УБТЗ-ын Төв эмнэлгийн дарга С.Еркегүлтэй эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ, бодлого чиглэл, тулгамдсан асуудлын талаар ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Төв эмнэлэг маань шинэ барилгатай болох тухай яригдаж байсан. Энэ ажил одоо ямар шатандаа явж байгаа вэ гэдгээс яриагаа эхэлье?
-Баярлалаа, нийт төмөр замчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Манай эмнэлэг 1951 онд байгуулагдсан. Төвдөө өөр өөр цаг үед баригдсан 12 тусдаа объектод үйл ажиллагаа явуулдаг. Анхны барилга нь өнөөгийн сэргээн засах болон уламжлалт эмчилгээний тасаг байрлаж байгаа 1956 оных шүү дээ. Эдгээр объектыг нэгдсэн төлөвлөлтгүй барьсан. Өөрөөр хэлбэл, нэг барилга хэрэгтэй болбол хажууд нь залгаад л бариад байсан нь одоо бидэнд их хүндрэл үүсгэж байгаа. Нэгдүгээрт, инженерийн шугам сүлжээ нь ямар ч төлөвлөлтгүй. Сантехникийн шугам сүлжээ нь бүгд хуучирсан. Хоёрдугаарт, эмнэлгийн барилгад зайлшгүй шаардлагатай агааржуулалтын системгүй. Гуравдугаарт, нийт барилгын 75 хувь нь 60-аас дээш жил ашиглагдсан, элэгдэлд орсон учир яаж ч засаж тордоод эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна. Хэвтэн эмчлүүлэх тасгууд болон амбулаторийн барилгууд тусдаа, хоорондоо зайтай баригдсанаас өвчтөнийг шилжүүлэх, оношилгоо шинжилгээнд тээвэрлэх, цагаан хэрэгсэл, эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, халдваргүйжүүлэх багаж, өвчтөний хоол зөөвөрлөх зэрэг нь биеийн хүчний ачаалал ихтэй. Ялангуяа, 90 орчим хувь нь эмэгтэй ажилтантай байгууллагад өвлийн улиралд хүндрэлтэй, эмнэлгийн ажилтнуудын өвчлөл тууштай буурахгүй байна. Шинэ тоног төхөөрөмж суурилуулах, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх боломж хязгаарлагдмал. Тиймээс эмнэлгийн шинэ барилга барихаар төлөвлөж, хоёр жилийн өмнөөс ажлын хэсэг байгуулагдсан. Бэлтгэл ажлын хүрээнд нэлээд ажил хийлээ. Тухайлбал, газар эзэмших зөвшөөрлийн гэрчилгээг баталгаажуулж, архитектор төлөвлөлтийн даалгавруудаа авсан. Барилгын эскиз зургаа гаргасан, одоо батлуулах ёстой. Үүнээс гадна дулаан, цахилгаан, усны техникийн нөхцөлүүдийг авна. Ирэх онд барилгын суурийг тавьж эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Шинэ эмнэлэг хэдэн давхар, ямар зохион байгуулалттай байх вэ?
-Бидний төлөвлөснөөр зоорьтойгоо нийт есөн давхар. А, Б, В гэсэн гурван блоктой. Нийт эмнэлгийн талбайн гуравны хоёр нь ногоон байгууламж байна. А. В нь эмчилгээний тасгууд байх юм. Харин үүнийг холбосон голын Б блокт сургалтын танхим, эмч, эмнэлгийн ажилчдын байрлах өрөөнүүд, нийтэд үйлчлэх худалдаа, эмийн сан, амрах хэсэг, кофе шоп гэх мэт олон үйлчилгээ байрлуулахаар төлөвлөсөн. Доод хонгилын хэсэг нь техникийн зориулалттай байна. Тухайлбал, түргэн тусламжийн авто машины гараж, дулааны болон цахилгаан, сүлжээ узелийн хэсэг байрлана. Дээд давхруудад нийт 350 ортой эмчилгээний 15 тасаг байрлана. Орчин үеийн технологиудыг нэвтрүүлж, шинэ хагалгаануудыг хийх дөрвөн блок байна. Одоогийн поликлиникийн хэсэгтэй хүзүүвчээр холбогдоно. Эмнэлгийн барилгын стандартын дагуу тохижуулна. Хамгийн гол анхаарч буй зүйл гэвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд манайхаар маш их үйлчлүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан авто зогсоол, тэргэнцэр чөлөөтэй явах налуу хашлага, босгогүй гадна болон дотор хаалга, товгор хөтөчтэй зам, ариун цэврийн өрөө, тэргэнцэртэй хүмүүст тохирох стандартад байрласан гэрлийн унтраалга, цахилгаан шатны товчлуур, хана дагасан бариулыг давхар бүрийн хананд суурилуулна. Мөн эко эмнэлэг гэдгээрээ ногоон байгууламжийг бий болгохоос гадна тодорхой хэмжээний цахилгааны хэрэглээг байгалийн эх үүсвэрээр шийднэ. Өөрөөр хэлбэл, гадна гэрэлтүүлэг, зарим нэг газарт нь ус халаах асуудлыг нарны эрчим хүчээр шийдэх юм.
