Монголчуудын ихэнх нь “Хүүхдийн ордны С.Ганчимэг багш” гэхээр андахгүй болов уу. Түүний “Хүүгийн бодол”, “Ээж тандаа”, “Хүүхэлдэй”, “Барби”, “Та нар бидэнтэй” зэрэг олон арван дуу нь хүүхэд багачуудын сонсох, дуулах дуртай дуу болж, цэнхэр дэлгэцээр эх орон даяар олон жил тасралтгүй эгшиглэж байгаа билээ. Ингээд МУГБ С.Ганчимэгтэй ярилцсанаа уншигч та бүхэндээ толилуулъя.
-Хоёулаа таны хүүхэд наснаас яриагаа эхэлье. Хүүхэд нас чинь хаана, хэрхэн өнгөрөв?
-Би төмөр замд төрсөн. Миний бага нас төмөр замчдын дунд, төмөр замын тосгонд өнгөрсөн. II цэцэрлэгт нь хүмүүжээд 51 дүгээр дунд сургуулийг 1984 онд төгссөн. Аав маань Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат Л.Сандуйжав гэж хүн байлаа. Танай нутаг шүү дээ. Төмөр замын эмнэлэгт хиймэл шүдний анхны техникчээр ажиллаж байсан. Ээж минь төмөр замд нам, олон нийтийн ажил хийдэг Д.Цэрэнтогтох гэж хүн байлаа. Зангилаа болон депо, Төмөр замын Соёлын ордны ҮЭ-ийн хорооны дарга гээд олон жил удирдах ажил хийсэн. Манайхан одоо ч төмөр замдаа амьдардаг. Төрсөн эгч С.Гантуяа маань насаараа 20, 38 дугаар сургуульд англи, орос хэлний багшаар ажиллаж байна. Бас нэг эгч С.Гантулга зорчигчийн вагоны үйлчлэгчээр ажиллаад тэтгэвэртээ суусан. Бага дүү С.Гантөгс маань төмөр замын гурван угсармалд амьдардаг. Ер нь, бид төмөр замаасаа холдох дургүй.
-Танай удамд урлагийн хүн байв уу. Төмөр замчны хүүхэд яагаад урлагт хөл тавих болов?
-Ээж минь сафрон хоолойтой, их гоё дуулдаг байлаа. Ээжээсээ л дуулах авьяасыг авсан гэж боддог. Дунд сургуульдаа “Энхийн туг” хамтлагт басс гитар тоглож, дуулдаг байсан. Манай 51 дүгээр сургуульд “Хурд” хамтлагийнхан ч сурсан шүү дээ. Тэр үед улс төрийн дууны хамтлаг маш олон гарсан. Манай сургуулийн дуу хөгжмийн багш н.Батсүх гэж хүн байлаа. “Энхийн туг” хамтлагт анхны эмэгтэй дуучнаар намайг авсан юм. Урлагаар явахаар сурлага мууддаг ч багш нараасаа хичээлээ нөхөж аваад чөлөөт цагаараа давтаж шалгуулна. Тэгээд Соёл урлагийн коллежийн соёлын ангид элсэж төгссөн. Дуу, хөгжим, жүжиг, бүжгээс гадна соёлын менежерээр сургана. Өөрөөр хэлбэл, урлагийн байгууллагыг хэрхэн авч явах, хөтөлбөр яаж боловсруулах гээд л хичээл заана. Тэгж сурснаараа би хүүхдүүдийнхээ бүх тоглолтыг өөрөө удирдаж, продюсер нь болж, хөтөлбөрөө боловсруулан, жүжиг, дуу, бүжгийг нь бэлтгээд зохион байгуулчихдаг болсон.
-Та яагаад дуучин биш багш болсон юм бэ?
