2022 онд Европын Холбоо болон БНХАУ-ын худалдааны эргэлт 850 тэрбум ам долларт хүрсэн бол БНХАУ болон ОХУ-ын худалдаа 190 тэрбум ам долларт хүрч 34 хувиар өссөн байна. Энэ нь Монгол Улсын хувьд хилийн боомтуудаа төмөр зам болон хатуу хучилттай авто замаар бүрэн холбож, тээвэр логистикийн өрсөлдөх чадвараа дээшлүүлэн, бүс нутгийн хэмжээнд ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох зорилтоо хэрэгжүүлэх нэгэн чухал шалтгаан болж байгааг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумын үеэр онцоллоо.
Түүнчлэн тэрээр Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминалуудыг байгуулахад онцгой анхаарал хандуулж байгааг дурдаад, өнгөрсөн хугацааны ололтыг танилцуулсан юм. Гашуунсухайт боомтод жилд 10 сая тн нүүрс шилжүүлэн ачих хүчин чадалтай чингэлэг тээврийн терминал ашиглалтад орсон байна. Мөн тус боомтод жолоочгүй автомат удирдлага бүхий AGV тээврийг нэвтрүүлж, өдөрт 320 гаруй чингэлэг ачааг экспортод гаргаж байгаа аж. Түүнчлэн Шивээхүрэн боомтод чингэлэг тээврийн терминалыг шинээр ашиглалтад оруулахад бэлэн болоод байна.
Монгол Улс нэгдэн орсон Олон улсын хуурай боомтын конвенцын хүрээнд Замын-Үүд, Улаанбаатар, Алтанбулаг, Цагааннуур, Ховд, Чойбалсан, Сайншанд, Бичигт гэсэн цэгүүдэд хуурай боомт байгуулж, экспорт импортыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхээр Дэлхийн банк, НҮБ-ын Ази Номхон Далайн Эдийн Засаг Нийгмийн Комисстой хамтран судалгаа, ТЭЗҮ боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Энэ бүхний үр дүнд эдийн засаг тэлж, экспортын хэмжээ нэмэгдэн, импортын тээвэрлэлт хурдасч, тээврийн болон бараа бүтээгдэхүүний үнэ хямдран, аялал жуулчлал хөгжих бодит үр дүнгүүд гарчээ.