Хүнийг ажил мэргэжилдээ тогтвор суурьшилтай байхад мэргэжлийн бахархал, хамт олны халуун дулаан уур амьсгалаас гадна өсөж төрсөн нутаг, удам судрынх нь замнал хоёр хамгийн том нөлөө үзүүлдэг юм шиг санагддаг. Энэ удаагийн зочин маань харин дээрх шалтгаануудыг бүгдийг нь цогцлоож, төмөр замын холбооны салбарт тод гялалзаж яваа дунд үеийн төлөөлөл юм. Түүнийг Халтархүүгийн Баярмаа гэдэг. Өвөөгийнх нь дүү Г.Осгондорж гэж хүн холбооны механикчаар ажиллаж байхдаа УБТЗ-ын Ерөнхий хорооны 1957 оны тавдугаар сарын 23-ны хурлын протокол, Замын даргын мөн оны зургадугаар сарын 6-ны өдрийн 297 тоот тушаалаар батлагдсан “Тэргүүний төмөр замчин” тэмдгийн анхны загварыг гаргаж байжээ. Эдүгээ Осгондоржийн охин О.Энхтөр урд хэсэглэл хариуцсан менежерээр ажиллаж байна гээд тэдний удамд төмөр замчин хүн олон аж. Аав ээж нь хоёул Төмөр замын техникумыг төгсөөд л УБТЗ -д насаараа ажилласан буурлууд. Аав нь Замын-Үүдээс ажлын гараагаа эхлүүлж, Сайншандын цахилгаан станц, тэндээсээ Чойр руу шилжсэн гээд ЭХУХ-ын II ангид залуу насныхаа хөдөлмөр зүтгэлийг зориулсан.  Ээж нь ч мөн адил гэрлийн байцаагчаас эхлээд энэ салбарт хамтын зүтгэлээ зориулсан аж. Тухайн үеийн л жишгээр Халтархүүгийнх ажлын төлөө төрсөн гэж хэлэгдэхээр эгэл жирийн хөдөлмөрчид.

Аав ээж нь өглөө ажилдаа гараад орой болтол сураг тасарна. Энэ хооронд говийн буйдхан тосгоны хүүхдүүд бие биедээ хань бараа болон торницгооно. Х.Баярмаа тэдний л нэг. Хоёр дүүгээ асран хамгаална, гэрийнхээ ажлыг амжуулна гээд үүрэг хариуцлага ч өндөр.

Манайх Замын-Үүдэд байх үеийг би бага байсан болоод ч тэр үү төдийлөн санадаггүй. Харин Сайншандад өнгөрүүлсэн хүүхэд насны дурсамж минь хамгийн сайхан санагддаг. Аав маань тэр үед томилолтоор их явна. Ажлынхаа гар цүнхийг бариад л гардаг сан. Аав ажлаасаа ирэх шиг жаргал бидэнд үгүй. Дүү бид гурав өнжин гадаа тоглоод танигдахын аргагүй  халтайсан юмнууд л орой гэртээ ордог сон. Дэргэдүүр жирэлзэн өнгөрөх вагоны чимээ, ажилдаа гарч, орой ирж байгаа хүмүүсийн зураглал гээд тосгоны хүүхдүүдийн амьдрал ер нь бүгд ижил дээ. Миний дунд дүү Х.Дагиймаа одоо Баянзүрх дүүргийн эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн захирлаар ажиллаж байна. Бага дүү Х.Отгонжаргал маань МУИС-ийг хууль эрхзүйн ангийг төгссөн. Би харин өссөн орчиндоо илүү их татагдсан юм болов уу удам судрынхаа үргэлжлэл болж төмөр замчин болохыг шийдсэн. Ингээд Би 2005 онд ШУТИС-ийн Холбоо мэдээллийн сургуулийг Радио холбооны инженерээр төгсөж мөн оныхоо долдугаар сараас хойш УБТЗ-ын Дохиолол холбооны III ангид ажиллаж байна. Ажлын гараагаа Замын-Үүд холбооны залгагчаар ажлын гараагаа эхлүүлж байлаа.  Дараа нь Айргийн холбооны инженерээр томилогдож, 2015 онд Чойр холбооны инженер, 2016 онд ангийн ХАБЭА хариуцсан инженерээр тус тус дэвшин ажилласан. Улмаар 2018 онд жирэмсний амралтаа авч Чойрт очоод, тэндхийнхээ холбооны ахлах инженерээр өнөөг хүртэл ажиллаж байна. Нэг л мэдэхэд ажилтны эгнээнд шилжээд 20-иод жилийг үджээ. Цаг хугацаа юутай хурдан” хэмээн хуучилсан юм.

