Техникийн бодлого, стандартчиллын албаны дарга С.Мөнх-Алдартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Менежментийн нэгдсэн тогтолцоог баталгаажуулах жилийн хүрээнд олон стандарт хэрэгжүүлж байгаа. Энэ удаа, эрсдэлийн менежментийн тогтолцооны талаар онцлон яривал ямар вэ?
-Замын хэмжээнд Менежментийн нэгдсэн тогтолцооны хүрээнд арван стандарт нэвтрүүлж байгаа. Менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлж байгаа тохиолдолд эрсдэлийн менежментийг заавал нэвтрүүлэх ёстой. Эрсдлийн менежмент гэдэг тусдаа бие даасан тогтолцоо биш аливаа систем буюу тогтолцоо бүрийн дотор хавсарч явдаг зүй тогтолтой.
УБТЗ-д менежментийн нэгдсэн тогтолцоог 2020 оноос эхлээд хэрэгжүүлээд явж байгаа. Ерөнхий хорооноос 2022 онд УБТЗ-д эрсдэлийн үнэлгээ хийдэг, түүндээ үндэслэсэн төлөвлөлтүүдийг хийдэг байх үүрэг өгсөн. Үүний дагуу Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэгбайгуулагдаад 2022 онд аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг хийж дууссан. Аюулгүй байдлынхаа үнэлгээнд тулгуурлаад аюулгүй байдлын бодлого баримтбичгийг боловсруулсан.
Ерөнхий хорооноос 2023 онд эрсдэлийг бүхэлд нь системтэй үнэлдэг байх нэмэлт үүрэг даалгавар өгсөн учраас Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэнгээр ахлуулсан шинэ ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Энэ ажлын хэсэгт Замын удирдлагуудаас ч оролцож, нэлээд өргөн цар хүрээтэй ажил өрнөж байна. Энэ онд УБТЗ-ын хэмжээнд нийт 16 чиглэлээр эрсдэлийн үнэлгээг хийж үнэлэлт дүгнэлт хийсэн байгаа. Тухайлбал, хяналт шалгалт, хуулийн нийцэл, хүний нөөц, техникийн нөөцийн чиглэл гэх мэтээр... Жишээ нь манай албаны хувьд цаашид техникийн нөөц болон чанарын удирдлагын тогтолцооны процессийн эрсдэлийн үнэлгээг хариуцаж явна гэсэн үг. Ажлын хэсгээсхийсэн ажлын үр дүнгээ Ерөнхий хорооны хуралд танилцуулж, зохих шийдвэр авна. Цаашидбид Замын хэмжээнд эрсдэлийг тодорхойлж, бодлогыг зохицуулж явдаг хараат бус бие даасан бүтцийн нэгжийг бий болгох зайлшгүй шаардлагатай байна.
-Яг үнэндээ, бид эрсдэл гэдгийг шууд аюулгүй байдалтай холбож ойлгодог. Гэтэл эрсдлийн үнэлгээ гэдэг маш өргөн цар хүрээтэй ойлголт. Жишээ нь, банкан дээр очоод зээл авъя гэхэд л банк эрсдлийн үнэлгээ хийгээд л зээл олгох эсэх, олгохдоо хэдэн төгрөгийн зээл олгох гэх зэргээр бүх тооцооллыг хийгээд гаргаад ирдэг болж?
-Яг үнэн. Хүмүүс эрсдэл гэдгийг ерөнхийд нь аюул гэж ойлгоод байдаг.
Аюул гэдэг нь үер, гал түймэр, галт тэрэгний осол гэх мэт бодит хүчин зүйлийг хэлнэ. Эрсдлийн менежмент гэдэг нь тохиолдож болох аюултай эрсдлийг урьдчилж үнэлээд гарах сөрөг нөлөөллийн эсрэг авах цогц арга хэмжээг зөв төлөвлөж хэрэгжүүлэн үр дүнд хүрэхийг хэлдэг.
Олон улсын төмөр замуудынүйл ажиллагааны жилийн тайлан дотор эрсдлийн үнэлгээ нь олон нийтэд ил тод байж байдаг. Манай төмөр зам ч энэ тал дээр анхаарах цаг ирээд байна.