-Барилгын зургийг төмөр замын Зураг төслийн төв гаргасан уу?
-Тэгсэн, гэхдээ эмнэлгийн барилга гэдэг нь маш нарийн шалгууртай, стандарттай байдаг. Тиймээс эмнэлгийн барилгын төслийн чиглэлээр мэргэшсэн газруудаас ойрын хугацаанд зөвлөгөө авч, хамтран ажиллахаар төлөвлөсөн.
-Төв эмнэлэг МRI ч юм уу, зарим зургийг авдаггүй. Мөн зарим хагалгааг ч бусад эмнэлэг рүү явуулдаг шүү дээ. Үүнийг шийдэх боломж байдаггүй юм уу?
-Манай эмнэлгийн барилгууд шаардлага хангадаггүйтэй л холбоотой. Дэвшилтэт зарим тоног төхөөрөмжийг суурилуулах боломжгүй. Замын захиргаа бол аль боломжтой бүхнийг л авч өгөхийг хичээдэг шүү дээ. Үнэхээр хүмүүс МRI их асуудаг. МRI аппарат нь өөрөө онцгой нөхцөл шаарддаг, цахилгаан соронзон орон үүсгэдэг учир битүү зэс хамгаалалттай өрөөнд байх ёстой. Маш том, өндөр нь доод тал нь дөрвөн метр, 15-аас дээш тонн жинтэй аппаратыг даах хэмжээний шалтай байх шаардлагатай. Дээр нь, эмч мэргэжилтнүүдээ сургаад үений болон нурууны мэдрэлийн, хавдрын хагалгаануудыг хийх гэхээр эмнэлгийн шаардлага хангадаггүй. Агаарын урсгал нь зохицуулагдсан битүү вакум хагалгааны өрөө байх шаардлагатай. Тиймээс энэ бүх асуудлыг шинэ эмнэлэгтээ бий болгохоор төлөвлөсөн.
-Маш сайхан эмнэлэгтэй болох нь. Шугам замынхан маань Хөдөлгөөнт оношилгооны төвд ам сайтай байдаг. Энэ төсөл анх зургаан вагонтой байхаар эхэлсэн санагдана. Үлдсэн хоёрыг нь хэзээ тоноглох вэ?
-Тиймээ, нийт зургаан вагон байхаар төлөвлөсөн. Эхний ээлжинд бид дөрвөн вагоныг зайлшгүй байх ёстой тоног төхөөрөмжөөр тоноглосон. Ирэх 2024, 2025 он гэхэд үлдсэн хоёр вагоныг нь тоноглоно. Энэ хоёр вагонд мэс ажилбар болон боолт хийх хэсэгтэй, хатиг, буглааны, мэнгэ ургацаг авах гэх мэт жижиг мэс ажилбар хийнэ. Яаралтай хагалгааг ч хийх боломжтой болно. Багаж тоног төхөөрөмжөө ариутгах ариутгалын хэсэгтэй шүү дээ. Мөн шугам замынханд нэн тэргүүнд шаардлагатай хүүхдийн эмчийн хэсгийг байгуулна. Эрүүл мэндийн даатгалын систем, эмнэлгийн бүртгэл, статистикийн үйл ажиллагаа явуулах цахим бүртгэлийн хэсгийг ч зайлшгүй хийх шаардлагатай. Дээр нь, эмийн худалдаа байна. Хөдөлгөөнт оношилгооны төвийн үйл ажиллагаа маань маш үр дүнтэй байгаа. 2019 оноос хойш нийт 19 удаа аялсан. Энэ хугацаанд давхардсан тоогоор 126784 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Цаашид вагон нэмж тоноглохоос гадна жилд явах аяллын тоог нь нэмэх шаардлагатай байгаа. Жилд 6-8 удаа явдаг болбол илүү хүртээмжтэй болно гэсэн үг.