Магадгүй айлын том охины хувиар багаасаа үүрэг хариуцлага хүлээж, өөрөө өөртөө шаардлага тавьж сурсан учраас төмөр замын тээврийн нарийн дэг журамтай, чамбай ажилд дурласан ч байж болох. Х.Баярмаа 2006 онд ZXJ10 маркийн холболтын байгууламжийг Чойрын холбоонд суурилуулахад гар бие оролцсон хүмүүсийн нэг. 21 дүгээр зөрлөгт бас HI-PUTCH маркийн жижиг оврын АTC-ыг суурилуулахад ч ихээхэн хувь нэмэр оруулжээ. “Тухайн үед холбооны инженер байсан Ч.Ганчимэг, АТС-ны холболтын байгууламжийн инженер С.Туяа эгч хоёртой хамтарч  ажилласан. Энэ бүхэн маань надад буцаад туршлага болж үлдсэн.  Техникийн шинэчлэлтийг хийхэд өөрөө бие оролцож, ангийнхаа шилдэг ур чадвар, олон жилийн туршлагатай хүмүүстэй гар нийлж ажиллах хувь тохиосонд би их баярладаг. Энэ бол миний мэргэжлийн нэгэн том бахархал юм даа. Би энэ ангиас ажлын гараагаа эхлүүлж, өнөөг хүртэл нэг зорилгын төлөө мөр зэрэгцэн ажиллаж буйдаа талархдаг. “Ахмад дунд үеийнхээ заавар зөвлөгөө, дэмжлэгийн хүчинд их ч зүйл сурч, өдий зэрэгтэй явж байна” гэж боддог. Одоо цагийн зарим залуусыг харахад ажлын ачаалал даах чадвар нь арай сул байна уу даа гэж дүгнэдэг. Хамгийн наад зах нь хүнээс үг сонсох чадваргүй. Тэгсэн атлаа аливаа зүйлийг хялбараар хийчих гээд байдаг болж дээ гэж хардаг. Намайг ажилд орох үед манай холбооны ахмад ажилтнууд байсан Ч.Ганчимэг, Н.Ханджамц, Н.Санжидмаа гээд олон сайхан хүн надад олон чухал зүйлийг зааж, ажилд төдийгүй амьдралд минь ч чиглүүлж, сургаж өгсөн. Одоо харахад түрүүн үеийн ахмадууд маань цагийн юмыг цагт нь хийж хэвшихээс  эхлээд хариуцлага, ажлын зарчимд маш сайн сургадаг байж дээ гэж боддог. Ахмад үеийнхнээсээ ийм дадал хэвшлийг эзэмшсэнээрээ дааж авсан ажлаа хөндлөнгийн хэн нэгний оролцоогүйгээр чанарын өндөр түвшинд гүйцэтгэж сурсан байдаг. Манай үеийнхэн бүгд л энэхүү зөв дадлыг эзэмшсэн гэж хэлэхэд нэг их буруудахгүй болов уу. Одоогийн залуучууд маань харин энэ зэрэгт арай хүрэхгүй байх шиг. Хүн юм зааж өгөх гээд хичээж байхад ойшоодоггүй, мэдэхийн төлөөх хүсэл эрмэлзэлтэй байхаас цааргалдаг зэрэг нь тэдний мэдлэг, ур чадварт сөргөөр нөлөөлөөд байна. Уг нь хаана ч очоод ажилласан ур чадвараараа гологдохооргүй хэмжээний хүн болчихвол өөрт нь  хэрэгтэй. Энэ бол манай ахмад, дунд үеийн холбоочдын захиж сургаж ирсэн үнэт зүйл, эрхэм зарчим” хэмээн ярьсан юм.

Тэрбээр, чөлөөт цагаараа зураг зурах, гар урлал хийх дуртай нэгэн. Хөөрөгний даалин, хавтага урлаад сууж байхад стресс тайлагдаж, бодол санаа нь цэцэрдэг гэх... Тэртээх он жилүүдэд говийн буйдхан тосгонд ээж, аавыгаа харуулдан дэгэж дэрвэж явсан бяцхан охин эдүгээ удам судрынхаа нэрийг өндөрт өргөж, эзэмшсэн мэргэжлийнхээ талбарт өөрийн хувь нэмрээ оруулж явна.

 

Б.Дэлгэрхишиг