стандарт, нэгдсэн тогтолцоо ярьдаг боллоо. Хамтарч ажиллахад эхний шаардлага ISO:9001 хангасан л байвал “Аан тэгвэл 11 шаардлагаараа ярьчих юм байна” гэдэг. Үйл ажиллагаа, хяналт гээд бүх зүйлийг тогтолцоогоороо ярилцдаг болсон. Бүх зүйл ойлгомжтой. Олон улсын стандартын байгууллага гаргасан стандартуудаа бараг жил бүр сайжруулж, бүлэг нэмж байна.
-Танай алба Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэхэд сүүлийн жилүүдэд маш идэвхтэй ажиллаж байна. Цөөхүүлээ Замын хэмжээнд хүрч ажиллах ч амаргүй байдаг болов уу. Мөн бусдад сургаж, үйл ажиллагаанд нь нэвтрүүлэхийн тулд та бүхэн өөрсдөө илүү сайн мэдсэн, сурсан, судалсан байх шаардлагатай. Энэ талд багийн инженерүүдээ хэрхэн сургаж, хөгжүүлдэг вэ?
-Их сайхан асуулт тавилаа. УБТЗ-д Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх талаар анх Ш.Нямсүрэн, А.Батболд дарга нартай ярилцан хэрэгжүүлэхийг зорьсон. Манай албанд стандарт, гэрчилгээжүүлэлт хариуцсан гурван хүнтэй хэлтэс байдаг. Тэд маань аж ахуйн нэгжид ажиллаж, стандарт нэвтрүүлэх ажлыг удирдаж, амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Би бүтээлч, ур чадвартай хүмүүсээр багаа бүрдүүлсэн. Миний хувьд ч 2015-2016 онд Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депод ISO:9001 стандарт нэвтрүүлэхэд багаа ахлан ажиллаж байлаа. Үндсэндээ дөрөвхөн хүн л УБТЗ-ын хэмжээнд нэвтрүүлэх ажлыг гардан хийж байна. Өөрсдөө үргэлж шугам замаар явж зааж сургана гэвэл амаргүй. Тиймээс салбарласан сургалтыг зохион байгуулан байгууллага бүрд 2-3 төлөөлөгч бэлтгэж эхэлсэн. Сургалтыг өөрсдөө хийж, мөн гаднын байгууллагатай хамтран сургагч багшийн эрх олгосон. Үүнийг Замын удирдлагууд, Төлөвлөлт эдийн засгийн алба гэхчлэн албад маш сайн дэмжсэн. Ингэж бид 400 гаруй сургагч бэлтгэсний хүчинд амжилттай хэрэгжүүлж байгаа юм.
Аливаа баг амжилтад хүрье гэвэл дотроо үл ойлголцол байж болохгүй. Манай албаны баг яг нэг хүн шиг л ажилладаг. Ер нь, багт олон их дээд сургууль төгссөн, өндөр цол хэргэмтэй хүн байх шаардлагагүй. Хичээл зүтгэлтэй, хариуцсан ажлаа хаанаас нь ч асуусан мэддэг хүн л чухал. Манай багийг ахалж байсан А.Энх-Амгалан маань дэвшээд албаны дарга болсон. Тэр албандаа энэ зорилгоо илүү сайн нэвтрүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байгаа. Миний хувьд залуусаа сургах талд ч нэлээд анхаардаг. Хаана шинэ сургалт болж байна, хаанаас олон улсын зөвлөх ирэв, тэр бүхэнд хамруулдаг. Манайх Монгол Улсын Шадар сайдын удирдлагад байдаг СХЗГ болон стандартын консалтинг үзүүлдэг томоохон компаниуд гээд бүх байгууллагатай холбоотой ажилладаг болохоор хаана шинэ сургалт болохыг цаг алдалгүй мэддэг. Өөрийн багийнхнаасаа гадна бусад албанаас ч хүн явуулан сургаж байгаа. Ер нь, манай багийн инженерүүд жилд 2-3 сургалтад суулгаж, мөн 2-3 удаа гаднын улс руу явуулж туршлага, ололт амжилтыг судлуулахыг хичээдэг. Мөн сургагч багшаар бэлтгэсэн ажилтнуудаа дотоодын томоохон байгууллагууд руу туршлага судлах хөтөлбөрийн дагуу явуулж үзүүлдэг. Оюутолгой, Эрдэнэт, Говь компани зэрэг олон газартай танилцуулсан.
-Менежментийн нэгдсэн тогтолцоог бүрэн нэвтрүүлснээр УБТЗ-ын бүх ажил тодорхой болохоос гадна өөр ямар үр дүнгүүд гарах вэ?
-Бүх ажил тодорхой болохоор ажлын бүтээмж нэмэгдэнэ. Тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна гологдол, дутагдал эрс багасна. Ойлгомжгүй байдал, шалтгаан нөхцөлөө олохгүй байгаагаас гологдол, зөрчил гарч, бидний амжилтыг чангаадаг. Үүнээс болж тээврийн орлого ашиг буурч байна. Харин нэгдсэн тогтолцоотой болсноор технологийн болон эдийн засгийн өгөөж эрс өснө. Үргүй зардал буурч, хүний нөөцийн төв бодлоготой болно. Өөрөөр хэлбэл, хүмүүс гарах биш ажилд орох сонирхолтой болж эхэлнэ. Мөн УБТЗ-ын салбар нэгжүүдийн төдийгүй дотоодын, цаашлаад олон улсын байгууллагуудтай харилцаа илүү сайжирна. Төмөр замаар үйлчлүүлэх сонирхол нэмэгдэнэ. Энэ хүрээнд бид өнөө жил Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудлын хонгилон гарцыг стандартад нийцсэн урсдаг цахилгаан шаттай болгох төсөл хэрэгжүүлж байна гэхчлэн олон эерэг үр дүн гарна.
-Нээлттэй, дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!
М.Наранболд