Энэ сарын 3-нд болох УБТЗ ХНН-ийн 75 жилийн ой, Төмөр замчдын мэргэжлийн баярыг тохиолдуулан ахмад төмөр замчин Санжаажавын Гантулгатай ярилцлаа. Тэрбээр УБТЗ-ын амин чухал асуудлын нэг болох ХАБЭА-н бодлогыг боловсруулалцаж, төмөр замчдыг учирч болзошгүй эрсдэлээс амь нас, эрүүл мэндийг нь хамгаалах онцгой чиг үүрэг бүхий ХАБЭА-н салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, тус салбарын  хөгжил, дэвшилд нь үнэтэй хувь нэмрээ оруулсан хүмүүсийн нэг юм.

 

-Юуны өмнө танд төмөр замчдын мэргэжлийн баярын мэнд хүргэе. Сайхан зусаж байна уу?

 

-Баярлалаа. Танай редакцын хамт олонд болоод “Ган зам” сонины нийт уншигч, төмөр замчдадаа Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг үүсэж, хөгжсөний яруу алдарт 75 жилийн мэндийг хүргэе. Энэ сайхан баярт үйл явдалтай зэрэгцэн танай сонины зочин хойморт уригдсандаа ихэд бэлгэшээж байна.

 

-Ингэхэд таныг өөр салбарын хүн гэж сонссон ямар чухам сэжмээр төмөр замчин болов?

 

-Би 1986 онд Политехникийн дээд сургуулийн Барилга, замын машин механизмын ангийг төгссөн хүн. УБТЗ-д ирэхээсээ өмнө Улсын мэргэжлийн хяналтын газарт улсын ахлах байцаагчаар ажиллаж байлаа. Ингээд хариуцсан чиг үүргийнхээ хүрээнд УБТЗ-д хоёр удаа үзлэг шалгалтаар ажилласан маань намайг энэ байгууллагатай холбогдох сэжмийг үүсгэсэн. Тухайн үед УБТЗ-д миний хариуцсан чиглэлээр Уул техникийн байцаагч гэсэн албан тушаалд Б.Гантөмөр гэж улсын байцаагчийн эрхтэй хүн ажилладаг байв. Тэр үед УБТЗ хөрөнгө санхүүгийн хувьд чадамж өндөртэй, жаахан болохгүй байна гээд акт тавихад л авто краныг хүртэл шууд шинээр сольчихдог байсан цаг. Улсын хэмжээнд ч шинээрээ орж ирээд ашиглалтгүй зогсож байгаа кранууд олон. Эдгээрийг төмөр зам руугаа авах, солих ажлыг Б.Гантөмөр гуай гардан хийдэг байлаа.

2004 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын 14 байцаагчийн бүрэлдэхүүнтэй маш том шалгалтаар миний бие УБТЗ-д ирсэн юм. Р.Раш дарга УИХ-ын гишүүнээр арай сонгогдоогүй байсан үе л дээ. Одоогоор бол Удирдах газрын хурлын “А” танхимд тус шалгалтын үр дүнгээр хуралдав. Би тухайн үед Японд мэргэжил дээшлүүлэх жилийн курс төгсөөд ирсэн байв. Биднийг төгсөхөд сургуулиас савангийн хайрцгийн хэмжээний фото камер, нөтбүүкийг проекторын хамт бэлэглэснийг нь байнга авч явна. Шалгалтын үеэр илэрсэн зөрчлүүдийн гэрэл зургийг проектор руугаа шилжүүлж, заалны хананд гаргаад л чухамдаа техникийн дэвшлийг “гайхуулж” гарав. Яг тэр үед төмөр замын санхүү тийм ч сайн бус, өмнөх шигээ шинэ кранаар сольчих боломж ч хомс болсон цаг л даа. Дараа нь  тус хурлыг Улсын мэргэжлийн хяналтын газарт зохион байгуулав. Би дахиад л нөгөө гурван төхөөрөмжийнхөө шидийг харууллаа. Гэрэл зургийн камертай хүн ч цөөхөн байсан үе. Намайг танилцуулга хийх үед хажууд сууж байсан Р.Раш дарга манай Д.Батбаатар/эдүгээ БНУУ-ын дахь элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа/даргыг тохойгоороо нудраад “Би энэ хүүг чинь авъя” гэж байна. Цаадах нь ч “Ммг” гээд толгой дохиж байгаа харагдана.