-Төмөр замчдаа жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг шүү дээ. Харин үр дүн нь ямар байгаа бол. Ер нь, Замын хэмжээнд ямар өвчлөл давамгайлж байна вэ?
-Урьдчилан сэргийлэх үзлэгийнхээ үр дүнг нэгтгээд дүн шинжилгээ хийдэг. Он гарсаар өнөөгийн байдлаар нийт ажилчдын 86 хувь нь үзлэгтээ хамрагдсан байна. Төвийн хэсэг хуваарийн дагуу үзлэгтээ орж байгаа. Оны эцэс гэхэд зуун хувь хамрагдана. Сүүлийн таван жилийн судалгааг харахад өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь, нэг талаараа илрүүлэг сайжирсантай холбоотой. Багаж тоног төхөөрөмжийн шинжилгээнд хүмүүс их орж буй учир далд шатанд, хүндээ ямар нэгэн зовуурь илрээгүй өвчлөлийг бид илрүүлж чадаж байна гэсэн үг. Дээр нь, амьдралын буруу зуршил, дадал хэвшилтэй холбоотой өвчлөл нэмэгдсэн. Энэ дотроо артерийн даралт ихсэлт, таргалалт, хоол боловсруулах замын өвчлөл нэмэгдсэн. Тиймээс бид хүмүүст зөв хооллолт, хөдөлгөөн, амьдралын зөв дадлыг хэвшүүлэх талд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллая гэж төлөвлөж байна. Өмнө нь, “Эрүүл төмөр замчин” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн шүү дээ. Үүний үргэлжлэл болгоод “Эрүүл мэндийг дэмжих” хөтөлбөр боловсруулаад ирэх оноос хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
-Манай улсад хавдрын өвчлөл ихсэж байгаа тухай мэдээлэл гарсан байсан. Төмөр замчдын дунд хавдрын өвчлөл ямар байна вэ?
-Улсын дундажтай харьцуулахад харьцангуй бага үзүүлэлттэй гардаг. Өнгөрсөн онд 10000 хүн амд улсын хэмжээнд 17.5 тохиолдол бүртгэгдсэн бол төмөр замын эмнэлгийн үйлчлэх хүрээний хүн амд 6.4 тохиолдол буюу 2.7 дахин бага хавдар оношлогдсон. Энэ нь, жил бүр хийдэг урьдчилан сэргийлэх үзлэгийн л үр дүн шүү дээ. Эрт илрүүлэн хавдар болохоос нь өмнө эмчилж байна. Зарим тохиолдолд оройтсон шатанд илрэх хавдар байдаг. Энэ нь, бидний тоног төхөөрөмжийн хүчин чадлаас хамаарч илрүүлж чадахгүй байгаа юм. Нөгөө талаар, үйлчлүүлэгчид урьдчилан сэргийлэх үзлэгт орохдоо биедээ гарч буй зовууриа эмчдээ хэлэхгүй, хэнэггүй явж байгаад хүндрүүлсэн тохиолдол ч бий.
-Бүсчлээд үзвэл замын аль хэсэгт өвчлөл илүү давамгайлж байна?
-Хамгийн сүүлчийн байдлаар, өвчлөлийг 100 ажилчдын дунд эзлэх хувиар нь бодоход Баянтүмэн тасаг тэргүүлж байна. Нийт ажилтных нь 68 хувь нь ямар нэгэн өвчлөлтэй гарсан. Өмнө нь, Баянтүмэнд харьцангуй гайгүй байсан шүү дээ. Харин энэ жил урьдчилан сэргийлэх үзлэгээр илүү олон эмч мэргэжилтнээ явуулсан. Магадгүй үүнтэй холбоотой илрүүлэг нь сайн байсан болов уу. Дараа нь замын хойд хэсэг буюу хангайн бүс орж байна.
-Мэргэжлээс шалтгаалах өвчлөл их байна уу?
-Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлтэй ажлын байранд ажилладаг хүмүүс мэргэжлээс шалтгаалах өвчлөлд өртөмтгий. Замчид гэх мэт хүнд хүчир ажил эрхэлдэг хүмүүсийн дунд нурууны өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа. Жишээ нь, хүнд зүйл өргөхдөө биеийн хүчээ зөв хуваарилах, зөв хөдлөх талын мэдлэггүйгээс болоод нурууны мэдрэлийн эмгэгт өртөх магадлал өндөр байдаг. Тиймээс энэ талд ХАБЭА-н албатай хамтран сургалт хийх шаардлагатай гэж харсан. Дуу чимээ ихтэй ажлын байруудад сонсгол бууралт бүртгэгдэж байна.
-Сүүлийн үед биеийн эрүүл мэндээс гадна сэтгэл зүйн өвчлөл их байгаа талаар сэтгэл зүйчид ярьдаг болж. Төмөр замчдын хувьд ч сэтгэл зүйчтэй байх шаардлагатай аж ахуйн нэгж цөөнгүй бий. Төв эмнэлгийн сэтгэл зүйч тэр бүрд хүрч ажиллаж чаддаггүй байх. Энэ талд эмнэлэг хэрхэн анхаарч байгаа вэ?
-Манай эмнэлгийн сэтгэл зүйч давхар эмнэлгийн мэргэжилтэй. Одоо БНСУ-д сэтгэл зүйн чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа. Сэтгэл зүйн талаасаа зөвлөгөө өгөхөөс гадна сэтгэл зүйг нь эмчлэх үүрэгтэй ажилладаг. Сэтгэл зүйчийн ажил их онцлог юм байна. Бусад эмч шиг 15 минутын дотор үзэж оношлоод гаргах биш. Маш удаан хугацаанд тухайн хүнтэйгээ харьцаж ажиллах шаардлагатай. Нэг сэтгэл зүйч хаана ч хүрэлцэхгүй байгаа. Нийгэм тэр чигтээ бухимдалтай байна. Мөн эмнэлгийн ажилтнууд ч ковидын дараа ажлаас халшрах хам шинжтэй болсон. Ер нь, эмэгтэйчүүд олноор ажилладаг газарт сэтгэл зүйн тусламж үйлчилгээ маш их хэрэгтэй байдаг. Тиймээс Зорчигч тээврийн алба, Замын Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран Зорчигчийн вагон депогийн хүүхнүүдэд үйлчлэх Сэргээн засах тусламж үйлчилгээний төв байгуулахаар төлөвлөсөн. Цаашид байгууллага бүрд нэг нэг сэтгэл зүйч байснаас багаар ажилладаг байх нь зүйтэй гэж үзээд ирэх оны төлөвлөгөөнд орон тооны саналаа өгсөн. Батлагдвал сэтгэл зүйчийн багтай болно.
-Та бүхэн эмнэлгээ магадлан итгэмжлүүлэх бэлтгэл ажил хийж байгаа юм билээ. Энэ ажил тань хэр амжилттай явна вэ?
-Магадлан итгэмжлэл гэдэг нь эрүүл мэндийн байгууллагын хувьд цаашид үйл ажиллагаа явуулах чухал үе шат байдаг. 2010 оноос хойш бид магадлан итгэмжлэлд тав дахь удаагаа орж байна. Хамгийн сүүлд 2020 онд маш хангалттай гэж үнэлээд дөрвөн жилээр итгэмжилсэн. Ирэх онд дахин шалгуулж хугацаагаа сунгуулах ёстой. Магадлан итгэмжилсний дараа шинжээчдийн багаас зөвлөмж өгдөг. Түүний дагуу ажлаа үе шаттайгаар жил бүр төлөвлөн ажилласан. Дээр нь, магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлт нэлээд өөрчлөгдөж ирсэн. Шалгуур үзүүлэлтийг бүрэн хангах, тайлан бэлтгэх ажлыг хийж байна. Эхлээд бид өөрсдийн үнэлгээг хийхэд 85 орчим хувийн биелэлттэй гарсан. Цаашид дутуу зүйлүүдээ гүйцэтгээд ирэх оны гуравдугаар сар гэхэд шинжээчид ирж үнэлгээ хийх ёстой. Тэгээд шалгуур үзүүлэлтийг хангасан байвал зургадугаар сард нь магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардаж авна.
