Зам тээврийн хөгжлийн яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн танхимаас хамтран зохион байгуулж буй "Шинэ сэргэлтийн бодлого-Зам тээврийн сэргэлт" сэдэвт хөрөнгө оруулалтын чуулга уулзалт энэ сарын 9-нд болж өнгөрлөө.
Уг чуулга уулзалтад хойд, урд хөршийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагууд, Дэлхийн банкны төлөөлөгч, гадны бизнес эрхлэгчид өргөнөөр оролцсоноороо өндөр ач холбогдолтой болж буйг зохион байгуулагчид онцлов. ЗТХЯ-ны харьяа байгууллагууд энэхүү чуулга уулзалтын үеэр хөрөнгө оруулалт шаардагдах төсөл хөтөлбөрүүдээ танилцуулах үзэсгэлэнг гаргалаа. Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков тэргүүтэй Замын орлогч дарга нар, зарим алба, хэлтсийн удирдлагууд оролцлоо.
Чуулга уулзалтыг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт нээж хэлсэн үгэндээ "Цар тахлаас үүдэн царцанги байсан дэлхийн эдийн засгийн эргэлт аажмаар сэргэн хэвийн байдалд шилжиж байна. Үүнд тээвэр логистик, зам харилцаа, дэд бүтэц шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл, Монголын төдийгүй дэлхийн эдийн засагт хүнд сорилтын дараах шинэ сэргэлт ирж байна. Тэр ч утгаараа Монгол Улс тогтвортой хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050”-ын эхний шатыг "Шинэ сэргэлтийн бодлого" хэмээн тодорхойлж, түүнийгээ үр дүнтэй, хурдтай, чанартай, цаг алдалгүй хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Эдийн засгийн цусны эргэлтийг илүү хурдасгахад, түүнийг дамжуулах судас болсон дэд бүтцийн хөгжил шийдвэрлэх чухал үүрэгтэй.
Монгол Улсын Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хөтөлбөрт боомтын сэргэлтийг бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд боомтуудыг хөгжүүлж, өргөжүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд хилийн боомтуудыг төмөр зам, хатуу хучилттай авто замаар холбохыг нэн тэргүүнд чухалчилжээ.
Экспортоо өсгөх, ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх хамгийн зөв жор бол тээвэр логистикийн олон төв байгуулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх явдал юм. Тиймээс бид Ази, Европыг холбосон транзит тээврийг нэмэгдүүлэх суурь дэд бүтцийг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Бид эдийн засгийн дотоод судсыг даян дэлхийн эдийн засгийн судастай олон сэмжээр холбож байж олон улстай хөл нийлүүлэн, хурдацтай хөгжиж чадна.
"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд 3000 орчим км хатуу хучилттай авто зам, 3400 км төмөр зам, шинээр 11 боомтыг авто замаар, дөрвөн боомтыг төмөр замаар холбох болно. Мөн чингэлэг тээврийн шилжүүлэн ачих терминалуудыг барьж байгуулна. Баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төслүүдийг эрчимжүүлж, дамжин өнгөрөх ачаа тээврийн нэмэгдүүлнэ.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулан агаарын тээврийн салбарын либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлж, олон улсын зорчигч болон ачаа тээврийн зангилаа төв бий болгохыг бид зорьж байна. Энэ хүрээнд орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг сайжруулж, дөрвөн нисэх буудлыг шинээр зорчигч болон ачаа тээврийн харилцааны олон улсын боомт болгох төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхдээ төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч та бүхэнтэй хамтран хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байгаа юм.
“Айл хүний амь нэг, Саахалт хүний санаа нэг” гэдгийн адилаар бид хоёр хөрш болон гуравдагч хөрш орнуудтайгаа хамтран хөгжихийг чухалчилж байна. Хөрөнгө оруулагч та бүхэнд харилцан ашигтай хамтран ажиллах нь Монгол Улсын тэр дундаа зам тээврийн салбарын бодлого. Энэ бол бидний үйл ажиллагаандаа баримтлах үндсэн зарчим байх болно гэдгийг дахин илэрхийлье.
Хөрөнгө оруулалт гэдэг зөвхөн мөнгөн дүнгээр илэрхийлэгдэхгүй. Зөв хөрөнгө оруулалтыг дагаж бизнесийн ёс зүй, шинэ дэвшилтэт технологи, мэргэжил ур чадвар, хөгжлийн тулгуур болсон олон үнэт зүйлс бий болдог.
Бид эдийн засгийн судас болсон төмөр замын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж чадсан. Цаашид ч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд шинэ сэргэлтийн бодлого, үндэсний төмөр замын сүлжээг өргөжүүлэх хүрээнд 2022 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 415 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км, нийтдээ 900 гаруй км төмөр замыг Монголчууд бид барьж байгуулсан.
Төмөр замын зүүн коридорийн бүтээн байгуулалтын хүрээнд ОХУ, Монгол Улсын хилээс Эрээнцав-Баянтүмэн чиглэлийн төмөр замыг шинэчлэн засварлах, Чойбалсан-Хөөт-Бичигт боомт хүртэлх төмөр замын бүтээн байгуулалтыг зургадугаар сард эхлүүлнэ. Энэ бол ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг холбосон хоёр дахь коридор болно.
