Өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр Замын даргын А/679 тушаалаар “Говийн төмөр замчин” хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар УБТЗ-ын Хүний нөөцийн албаны дарга С.Цэвээндоржтой ярилцлаа.

 

-“Говийн төмөр замчин” хөтөлбөр хэрэгжүүлэх болсон гол шалтгаан нь юу байв гэдгээс яриагаа эхэлье?

    -2020-2021 онуудад ковидоос шалтгаалж ажилтнуудын ажлаас гаралт бусад онуудыг бодвол тогтвортой байсан боловч  хилийн хориг тавигдсан нь нөлөөлсөн байж ч магадгүй. 2022 он гарсаар эхний хагас жилд манай ажилтнууд олноор ажлаас гарах болсон тул судалгаа хийж үзэхэд дийлэнх хувь нь урд хэсэглэлийн төмөр замчид байсан.  Энэ судалгаан дээр үндэслээд, зайлшгүй тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай болох нь харагдсан. Ингээд “Говийн төмөр замчин хөтөлбөр”-ийг боловсруулж гаргасан юм. Ажилтнуудын ажлаас гарсан гол шалтгааныг судалж үзэхэд өндөр насны тэтгэвэрт гарсан, эрүүл мэндийн асуудлаар, ар гэрийн гачигдлаар, өөрийн хүсэлтээр, УБТЗ-ын өөр салбар нэгжид шилжсэн, суралцахаар явсан, гадны байгууллагад ажилласан, шинээр байгуулагдаж буй төмөр замуудад ажилд орсон, хувиараа бизнес эрхлэсэн, БНСУ болон бусад улс руу явсан байсан.

Тиймээс 2022 оны наймдугаар сарын 31-ний өдөр “Говийн төмөр замчин” хөтөлбөр батлагдан гарч, хэрэгжиж байна. Уг хөтөлбөрийн гол зорилго нь Монгол Улсын говийн бүсэд байрших УБТЗ-ын өртөө, алслагдмал зөрлөг, замын хэсэгт ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх, ахуй амьдралыг сайжруулж нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажил олгогч, ажилтнуудын хамтын ажиллагаа, оролцоог дэмжихэд чиглэсэн. Ингэснээр нийгэмлэгийн ажилтнуудын хөгжлийг дэмжин сургалтад хамруулж, чадварлаг, оюунлаг, аливаад хандлага сайтай хүний нөөцийг тогтвортой хадгалах юм.

-Энэ хөтөлбөрт говийн бүс гэхээр яг аль хэсгийн төмөр замчид хамаарах вэ. Өнөөгийн байдлаар бодитоор хэрэгжиж буй зүйлүүдээс дурдвал?
-Замын-Үүдээс Наран-Элгэн хоорондын өртөө, зөрлөгүүд, замын хэсэгт байнга оршин сууж, хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж буй ажилтнууд  хамрагдаж байгаа.

Уг хөтөлбөрийн хүрээнд Замын даргын 2022 оны А/719 тоот  “Говьд ажилласны нэмэгдэл олгох тухай” тушаал гарсан. Энэ тушаалд говийн нэмэгдэл олгох бүсчлэл, нэмэгдлийн хэмжээг зааж өгсөн. Жишээлбэл: Бүсийн нэмэгдэл болгож тухайн ажилтны үндсэн цалингийн 9-13 хувийг өгдөг байсан бол үүн дээр нэмээд 2022 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс говийн бүсийн төмөр замчдад бүсчлэлээс хамааран 50000-200000 төгрөгийг цалин дээр нь нэмж олгож байна.Тухайлбал, Замын-Үүд өртөөнд ажиллаж байгаа ажилтны нэмэгдэл нь 150000 төгрөг, Шаргын-Овоо, Нартын хошуу, Авгын гол, Сумангийн зоо, Цагаан хад, Номт, Улаан-Уул, Долоодын хөндий зөрлөгт ажиллаж байгаа ажилтнууд 200000 төгрөгийн нэмэгдэл авч байна.  Энэ хөтөлбөрийг 2022-2030 онд гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

  1. Ойрын хугацаанд 2022-2023

  2. Дунд хугацаанд 2024-2026

  3. Урт хугацаанд буюу 2027-2030 он хүртэл хэрэгжих юм. 

 

    -Уг хөтөлбөрийн хүрээнд  говийн бүсэд ажиллаж байгаа төмөр замчдыг сургалтад хамруулна гэлээ. Үүний зэрэгцээ тэдний гэр бүлд ямар нэг хөнгөлөлт  үзүүлэх үү?

-Байгууллагын шаардлагаар ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтад хамруулж, их дээд сургуульд суралцахад нь сургалтын төлбөрийг хөнгөлөх, сургалтын гэрээ байгуулах эрхийг салбар нэгжийн дарга нарт олгоно. Тодруулбал, хэрэв ажилтны хүүхэд ТЗДС, Политехникийн коллежид элсэн суралцаж, төгсөөд говийн бүсэд ажиллах сургалтын гэрээ байгуулсан тохиолдолд нийт 20 оюутны нэгдүгээр курсын эхний улирлын сургалтын төлбөрийг УБТЗ 100 хувь хариуцаж, суралцуулна.

Сурлагын амжилт нь 3.0-ээс дээш голчтой төгсөх ангийн хоёр сургуулийн тус бүр 10, бүгд 20 оюутанд Замын даргын нэрэмжит 250000 төгрөгийн тэтгэлгийг сар бүр олгож, сургалтын төлбөрийг 50 хувиар хөнгөлөх зэрэг олон хөнгөлөлтүүд орсон. Мөн ажилтны гэр бүлийн хүмүүст тодорхой хөнгөлөлтүүдийг эдлүүлэхээр зааж оруулсан.