 

-Тэгээд л шууд УБТЗ руу шилжсэн үү?

 

-Тэр хурлаас долоо хоногийн дараа дарга маань өрөөндөө дуудаад, “За Гантулга аа, чи төмөр замд ердөө хоёр жил ажиллачих. Тэдний ажлыг сайжруулчхаад л буцаад  ир” гэсэн. Тухайн үедээ бол шалгалтдаа тэнцээд төрийн жинхэнэ алба хаагч болчихсон, Улсын ахлах байцаагчийн эрхээ авч, тангарга өргөчихсөн одоогоор бол карьерын хувьд ёстой л эрчээрээ явж байсан хүн шүү дээ. Хоёр том байгууллагын дарга хамтарсан шийдвэр гаргасан байхад би юу гэх вэ. Тэгээд л УБТЗ-д ирсэн. УБТЗ-ын Хөдөлмөр хамгааллын хэлтсийг байгуулж, Уул техникийн байцаагчаар миний тушаалыг хэдийнээ гаргачихсан байж билээ. Нөгөө Б.Гантөмөр гуайг Хөдөлмөр хамгааллын инженер болгосон байв.  Манай хэлстийн даргаар Дашням гуайг, ХАБ-ын инженерээр Эрдэнэмөнхийг томилсон байсан. Намайг ирэхэд Р.Раш дарга “За сайн ажиллаарай. Чамд зориулж хэлтэс байгууллаа шүү” гэж билээ.  Зөвхөн надад зориулна ч гэж юу байх вэ дээ. Дотночилсон нөхөрсөг яриа л юм даа. Ингээд л ажил өрнөсөн дөө. Өртөө зөрлөг бүрт томилолтоор ажиллаж, үзлэг шалгалт хийнэ. Ялангуяа, тушаал заавруудыг маш олноор гаргасан даа.  2005 онд “УБТЗ-ын хөдөлмөрийн аюулгүй байдлыг дүрэм” номыг эмхэтгэн гаргаж, үүнтэй уялдаатайгаар Замын даргын тушаал ч батлагдсан. ХАБЭА-н тухай хууль ч гараагүй үе  л дээ.Сүүлдээ хэлтэс маань өргөжиж Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн орон тоог нэмж, тавуулаа болсон. Удирдах газрын нэгдүгээр давхарт суудаг байсан бол гуравдугаар  давхар руу нүүсэн гээд улам төгөлдөржөөд явсан даа. Нөтбүүк, камер хоёроо нэг цүнхэнд, проектороо өөр цүнхэнд хийж, эвхдэг самбараа бас үүрнэ. Хариуцсан ажил нь миний камерт өртөж, зураг нь хананд тавигдан яригдвал том донгодуулна шүү дээ. Одоогоор бол презентац танилцуулга л юмдаг уу. Араас нь сургалтаа зохион байгуулна гээд л. Шалгалтаар очих гэж байгаагаа урьдчилж хэлэхгүй. Тавуулаа машиндаа суугаад л давхичихна. Дарга нар ч их дэмждэг байсан. Хэзээ бол хэзээ ороод очдог болохоор нөгөөдүүл ч үргэлж ажлаа сайн байлгахыг хичээнэ. Манайхан намайг “Гурван цүнхтэй байцаагч” гэцгээдэг сэн. Ингэж явсны минь үр дүн гарсан шүү.Одоо бол гурван хэлтэстэй 30 шахам хүнтэй том бүтэц бий боллоо.

 

- Ахмад байцаагчийн хувьд УБТЗ-д цаашид ХАБЭА-н чиглэлээр юунд илүү анхаарах шаардлагатай гэж боддог вэ?

 

