Төмөр замын Төв эмнэлгийн дарга С.Еркегүлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа
-Замын хэмжээнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн явц ямар хэмжээнд байна вэ?
-Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах байгууллагуудын хуваарийг оны эхэнд баталсан. Үйлдвэр хариуцсан эмч нар батлагдсан хуваарийн дагуу өөрийн хариуцсан байгууллагынхаа хүний нөөцийн менежерүүдтэй холбогдон үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах бэлтгэл ажлыг ханган өдөрт 50 хүнд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийж байна. Хамгийн түрүүнд буюу нэгдүгээр сарын 10-наас Зорчигчийн вагон депогийнхон үзлэгт хамрагдаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, тус депогийн 1258 ажилтан буюу 99.6 хувь нь үзлэг, шинжилгээнд хамрагдаад байна. Мөн ЗЗМС, ТЗҮ, Худалдан авалт борлуулалтын албаны Амгалан дахь агуулах, АТҮТ, Толгойт өртөө, ТҮГ, Улаанбаатар өртөө, Вагон ашиглалтын депо, АБТЭМА, ОУТЗ, Дохиолол холбооны II анги, Төв эмнэлэг, ЦХОБА, “Кейтринг” зочлох үйлчилгээний төв, Зорчигч тээврийн төв, Техникийн бодлого стандартчиллын албаны ажилтнууд үзлэгтээ орлоо. Дээрх байгууллагаас Зорчигчийн вагон депо, Толгойт өртөө, ТҮГ, Зорчигч тээврийн төв, ЦХОБА-ынхан хамгийн идэвхтэй буюу 90-100 хувь, үлдсэн байгууллагууд дунджаар 70-80 хувийн хамрагдалттай байна. Төвийн хэсэгт тавдугаар сарын байдлаар эрүүл мэндийн үзлэгт хамрагдвал зохих 7064 төмөр замчнаас 3617 нь буюу 51 хувь нь хамрагдсан дүнтэй байгаа.
-“Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төв шугам замд ажилладаг болсонд төмөр замчид ам сайтай байгаа. 2023 он гарснаас хойш тус оношилгооны төв хэрхэн ажиллав?
-Шугам замд эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулахаар “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төв өнгөрөгч тавдугаар сарын 14-24-ний хооронд Чойр, Улаан-Уул, Замын-Үүд зангилаанд ажилласан. Хоёрдугаар ээлжийн үзлэгийн баг энэ сарын 04-15-ны хооронд Сайншанд, Бор-Өндөр, Айраг, Олон-Овоод ажиллалаа. Манай эмнэлгийн дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, чих хамар хоолой, нүд, мэс засал, арьс, шүд, уламжлалт, дуран, хэвлийн ЭХО, рентген, зүрхний цахилгаан бичлэг, кольпоскопи, ариутгал, лаборатори, эрт илрүүлгийн их эмч, сувилагч нийт 22 хүн үзлэг шинжилгээ, оношилгоо хийн, холбогдох зөвлөгөөг өгөөд байна.
-Үзлэг оношилгооны үр дүн ямар байгаа вэ?
-Эхний ээлжийн үзлэгийн баг Чойр, Замын-Үүд, Улаан-Уул өртөөдөд ажиллах үеэр үзлэг, оношилгоонд хамрагдвал зохих 2068 хүнээс 1996 нь хамрагдсан. Өвчтэй гэж оношлогдсон 884 хүнээс нийт 1258 өвчлөл бүртгэгдсэн. Энэ удаагийн үзлэгээр 146 өвчлөл шинээр бүртгэгдлээ. Өмнөх үзлэгийн үеэр илэрсэн өвчлөлөөс 20 нь эдгэрсэн байна. Үзлэгийн явцад илэрсэн өвчлөлийг тус бүрд нь авч үзвэл нүдний холбогдолтой 201, чих хамар хоолойн 113, мэдрэлийн 134, мэс заслын 42, эмэгтэйчүүдийн 77, дотрын 688 өвчний тохиолдол тус тус илэрсэн байна. Түүнээс гадна эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ оношилгоонд 18-30 насны 48, 31-45 насны 81, 46-60 насны 32 гээд нийт 165 хүн хамрагджээ. Үүнээс 43 нь эрүүл гэж оношлогдон үлдсэн 122 хүнээс нийт 138 өвчлөл бүртгэгдсэн байна. Нийт өвчлөлөөс 30 тохиолдол нь шинээр бүртгэгдсэн байх жишээтэй. Харин Чойр, Замын-Үүд, Улаан-Уул өртөөнд давхардсан тоогоор нийт 13951 үзлэг хийсэн. Үүнийг үзлэг оношилгооны төрлөөр ангилбал, дотор, мэдрэл, чих хамар хоолой, нүд, арьс, мэс засалд тус тус 1996, эмэгтэйчүүдэд 686 хүн үзүүлж, шүдний 161 үзлэг хийлгэж, шаардлагатай эмчилгээ, зөвлөгөөг авсан. Мөн хэвлийн ЭХО-д 246, бамбайн ЭХО-д 64, хөхний ЭХО-д 33, дуран авиад 116, рентгений үзлэгт 164 хүн тус тус хамрагдсан байна. Тэдгээрээс 25 хүнийг хэвтүүлэн эмчлэхээр шийдвэрлэж, анхаарал татсан 57 хүнийг мөн шаардлагатай нарийвчилсан шинэчилгээг хийж, эмчилгээ бичсэн.