-Хүүхэд байхдаа МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа нартай л тэмцээн уралдаанд их оролцож өрсөлддөг байлаа. Миний давуу тал нь хөгжмөө өөрөө тоглочихно. Гэвч дуучин болоогүй л юм даа (инээв). Хэдийгээр дуулж урлагаар яваагүй ч авьяастай хүүхдүүдийг нээн хөгжүүлж, Монголынхоо урлагт том хөрөнгө оруулалт хийе гэж бодсон. Анх гитар тоглодог байсан бол төгөлдөр хуур сурсан. Соёлын сургуулиа төгсөөд Хүүхэд залуучуудын соёлын төвд хөгжмийн багшаар ажлын гараагаа эхэлсэн. Насанд хүрэгчдэд дуу хөгжмийн анхан шатны мэдлэг олгох хичээл заадаг байлаа. Мөн “Нэмэх хасах” хамтлагт нь даралтат хөгжим тоглон дуулдаг байсан. Гэтэл ардчилал гарч, ажиллаж амьдрахад хэцүү болж эхэлсэн. Тиймээс 1991 онд Хүүхдийн ордонд шалгалт өгөн тэнцээд найрал дууны багш болж, өнөөг хүртэл ажиллаж байна даа.
-Таны урын сан дахь бүтээлүүд хэр олон болж байна вэ?
-Тоолж үзээгүй, маш их бий. Наад зах нь жил бүр “Харшийн шинэ жил”-ийн дууг зохиож байна. Хүмүүсийн хамгийн сайн мэддэг
...Хараацай болон нисээд
Хайрт ээжийдээ очихсон
Хараацай болон нисээд очихсон... гээд “Хүүгийн бодол”, мөн
Ариун цагаан сүүн сэтгэлээр
Алдрайхан насыг минь бүүвэйлсэн
Ачит ээж тандаа би чинь
Ахин дахин баярлаж сууна... (дуулав) “Ээж тандаа хайртай” дуу байна. Жаахан хүүхдүүд их мэддэг “Барби”, “Би хүүхэлдэй”, “Миний үнэнч хүүхэлдэй”, МҮОНРТ-ийн “Цоглог” хөтөлбөрийн
...Үүлэн тэнгэрийн чөлөөгөөр аялаад
Үлгэрий олон баатруудтай уулзаад
Үйлс бүтээл амжилттай сурч
Үеийн найз нартаа мэнд хүргэе ээ
Дуулан баяссан ч бид та нартай
Бүжин наадсан ч бид та нартай... (дуулав) “Та нар бидэнтэй” гээд нэрлэвэл аяыг нь зохиосон олон дуу бий.
-Та олон шавь төрүүлсэн байдаг. Нэрлэвэл хэн хэн тасралтгүй уран бүтээл хийж байна вэ?
-Анхны шавь нарын нэг нь Т.Бархүү. Ахлах ангидаа миний шавь болж “Ээж тандаа хайртай” дууг анх дуулсан “Нюанс” хамтлагийн гишүүн байлаа. Өнөөгийн “Нюанс” хамтлагаас өмнө манайд ийм нэртэй хамтлаг байсан шүү дээ. “Хүлээлт” дууг дуулсан дуучин Д.Ганзориг агсан миний шавь. Мөн Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян, жазз дуучин Ц.Хулан, “Uvertura” хамтлагийн А.Шинэбаяр, Наки буюу Б.Нацагдорж байна. Наки маань дуулахаас гадна хөгжмийн зохиолч болсон. За тэгээд “Люмино”-гийн Baji буюу Б.Батхишиг, “Freezone”-ийн Г.Баттөмөр, “Мөнхийн реп”-ийн Б.Лхагва, “Flash” хамтлагийн Г.Мягмарцэнд, Э.Нандин-Эрдэнэ, “Зуун хувь”-ийг дуулдаг Эгшиглэн (Т.Болортуяа), АНУ-д байгаа К.Номинжин, дуурийн дуучин Б.Уранзолбоо, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын эхнэр “Цагаан сар”-ыг дуулдаг Б.Долгормаа, нийтийн дуучдаас П.Жимсээ, Н.Мөнгөншагай, Б.Мөнхбаяр, Э.Оюумаа... гээд нэрлэвэл бас дуусахгүй.