Өөрөөр хэлбэл цаг үетэй хөл нийлүүлэхээс өөр аргагүй. UIC, ОСЖД-гийн гишүүн орнууд бүгд хоорондоо стандартаар ярьдаг болсон. Хоорондоо техникийн стандартаа тохироод л хөдлөх бүрэлдэхүүнүүд нь хоорондоо чөлөөтэй зорчоод явдаг. Яагаад гэвэл нэг стандарттай учраас. Манай хувьд тэдэнтэй техникийн стандарт нь нэг явж байгаа боловч доторх тогтолцоо хангагдаагүй учраас манай вагон, цариг ижил ч хилээс цааш гардаггүй.
ОСЖД-гийн гишүүн төмөр замуудхамтарч хуралдаад бие биедээ хөрөнгө оруулалт хийгээд явдаг. Гэтэл“УБТЗ”-ын хувьд техникийн болон тогтолцооны стандартууд дээр асуудал үүсдэг. Ер нь, Азийн хөгжлийн банк ч, Европийн сэргээн босголтын банк, бусад хөрөнгө оруулагч нараас хөрөнгө оруулалт авъя гэхэд л асуудал үүсэж эхэлдэг. Тэгэхээр бид эрсдэлийн үнэлгээгээ хийгээд олон улсын статистикийн газрууд руу мэдээллээ явуулж эхлэх хэрэгтэй. Тэгвэл бид тодорхой үнэлэмжтэй болж эхэлнэ.
“УБТЗ” орчин үеийн менежментийн тогтолцооны стандартуудад нийцээгүй, огт үнэлэгддэггүй, тойргоос гадуур яваад байна гэдэг асар их боломжийн гадна үлдэж байна гэсэн үг. Тиймээс бид ОУ-ын төмөр замуудын дотор өөрийн үнэлэмжийг оруулж, нэг ёсондоо тэр тойрогт орж эхэлнэ. “УБТЗ” бол Ази Европийг холбосон эдийн засгийн коридори гэдэг утгаараа хөгжихийн тулд ОУ-ын төмөр замуудтай хөл нийлүүлэхэд Менежментийн нэгдсэн тогтолцоог цогцоор нь хэрэгжүүлэх нь зайлшгүй болчихоод байгаа юм. Энэ бол гадаад хүчин зүйл. Дотооддоо энэ менежментийг хэрэгжүүлснээр бид эрсдэлд удирдуулах биш эрсдэлийг удирддаг болно, мөн хамгийн оновчтой төлөвлөлтийг хийж, үр ашигтай ажиллана гээд олон талын ач холбогдол бий.
-“Эрсдлийг удирдахгүй бол эрсдэл биднийг удирдана” гэдэг үгийг ч бид бүр цээжилчихээд байна л даа. Гэхдээ эрсдэлд удирдуулах, эсвэл түүнийг удирдах гэдэг тал дээр хүн бүрийн ойлголт зөрүүтэй яваа байхаа?
-Гэнэт ямар нэг асуудал бэрхшээл, хүндрэл тулгарч, бид түүний мөрөөр ажиллаж байвал эрсдэл биднийг удирдаж байна гэсэн үг. Үүнийг эрсдлийн менежментийн нэр томъёод реактив хандлага гэдэг. Хамгийн энгийн жишээ авахад, нэг ажилтан ажлын байрандаа осолд өртлөөгэж бодъё. Яав, юу болов гэхээр ажлын байранд нь нэг хашлага байхгүйгээс унаж бэртжээ. Тэгвэл одоо хашлага хийе, за ер нь бусад газруудад бүгдэд нь хашлага хийх ёстой юм байна гээд хийж эхэлж байгаа бол бид эрсдэлд удирдуулаад л байгаа хэрэг. Харин бид тэнд урьдчилаад хашлага хийчихсэн байсан бол тийм асуудал гарахгүй байсан. Үер усны хувьд ч бид ул шороонуудаа бүгдийг нь үнэлээд тэнд ус тогтдог газар учир, шүүрүүлэгч хөрс тавья. Тэнд нь урт гүүр барья гээд өмнө нь эрсдэлийг нь тооцоолоод, хөрөнгө оруулалтаа төлөвлөөд, гүүрээ барьчихсан бол ямар нэгэн эрсдэлд өртөхгүй. Үүнийг эрсдлийн менежментийн нэр томъёод проактив хандлага гэдэг.Энэ мэтчилэн одоо ийм зарчимаар ажилладаг болохын тулд энэ цогц системийг нутагшуулах гээд ажиллаж байгаа юм.
