Есдүгээр сарын нэгэн... Ер бусын өдөр гэдэгчлэн энэ өдөр хот нүргэлэн хөл хөдөлгөөн оржээ. Хэд алхаад л сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн цовоо дуу ундарч , чанга яригчаар хөгжим дуу эгшиглэнэ. Эрдмийн их өргөөд үүд хаалгаа дэлгэн, шинэ хичээлийн жилийн нээлтээ хийж байна.

Нийслэлийн Ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийг сурвалжлахаар очиход цэцэг бөмбөлөг хөвсөн орчинд шинэхэн хувцсаа өмсөж, цэцэг барин цүнхээ үүрсэн багачууд дүүрэн байлаа. Нээлтийг тус сургуулийн захирал Ш.Арслан нээж, авьяаслаг сурагчдын урлагийн тоглолтоор эхлүүллээ. Нийслэлийн 73 дугаар сургууль нь төмөр замын Агуйтаас  Шатант хүртэлх бүх өртөөдийн хүүхдүүдийг хамруулдагаараа онцлог. Төмөр замын тосгонд оршдог энэ сургуульд төмөр замчдын хүүхдүүд олноороо хамрагддаг. Тус сургуульд энэ хичээлийн жилд 2200 сурагч суралцаж байна. Тус сургууль хүчин чадлаараа бол 960 хүүхдийн суудалтай, багтаамж нь тэр тооны хүүхдийн ачаалал даах хэмжээний сургууль юм. Өнгөрсөн жил зарим ангиуд гурван ээлжээр хичээллэж байсан бол энэ хичээлийн жилд хоёр ээлжээр хичээллэх  боломж бүрджээ. Учир нь БСШУЯ, НБГ хамтран 141 болон 73 дугаар сургуулийн бага ангийнхнийг  хамруулахаар  Алтай хотхоны Koyo town хотхоны ойролцоо таван давхар байр түрээслэн хоёр сургуулийн бага ангийнхныг хамруулснаар 1-5 дугаар ангийн 300 – аад  хүүхэд тус бага сургууль руу шилжжээ. 73 дугаар сургуулийн бага анги гэхэд 1300-аад сурагчтай, ганцхан сургалтын менежертэй учраас тус бага сургуулийг 141 дүгээр сургуулийн харьяалалд өгчээ.

 

Сургуулийн захирал Ш.Арслан тус сургуулийн ойролцоо хүн амын нягтаршил өсөн нэмэгдэж, олон өндөр орон сууц баригдахтай зэрэгцээд энэ хавьдаа улсын ганц сургууль учраас ачаалал хэтэрч байгаа талаараа хуваалцлаа. Харьяа дүүргийнхээ удирдлагуудад сургуулийг өргөтгөх талаараа уламжилж байгаагаа ч дуулгалаа. Ноднин дотуур байрандаа өргөтгөл хийж 180 хүүхдийн багтаамжтай болжээ.