-Тэгэхээр та рок, поп, хип хоп, жазз, дуурь, нийтийн дуу, уртын дуу гээд урсгал хамаарахгүй л шавь бэлтгэсэн байх нь ээ?
-Тиймээ, тухайн хүүхдийн өөрийнх нь өнгө аяс, өгөгдөлд нь тааруулж заадаг юм. Эхлээд хүүхдээ ямар чиглэлийн, юу сонирхоод буйг нь мэдэж таних нь чухал. “Чиний хоолойд уртын дуу, ардын дуу, эсвэл нийтийн дуу зохино” гэхчилэн зөвлөнө. Тэр чиглэлээр нь бэлтгэн хоолойг нь чиглүүлж өгдөг. Хүүхдүүд ч яг л тэр чиглэлээрээ их сургуульд ордог. Нийтийн дууны хоолойтой хүүхдийг “Чи эстрад дуул” гэж хүчээр шахаж болохгүй шүү дээ.
-Шавь нар чинь одоо багштайгаа уран бүтээлээр хэр холбоотой байдаг вэ?
-Хамгийн ойр холбоотой нь бурхан болсон шавь Б.Ганзориг маань байлаа. “Ээж тандаа хайртай”, “Эргээд хараач хонгор минь” зэрэг дуунуудыг маань дуулж тоглолтоо хийсэн. МУСТА Б.Мөнхбаяр, Б.Отгонцэцэг нар аав охин хоёрын “Амин хайр” дууг дуулсан. Бусад нь ч хааяа холбогдоно оо. Цахим хуудаст “Ганчимэг багшийн төгсөгчид” гэж групптэй. Түүгээрээ мэнд мэдэлцээд л байж байна. Залуучууд амьдрал, уран бүтээлийнхээ замыг хөөлгүй яах вэ.
-Танай дуулаачийн ангид хэдээс хэдэн насны хүүхдийг ямар хугацаанд сургадаг вэ?
-Манайд 3-4 жил явах ёстой. Гэхдээ ихэнх нь өөрийн сонирхлоороо дунд сургуулиа төгстөл явдаг. Ер нь, хичээлийн бус цагаар авьяасыг нь нээн хөгжүүлэх дугуйлан шүү дээ. Зарим нь бүр их сургуульд орсон хэр нь л ирээд байдаг юм (инээв).
-Дуу дуулж огт чаддаггүй, солгой хоолойтой хүүхэд байдаг уу?
-Нээж л чадвал авьяасгүй хүүхэд гэж байдаггүй. Тэгж ярьдаг ч солгой хоолой гэж байхгүй шүү дээ. Сонсгол нь хөгжөөгүй учраас л өнгө нь буруу дуугараад байгаа юм. Үүнийг засдаг нээлтийг нь би гаргасан. Хоолойг нь зассан хүүхдүүдээс зарим нь олонд танигдсан алдартай дуучид болсон байна. Хүүхэд гэлтгүй том хүний ч хоолойг засаж болдог. Гэхдээ амьд хүний хоолойн өнгө, дуугаралт засна гэдэг амар биш. Маш их сургуулилт, дасгал хийж, өөрөө хичээж байж амжилтад хүрнэ. Хөгжим бол хөгийг нь тааруулаад л засчихна. Мөн тультраа, р үсэг хэлж чаддаггүй хүүхдийн хэл яриаг ч засдаг.
-Танайд жилд хэчнээн хүүхэд элсдэг вэ?