-Ерөөсөө л аливаа зүйлийг эрсдэлд суурилах. Болзошгүй эрсдэлийг урьдчилж харахад л бүх талаас нь сурах хэрэгтэй байна. Онолын үүднээс нь авч үзвэл 600 жижиг эрсдэлийг урьдчилан харж чадаж байвал эрдэнэт хүний алтан амь, эрүүл мэндийг бүрэн хамгаалж чадна гэж үздэг. Сүүлийн үед манай УБТЗ сургалтыг төрөл бүрээр нь хийдэг боллоо. Зөвхөн УБТЗ-ын хэмжээнд л гэхэд ТЗДС-ийг түшиглэн ХАБЭА-н сургалтын төвийг байгуулж ажилтнуудаа сургаж байна. Ослын судалгааг мэдээж Замын хэмжээнд тогтмол хийж явдгийг та бүхэн мэднэ. Зарим жилд 20 гаруй осол гарч байсан жишээ ч байдаг. Аливаа дүрэм, журам технологийг дадал болгож хэвшүүлээгүй, сургалтыг үр дүнтэй, жигд явуулахгүй байгаатай холбоотойгоор л ослын тохиолдол буурахгүй байгаа юм. Жишээ нь, маш олон жил ажилласан туршлагатай ажилтан осолд өртөх тохиолдол гардаг. Сургалтад суух гээд ирэхэд нь “Чам шиг туршлагатай хүнд юуг нь заах вэ дээ. Энд дэмий цаг үрж байхаар ажлаа хий” гээд явуулчихдаг байдлаас ийм харамсалтай тохиолдол гарах нь бий. “Төмөр замчдын үзлэг шалгалт ихэдлээ” гэж ярьдаг. Хамгийн гол нь үзлэгийг үр дүнтэй байлгах нь чухал. ХАБЭА-н үзлэгийг бид Замын Ерөнхий инженерийн нэрэмжит болгон найм дахь жилдээ явуулж байна. Миний бодлоор үзлэг шалгалт гэдэг ялангуяа энэ шилжилтийн үед нэг их буруу зүйл биш байх. Шилжилтийн үеийнхэн маань дөрөө олоод тогтворжсоны дараа бусад зүйл жигдэрнэ. Японд л гэхэд крануудыг зургаан сар тутамд шалгадаг. Энэ үзлэг шалгалтдаа тэд маш өндөр ач холбогдол өгч бэлддэг. Энэ бол хүнээ хайрлаж, хамгаалж байгаа маш том соёл.

 

-ХАБЭА-н мэргэшсэн боловсон хүчин төмөр замд хангалттай байна гэж та үздэг үү?

 

-ШУТИС бол маш чадварлаг залуусыг бэлтгэн гаргаж байна гэж би хардаг. Оюутолгойгоос эхлээд томоохон үйлдвэр, компаниудад очиход англи хэлний мэдлэгээс эхлээд орчин цагийн залуус маань улам бүр сайжирч байгаа нь харагддаг. УБТЗ-ын хувьд нэг том алдаа байсныг нь засаж залруулсан гэж би хардаг. Тэр нь юу вэ гэхээр байгууллага дээр ажиллах ХАБЭА-н мэргэжилтнийг тухайн байгууллагын удирдлага нь өөрийн үзэмжээрээ шийдээд томилчихдог байсан. Үүнийг болиулж, Замын даргын мэдэлд өгсөн. Тухайн хүнд тооцогдох арга хэмжээг ч Замын даргын шийдвэрт оруулсан. Энэ бол Замын удирдлагаас ажилтандаа, ХАБЭА-н мэргэжилтэндээ анхаарсан том шийдвэр. Товчхондоо УБТЗ-ын ХАБЭА-н салбар хүнээр дутаагүй, тушаал шийдвэр, заавар зөвлөмж, технологиор ч дутахааргүй хэмжээнд ирсэн. Одоо гагцхүү дүрэм журам, технологийг дадал болгон хэвшүүлэх хэрэгтэй байна. Хамгийн гол нь хүнээ боддог, хайрладаг, хамгаалдаг байх явдал. Юм л бол арга хэмжээ аваад, хяргаж хаячих гээд байх нь буруу. Эхлээд зааж сургах хэрэгтэй. Өөрөө мэддэг байж бусдыг шалгаж, шахаж шаардах нь зүй.

 

-УБТЗ-д ирснээсээ хойш “хийж чадсан даа” гэж бардам хэлдэг ажил таны хувьд юу байдаг вэ?

 