Түүнчлэн, лабораторийн шинжилгээнд 396 хүн давхардсан тоогоор 14012 шинжилгээ өгсөн байна. Үүнээс цусны ерөнхий шинжилгээнд 7462, биохимид 3168, иммунологт 81, шээсний ерөнхийд 2574, глюкозжсон гемоглобин тодорхойлоход 31, цусны бүлэгнэлтэд 12, бамбай булчирхайн дааварт 81, элэгний В,С вирус 354, AFP 14, TPHA/HIV-д 98, өтгөнд далд цус илрүүлэхэд 29, “25 OHVit D”шинжилгээнд 10 хүн хамрагдсан.
-Төмөр замчдыг болзошгүй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх зорилт бүхий хөтөлбөрүүдийн хэрэгжилт хэр явцтай байна вэ?
-Замын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч даргын 88А тоот цахилгаан, Төв эмнэлгийн даргын А/09 тушаалын дагуу Ахмадын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих болон “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг Замын урд хэсэглэлд зохион байгуулсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-25-нд Замын-Үүд, Чойр, Сайншанд зангилаанд хийсэн тус үзлэгийн хүрээнд “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоо”-г мөн хийлээ. Үзлэгт нийт 3483 хүн хамрагдсанаас эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 159 хүн хамрагдсан байна.
-Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний явц ямар байна вэ?
-Өнгөрсөн тавдугаар сарын эхний байдлаар эрт илрүүлгийн үзлэгт 4055 хүн манай эмнэлгээр үйлчлүүлсэн. Нийт хамрагдсан хүний 1990 буюу 49 хувь нь эрэгтэйчүүд, 2065 буюу 51 хувь нь эмэгтэйчүүд байна. Тэдгээрийн 1903 нь Улаанбаатар хотод, 2152 нь орон нутагт ажиллаж амьдардаг бөгөөд 4.2 хувь нь 18-30 насныхан буюу залуус байна. Үзлэг оношилгооны хүрээнд 1218 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 843 буюу 69.2 хувь нь хоол боловсруулах тогтолцооны, 116 буюу 9.5 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны, 104 буюу 8.5 хувь нь зүрх судасны тогтолцооны, 121 буюу 9.9 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин байна. Мөн хортой хавдрын гурав, хоргүй хавдрын 18 тохиолдол илэрсэн. Ерөнхий дүнгээр нь харвал 0.7 хувийг мэдрэлийн, 0.5 хувийг амьсгалын тогтолцооны өвчлөл эзэлсэн нь тэргүүлэх шалтгаан болж, нийт 3354 өвчлөлийн 36.3 хувийг сэжигтэй тохиолдол эзэлж байна.
-Зонхилон илэрч байгаа өвчлөлийг бууруулах арга зам нь юу байна вэ. Танай хамт олон энэ чиглэлээр ямар ажил хэрэгжүүлэхээр төлөвлөв?
-Урьдчилан сэргийлэх үзлэгээр илэрсэн өвчлөлийн дотор хоол боловсруулах замын эмгэгүүд, бодисын солилцооны болон цусны эргэлтийн тогтолцооны эмгэгүүд, таргалалт нэмэгдэх хандлагатай байна. Эдгээр нь хувь хүний буруу дадал хэвшил, амьдралын хэв маягтай холбоотой, урьдчилан сэргийлж болох өвчнүүд юм. Тиймээс манай хамт олон хүн амын эрүүл мэндийн боловсролыг сайжруулах чиглэлд илүү анхаарч ажиллахыг зорьж байна. Тус зорилтынхоо хүрээнд ажлын байранд эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг аж ахуйн нэгж бүр зохион байгуулах, “Эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг” хөтөлбөрийг боловсруулж байна. Энэхүү хөтөлбөрөөр хүн амын дунд халдварт бус өвчлөлийн эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг тогтоож, тэдгээрийг бууруулахад ХАБЭА-н алба, эрүүл ахуйн хяналтын хэлтэс, Кейтеринг зочлох-үйлчилгээний хэлтэс, “Замчин” спорт хороотой хамтран ажиллах болно.