-Жилд 110-120 хүүхэд сурдаг. Харин арав, хорин хүүхэд л төгсдөг. Ихэвчлэн 12 дугаар анги хүртлээ сурах сонирхолтой байдаг юм. Олон гэр бүлийн, янз бүрийн ааш аягтай, нас насны хүүхдүүд л ирж байна. Жаахан буруу хүмүүжилтэй хүүхэд байвал авьяасыг нь хөгжүүлээд зогсохгүй зөв хүмүүжил олгох соёлын хичээл ч заадаг. Цаг барих, хүнтэй зөв боловсон харьцах, муу муухай үг хэлэхгүй, хоорондоо эв найртай байх, олон нийтийн газар биеэ зөв авч явах, ариун цэвэрч байх гээд олон талаас нь зааж байна. Хүнд буруу зүйл хийсэн бол уучлалт гуйж, тусламж авсан бол баярлалаа гэж хэлж сурах хэрэгтэй. Тиймээс би хүүхдүүдээ дуугаар хүмүүжүүлэх үүднээс “Уучлаарай”, “Баярлалаа” гэсэн хоёр дуу хийсэн. Эдгээр дуу хүүхдийн хүмүүжилд их нөлөөлдөг. Миний хувьд амьдралын бодит харилцаанд тулгуурлан дуугаа зохиодог. Худлаа, хиймэл дуу хүнд хүрэхгүй, нөлөөлөхгүй шүү дээ.
-Та дууны шүлгээ маш сайн сонгодог юм шиг санагддаг?
-Тэгж байж л сайн уран бүтээл болдог. Ижил сэдэвтэй гурван хүний шүлэг ирлээ гэхэд бүгдийг нь сайн уншиж үзнэ. Аль нь илүү сэтгэлд тусаж буйг нь хардаг юм. Уншаад л байхаар шүлэг бүхэн аялгуутай. Тэгээд хамгийн сайхан аялгуутайг нь сонгодог юм. Би шүлгээ яруу найрагчтайгаа ярилцаад редакторладаг. Аа гэсэн аялгуун дээр Ө үсэг орохоор болдоггүй. Үгийнхээ авиа, эгшиг, аялгуундаа тааруулах ёстой. Гэхдээ утгыг нь алдагдуулж болохгүй. Би Төрийн шагналт, нэрт хүүхдийн зохиолч Ж.Дашдондог агсантай “Шидэт цэцэг” тэргүүтэй олон дуу бүтээсэн. Мөн З.Түмэнжаргал агсантай ч “Ангаахай” гэх мэт цөөнгүй дуу хийсэн.
-Хөдөлмөрийн баатар, АУЗ Б.Бааст гуайн шүлэг “Хүүгийн бодол” дуу хэрхэн төрөв?
-Б.Бааст гуайн охин нь зураач Б.Тунгалаг гэж миний хуурай эгч, дотны найз маань. 2000-аад оны эхээр нэг удаа “Аав чамд шүлэг өгье гээд байна. Чи очиж ав” гэхээр нь очтол энэ шүлгийг өгсөн.
“...Хараацай болон нисээд
Хайрт ээжийдээ очихсон...” гээд унштал миний дотор байсан нэг аялгуунд шууд буусан. Учир нь, тэр үед дүү маань Солонгос яваад арван жил болчихсон. Гэрийн утсаар яриад “Ээжийгээ санаж байна” гээд л уйлдаг. Тэр хоёрын уйлан хайлан ярихыг сонсохоор дотор нэг аялгуу орж гараад л байдаг байлаа. Тэгтэл Б.Бааст гуайн шүлэг яг нийлж, ээж дүү хоёртоо зориулсан дуу маань төрсөн түүхтэй. Хамгийн анх энэ дууг “Люмино” хамтлаг дуулж, тэр дороо л хит болсон доо. Дараа нь “Ээж тандаа хайртай” дуу төрж олонд хүрсэн.
-Сая орж ирэхэд дөрвөн хөөрхөн хүү “Хүүгийн бодол” дууг дуулж байсан шүү дээ. Шинэ хамтлаг төрж байна уу?
-Тиймээ, “Квартет” хамтлагийн залгамж үе гарч байгаа юм. Энэ хамтлаг маань анх байгуулагдсан цагаасаа хойш хэдэн ч үе шинэчлэгдэв. Тоог нь алджээ (инээв). Ер нь, манайх олон хамтлагтай. “Хатан” хамтлагийн анхны дуучин нь Филармонын гоцлол (жазз) дуучин Ц.Хулан шүү дээ.