-Намайг төмөр замд ирэх үед уурын зуухны нөхцөл байдал маш хүнд байсан. Мэргэжлийн үнэмлэхтэй хүн ч байгаагүй. 25 жил тасралтгүй ажилласан ч бичиг үсэг мэдэхгүй хүн олон байсан. Дор дор нь авч өгөөд байсан учраас тоног төхөөрөмжөөр бол айхтар муудаагүй. Харин технологийн шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай болсон байсан. Ингээд бид ОХУ-аас тоос, нурмыг нь сорж, үлээдэг уурын зуух оруулж ирсэн. Түүнийг нь манай төв засварын үйлдвэрийнхэн дуурайлгаж хийснээр асуудлыг шийдэж чадсан. Нөгөө талаар зуухны ажлын технологийг бүхэлд нь стандартчилж өгсөн. Зөвхөн уурын зууханд зориулж, 164 зурагт самбар гарган байршуулж байлаа. Дараа нь мастеруудаас шалгалт авна, мэргэжлийн сургалт явуулна. Ингэж явсаар хүмүүсээ сургаж авсан. Дээр нь хоёр зуух тутамд нэг яндан байх ёстой гэсэн стандартыг тогтоож өгсөн. Таван зуухны дунд нэг яндан байгаа нөхцөлд утаагаа нэг нэг рүүгээ татаад байна гэдгийг Замын удирдлагад тайлбарлаж ойлгуулсан. Хамгийн эхний үр дүнг Айраг өртөөний уурын зуухан дээр харуулж байлаа. Дөрвөөс таван жилийн хугацаанд замын хэмжээнд уурын зуухны асуудлыг бүрэн шийдсэн. Бодит үр дүнг мэргэжлийн сургалт дээрээ жишээ болгож ярих сайхан шүү. Хүмүүс ч хүлээж авах нь сайн байдаг. Нэг удаа Засгийн газрын хуралдаан дээр одоогийн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Аймаг, орон нутгийн уурын зуухнуудад анхаарал хандуулах шаардлагатай болжээ. Архангайд л гэхэд Булган уулын бэлд таван яндангаас тас хар утаа суунаглаад орчноо маш их бохирдуулж байна. Тэнд хүн ажилладаг гэж төсөөлөхөд ч хэцүү. Та нар УБТЗ-ынханы уурын зуухаа яаж ажиллуулж байгааг очиж хар, туршлага судал” гэж хэлсэн байдаг. Энэ бол миний хувьд хийж чадсан шүү гэж бардам хэлэх ажил. Одоо манай аль ч уурын зуух руу ороод харсан хийсэн ажил минь бодитоор харагдана. Би уурын зуухны үнсийг хараад л хэрхэн ажиллаж вэ гэдгийг хэлнэ. Манайхан үүнээс их айдаг.  

 

-Таныг гавьяаны амралтаа авсны дараа даралтат савны чиглэлээр мэргэшсэн хүн олох гэж чамгүй эрэл хайгуул болж байна гэж сонссон?

 

-Ах нь УБТЗ-д ирээд даралтат савны технологийг цогцоор нь шинэчилсэн. Хуучин даралтат савнууд бол дизель хөдөлгүүртэй адилхан буюу тахир гол, шатуны механизмаар ажилладаг байсан. Хамгийн аюултай нь гийлц, поршин нь муудаад ирэхээр даралтат сав руу тосоо алдаж эхэлдэг. Даралтат сав тос хоёр нэг доор байгаа тохиолдолд дэлбэрэлт үүснэ. Азаар тийм зүйл болоогүй л дээ. Сүхбаатар татах хэсэг л гэхэд 135 Мвт-ын мотор ажиллуулахад хажууд нь ажиллаж байсан 25 тоннын кран нам зогсдог байв. Хавийнхаа тогийг сорчихдог байсан хэрэг. Үүнийг Шведийн технологи болох винтовой компрессороор шийдсэн. Ингэж шийдэж болох юм гэдгийг хамгийн анх тухайн үеийн Замын Ерөнхий инженер Л.Болдод танилцуулж байлаа. Ингээд гурван сарын дараа тус технологийг Замын-Үүдэд нэвтрүүлсэн. Үүнээс хойш Замын хэмжээний 13 ТҮГ-аас зургаад нь винтовой компрессор тавьсан. Үүнийг хэдийгээр Монголд үйлдвэрлээгүй ч маш сайн ноу-хау болж чадсан. Даралт ихсэхээр автоматаар унтарч, багасахаар автоматаар ихсэх байдлаар ажилладаг. Түүнээс гадна манайхан хамгийн том нь гурван шоо метр хэмжээтэй савтай байсан юм билээ. 10 шоо метрийн багтаамжтай сав авах асуудлыг дэвшүүлж, Улаанбаатар татах хэсэг, Зорчигчийн вагон депо, Олон-Овоо өртөөнд тус бүр нэгийг байршуулсан. Хангалттай хэмжээний хий хураагаад авчхаж байгаа учраас бараг мотор асаахгүйгээр тоормос шалгах боломжтой болсон. Асаасан ч богино хугацаанд ажиллуулах боломж бүрдсэнээр элэгдэл хорогдол нь багасна. Тэр үеийн моторыг 16 жилийн дараа сольж байна шүү дээ. Орон сууцныхан, татах хэсгүүд гээд олон байгууллагад энэ технологийг нэвтрүүлсэн дээ. Тос солих, цэвэрлэгээ хийхээс өөр ажиллагаа шаардлагагүй. Маш цэвэр орчинд байх ёстой юм. Төмөр замаас бусад  байгууллага ажиллуулж чадахгүй байгаа. Манайхаас туршлага судлах хэрэгтэй.