 Тус сургуулийн захиргаа УБТЗ-ын Хүүхдийн сектортой олон зүйл дээр хамтарч ажиллахаар төлөвлөж байна хэмээн Ш.Арслан захирал онцоллоо. 73 дугаар сургуулийн дотуур байранд одоогоор 1-12 дугаар ангийн 125 сурагч амьдарч байна.  Дотуур байрны хүүхдүүд гэрээсээ, ээж ааваасаа хол учраас тэдэнд зайлшгүй анхаарал халамж шаардагдана. Хүүхдийг хараа хяналттай байлгая гэх үүднээс энэ жилээс “Хүүхэд нөхөрлөл хамгааллыг сайжруулах нь 2023-2025” гэсэн төслийг Японы “Хүүхдийг ивээх сан”-тай хамтран явуулахаар тохиролцжээ. Хүүхдийг үе тэнгийн дээрэлхэлтээс хэрхэн хамгаалах, яаж ая тухтай суралцуулах гэхчлэн хүүхэд хамгааллын талаар хамтарч ажиллах юм байна. Дотуур байрны нийгмийн ажилтан, сургалтын менежер, багш нарын баг нэгдээд “Хүүхдийг ивээх сан”-тай энэ сарын 8,9-нд сургалт явуулахаар бэлтгэлээ базаажээ. Мөн сурлагын хоцрогдол юунаас болж хаана үүсэж байна, сайжруулахын тулд хаанаас эхлэх үү гэдэг дээр судалгаа хийснээр урьд өмнөх жилүүдээс тус сургуулийн сургалтын чанар сайжирсныг өнгөрсөн оны ЭЕШ-ийн жишээн дээр тайлбарлаж байлаа. Мөн энэ жил зөвхөн төмөр замд ажилладаг аав ээжүүдийн дунд өдөрлөг зохиоё гэж ярилцсан аж. Учир нь эцэг эхийн өдөрлөг зохиоход төмөр замчны цаг наргүй ажлаас үүдэн таслах, хоцрох тохиолдол олон гардаг байна. Тиймээс тэдгээр аав ээжүүдийг хамруулахын тулд эртнээс замын удирдлага, холбогдох албаныхантай 14-21 хоногийн өмнөөс ярилцан чөлөө олгуулах гэхчлэн гарц гаргалгааг хайж байна гэлээ. Тэрээр “Хамгийн сайн сургууль-хамгийн ойр сургууль” гэсэн аян явж байгааг дурдаад,яг энэ журмаа барья гэхээр бас их хүндрэлтэй байна. Манайх төмөр замын тосгоны төмөр замчны хүүхдүүд ихээр хамрагддаг. Энд бүх ажил амьдрал нь өрнөж байгаа аав ээжүүдийг хүүхдээ гэртээ орхиод сургуульдаа яваг гэх сэтгэл бас гаргахад хэцүү л байдаг хэмээн учирлалаа. Энэ тал дээр УБТЗ-ын удирдлагууд шат шатандаа харилцан бие биедээ туслан хамтарч ажиллах нь чухал хэмээн ярьж байна.

          БГД-ийн Ерөнхий боловсролын 73 дугаар сургуульд энэ хичээлийн жилээс эхлэн сэтгэл зүйч ажиллуулахаар болжээ. Шинэхэн ажлаа эхлүүлэх гэж байгаа сэтгэл зүйч н. Гэрэлчимэгтэй бяцхан хөөрөлдсөн юм. Тэрээр МУБИС-ийн Сэтгэл судлалын ангийг төгсөж улмаар магистрын зэргээ хамгаалж энэ жил тус сургуульд ажиллахаар болжээ. Бакалаврын зэргээ багшлах эрхтэй төгссөн учраас хүүхдүүдтэй ажиллахад дөхөмтэй гэсэн юм. Сургуулийн бүх багш сурагчид хандан сэтгэл зүйн тулгамдсан асуудлаа ярьж болно, гэвч энэ нь маш их ачаалалтай учраас төлөвлөгөө гарган бага, дунд, ахлах ангийг хамарсан бүлэг үүсгэн ажиллах төлөвлөгөө гаргажээ. Бага ангийнхныг багш нараар нь зангидаж, суралцах ажиллах зан үйлд нь зөвөөр чиглүүлэх аж. Бага ангийнхныг зургийн ч юм уу бага насны хүүхдэд тохирсон аргаар далд байгаа сэтгэлийн гэмтэл, далд хүчирхийлэл зэргийг илрүүлэх чиглэлд ажиллах бол дунд болон ахлах ангийнхны хувьд тулж харьцах учраас энэ хичээлийн жилд бүлгийн уулзалтуудыг товлоод ажиллахаар төлөвлөсөн гэв. Сар бүрийн долоо хоногуудыг багш болон сурагчдад хувааж, бүлэг бүр дээр тулж ажиллах гэнэ. Багш сурагчид мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, асуудлаа хуваалцах соёлыг суулгахын тулд бүлгийн уулзалтуудаар дамжуулан хамт олонтойгоо танилцан бие биенээ танихаас эхлэх юм байна. Хүмүүстэй дотносож, таньж мэдсэнийхээ дагуу зөвлөгөө өгвөл бодит зөвлөгөө болно. Байнга ажлаа бус хааяа ч болов сэтгэлээ уудлан стрессээ тайлах хэрэгцээ хэнд ч байдаг. Түүнийгээ өрөөнд минь орж ирж тайлснаар сэтгэл санаа нь амгалан болж тайвширч байвал зорилго маань тэр юм хэмээн өгүүлж байлаа.