-Та дуунаас гадна кино, жүжгийн хөгжмийн зохиол хүртэл бичсэн байдаг. Хүүхдийн зохиолч хүн өөр хөгжим бичих амаргүй байдаг уу?
-Тиймээ, “Нарны өнгө” кинонд “Ээж тандаа хайртай” дуу маань орсон. Мөн “Ээжээ” кинонд би багшийн дүрээр энэ ангидаа дуугаа зааж буйгаар гардаг юм. Киноны хөгжмийг нь би бичсэн. Энэ кино хоёр дуутай. Нэг нь “Чамайгаа мартахгүй” дууны аяыг би бичиж, Ц.Хулан, “Мотив”-ын Ганбаа (Б.Ганбаатар), нөгөө дууг нь Х.Оюунхишиг, У.Бат-Оргил нар дуулсан. Мөн “Би эрчүүдийг хүснэ” драмын жүжгийн хөгжмийг бичсэн. “Лусын дагина” хүүхдийн жүжгийн хөгжим ч минийх. Ер нь, өөрийгөө эвдэж, тэсэрч л бүтээл хийхийг зорьдог. Гэвч намайг олон түмэн хүүхдийн дуугаар минь илүү сайн мэддэг л дээ (инээв). Үргэлж хүүхдүүдтэй ажилладаг болохоор би өөрөө хүүхэд шиг сэтгэлгээтэй болсон шиг санагддаг. Их амархан гомдож, баярлана. Хүүхдүүдээ харахаар л сэтгэл хөөрөөд байдаг юм.
-“Би эстрадын дуучин” улсын уралдааныг та олон жил зохион байгуулсныг мэднэ. Өнөө жилийнх нь энэ долоо хоногт болох юм байна. Тэмцээний бэлтгэл хангагдаж байна уу?
-Энэ тэмцээнийг 19 дэх жилдээ хийж байна. Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг. Ер нь, хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаанд байгууллагууд гар татдаггүй. Тэр хэрээрээ ч ажил үйлчилгээ нь амжилттай яваа харагддаг. Гэтэл энэ жилийнх санхүүжилт олдохгүй юм. Сонгуулийн жил болоод ч тэр үү. Олон байгууллагын хаалга татаж буй ч амжилт муутай байна. Тэмцээн энэ сарын 14-нд болно. Бүх аймаг, дүүргээс шалгарсан хүүхдүүд оролцдог том тэмцээн шүү дээ. Энэ ташрамд хүүхдүүдэд зориулсан энэхүү гэгээн үйл ажиллагааг маань санхүүгээр дэмжих байгууллага, хамт олон байвал туслахыг хүсье.
-Энэ улсын уралдаанаас төрсөн дуучид олон бий биз?
-Байлгүй яах вэ. Наки, Л.Насанбуян, Т.Амина, Бичүү... гээд олон дуучин энэ уралдаанаас гарч ирсэн. Мөн “Хөдөөгийн сайхан талд зорино” дууг дуулдаг Б.Анужин шавь маань байна. Б.Анужин дараа нь “The voice of Mongolia”, “Universe Best Songs” наадамд маш амжилттай оролцсоныг үзэгч, сонсогчид сайн мэднэ.
-Сүүлийн үед хийсэн шинэ уран бүтээлээсээ танилцуулбал?
