Дохиолол холбооны III ангийн техникийн бичиг баримтын инженер Санжаасүрэнгийн Чинзоригийн төмөр замчин болсон эгэлхэн түүхийг энэ удаад уншигчдадаа хүргэмээр санагдлаа.

Тэрбээр, Дорноговийн унаган хүүхэд аж. Өвөршандад өсөж өндийж, аймгийн  II арван жилийн сургуулийг дүүргэж, улмаар Сүхбаатар аймгийн Онгон суманд хилийн цэрэгт алба хаажээ. Түүнд “Цэргийн хүн болох” багын мөрөөдлөө биелүүлэх боломж алган дээр нь мэт амархан байлаа. Цэргээс халагдалгүй улираад үлдчихэд л болох байж. Гэвч яагаад ч юм хамт алба хаасан нөхдөө халагдахад үлдэж түвдээгүй гэнэ. Цэргээс халагдаж ирээд эхнэр хүүхэдтэй болж, айл гэр толгойлж амьдрал ахуйгаа залгуулах болов. Чухам цаашид ямар ажил алба хашиж, аж амьдралаа залгуулах вэ гэдэг талаар төдийлөн шийдсэн зүйл байсангүй. Гэхдээ эр хүн ажил хийж, амьдрал ахуйгаа авч явах ёстой байв. Хүний хувь тавилан гэдэг тааж тааварлахын аргагүй баялаг хойно. Тэрбээр эртний танил Г.Ганчимэгтэй нэгэн өдөр санамсаргүй тааралдахад тухайн үед Түшлэг зөрлөгийн даргаар ажиллаж байсан тэр бүсгүй “Манай зөрлөгт аравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1-н хүртэл хоёр галч авч ажиллуулдаг. Очиж ажиллаж болно шүү” гэснээр нь 2007-2008 оны өвөл С.Чинзориг, эхнэртэйгээ галч хийхээр төмөр замчдын цомхон сууринд анх хөл тавьжээ. Тэр бол түүний цаашдын ажил амьдралын замыг тодорхойлсон чухал эргэлтийг үе байсныг тэр үедээ төсөөлөө ч үгүй явжээ. С.Чинзориг төмөр замын салбар, төмөр замчдын ажил амьдралтай анх танилцсан нь тэр. Тэгэхэд төмөр зам гэж ямар сайхан байгууллага вэ, төмөр замчид гэж ямар сайхан хүмүүс вэ гэж боджээ. Тэр дундаас холбооны механикчийн ажил мэргэжил түүний сонирхлыг гойд татжээ.

Холбооны релений өрөөнд анх баахан блок, учиргүй их утас байхыг харж, энэ бүгдийн учрыг яаж олдог юм бол... гэх бодол төрж, энэ гоё ажлыг хийж сурахсан гэх хүсэлд хөтлөгдсөн байна. Тухайн үед Түшлэгийн холбооны механикч нь О.Мөнгөнсүх гэдэг залуу байж. Ингээд С.Чинзориг холбоочин болохоор шийджээ. Хүсэл сонирхолдоо хөтлөгдөн Улхын-Овоо зөрлөгийн механикч У.Батсайханд шавь орж, ямар ч цалин хөлсгүй сайн дураар дагалдах болжээ. Үндсэндээ 2008 оны долдугаар сарын 2-ноос наймдугаар сарын 20 хүртэл сайн дурын дагалдан байв. Харин түүний холбоочин болох чин хүсэл сонирхол, хичээл зүтгэлийг анзаарсан тухайн үеийн хэсгийн инженер Б.Баттөр (одоогийн ангийн дарга), КИП-сцб-гийн ахлах Б.Батпүрэв нар ангийн удирдлагадаа дуулгажээ. Сайн дурын цалингүй дагалдангаар сар гаруй болж байтал нь холбооны ангийн даргын тушаал гарч, албан ёсны дагалдан монтёр болжээ. С.Чинзориг нийтдээ гурван сар дагалдаад, шалгалт өгч жинхэлсэн байна. Улмаар механикч гээд ахиж дэвшиж сурч мэдсээр явжээ. Ийнхүү практикаар мэргэжил эзэмшиж, УБТЗ гэх өнөр бүлийн нэг эд эс болсон байна. Тэрбээр, “Сургуульд нь суугаагүй цэвэр практикаар сурсан болохоор зарим үед мэдэхгүй янз бүрийн асуудал гарч байсан. Тэрнээсээ болж механикчаас бууж, монтёр болж байсан удаа ч бий. Тэглээ гээд шантарч байсангүй. Алдаагаа засаад ахин механикч болоод явж л байлаа.

Одоо ч над шиг практикаар сураад ажиллах хүсэлтэй залуус мэр сэр таарах л юм. Гэвч Зам тээврийн Сайдын 154 тоот тушаал гарснаар мэргэжилгүй хүний дагалдуулан сургаж, ажилд авах боломжгүй болсон юм билээ” гэв.

Харин тэрбээр ТЗДС-д 2012-2014 онд эчнээгээр холбооны техникчээр суралцаж төгсжээ. Түүнээс хойш шугамын гуравдугаар хэсгийнхээ шугамын инженер, хэсгийн инженер, ангийн засвар үйлчилгээний тасгийн ахлах инженерээр ажиллаж байжээ. Улмаар шугамын дөрөвдүгээр хэсгийн инженерээр ажиллаж байгаад энэ оны есдүгээр сараас ангийн техникийн бичиг баримтын инженерээр томилогдсон байна.