 

-Үндсэн мэргэжил болох өргөх машин механизмын чиглэлээр ч олон ажил хийсэн байх?

 

-Тийм шүү УБТЗ-ын крануудад маш том шинэчлэлт хийсэн. Оросын 10 тоннын даацтай гүүрэн краныг үйлдвэрлэхдээ 25 тонноор туршдаг. Гэхдээ зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 11 тонн. Ийм өндөр нөөцтэй техник Монголд орж ирэхээрээ цахилгаан байгууламжийн хувьд асар их доголдолтой ажилладаг. Үүнийг шийдвэрлэхийн тулд би инверторын систем гээч зүйлийг оруулж ирсэн. Энэ тухай анх оюутан байхдаа л сонсож байсан юм.  Улмаар энэ технологийг авто кранд ашиглахдаа давтамж хувиргалтыг компьютер удирдлагад оруулсан. Хамгийн анхны инверторыг Улаанбаатар татах хэсгийн авто кранд суурилуулж туршсан. Ёстой уйгагүй гуйсны хүчинд суурилуулсан даа. Гэтэл тэр краны мотор 16 жилийн турш нэг ч доголдоогүй ажиллаж байна. Өмнө нь бол мотор шатах асуудал байнга гардаг байсан. Татах хэсгийн хувьд харьцангуй ачаалал багатай байдаг гэж бодъё. Тэгвэл хамгийн өндөр ачаалалтай Улаанбаатар АБТЭМА-ын авто кранд дээрх төхөөрөмжийн суурилуулснаар 12 жилийн хугацаанд нэг ч удаа мотор нь шаталгүй ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд би УБТЗ-д 22 авто краныг ийм болгосон. Ингэснээр дунджаар 4 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн тооцоо гарч, 2022 оны “ШБОС”-ны уралдаанаас мөнгөн шагнал авсан.  Би Монгол Улсын зөвхөн инженер хүн. Таван жилийн давтамжтайгаар зөвлөх инженерийн эрхээ баталгаажуулдаг. Сүүлд инверторын системээрээ хамгаалалт хийгээд хугацаагүй зөвлөх инженерийн эрх бүхий дугуй тамгаа авсан.

 

-Залгамж халаа болсон залуу төмөр замчдадаа юуг захих вэ?

 

-Ялангуяа байгууллагын ерөнхий инженер хүн өрөөгөө тоног төхөөрөмжийн засварын графикаар “гангалах” хэрэгтэй гэж би хэлнэ. Ямар ч өнгө дизайнаар хийж болно шүү дээ. 21 дүгээр зуунд тоног төхөөрөмжийг “хэвттэл” нь ажиллуулдаг мэргэжилтэн огт байж болохгүй. Засвар үйлчилгээний чиглэлд мэргэжлийн хүнийг авч ажиллуулах хэрэгтэй. Ялангуяа, өнөө цагийн тоног төхөөрөмжүүд бидний үеийнх шиг “гүжирмэг” арга барилыг даахгүй. УБТЗ-д нэг дутагдалтай байгаа зүйл бол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн инженер. Энэ мэргэжлээр бэлтгэгдэн гардаг нь цөөн. Жишээ нь, миний мэргэжлээр сурсан хүн УБТЗ-д гурав л байлаа. Хоёр нь гавьяаны амралтаа авч, нэг нь хувийн төмөр зам руу явчихлаа. Одоо ШУТИС Механик электроникоор мэргэжилтэн бэлтгэн гаргаж байгаа юм билээ. Тэндээс хүн авах хэрэгтэй. Тоног төхөөрөмж гэдэг маш нарийн зүйл. Энгийн нэг токарийн машиныг задлаад үзэхэд редуктор дотор нь 160 гаруй төрлийн араа бий. Үүнийг сайн мэддэг мэргэжилтэн хэрэгтэй.