Дараагийн асуудал эрсдэлийн менежментийг техникийн стандартуудтай маш сайн холбож өгөх ёстой.
-Эрсдэлийн менежмент төлөвлөлттэй хэрхэн уялддагийг тодруулж өгөөч. Төлөвлөлт зөв бол нөөцийн хуваарилалт оновчтой, үр өгөөжтэй байна гэж үзээд байгаа шүү дээ?
-Дараагийн асуудал бол байгууллагууд эрсдлээ үнэлээд түүндээ тулгуурлаад төлөвлөлтөө хийдэг болох юм. Ер нь аливаа тогтолцооны үед PDCA циклийн дагуу P буюу төлөвлөлтөө хийхдээ нөхцөл байдлын шинжилгээг маш сайн хийх ёстой юм. Энэ үедээ учирч болох эрсдлүүдээ илрүүлэн гаргаж түүнтэй уялдсан төлөвлөлт хийхгүй бол хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байх эрсдэлтэй байдаг. Мөн төлөвлөлт хийхдээ хүр үр дүнгээ тоон утгаар зорилт болгож тавих ь маш чухал байдаг.
Төмөр замын санхүүгийн чадавхи хязгаартай. Энэ хязгаартай нөөцийг аль болох хамгийн өндөр эрсдэлтэй газруудад эрсдэлийг бууруулахын тулд ашиглах ёстой. Тэгэхгүйгээр салбар бүрт адил тэнцүү хуваарилаад үр дүн багатай. Нөөцийн хуваарилалтыг зөв хийнэ гэдэг нэг ойлголт. Нөөцийн хуваарилалтыг хийхийн тулд яаж хийх вэ гэдгийг эрсдэлийн үнэлгээгээр тодорхойлдог. Цаашдаа эрсдэлийн үнэлгээгээ хараад хөрөнгө оруулалтаа хийгээд явна. Эрсдлийн эсрэг хэрэгжүүлэх стратегиа зөв сонгох нь маш чухал. Өөрөөр хэлбэл эрсдлийг хянах, удирдах олон хувилбаруудаас сонголт хийхдээ гарах зардал ба хүрэх үр дүнгийн тооцоог сайтар харгалзах шаардлагатай
Жишээ нь, байшингийн дээвэр засах ажил төлөвлөөд ороод ирлээ гэж бодъё. Чи яагаад энэ ажлыг төлөвлөв гэхээр “Ерөнхийдөө муудчихсан юмаа” гэж хариулдаг. Энэ албан ёсны хариулт биш.Ерөнхий хороон дээр УБТЗ-ын төлөвлөлтийг танилцуулахаар үнэлэх индикатор байхгүй байна гэдэг үүнтэй холбоотой. Манайхан “ер нь муудчихсан юмаа. Эсвэл тэдэн оноос ашиглаж эхэлсэн юмаа” ч гэдэг юм уу. Түүний оронд манай “УБТЗ”-ын ОУ-д мөрдлөг болгодог ISO 31000 стандартаар эрсдэлийн үнэлгээний тогтолцоог нэвтрүүлж байгаа. Энэ эрсдэлийн тогтолцоон дээр өөрийн гэсэн аргачлал үндэслэлтэй. Уг аргачлалаар төлөвлөөд үзэнгүүт энэ манай хамгийн эрсдэлтэй цэг байгаа учраас энэ дээврийг ирэх онд засварлахгүй бол болохгүй гэдэг байдлаар төлөвлөлтийг хийх ёстой.
