УБТЗ-ын Төмөр бетон дэрийн үйлдвэрийн дарга Ш.Баярсайхантай цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

 

-Танай үйлдвэр энэ онд хэчнээн бетон дэр үйлдвэрдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?

-Оны эхний улиралд манай хамт олон замын дунд засварт зориулсан СZ маркийн бетон дэрийг одоогийн байдлаар 25 мянган ширхэгийг үйлдвэрлэлээ. Мөн Хангай, Цайдам зөрлөгийн өргөтгөл шинэтгэлийн ажилтай холбогдуулаад дээд хийцийн иж бүрэн гүүр хоолойн хийцийг үйлдвэрлэж дууслаа.

Замын захиргаанаас энэ жил 34.5 км замд их засвар хийхээр төлөвлөсөн. Их засварт шаардлагатай АРС бэхэлгээтэй бетон дэрүүдийг үйлдвэрлэх үүргийг бидэнд өгсөн.

Ер нь, энэ жил бид нийт 127 мянган бетон дэр үйлдвэрлэх төлөвлөгөө батлуулсан. Үүнээс 70 мянган дэрийг АРС бэхэлгээтэй үйлдвэрлэж замын их засварт нийлүүлэх, үлдсэнийг нь CZ бэхэлгээтэй үйлдвэрлэж дунд засварт нийлүүлнэ.

-Танайх бусад төмөр замын захиалгаар бетон дэр үйлдвэрлэн нийлүүлэх боломжтой юу?

-Ер нь, бетон дэрний эрэлт хэрэгцээ их байна. Гэвч манай төсвийн хүндрэлтэй байдлаас шалтгаалаад үйлдвэр маань бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж нөхцөл бүрдэхгүй байна. Зах зээлээс CZ бэхэлгээтэй бетон дэрийн захиалга орж ирж байгаа. Гэхдээ бид эхний ээлжинд УБТЗ-ынхаа хэрэгцээт бетон дэрийг үйлдвэрлэн нийлүүлэх төсвөө батлуулаад ажиллаж байна. Төсөв санхүүжилт өөрийн замын их засварын хэмжээнд батлагдаж, тэр хэмжээгээр материал түүхий эдийн хангалт хийж байгаа учраас эхний ээлжинд их засварт шаардлагатай бетон дэрийг үйлдвэрлэхээр ажиллаж байна.

Явцын дунд Зүүнбаян-Сайншанд чиглэлийн замын хүчжүүлэх их засварыг хийхээр болбол бид нэмэлт үүрэг даалгавар аваад шаардлагатай бетон дэрийг үйлдвэрлэнэ.

-Одоогийн байдлаар танай үйлдвэр хүчин чадлынхаа хэдэн хувиар ажиллаж байнавэ?

-Манай үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа үедээ хоногт 780 бетон дэр үйлдвэрлэдэг. Одоогийн байдлаар, материал түүхий эдийн хангалтаас шалтгаалан хоногт 576 бетон дэр үйлдвэрлэж байна. Энэ бол үйлдвэрлэлийн хүчин чадлын 70 хувьд ажиллаж байна гэсэн үг. Ийнхүү үйлдвэрлэлийн хэмжээ хязгаарлагдаж байгаа нь ОХУ-аас АРС бэхэлгээ цагтаа нийлүүлэгдэхгүй, тендер удааширч байгаатай холбоотой. Үүнээс шалтгаалаад одоогоор бид замын их засварын бетон дэрийн үйлдвэрлэлийг эхлүүлж чадаагүй байна. Замын удирдлагаас бидэнд их засварын бетон дэрийг зургадугаар сарын1-нээс есдүгээр сарын 15-ны хооронд бүрэн нийлүүлж дуусах үүрэг өгч байна.

-Танай материал, түүхий эдийн хангалт, үнийн хувьд хүндрэлтэй асуудал бий юу?

-3-ын арматурын хангалт хэвийн. Одоогийн байдлаар, 290 тонн буюу хоёр сарын нөөцтэй. Цаашид арматурын хангалт тасалдахгүй, хэвийн нийлүүлэгдэх төлөвтэй байна. Энэ жил манай үйлдвэрт 9000 тонн цемент шаардлагатай. Гэтэл цемент нэг тонн нь 288 мянган төгрөгөөр нийлүүлэгдэж байснаа цаашид 450 мянган төгрөг болж нэмэгдэнэ гэсэн мэдэгдлийг Хөтөлийн цемент шохойн үйлдвэрээс манайд ирүүлсэн. Төрийн өмчийн хороо, Замын захиргааны түвшинд хэлэлцээ хийсний үр дүнд 3600 тонныг хуучин үнээр авахаар тохирсон. Үлдсэн цементийг ямар үнээр авах нь тодорхойгүй байна. Цементийн үнэ нэмэгдэж байгаа нь замын их засварын өртөг өсөхөд нөлөөлнө шүү дээ.