Мөн Сүхбаатар-Замын-Үүд чиглэлийн төв коридорын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хос төмөр замтай болгох, түүний нэг хэсэг болох Улаанбаатар хотыг тойрон гарах “Богдхан” төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ бол “УБТЗ ХНН-2030” хөтөлбөрт тусгагдсан байгаа. Өнөөгийн байдлаар, УБТЗ-ын ачаа тээвэрлэх хүчин чадал 30 гаруй сая тонн байгаа бол үүнийг нэмэгдүүлж, 60 сая тоннд хүргэх бодлого зорилтыг дэвшүүлсэн.
Мөн Арцсуурь-Нарийн сухайт-Шивээхүрэн чиглэлийн баруун босоо чиглэлийн 1250 км коридор, Сайншанд-Баруун-Урт-Хөөт хөндлөн чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт- Ганц мод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын боомтуудыг холбох төслүүд дээр ажиллаж байна.
Саяхан Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн хил холболтын нарийн царигийн 7 км төмөр замын ажлыг эхлүүлсэн. Энэ мэтчилэн төмөр замын салбарт долоон тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд бий” хэмээн онцолсон билээ.
Түүнчлэн, ЗТХ-ийн Сайд С.Бямбацогт зам тээврийн салбарт нийтдээ 10 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай төсөл, хөтөлбөрүүд бэлэн байгааг дурдаад уг уулзалт нь “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн шинэчлэн батлагдах гэж буй цаг үетэй давхцаж буйг онцлон уг чуулга уулзалтыг хойд, өмнөд хөршид зохион байгуулахаар төлөвлөж байна гэсэн юм. Мөн хөрөнгө оруулагч нарт хандаж “Дэд бүтэц, тэр дундаа зам тээврийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд хамгийн ирээдүйтэй, хамгийн их үр өгөөжтэй, эрсдэлгүй орчин байж чадна гэдэгт та бүхэн итгэж болно" хэмээсэн билээ.
Чуулга уулзалтын үеэр "Түншлэл-Ирээдүйтэй хөрөнгө оруулалт", "Хөгжлийн түүчээ-Төмөр зам", "Хөгжлийн хөтөч-Зам тээвэр", "Дэлхийд гарцтай-Агаарын тээвэр" зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүний зэрэгцээ "Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн төмөр зам" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ, "3000 вагон худалдан авах гэрээ", "Улаанбаатар-Хархорин чиглэлийн хурдны замын ТЭЗҮ боловсруулах санамж бичиг" зэрэг гэрээ хэлэлцээрийг үзэглэсэн юм.
УБТЗ 250 км хос зам, 200 орчим км хос оруулгат зам барина
“Хөгжлийн түүчээ-Төмөр зам” сэдэвт хэлэлцүүлэгт УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн оролцов.
Тэрбээр, модераторын “УБТЗ-ын өнөөгийн тээх нэвтрүүлэх хүчин чадал, ачаа тээврийн захиалгын хэмжээ ямар харьцаатай байгаа вэ” гэсэн асуултад ийн хариуллаа.
-УБТЗ-д ирэх ачааны захиалга жил ирэх тусам нэмэгдэж байна. 2022 онд ачааны захилга 58 сая тоннд хүрсэн. 2023 онд 60.1 сая тонн ачааны захилга ирсэн. Бидний таамаглаж байгаагаар 2024-2025 онд ойролцоогоор 62-63 сая тоннд хүрэхээр төлөвтэй байна. Гэтэл өнөөгийн байдлаар УБТЗ-ын тээх нэвтрүүлэх хүчин чадал 33 сая тонн байгаа. Энэ жил бид 30.2 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөж байна. Өсөн нэмэгдэж байгаа ачааны захиалгатай уялдуулаад хос төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлээд явж байна. Аль болохоор УБТЗ-ын баазыг шинэчлэх, хос зам барих, хос замт оруулгыг хийх зайлшгүй шаардлага бий” хэмээгээд УБТЗ-ын хэмжээнд хэрэгжих төсөл хөтөлбөрийн талаар товч танилцуулсан юм.
Тухайлбал, “Богд хан” төмөр замын төслийн тухайд ажлын хэсэг томилогдоод шинэчилсэн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил хийгдэж байна. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төв коридор болох Сүхбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замд хос зам барих бүтээн байгуулалтыг хийнэ. Бид “УБТЗ-2030” хөтөлбөртөө бид нийтдээ 250 орчим км хос зам, 200 гаруй км хос замт оруулгыг барихаар төлөвлөж байгаа. Үүний эхлэл болгож өнгөрсөн онд Замын-Үүд-Шаргын-Овоо чиглэлд 14.6 км төмөр замыг бариад байна. Энэ бүтээн байгуулалт 2030 он хүртэл үргэлжлүүлэн хийж, бидний тооцооллоор тээх нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлж, 2030 онд 57.6 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөж байна” хэмээв.
Б.ГҮНЖИНЛХАМ