-Ц.Нүүдэл гэж яруу найрагчтай хамтран цөөнгүй бүтээл хийлээ. Бидний “Баглаа цэцэг” дуу UBS телевизийн “Mongolian songs” уралдаанд орсон. “Квартет” хамтлаг маань дуулсан, хүмүүс ч мэддэг болж байна. Мөн охидын “Цэцэг” хамтлагийн дуулсан “Цэцэгтэй охид” дуу Соёлын яамнаас зохион байгуулсан реалити шоунд амжилттай явж байгаа. Яруу найрагчдаас МУСГЗ Ү.Хүрэлбаатар, О.Сундуй нартай хамтран олон дуу бүтээсэн. Ирэх тавдугаар сард манай жүжиг, төгөлдөр хуур, ятга, дуулаачийн ангийн хүүхдүүдийн нэгдсэн тайлан тоглолт болно. Бид тоглолтдоо бэлтгээд л байна. Энэ жил аавын минь нутгийн 100 жилийн ой тохиож байгаа. Аавынхаа нутагт очиж хүүхдийн найрал дуутай болгож өгнө гэж амласан. Ер нь, шинэ уран бүтээл тасрахгүй шүү дээ.
-Гадны олон тэмцээн уралдаанд хүүхдүүдтэйгээ оролцож улсынхаа нэрийг гаргасныг зөндөө л сонсож байлаа. Сүүлийн үед явахгүй байна уу?
-Бид олон газарт очсон. Тухайлбал, 2008 онд “Good boys” хамтлагтайгаа Новосибирск хотод болсон том наадмаас Гранпри шагналыг нь авч байлаа (цомыг нь үзүүлэв). Мөн 2012 онд Б.Анужин нарын найрал дууны олон хүүхэд очиж, ОХУ-ын 36 мужийн хүүхдүүдтэй өрсөлдөн Гранпри эзэлсэн. Миний найруулгаар найрал дууны хүүхдүүд маань “Алган дээрх үрс” дууг МУГЖ Ж.Алтанцэцэгтэй дуулуулахад НҮБ-аас том шагнал олгож байсан. Энэ мэт дурдвал олон амжилт бий. Манай Монгол хүүхдүүд их авьяастай шүү дээ.
-Та Монгол хүүхдүүдийн авьяасыг нээхээс гадна урд хөршид очиж бас найрал дууны хамтлагтай болгоход нэлээд гар бие оролцсон байдаг. Энэ талаараа сонирхуулбал?
-Манай Хүүхдийн ордон шинэ жил өнгөрөөд хэсэг хугацаанд амардаг юм. Тэгтэл 2006 оны тэр үеэр Өвөр Монголоос “Манай хүүхдүүдэд найрал дуу зааж өгөөч” гэж урилаа. Тэнд таван үндэстэн ястнаас бүрдсэн “Таван тансаг” найрал дуу байгуулах гэнэ. Тэгээд Хөлөнбуйр аймагт очсон. Дандаа л хөдөө морь унаж, мал маллаж явсан хүүхдүүдээс шилж сонгоод найрал дууны 40 хүүхэд бүрдүүлсэн байсан. Зарим нь монгол хэл мэдэхгүй. Ингээд л хамгийн эхлээд “Алсад суугаа ээж” дууны хоорыг хийж өгсөн. Энэ дуугаар Уудам хүү маань дэлхийд танигдсан шүү дээ. Мөн “Миний хэнз хурга” найрал дууг хүүхдүүддээ амьд хурга тэврүүлээд л дуулуулж байлаа. Хоёр жилийн турш зуны гурван сард очиж бэлтгэсэн. Тэр хүүхдүүд маань сүүлд нь АНУ-д хүртэл очиж тоглосон байсан. Шинэ жилийн дараа очихдоо хийж өгсөн дууг зун очиход бүх Хятад даяараа хит болгосон байдаг юм. Гайхаад асуутал шууд улсын бодлогоор мөнгө зарцуулан телевизийн бүх сувгаар цацчихдаг юм байна. Маш сайхан санагдаж билээ. Гэтэл манайд хэчнээн сайхан бүтээл хийсэн ч улсаас дэмждэггүй. Мөнгө төсөвгүй л бол хэнд ч танигдахгүй. Сүүлийн жилүүдэд Хөлөнбуйрын хүүхдүүдтэйгээ холбогдсонгүй.
-Сонирхолтой сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье!
М.Наранболд