Байгалийн баялаг ихтэй боловч хөгжил буурай Монгол Улс хөрш зэргэлдээх Хятад, Оростой худалдаагаа өргөжүүлэхийн тулд хуурай замын долоон шинэ боомт байгуулахаар төлөвлөж байгааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн С.Бямбацогт ярьсныг “South China Morning Post” сонин онцолжээ.
Монгол Улс дараах байршилд хуурай боомтууд байгуулах боломжтой гэдгээ зарлаад байгаа юм. Төвийн коридорт Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар, Хөшигийн хөндий, Алтанбулаг, баруун коридорт Ховд, зүүн коридорт Бичигт, Чойбалсан зэрэг байршлуудад олон улсын хуурай боомт, логистикийн төв байгуулах судалгаа төлөвлөлтийг эхлүүлээд байна.
Далайд гарцгүй Монгол Улсын эрх баригчид дотоодын ачаа тээврийн боомтуудын ТЭЗҮ-ийг хийж байгааг "South China Morning Post" онцолжээ. Дэлхийн банк, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс Монгол Улстай хамтран ажиллаж байгаа аж.
Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт “Эдгээр санаачилга нь Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорыг өргөжүүлэх, улмаар экспортын хэмжээг нэмэгдүүлж, импортыг хурдасгаж тээвэрлэлт, бараа бүтээгдэхүүний өртөг буурахад нөлөөлнө” гэв.
Мөн тэрээр “Монголын зүүн өмнөд хэсэгт орших Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн ойролцоо Хятадтай холбогдох өөр нэг боомтыг нээхээр төлөвлөж байна” гэв.
“Одоо байгаа ачаа, тээврийн байгууламжууд нь экспортын өсөлтийг даах хэмжээний хүчин чадалтай биш учир Монголд хуурай шинэ боомт хэрэгтэй байна” гэж Бээжин дэх “The Economist Intelligence Unit”-ийн ахлах эдийн засагч Сюй Тиенчень үзэж байна.
Сюй хэлэхдээ тус улсад хийж буй зам, тээвэртэй холбоотой шинэчлэлтүүд нь Монгол дахь тээвэрлэлтийн гацааг хөнгөвчилсөн. Ийм төслүүд нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаардахгүй ч тээвэрлэлтийн хэмжээ их байвал боломжийн өгөөж өгөх боломжтой. Эдгээр хуурай боомтуудаар хөршүүдтэйгээ худалдаа хийх төдийгүй, алс хол байгаа Франц, Герман зэрэг Монголын уул уурхайн нөөцийг ашиглах хүсэлтэй байгаа улс орнуудтай холбогдох боломж болно” гэжээ.
Боомтуудыг барьж дуусгах хуваарь тодорхойгүй байгаа бөгөөд хэр их зардал гарах нь мөн л албан ёсоор ил болоогүй байна. Хонконгийн Политехникийн их сургуулийн Логистик, Далайн судлалын тэнхимийн дэд профессор TL Yip “Хуурай боомтууд нь ихэвчлэн далайн боомттой авто болон төмөр замаар холбогдож, далайн ачааг дотоод руу илгээдэг.
Хятад, Орос хоёр Монголын хуурай боомтуудыг таатаай хүлээж авна гэж найдаж байна" гэв.
Худалдаа, галт тэрэг, цөлжилт зэрэгт анхаарал хандуулж, Монгол Улстай илүү нягт хамтран ажиллахаа БНХАУ амлаад байгаа билээ.
Ердөө 3.4 сая хүн амтай тус улс Хятадаас олон хөрөнгө оруулалт татдаг бөгөөд Хятад улс Монголыг Төв Азитай худалдаа хийх холбогч гэж үздэг.
Хятадын гаалийн мэдээгээр 2022 онд Хятад-Монголын худалдаа 12.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх гурав орчим ам.доллароор өссөн байна. Монголын нүүрс гэхэд л Хятадын үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангадаг.
Сайд С.Бямбацогтын хэлснээр ойрын ирээдүйд Хятад-Монголын худалдаа жилд 20 орчим тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна. Мөн экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд Монголын Засгийн газар зургаан шинэ авто замын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Монголын сайдын хэлснээр Монгол Улс мөн зүүн төмөр замын коридор бий болгох зорилт тавьжээ. Уг төмөр зам нь Оросыг Монголоор дамжуулан Хятадын зүүн хэсэгт орших Жинжоу, Ляньюньган далайн боомтуудтай холбох аж.
Эх сурвалж: South China Morning Post