Цаашдаа ийм байдлаар эрсдэлийн үнэлгээ төлөвлөлттэй уялдаад явна. Төлөвлөлтийн болон санхүүгийн бодлого зохицуулдаг албадад аж ахуйн нэгжүүдээс өөрсдийн төлөвлөлт болон арга хэмжээний саналуудаа явуулахдаа заавал эрсдэлийн үнэлгээний хуудастайгаа цуг явуулах ийм зарчимд шилжинэ.
Нөгөө талаар, эрсдэлийн менежментийн тогтолцоог хэрэгжүүлсэнээр аливаа асуудлыг цогцоор нь харж, оновчтой төлөвлөлт хийснээр эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлнэ. Жишээлбэл, барилга байгууламж барилаа гэхэд зөвхөн байшингаа бариад орхих биш борооны усыг хааш нь зайлуулах юм. Үерийн эрсдэл үүсвэл яах вэ гэх мэт бүх асуудлыг цогц байдлаар сайн төлөвлөнө. Эрсдэлийн үнэлгээг хийгээгүйгээс нэгэнт хийгээд дууссан ажил дээр нэмэлт ажил хийх шарадлага үүсдэг, нэмэлтээр хөрөнгө мөнгө хуваарилах шаардлага гардаг тохиолдол өмнө нь цөөнгүй байсан. Тиймээс хөрөнгө оруулалтыг үр дүнтэй болгоход эерэг нөлөө үзүүлнэ. Тиймээс аливаа хөрөнгө оруулалтын эдийн засгийн өгөөжийг тооцдог хэлтэс Их барилга, хөрөнгө оруулалтын албан бүтцэд шинээр байгуулагдсан. Оруулсан хөрөнгө оруулалтынхаа үр өгөөжийг жил бүр дүгнэж явах болсон.
-Одоогоор эрсдлийн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх ажлын явц ямархуу түвшинд байна вэ?
-Энэ ажилд чиглэл хариуцсан албад маш идэвхтэй оролцож байгаа. Одоо бид 16 чиглэлээр эрсдлийн үнэлгээг хийж байна. Жигээ нь, хуулийн нийцэл гэхэд манай дээр хуулиуд хэр нийцэж байна гэдгийг ач үзэж байна. Ойлгомжгүй маш их асуудал байдаг. Хамгийн энгийн жишээ гэхэд “УБТЗ ХНН” төрийн өмчит компани уу, үгүй юу гэдэг нь ойлгомжгүй. Ямарваа нэг ажилд дайчлах болохоор УБТЗ-ыг төрийн өмчит компани гээд байдаг. Гэтэл ямар нэгэн хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах болохоор танайх төрийн өмчит компани биш гэдэг. Энэ мэтчлэнолон асуудлыг яаж цэгцлэх вэ гэдэгт хуулийн нийцлэлийг харах ёстой. Манай дээр ямар ямар хууль хэрхэн үйлчлэх ёстой юм гээд асуудлууд бий.
Салбар нэгжийн хувьд авч үзэхэд нэг тушаал аваад мөрдөөд ажиллаж байтал хүчингүй болгоод шинэ тушаал гарчихсан байдаг шүү дээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, барилга байгууламжийн эрсдэлийг үнэлээд хэвшчихсэн. Хүний нөөцийн эрсдэлийг хийж байгаа.
Эрсдэлийн менежмент нь эрсдэлээ олж илрүүлээд дараа нь үнэлнэ. Үнэлсний дараа эрсдэлийг бууруулах арга хэмжээгээ төлөвлөнө. Эцэст нь, буурч байна уу үгүй юу гэдэгт хяналт тавина. Ийм дөрвөн алхамтай явна. Ингээд эрсдэлийн үнэлгээ хийгээд ирэнгүүт Замын удирдлага ажлаа төлөвлөөд, хийгээд явна. Ийм агуулгатай явна. “УБТЗ”-ын эрсдлийн үнэлгээ хийх ерөнхий аргачлалыг боловсруулчихсан.