Мөн дараагийн хүндрэлтэй асуудал нь анкар бэхэлгээ хугацаандаа нийлүүлэгдэхгүй байгаа нь их засвар эхлэх хугацааг хойш татаж магадгүй хэмжээнд байна. Замын нэгдүгээр орлогч даргын зүгээс Худалдан авалт борлуулалтын албаныханд анкарын нийлүүлэлтийг дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 1-ний хооронд шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн. Хэрэв анкар бэхэлгээ хугацаандаа нийлүүлэгдвэл манайд өөр дутагдах зүйлгүй, үйлдвэрлэлийг хэвийн хэмжээнд явуулах боломж бүрдэнэ.

-Үйлдвэрийн хэмжээнд ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн ямар ажлууд байна вэ?

-Манай үйлдвэр ОРС42.5 маркийн өргөн хэрэглээний цементийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл, өргөн хэрэглээний хямд үнэтэй цементийг үйлдвэрлэлд ашиглаж эхэлснээр замын их засварын өртгийг бууруулах зорилт тавьсан. Энэ чиглэлээр Замын аж ахуйн албатайгаа хамтраад ажиллаж байна. Уг ажил судалгааны түвшинд яваа.

Одоо бид 52.5 гээд өндөр маркийн цемент хэрэглэж байгаа.

-Хямд цементийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр өртөг буурах ч, чанарт нөлөөлөх үү?

-Энэхүү цементийг үйлдвэрлэлд ашиглахын тулд хайрга дайргаа угааж, бохирдлыг нь бууруулж ашигласнаар чанарт нөлөөлөхгүй гэж үзэж байгаа. Тиймээс хайрга, дайрга угаах төхөөрөмж шинээр байрлуулах шаардлагатай байна. Энэ чиглэлээр судалгаа туршилт хийсэн. Агуйтын замд дээр ОРС42.5 маркийн цементээр хийсэн 2800 бетон дэрийг туршаад хоёр жил гаруй болж байна. Хээрийн байгууламжид чанарын шаардлага хангаж байна гэсэн дүгнэлт гарсан.

Үүний зэрэгцээ АРС бэхэлгээт бетон дэрийг Монгол Улсад мөрдөж байгаа стандартад ойртуулах, бэхэлгээний нөхцөлийг сайжруулах зорилгоор Германы восслох бэхэлгээний төхөөрөмжийг хэрэглэх боломжийг судалж байна. Уг бэхэлгээг үйлдвэрлэлд нэвтрүүлбэлзам арчилгааны болон урсгал засварын хугацаа уртсах, овойлт суулт ихтэй газруудад зам арчилгааны ажил багасах, бэхэлгээний эдэлгээний хугацаа уртсах гээд олон давуу тал бий болно гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Замын аж ахуйн алба, Замын техникийн зөвлөлтэй восслох бэхэлгээг хэрэглэх талаар ажил зохион байгуулж байна.

Замын аж ахуйн алба болон манай үйлдвэр дээр Туркууд ирж ажиллахдаа хэвнүүд дээр тоног төхөөрөмжүүдийг нь суурилуулаад хамтарч ажиллах боломжтой юм гэсэн дүгнэлт хийгээд явсан. Одоо туршилтын түвшинд ажил явж байна.

Бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх болон өртөг зардлыг бууруулах техник, технологийн шинэчлэлийн ажлууд туршилт судалгааны түвшинд өрнөж байна.

-Цементийн үнийн зөрүүгээс хэр хэмжээний хэмнэлт гарна гэж тооцож байна вэ?

-Манай үйлдвэр жилд 9000 тонн цемент хэрэглэдэг гэж тооцвол цементийн үнийн зөрүүгээс нэг тэрбум төгрөгийн хэмнэлт гарах тооцоо бий.

-Гэхдээ хямд өртөгтэй цемент үйлдвэрлэлд ашиглахын тулд хайрга дайрга угаах технологи нэвтрүүлэхэд зардал хэр гарах вэ?

-Хайрга дайрга угаах технологи бол одоо барилгын салбарт хэрэглэгдэж байгаа технологи. Бид зах зээл дээрээс хоногт 380 шоо метр хайрга дайрга угаах төхөөрөмж худалдаад авчихвал түүн дээр ажиллах хоёр хүний орон тоо нэмэх шаардлагатай.

-Хайрга дайргаа угаадаг болно гэлээ. Ингэхэд танай үйлдвэрт саарал ус ашиглах технологи нэвтэрсэн үү?

-Манай үйлдвэр хоёр жилийн өмнөөс саарал усыг маш их хэмжээгээр  ашиглаж байгаа.  Ер нь, Төмөр бетон дэрийн үйлдвэр бол “Эко үйлдвэр”. Үйлдвэр маань байгуулагдаад 25 дахь жилийнхээ ойтой золгож байна. Энэ оны нэгдүгээр сарын 28-нд бид хоёр сая дахь бетон дэрээ үйлдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, манай үйлдвэр улсынхаа ойн сангаас 400 мянган залуу модыг хэмнэсэн гэсэн үг.

-Хоёр сая дэрээр шинэ зам барьсан бол хэдэн км зам барих боломжтой гэсэн үг вэ?

-Нэг км замд 1840 бетон дэр ордог гэж тооцвол хоёр сая дэрээр 1200 орчим км зам барина. 

 

Б.Гүнжинлхам