-Эмнэлгийн материаллаг бааз, ялангуяа барилгын стандарт зарим талаар шаардлага хангахгүй хэмжээнд хүрсэн талаар Замын даргын үзлэгийн үеэр удаа дараа тавьж ирсэн. Энэ асуудал хэзээ шийдвэрлэгдэх вэ?
-Төв эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасгийн барилгууд өөр өөр цаг үед баригдсан, насжилт өндөртэй. Эрүүл ахуй, эмнэлгийн барилгын стандарт шаардлагыг хангахгүй тул ажиллахад хүндрэлтэй болсон. Түүнчлэн, шинэ технологи нэвтрүүлэх, шинэ тоног төхөөрөмж суурилуулахаас эхлээд үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд ч сөргөөр нөлөөлж байгаа юм. Тиймээс эмнэлгийн шинэ барилгыг барих зайлшгүй шаардлагатай. Энэ ондоо багтаан шинэ барилгын ажлыг эхлүүлнэ гэж төлөвлөөд бэлтгэлээ хангаж байна.
-Танай хамт олны хувьд төмөр замчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж байгаа гол хүндрэл юу байдаг вэ?
-Ковид-19 халдварын цар тахлын дараа эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд ажлаас халшрах тохиолдол гарах болсон. Ажлын ачаалал их, цалин хөлсний хүрэлцээгүй байдлаас шалтгаалж ажлаас гарах, гадаад орнуудад хөлсөөр ажиллах, цалин өндөртэй хувийн эмнэлгүүд рүү шилжин ажиллах хүний тоо нэмэгдсэн. Эдгээрээс шалтгаалж манай улс төдийгүй дэлхийд, ялангуяа сувилагч мэргэжлээр ажиллах хүний нөөцийн хомсдолд орлоо. Тиймээс сувилагч мэргэжилтнийг ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд нийгмийн асуудлууд болох цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, зээлийн орон сууцанд хамрагдахад дэмжлэг үзүүлэх, суралцах, өсөн дэвжих боломжоор хангах, сэтгэл зүйчийн зөвлөгөө өгөх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Сувилагч мэргэжилтнийг бэлтгэдэг “Ач”, Улаанбаатар их сургууль, “Этүгэн”, Эм зүйн шинжлэх ухааны дээд сургуулиудтай хамтран ажиллаж, оюутнуудад УБТЗ ХНН-т ажиллахын давуу талыг сурталчилж, шинээр төгсөгчдөөс сувилагч ажиллуулах гэрээ байгуулж байна.
-Одоогоор эмнэлгийн хэмжээнд мэргэжлийн боловсон хүчний хүрэлцээ хангамж, тогтвор суурьшил ямар хэмжээнд байна вэ?
-Хүний нөөцийн хангалт, тогтвор суурьшил өнөөдрийн бидний тулгамдаж байгаа асуудлын нэг яах аргагүй мөн. Өнөөдөр манай эмнэлэгт 19 сувилагчийн орон тоо сул, дутагдалтай байна. Шинэ төгссөн сувилагч нар манай эмнэлэгт ажиллах сонирхолтой ирж байна. Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэж, хөгжиж дэвжих боломжоор хангаснаар тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөл бүрдэнэ.
-Гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр танай хамт олон хэрхэн ажиллаж байна вэ?
-Манай эмнэлэг ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Франц улсын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургаж, дадлагажуулах, зайнаас оношилж, эмчилгээний талаар хамтран шийдвэр гаргах, Монголд эмчлэгдэх боломжгүй өвчтнийг өндөр хөгжилтэй оронд илгээж эмчлүүлэх талаар санамж бичиг байгуулж ажиллаж байна. БНСУ-ын Дэдун эмнэлэгтэй алсын зайн оношилгооны төв байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан, долдугаар сарын 17-нд нээлтээ хийнэ. Францын “Action Mongolia” олон улсын байгууллагаас жил бүр нүдний эмч нар ирж, манай эмч нартай хамтран үзлэг оношилгоо хийдэг ба энэ оны есдүгээр сард энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна. БНСУ-ын Halem их сургуулийн эмнэлэг дээр нэг их эмчийг үе солих хагалгааны чиглэлээр сургаж бэлдсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эмч, эмнэлгийн ажилтнуудыг чадавхжуулах зорилгоор улсдаа төрөлжсөн мэргэшлийн хоёр, гуравдугаар төв эмнэлэг, хавдар судлалын үндэсний төвтэй гэрээ байгуулж ажиллаж байна. Зөвлөх эмч нартай хамтран дурангийн аргаар цавины ивэрхийг тор тавьж нөхөх зэрэг хэд хэдэн хагалгааг хийж, нутагшуулсан. Цаашид үе солих хагалгааг өөрийн эмнэлэгтээ хийх зорилт тавьсан.