“УБТЗ”-ын хэмжээнд эрсдэл үнэлэх программ хангамж зохиох ажил хийгдэж байна.Эрсдэлийн программ хангамж гараад ирвэл хүмүүс зөвхөн дата-гаа шивж оруулаад л эрсдэлийн үнэлгээ автоматаар тооцож гарч ирнэ. Тэгээд ямар ажил хийх юм тэрийг нь төлөвлөлтдөө тусгаад хэрэгжүүлээд явна.
Мөн эрсдэлийн менежментээр нэлээд хүмүүсээ сургалаа.
-Салбар нэгжүүдийн хувьд эрсдлийн менежментийг хэрэгжүүлэхэд юуг анхаарах ёстой вэ?
- Эрсдлийн менежмент нь удирдлагын хувьд 3 түвшинд хэрэгждэг. Удирдах газар буюу толгой компани дээр нэгдсэн удирдлага, эрсдлийн засаглалаа хэрэгжүүлдэг бол алба, хэлтэс, төвийн хэмжээнд тогтолцооны эрсдлүүд хариуцагч нар, анхан шат буюу аж ахуйн нэгжүүд дээр гүйцэтгэлийн түвшний эрсдлүүдээ хариуцаж шат шатанд эрсдлээ илрүүлэн тайлагнаж бүртгэн мэдээлэх үүрэгтэй байдаг. Эрсдлийн менежментийн бас нэг чухал ажил бол гарч болох эрсдлийн шалгуур үзүүлэлтээ зөв тодорхойлж тоон утгаар хэмжих нь маш чухал юм. Ямар хэмжээний санхүүгийн алдагдалд хүргэвэл энэ эрсдлийг бага, дунд, их гэж үзэх вэ? Ямар хэмжээний техникийн гэмтэл болон хүний хохиролд хүргэвэл энэ эрсдлийг их аюултай гэж үзэх вэ гэх мэт шалгуур үзүүлэлтээ хэмжих нь нэг чухал байдаг.
Ер нь, зарим салбар нэгжүүд 2013 оноос ISO9001 чанарын удирдлагын тогтолцоо, ISO45001 хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын тогтолцоо гээд үндсэн стандартуудыг хэрэгжүүлээд тус тусдаа гэрчилгээ аваад явж байсан. Гэвч бусад байгууллагууд хэрэгжүүлээгүй байсан болохоор үр дүн муутай байсан. Тиймээс үүнийг Замын хэмжээнд цогцоор нь хэрэгжүүлж байж үр дүнд хүрэх юм байна гээд 2022 онд Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх зорилт дэвшүүлээд ажилласан. Энэ онд Менежментийн нэгдсэн тогтолцооны хэрэгжилтийг баталгаажуулах зорилт дэвшүүлсэн. Магадгүй зарим хүн Менежментийн нэгдсэн тогтолцоогоор хоёр жил “занималдаж” байгаад өнгөрнө гэж бодож байж магадгүй. Энэ тогтолцооны стандартуудын хэрэгжилт цаашид үргэлжлээд явна. Дараа жилүүдэд ямар ч зорилт дэвшүүлсэн Менежментийн нэгдсэн тогтолцоо болүйл ажиллагааны үндсэн суурь байх болно. Энэ ажил ингэж яваад 2024 оноос зөвхөн эрсдэлд суурилсан төлөвлөлтүүдийг хийнэ. Эрсдэлийн үнэлгээгээ хийж, түүндээ төлөвлөлтөө хийгээгүй байгууллага тухайн жилийн хөрөнгө оруулалтаас хоцорно л гэсэн үг. Тэгэхээр энэ ажил дараа жилээс зогсоно гэж битгий бодоорой.
Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, Стандарт хэмжил зүйн газартай нэг тохиролцоонд хүрсэн байгаа. “УБТЗ” ганцхан гэрчилгээтэй хуулийн этгээд учир бүх байгууллага эрсдлийн менежментийн тогтолцоог хэрэгжүүлээд гэрчилгээ авахдаа заавал “УБТЗ” гэсэн нэр дээр гэрчилгээ авна. Жишээ нь, УБТЗ-ын Зорчигч тээврийн үйлчилгээ гэх нэрээр авч болно.
-Цаг зав гаран ярилцсан танд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
Б.ГҮНЖИНЛХАМ