Тэрбээр “Төмөр замчдын эгнээнд орж ирэх замыг минь зассан У.Батсайхан, Доржийн Отгонбаяр гээд олон сайхан ах нар бий. Тэр хүмүүс надад  их юм зааж өгсөн.

Дээр нь, үнэхээр дурлаж сонирхсон мэргэжил учраас би өөрөө ч хичээдэг байлаа. Ганчимэг багшийн ягаан ном гэж бий. Тэр номыг бодит байдлынх нь схемтэй тулгаж уншдаг байсан. Байгууламж дээрээ гэмтэл саатал гарахад схемээ хараад хаанаас ямар хэлхээг хөөж шалгахаа мэддэггүй үе гардаг байсан. Түшлэг зөрлөг дээр Б.Дорждэрэм, Агьсүмбэт дээр Б.Батзул гээд сургууль төгсөж ирээд удаагүй залуу байлаа. Би Улхын-Овоогийн механикч. Бид оройд селекторын холбоогоор залгаад нэг нэгэндээ схем унших, мэдэх мэдэхгүйгээ асууж хамтдаа суралцдаг байлаа.

Тэгж өөрёдийн техникийн мэдлэгээ дээшлүүлдэг байлаа. Дээр нь их барилга, бүтээн байгуулалтын ажлаас маш их зүйлийг сурч мэдэж авдаг. Схем уншиж сурна. Схемийн дагуу монтаж холболтын ажил хийж сурна. Ингэж практик дээр сурсан хүн сургуульд эчнээгээр онол заалгаад эхлэхээр бүр илүү мэдлэг, чадамж суудаг юм билээ. Би мэргэжлээрээ бахархдаг. Юу ч байхгүй газар замчид замаа бариад дуусахад бид сум дохиогоо тавиад сумыг гуйвдаг болгох, юу ч байхгүй газар дохио босгоод түүнийхээ хамаарлын дагуу ажилладаг болгоно гэдэг нь бидний мэргэжлийн бахархал юм даа” гэв.

С.Чинзориг дохиолол холбооны чиглэлээр 16 жил ажиллахдаа 2011 онд байгууллагын хөдөлмөрийн аварга, 2019 онд “Онц хөдөлгөөнчин”, 2021 онд “Тэргүүний төмөр замчин” цол тэмдгээр шагнуулжээ. Үүнээс гадна түүнийг хамт олон, удирдлагуудынх нь урмын үг хамгийн их урамшуулж, урагшлах хүч өгдөг байсныг дурсана билээ.

Техникийн бичиг баримтын инженер гэдэг Дохиолол холбооны III ангийнхаа таван МРЦ, завсарын өртөө зөрлөгүүд, МПЦ, салбар замтайгаа нийт 35 өртөө зөрлөгийн техникийн бичиг баримт схем боловсруулах, схемийн шийдлийг нь гаргах, тэдгээрийн хадгалалт архивлах гээд зэрэг техникийн чиглэлийн бүхий л бичиг баримтыг хариуцаг байна.

С.Чинзориг “Хөгжилтэй дурсамж гэвэл дөнгөж Сайншандын МРЦ дээр ирээд байхдаа холбооны механикчаасаа энэ хоёр зам төмөр дээгүүр хүчдэл гүйдэг юм бол би гутлаа тайлаад хоёулан дээр нь гишгэхээр хүчдэлд цохиулах уу гэж асууж байлаа. Түүнийг маань манайхан хааяа ярьж инээлддэг л юм.

Гэмтэл саатал гарахад өдөр шөнө, өглөө орой гэхгүй дуудагдаад шугам замд явна. Тийм үед ар гэрийнхэн их түшиг тулгуур болдог. Эхнэр маань яг намайг дагаад төмөр замын холбоочин хүн шиг л болчихсон. Гэмтэл гараад дуудагдаж яваад буцаад ирэхэд “За яав, гайгүй юу хө. Танай буруу юу, эсвэл өөр байгууллагын буруу юу гээд асуух жишээтэй. Хүүхдүүд хүртэл миний ажлыг ойлгоно. Яг ажил гээд суух юм бол 17.00 цагт ажлаасаа буух нь өдрийн од шиг ховор. 19.00 цагт буулаа гэвэл их эрт тарж байна гэж боддог.

Зарим үед ажлаа орхиод буухаас өөр аргагүй. Гэр бүлдээ цаг зав гаргах хэрэгтэй. Би гурван хүүхэдтэй том маань энэ жил аймгийн Анагаахын оюутан болсон. Удаах охин төмөр замын гуравдугаар сургуулийн есдүгээр анги, бага хүү минь гуравдугаар анги. Би таван хүүхэдтэй айлын дунд хүү. Гэрийнхнээсээ ганцаараа төмөр замчин.

Намайг төмөр замчин болж байхад төмөр замын босго их өндөр байсан үе шүү. Төмөр замын босго өндөр байхаас аргагүй байгууллага шүү. Ачаалал даах, багаар ажиллах чадвартай байхыг хүнээс шаарддаг. Төмөр замчид дунд орж ирсэн хүн  хамт олныхоо нөлөөгөөр их төлөвшдөг дөө” хэмээв.

Тиймээ төмөр замчдын тулганд гал өрдөхөөр энэ хамт олны дунд анх хөл тавьж, сэтгэлийнхээ галыг асаасан эгэл нэгэн төмөр замчин залуу ийнхүү хөдөлмөрлөж явна.

 

Б.Гүнжинлхам