Далай лам Данзанжамц "Долоон тэрбум хүнийг хамарч чадах ганц зүйл бол суурилсан эрүүл сэтгэлгээ. Хүн төрөлхтөн ёс суртахууны хямралаас ангижрахад санаа зовууштай. Хүний нигүүлсэхүй сэтгэлийг хөгжүүлэх, шинжлэх ухааны ололт амжилт дээр тулгуурлан иргэний ёс суртахууныг төлөвшүүлэх талаар илүү дорвитой хүчин чармайлт гаргах цаг ирсэн."
Алтан наран мандах мэт сэтгэлд нь гэрэл гийсэн хүнээс зөрүү үг, буруу үйл гарна гэж үү? Сэтгэл сайтай хүний ажил цаанаа нэг урагштай, бүтэмжтэй явдаг нь “Сайн явах санааных” гэх үгийн холбоос юм даа. Хүн л болсон хойно буруу, зөрүү бодол, үйл төрдөг ч түүнийгээ хазаарлах сахилга бат дотоод сэтгэлд нь буй болоод хийморьтой, цогтой шударга сайхан амьдардаг ч байж болох шүү дээ. Өөрөөр хэлбэл, сэтгэлийн сөрөг хөдөлгөөн, атгаг буруу сэдэл, энэ сэдлээс улбаатай хувиа хичээх, уур хилэн, үзэн ядалт, ёс бус явдал, айдас түгшүүр, атаа хорсол зэргийг арилгах, хязгаарлаж чаддаг болбол хүн дотоод сэтгэлийн сахилга батыг өөртөө төлөвшүүлж буй хэрэг аж. Сэтгэлийн доройтол, сэтгэлгээний ядуурал нь хувиа хичээх сэтгэлээс үүдэлтэй гэж бурхны сургаальд үздэг юм байна. Учир нь, бусдыг үл тоомсорлох, уур хилэн, шунал тачаалыг өдөөгч нь сэтгэл бөгөөд ертөнцийн бүх зовлон гамшгийн үндэс гэж үздэг. Хувиа хичээхийн эсрэг бусдын эрх ашгийг эрхэмлдэн дээдлэгч хүнийгзөв бодолтой, зөв мөртэй гэж өнөө цагийнхаар бол ёс суртахуунтай, сахи лга баттай хүн гэж болох. Тиймээс эртний дээдэсүүд зөв сэтгэл эрдэм бүгдийн үндэс суурь гэж үздэг байж. Өдөр тутам тохиодог энгийн нэг жишээ бол замын түгжрэл. Уур бухимдал, хараал, хэрүүл бүхэн энд гардаг. Гэтэл үүний 70 хувь нь зохиомол түгжрэл гэнэ. Амин хувиа хичээсэн, бусдын эрх ашгийг өөрийнхөөс дорд үздэг сэтгэлээс үүсч байгаа тухай судлаачид дүгнэсэн байна. Замын түгжрэлээс түргэн тусламжийн салбарт учирдаг замын бэрхшээл, гал түймрийн аюул, хэдэн зуун литрээр тоологдох бензин шатахууны ашиггүй зарцуулалт, дээр нь уур бухимдал хүнийг дотроос нь ямар их хэмлэдэг гэ санана. Хэрвээ хэн нэгнээ хүндэтгэж, өөрийгөө хойш тавьсан сан бол бидний үйлдэл эерэг байж, хэн хэн маань сэтгэлдээ нартай үлдэж, өнөөх хүн аз жаргалтай гараа далласаар замаа хөөх байсан даа. Ингэж хандах сэтгэл дутсанаас бид ёс зүйгүй үйлдэл хийж, сэтгэлийн сөрөг үр дагавар буюу зовлонг өөрөө өөртөө үүсгэдэг аж. Өнөө цагт бид хүн хүнээсээ илүүтэй хамаардаг нийгэмд амьдарч байна. Уудам мэт ч өдөр өдрөөр хорогдох ертөнцөд өөрөө өөртөө эзэн нь болж, сэтгэлээ хямгадаж, бусдад жаргал түгээж амьдарцгаая.