Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас Улсын Их хуралд өргөн барьсан билээ. Хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, хоёр удаа Эдийн засгийн байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт буцаагаад байгаа юм. Уг хуулийн төслийн талаар ЗТХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга С.Мяндасмаатай ярилцлаа. 

 

-Төмөр замын тээврийн тухай хуулийг шинэчилж найруулах ямар шаардлага үүссэн бэ? 

-Одоо хүчин төгөлдөр буй Төмөр замын тээврийн тухай хуулийг 2007 онд баталсан. Тухайн үед “Улаанбаатар төмөр зам” ХНН гэх цор ганц төмөр замын байгууллага тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулж байсан. Харин 2023 оны байдлаар төмөр замын олон суурь бүтэц бий болж, үүнийгээ дагаад тээвэрлэгч, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигчдийн тоо нэмэгдсэн. Жишээлбэл, суурь бүтэц эзэмшигч дөрөв, тээвэрлэгч дөрөв, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч 250 орчим болж нэмэгдээд байна. 

2022 оны байдлаар үндэсний төмөр замын сүлжээний урт нь 2007 оны үетэй харьцуулахад 40 орчим хувиар нэмэгдсэн. Тухайлбал, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн 900 орчим км төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажил дуусаж, ингэснээр БНХАУ руу шинээр 2 төмөр замын боомтоор холбогдох нөхцөл бүрдээд байнаа. Цаашид ч төмөр замын сүлжээ улам өргөжих төлөвтэй байна. Гэх мэтчилэн төмөр замын салбарын хөгжил эрчимжиж байгаа учир олон суурь бүтэц, тээвэрлэгчдийн хоорондын харилцааг зохицуулах зүй ёсны шаардлага үүссэн тул хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Улсын Их хурлаар хэлэлцүүлж байна. 

-Хуулийн үзэл баримтлал юу вэ. Ер нь энэ хуулийн төсөлд шинээр ямар зохицуулалтыг оруулж байна вэ?

-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төмөр замын тээврийн тухай хуулиар төмөр замын тээврийн үйл ажиллагааны зарчмыг тодорхойлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулж байгаа бол шинэчилсэн хуулийн төсөлд төмөр замаар зорчигч, ачаа тээвэрлэх, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, суурь бүтэц барих, суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүнийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулахаар цар хүрээг илүү нэмэгдүүлсэн юм.

Шинээр оруулсан зохицуулалтаас товч дурдвал, хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч болон тээвэрлэгч нь тусдаа хуулийн этгээд байна гэж тусгасан. Энэ нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн 19.3-т “Суурь бүтэц эзэмшигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа тохиолдолд суурь бүтэц болон тээвэрлэлтийн үйл ажиллагааны санхүүгийн тооцоо тусдаа байна.” гэж заасан суурь бүтэц ашиглалтын үйл ажиллагаа болон тээвэрлэлтийн үйл ажиллагаа тусдаа байх нь зүйтэй гэсэн агуулгыг практик шаардлагад үндэслэн баталгаажуулж эрх зүйн орчинг бүрдүүлсэн заалт юм. Ингэснээр олон тээвэрлэгч үүсч тээвэрлэлтийн үйл ажиллагаанд олон компани оролцох боломж нээгдэж, төмөр замын тээврийн салбарт либералчлалын суурь тавигдах юм гэж харж байгаа.

Дараагийн шинэлэг зохицуулалт нь хуулийн төсөлд төмөр замын суурь бүтцийг нийтийн зориулалттай болон тусгай зориулалттай төмөр зам гэж ангилан, тэдгээрийн өмчлөх, эзэмшихтэй холбоотой асуудлыг тодорхой тусгаж өгсөн. Тухайлбал, нийтийн зориулалттай төмөр зам гэдэг нь нийтэд үйлчилгээ үзүүлэх зориулалттай төмөр зам байх бөгөөд тус төмөр замын чиглэлийг Улсын Их Хурлаас тогтооно. Уг төмөр зам нь төрийн өмчит эсвэл төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд байхаар тусгасан. Харин тусгай зориулалттай төмөр зам гэдэг нь аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд зориулагдсан төмөр замыг хэлэх бөгөөд энэ төмөр замын чиглэлийг Засгийн газар тогтооно. Энэ зам нь өмчийн аль ч хэлбэртэй байх боломжтой гэх зэрэг нэлээд шинэлэг зохицуулалтууд орсон байгаа.