-Төмөр замчдыг эрүүлжүүлэх, буруу дадал зуршлаас сэргийлэх чиглэлд танай эмнэлгийн хамт олон ямар төлөвлөгөө хэрэгжүүлж байна вэ?
-Төмөр замчдын эрүүл мэндийг сахин хамгаалах нь эрүүл мэндийн байгууллагын үүрэг боловч, хувь хүний эрүүл мэнд 60 хувь нь өөрийн эрүүл идэвхтэй хэв маягаас, 20 хувь нь орчны нөлөөллөөс, 10 хувь нь удамшил, 10 хувь нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанараас шалтгаалдаг. Эхний 80 хувь буюу эрүүл ажлын байр, эрүүл орчинг бүрдүүлж, хувь хүний эрүүл амьдрах дадал хэвшлийг төлөвшүүлснээр өвчлөлийг 50 хүртэл хувиар бууруулж болох эрдэмтдийн судалгаа бий. Төмөр замын аж ахуйн нэгжүүдийн дунд эрүүл мэндийг дэмжих хөдөлгөөн өрнүүлж, болзолт уралдаан зарлаж, дөрөв дэх жилдээ дүгнэж байгаа ба шалгарсан Улаанбаатар татах хэсэг, Чулуун завод, “Хэрэмхэн” цэцэрлэг, ТБДҮ зэрэг байгууллага эрүүл мэндийг дэмжих чиглэлээр олон ажил хийсэн сайн туршлагууд бий.
Зөв зохистой хооллолт, ажлын байранд хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, ажлын байрны стрессээс сэргийлэх чиглэлээр мэргэжлийн баг байгууллагуудаар явж сургалт хийж байна. 2023 онд нийт 18 удаа 1200 гаруй төмөр замчдад энэ сургалтыг хийсэн.
-Ялангуяа, мэргэжлийн онцлог, ажлын байрны хэв маягтай холбоотой өвчлөл төмөр замчдад зонхилдог юм шиг санагддаг. Хамгийн наад зах нь л ээлжийн ажилтнууд хооллолт гэх мэтээр анхаарах зүйл байх шиг?
-Дээр дурдсанчлан, хувь хүний эрүүл мэндийн буруу хэв маяг, ялангуяа буруу хооллолттой холбоотой өвчлөл нэмэгдэж байна. Үзлэгээр илэрсэн өвчлөлийн 80 орчим хувийг хоол боловсруулах замын эмгэгүүд, таргалалт, цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл эзэлж байна. Зохистой хооллолт гэдэг маань зөв хадгалж, зөв найрлагатайгаар, зөв бэлтгэсэн хүнсийг зөв хугацаанд зөв хэмжээгээр хэрэглэхийг хэлж байгаа. Энэхүү 5 зөв зарчмаар хооллож хэвшвэл олон өвчнөөс сэргийлж чадна. Ганцхан жишээ хэлэхэд зөв хугацаанд хоолллож чадаж байна уу, бид? Хоногт 5-6 удаа, өглөөний цайг 07.40 цагаас өмнө, оройн хоолыг унтахаас 3-4 цагийн өмнө хооллох нь зохистой хугацаа. Бид “Эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг” хөтөлбөрийн хүрээнд Кейтеринг-зочлох үйлчилгээний хэлтэстэй хамтран энэхүү таван зөвийг хүн бүр мөрдлөг болгох, хооллох бүрдээ анхаарч байхаар үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Түүнээс гадна улирал, биеийн онцлогтой холбоотой идээ ундаагаа тохируулж чадахгүй байна уу даа гэж анзаарагддаг. Эрүүл мэндийн салбарт “Энэ жилдээ-эрүүл жиндээ” аяныг өрнүүлж байна. Уламжлалаа дагаж, ямар хүнсийг ямар улиралд хэрэглэх вэ, мацаг барьж биеэ цэвэрлэх аргыг ч зааж сургах, хамт олныг идэвхжүүлэх, ажилчдын цайны газруудад эрүүл хоол хүнсээр үйлчлэхэд анхаарч ажиллана. Та бүхэндээ эрүүл энхийг хүсье.
-Цаг зав гарган ярилцсанд танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Б.Дэлгэрхишиг