-Шалгуур үзүүлэлтэд шинээр бий болгох, хөрөнгө мөнгө их шаардлагатай ажил байна уу?
-Байна. Нэгдүгээрт, шинэ тоног төхөөрөмжүүд авах шаардлагатай. Үүнийгээ жил бүрийнхээ төлөвлөгөөнд оруулаад явж байгаа. Тухайлбал, угаалгын хэсэгт нэн тэргүүнд зөөлөн эдлэлийг ариутган халдваргүйжүүлдэг дезкамер авах ёстой. Манайд байдаг камер нь ковидын үед хамгийн дээд хүчин чадлаараа ажилласан учир элэгдсэн. Мөн орон тооны асуудал бий. Бид бүрэн орон тоогоор ажиллаж чадахгүй байна. Манай улс төдийгүй дэлхий даяар ялангуяа, сувилагч дутагдалтай байгаа. Нэг оронд, нэг эмчид ногдох сувилагчийн тоо гэж байдаг. Үүгээрээ бид стандартад хүрч чаддаггүй. Сонгон шалгаруулалт зарлаж, сувилахуйн сургуулиудын төгсөгчдөөс татаж ажиллуулах талд анхаарч, янз бүрийн дэмжлэг үзүүлдэг. Мөн байгаа сувилагч нараа тогтвор суурьшилтай ажиллуулах талд олон ажил хийж байгаа. Гэсэн хэдий ч одоогоор 16 сувилагчийн орон тоо дутуу явж байна.
-УБТЗ бол хоёр улсын хувь нийлүүлсэн байгууллага. Харин танайх энэ байгууллагын дэргэдэх эмнэлэг гэдэг утгаараа Замын захиргааны тушаал, шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Гэвч нөгөө талдаа эмнэлгийн хувьд ЭМЯ-ны бодлого шийдвэр, хууль, дүрэм, журмыг мөрдөх ёстой байх. Хөндлөнгөөс ажиглахад салаа замын заагт зогсож буй юм шиг, хоёр талдаа удирдлагатай, аль алинд нь зохицон амьдарч байгаа нь харагддаг. Ер нь, та бүхэнд энэ талын хүндрэл их байдаг уу?
-Бидэнд давуу ч, сул ч тал бий. Эмнэлгийн байгууллага гэдэг нь нарийн технологитой газар шүү дээ. Үүнийг шууд удирддаг Замын захиргааныхан маань эмнэлгийн бус хүмүүс ч гэлээ сайн ойлгодог. Бид ЭМЯ-наас гарч буй бодлого шийдвэрийг тухай бүрд нь танилцуулдаг болохоор Замын удирдлагууд маш сайн дэмжиж ажилладаг. Эрүүл мэндийн бусад байгууллага улсын төсвөөс санхүүждэг. Тиймээс төсөв нь хязгаарлагдмал, санхүүжилт бага. Харин манай төмөр зам компанийн зарчмаар явдаг учраас зайлшгүй шаардлагатай зүйлийг цаг тухайд нь шийдвэрлэдгээрээ давуу талтай. Таны асуусанчлан дутагдалтай тал гэвэл бас байна. Жишээ нь, сувилагчийн орон тооны дутууг нөхөхөд бид эрүүл мэндийн байгууллага, салбар яамтайгаа холбогдож ажиллахгүй бол болохгүй. Мөн эрүүл мэндийн салбарт хэрэгждэг олон улсын ч юм уу, янз бүрийн төсөл хөтөлбөрүүдэд манайх хамрагдах боломж тун бага. “Танайх ЭМЯ-ны харьяа эмнэлэг биш” гээд дандаа гадна нь үлдээчихдэг. Энэ мэт сул тал байдаг. Эмнэлгийн мэргэжилтнүүд олон жилийн хүч хөдөлмөр, тэсвэр тэвчээрээр зэрэг цолоо хамгаалдаг. Гэтэл зэргийн нэмэгдэл нь төмөр замд маш бага. Ахлах зэрэгтэй эмч сард 7000, тэргүүлэх зэрэгтэй эмч 12000, доктор цолтой эмч 20000 төгрөгийн нэмэгдэлтэй. Улсын эмнэлэгт бол цалингийн 10, 15, 40 хувиар нэмж олгодог шүү дээ. Тиймээс энэ нь манай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хөгжих хөшүүрэг болж чаддаггүй. Үүнээс шалтгаалж сайн боловсон хүчнээ бид гаднын эмнэлгүүдэд алдах эрсдэлтэй байна. Энэ талаар Замын удирдлагууд болон ҮЭ-ийн байгууллагад танилцуулсан. Эхний ээлжинд хэлэлцүүлсэн. Үүнд анхаарч ажиллахаа Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга хэлсэн. Цаашид энэ асуудлыг үе шаттай шийдвэрлэх болов уу гэж найдаж байгаа.