                        2022-2023 оны хичээлийн жилд ТЗДС-д 76 ажилтан, ПТК-д 79 ажилтан нийт 155 ажилтан эчнээ ангид элсэн суралцаж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд Замын даргын 2023 оны А/210 тушаалаар “Говийн бүсийн ажилтнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу 300 сая гаруй төгрөгийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхээр байна.

-Үүнээс гадна ТЗДС, Политехникийн коллежид элсэх боломжийг нэн тэргүүнд говийн бүсийнхэнд олгоно гэж ойлгож ыолох уу?

-ТЗДС, ПТК-ийн бакалавр, техникчийн /эчнээ/ хөтөлбөрийн хяналтын тоонд “Говийн бүсийн элсэлтийн хяналтын тоо, мэргэжлийн чиглэл”-ийг жил бүрийн нэгдүгээр улиралд батлуулж, нийт ажилтнуудад мэдээлж байна. Бакалавр, техникчийн /эчнээ/ хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан говийн бүсийн нийт 339 ажилтныг 2022-2024 оны хичээлийн жилд ТЗДС, ПТК-ийн батлагдсан хяналтын тооны 2/3-д элсүүлэн сургана. Цаашид жил бүр батлагдсан хяналтын тооны 20-оос доошгүй хувийг бакалаврын хөтөлбөрт, 30-аас доошгүй хувийг техникчийн хөтөлбөрт тус тус говийн бүсэд ажиллаж буй ажилтан, орон нутгийн иргэдээс элсүүлэн суралцуулахаар болсон.

-Говийн бүсэд ажиллаж буй төмөр замчдад нэлээд олон боломж нээгдсэн байна. Ямар тохиолдолд сургалтын төлбөрийг нь Замын захиргаа 100 хувь хариуцах вэ?

   -УБТЗ-д тасралтгүй 3-5 жил ажилласан бол сургалтын төлбөрийг 50 хувиар, 6-10 жилд 75 хувиар, 11-ээс дээш жилд 100 хувиар хөнгөлнө. Хэрвээ ажилласан жил нь заасан хугацаанд хүрээгүй тохиолдолд тухайн ажилтны гэр бүлийн нэгэн хүн УБТЗ-д ажиллаж байгаа тохиолдолд сургалтын төлбөрөө 75 хувиар хөнгөлүүлэн суралцах боломжтой гэх мэт олон давуу талыг уг хөтөлбөрт тусгасан.

      -Нэг удаа хөнгөлөлт эдэлнэ гэж ойлголоо. Дараагийн жилд нь сургалтын төлбөрөө хөнгөлүүлэх боломж бий юу?

--Дараагийн жилд сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд үргэлжлүүлэн хамруулах эсэхийг ажилтны өмнөх жилийн сурлагын амжилтыг харгалзан үзнэ. Өөрөөр хэлбэл, голч дүн нь 3.0-с дээш үнэлгээтэй суралцсан тохиолдолд дахин зохих хөнгөлөлтийг олгож болно. Ер нь, хөнгөлөлт эдлэх ажилтныг тухайн чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх, дээшлүүлэх, мэргэшүүлэх шаардлага, хэрэгцээ үүссэн талаар салбар нэгжээс нь хүсэлт ирүүлсэн тохиолдолд бид дэмжинэ. Харин тухайн ажилтан нь сахилгын шийтгэлгүй, шийтгэл хүлээсэн бол шийтгэлгүйд тооцох хугацаа нь дууссан байх ёстой.

 

-Зарим аймаг, сумдын ЕБС-д төмөр замын мэргэжлийн чиглүүлэх сургалттай ангиудыг нээсэн шүү дээ. Ийм ангийг цаашид говийн бүсэд бүр олон сургуульд нээвэл илүү үр дүнтэй болов уу?

-Тиймээ, өнөөгийн байдлаар Замын-Үүд сумын I, Сайншандын III, Дархан хотын XVIII сургуульд “Төмөр замын мэргэжлийн чиглүүлэх сургалттай ахлах анги”-ийг нээсэн. Эдгээр ангийг төгссөн хүүхдүүдээс төмөр замын мэргэжлээр дотоод, гадаадын их дээд сургууль, коллежид цөөнгүй хүүхэд элсэж байгаа. Цаашид бид зүүн болон говийн бүсийн аймгуудын ерөнхий боловсролын дунд сургуулиудад чиглүүлэх сургалттай ангийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Хамгийн сүүлд гэхэд Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын II сургуульд төмөр замын чиглүүлэх сургалттай ахлах ангийг 2022-2023 оны хичээлийн жилд нээн хичээллүүлж байна. Харин говийн бүсийн салбар нэгжийн сургалт хариуцсан инженерүүд болон инженер техникийн ажилтнуудыг заах арга, багшлах чадварын сургалтад 2022-2024 онд үе шаттай хамруулж, багшлах эрхийн үнэмлэхтэй болгоно.

Уг хөтөлбөрийг боловсруулахад Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга, Хүний нөөцийн алба, Замын даргын ажлын алба, Төлөвлөлт эдийн засгийн алба, Хууль зүйн албаныхан зэрэг олон хүн хамтран ажилласанд талархаж байгаагаа илэрхийлье.

 

-“Говийн төмөр замчин” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!

 

 

М. Наранболд