 

-Байцаагчийн ажил хэцүү юу, эсвэл?

 

-УБТЗ-д орохоос өмнөх 12 жилтэй нийлээд байцаагчаар ажилласан 32 жилийн хугацаанд намайг хараад зугтаадаг, аль эсвэл жаахан таагүй хардаг хүн огт тааралдаагүй. Би бол ямар ч хүнд найз шиг хандахыг хичээдэг. Хэлэх зүйлээ хэлнэ. Гэхдээ ёгт үг хэрэглэж, хөнгөн хэлбэрээр санаагаа ойлгуулна. Ах нь байцаагчийн ажлыг жаргаж хийсэн гэж ярих дуртай. Ер нь хүн хийж байгаа ажлаа жаргаж л хийх ёстой. Над руу өдөр шөнө, амралтын өдөр ялгахгүй утасддаг. Мэддэг зүйлээ цааргалахгүй хэлж өгдөг. “Түүнийг нь чи нэг үз дээ” гэхэд зарим нь “За за, байцаагчаа би таныг юу гэх нь вэ гэж тоглосон юм” гэх нь ч бий. Тийм л хэмжээнд дотно харьцдаг. Энэ бол сургалт сайн байсных шүү дээ. Сургалтыг сайн хийгээд байхаар зарим тохиолдол өөдөөс ном хаялцах хэмжээнд хүрнэ шүү. Миний зорилго бол ерөөсөө л энэ.

 

-Эцэст нь, УБТЗ ХНН-ийн ХАБЭА-н салбар хөгжлийн чиг баримжаагаараа аль багцаанд явна гэж та хэлэх вэ?

 

-Бидний үеийн дунд сургуулийн үнэлгээгээр бол +3 орчимд байна гэж би хэлнэ. Гэхдээ манай байгууллага олон төрлийн аж ахуйн нэгжтэй шүү дээ. 60 гаруй байгууллага дотроо ХАБЭА-н асуудал нь бүр төгсөрчихсөн нь ч байгаа. Эрчим хүч, ус хангамж, холбооныхон маань энэ чиглэлдээ сайн. Сүүлийн үед Замын аж ахуйн албаныхан эрс сайжирч байна, араас нь татах хэсгүүд сайжирч байна гэхчлэнгээр дурдаж болно. Нөгөө талдаа гадаа орчинд ажилладаг онцлогоосоо шалтгаалаад үнэхээр яаж ч болохгүй байгаа зүйлүүд ч бий. Гол асуудал нь аль аль салбарт маш их ачаалалтай байна. Зөвхөн Монголд ч биш дэлхий нийтээрээ хүний нөөцийн дутагдалд орсон цаг үед бид амьдарч байна шүү дээ. Ялангуяа хөдөлгөөний ажилтнуудыг 12 цаг ажиллуулдаг байдал маш хүнд байна. Миний хувьд галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчдын ээлжийг 8,8 цагаар гурав хувааж ажиллуулъя гэдэг саналыг ч дэвшүүлж байсан. Таван мэдэрхүйгээ 12 цагийн турш тасралтгүй ажиллуулна гэдэг  маш хүнд. Халуун, хүйтэн нөхцөлийг үл харгалзан гадаа ажилладаг замчид ч ялгаагүй. Дээр нь АБТЭМА-ууд дээр “нэг контерыг буулгахад нэг минут, 44 секунт зарцуулна” гээд шахаж байгаа нь сэтгэл эмзэглүүлдэг. Краны хувьд дутагдалтай байгаа нь үнэн л дээ. Би УБТЗ-д 50 тоннын даацтай буюу хамгийн томыг нь сонгож, авчирч байлаа. БНХАУ-ын дөрвөн том үйлдвэрээс сонголт хийсэн. Энэ улаан кран долоон сарын хугацаанд өртгөө бүрэн нөхөж байсан. Ийм өндөр ашигтай краныг Улаанбаатарт дөрөв таваар нь тавиад, Замын-Үүдэд тоог нь нэмэх хэрэгтэй гэж би боддог. Ер нь, л хүн рүүгээ хандсан арга хэлбэрүүдийг нухацтай авч үзэхгүй бол ажилтнууд маань зарим үед их туйлдсан харагддаг. Ядарсан хүнээс нэгдүгээрт бүтээл гарахгүй, хоёрдугаарт эрсдэл улам л нэмэгдэнэ.

 

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.

 

Б.Дэлгэрхишиг