-Төмөр замчид жил бүр “Тээвэрлэлтийн хэмжээг нэмж, эдийн засагт оруулах үр өгөөжийг ахиулна” гэдэг. Харин үүний тулд нэг талдаа төмөр замчдын бие эрүүл байх ёстой. Тэгж байж л төлөвлөгөө, зорилтоо тогтмол давуулан биелүүлнэ шүү дээ. Тиймээс төмөр замчдын эрүүл мэндийг сахин хамгаалдаг та бүхний тулгамдсан асуудлыг Замын удирдлагууд нэн даруй шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна?
-Тиймээ, үр бүтээл гаргахын тулд ажилтан эрүүл саруул байх ёстой. Гэхдээ эрүүл байлгах нь зөвхөн эмнэлгийн ажил биш юм. Өөрөөр хэлбэл, эмнэлэг, тухайн байгууллага, ажилтан гурван талаас хамтарч байж эрүүл төмөр замчныг бий болгоно. Үүнийг салбар нэгжийн удирдлагууд маань маш сайн ойлгож, эмнэлэгтэйгээ нягт хамтран ажиллах нь чухал.
-Эмнэлгийн шинэ барилгаа барьж, эмчилгээ, оношилгооны нарийн тоног төхөөрөмжүүд суурилуулаад ирэхээр эмнэлгийн зэрэглэл ахина гэсэн үг үү?
-Өмнө нь, нэг, хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэг гэдэг байсан. Одоо бол өрхийн, нэгдсэн, төрөлжсөн мэргэжлийн гэсэн эмнэлгийн гурван стандартаар үйл ажиллагаа явуулдаг болсон. Манай хувьд нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Харин эмнэлгийн шинэ барилгаа бариад, улсын хэмжээнд аль нэг чиглэлээр дагнан тусламж үйлчилгээ үзүүлээд төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг болох боломжтой. Харин уг стандартад заасны дагуу бүх тоног төхөөрөмжийг суурилуулах ёстой. Мөн зайлшгүй ажиллах ёстой зарим мэргэжлийн эмч мэргэжилтэн, зэрэг цолны асуудал ч яригдана. Энэ мэтчилэн эмнэлэг маань илүү хөгжих боломж нь нээгдэнэ.
-Танай дээр шүдний эмчийн цаг авахад их хүндрэлтэй байгааг төмөр замчид хэлдэг. Өмнө нь, танайхаас энэ талаар манай сониноор дамжуулан тайлбар өгч байсан. Гэвч зөвхөн Баасан гарагт цаг авах гэхээр ээлжийн ажилтай хүмүүст хүндрэлтэй байгаа учир бусад өдөр ч цаг өгч болохгүй юу гэдэг. Энэ боломжгүй юу?
-Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж буй дүрэм журмууд өөрчлөгдөж, зарим нь төгс төгөлдөр байж чадахгүй байна. Энэ нь, хүмүүст маш их хүндрэл учруулдаг тал бий. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд л наймдугаар сарын 1-нд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор санхүүжилтийн асуудалд нэлээд өөрчлөлт гарсан нь хувь хүмүүст их бухимдлыг үүсгэсэн. Үүнтэй зэрэгцээд Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, бүх газарт 13а маягт шаардаж эхэлсэн. Тиймээс хууль, дүрэм, журмаа мөрдөхөөр хүмүүс ойлгохгүй их бухимдсан. Шууд л эмнэлэг рүү дайрах асуудал гарч байгаа. Үүний нэг жишээ нь шүдний эмчийн цаг олголт. Шүдний эмч үргэлж ачаалалтай ажилладаг. Бүгд цахимаар явж байгаа. Их хойшоо цаг өгөх боломжгүй учраас бид иймэрхүү зохицуулалт хийж байгаа юм. Гэхдээ илүү болвсронгуй болгох талд нь анхаарч ажиллана.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!
М.Наранболд