-Төмөр замын тээврийн тариф тогтоохтой холбоотой зохицуулалтад өөрчлөлт орсон болов уу?

-Одоогийн хуулиар бол тус яамнаас зөвхөн суурь бүтэц ашиглуулах тарифын аргачлалыг баталсан байдаг, харин тээвэрлэлтийн тарифыг хэрхэн тогтоох аргачлал байхгүй. Мөн тээврийн тарифыг төмөр замын байгууллага өөрөө тогтоодог бөгөөд яам нь төмөр замын тээврийн салбарт шударга бус өрсөлдөөн үүсэхээс сэргийлэх зорилгоор тарифын өөрчлөлтийг хянаж санал, дүгнэлт гаргадаг зохицуулалттай.

Харин хуулийн төсөлд салбарын сайд  төмөр замын тээврийн тарифыг буюу суурь бүтэц ашиглуулах тариф, тээвэрлэлтийн тариф болон бусад тариф тогтоох аргачлалыг батлахаар тусгасан. Уг аргачлалын дагуу суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч, тээвэрлэгч болон бусад тариф тогтоох эрх бүхий этгээд нь тарифаа батлахаар тусгасан. 

-Тариф шударга тогтож байна уу гэдгийг хэрхэн хянах вэ?

-Хуулийн төслийн хүрээнд Төмөр замын тээврийн асуудал хариуцсан агентлаг байгуулна. Тэрхүү агентлаг нь тариф шударга тогтож байна уу гэдгийг хянах юм. Тодруулбал, Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд энэхүү агентлагийн зөвшөөрөлгүйгээр тээврийн тарифт өөрчлөлт оруулахыг хориглосон. 

Тиймээс хуулийн төсөлд агентлаг байгуулахаар тусгалаа. Агентлаг нь зөвхөн тариф тогтоож буй байдалд хяналт тавиад зогсохгүй төмөр замаар явж буй ачааны төрөл, хэмжээг тогтоож, хяналт тавих бөгөөд одоо байгаа хуулийн 14 дүгээр зүйл дэхь Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

-Төмөр замчдын нийгмийн асуудлыг сайжруулах талаар заалт орсон уу?

-Одоогийн хуульд “Төмөр замын байгууллагад тасралтгүй 25-аас доошгүй жил ажилласан эрэгтэй, 20-иос доошгүй жил ажилласан эмэгтэй төмөр замын байгууллагаас тэтгэвэр тогтоолгосон бол зургаан сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж авна” гэж заасан. Энэ заалтын тасралтгүй гэдэг үгийг хассан. Тухайн ажилтан суралцах, чөлөө авах зэрэг ажлаас түр хугацаагаар завсардах тохиолдол гардаг. Гэтэл дараа нь нэг удаагийн тэтгэмж авахад “тасралтгүй ажиллаагүй байна” гээд тэтгэмж олгохгүй байх тохиолдол их байсан. Тиймээс энэ заалтаас тасралтгүй гэдэг үгийг хассанаар дээрх тохиолдолд ч тэтгэмжээ авах нөхцөл бүрдэж буй юм. 

-Энэ хууль батлагдсанаар нийгэмд ямар ач холбогдолтой байх вэ?

-Хууль батлагдсанаар төмөр замын тээвэрлэлттэй холбоотой суурь харилцаа тодорхой, оновчтой болох бөгөөд мөн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчдын тэгш оролцоог хангаж, тээврийн үр ашиг нэмэгдэнэ. Төмөр замын тээврийн салбарт төрийн бодлогын нэгдмэл уялдааг хангах, төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг төлөвлөлттэй хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн төмөр замаар хийх экспорт импорт, транзит тээврийн хэмжээ нэмэгдэх, төмөр зам дагасан хөгжил хурдасч, зам тээврийн салбарын сэргэлт улам эрчимжих боломж нээгдэнэ гэж үзэж байна.

-Ярилцсанд баярлалаа. 

 

itoim.mn