Ирэх сард Улаанбаатар өртөөнд анхны галт тэрэг орж ирсний 75 жилийн ой тохионо. Тус өртөөнийхөн эл өдрийг “Улаанбаатар өртөөний төрсөн өдөр” хэмээн үздэг. Өнгөрсөн хавар Хөдөлгөөн цехээс нь сурвалжилга бэлтгэсэн болохоор энэ удаад Ачаа тээврийн цехийн ажил үйлсээс сурвалжиллаа.

 

Улаанбаатар өртөөний Ачаа тээвэр хариуцсан орлогч дарга Л.Дээдэнцэцэгт хэрэг зоригоо хэлбэл уриалагхан угтаж, ажлаа товч тодорхой танилцууллаа.

Л.Дээдэнцэцэг “Одоогийн байдлаар, ачилтаас бусад ачаа тээврийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд 100-аас дээш хувийн гүйцэтгэлтэй явна. Тухайлбал, буулгалт, статик даац, вагон явуулалт, орон нутгийн вагоны сул зогсолт, ачааны нэг ажиллагаан дахь сул зогсолт зэрэг үзүүлэлт 102-127 хувийн биелэлттэй байна. Тэр дундаа буулгалт 4514 вагоноор нэмэгдсэн. Харин ачилтын төлөвлөгөө 96 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Өнгөрсөн жил бид Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой бетон дэрний ачилтыг их хэмжээгээр хийсэн тул ачилт өссөн. Харин энэ онд бүтээн байгуулалтын ажил дууссан тул ачилт бага зэрэг буурсан” гэв.

Улаанбаатар өртөөний буулгалтын 60-70 хувийг дангаараа эзэлдэг дотоодын нүүрс тээвэр жил бүр тогтмол өсөж байгаа аж. Энэ нь нийслэлийн эрчим хүчний хэрэглээ өсөхийн хэрээр, ДЦС-уудын нүүрсний тээвэр өсөж буйтай холбоотой. Мөн чингэлгийн тээвэр ч тасралтгүй нэмэгдэж байгаа гэнэ. Ачаа тээврийн энэ өсөлтийг тус цехийн хамт олон амжилттай зохион байгуулан ажиллаж байгааг тайлбарлалаа. Түүнчлэн, Улаанбаатар хэсэглэлийн Мааньт, Хонхор, Амгалан, Баян, Багахангай өртөөд ачааны ажиллагаанд нээлттэй аж. Өөрөөр хэлбэл, ачилт, буулгалт хийдэг өртөөд гэсэн үг. Мааньт өртөө экспортын ачилт хийж байсан нь өнгөрсөн жилээс энэ жил бага зэрэг буурчээ. Энэ нь ГЕГ-аас ачилт буулгалт хийж байгаа терминалууд гаалийн нээлттэй бүс байх ёстой гэсэн шаардлага тавьж буйтай холбоотой гэв. Уг шаардлагын дагуу Мааньт өртөөний зарим салбар зам гаалийн бүсээр зарлагдаж, ачилт нь нэмэгдэх боломж бүрдэж байгаа гэж дуулдлаа.

Баян өртөөний хувьд дөрөвдүгээр сараас “Тавантолгой түлш” ХХК-ний зам нээгдсэнтэй холбоотой ачилт буулгалт өссөн байна. Ажил нь нэмэгдэхийн хэрээр Баянд ажиллах хүчийг зузаатгах шаардлага үүсэж. Тиймээс тулгуур өртөөнөөс Баян өртөөнд ажиллах хүний нөөцийг бэлтгэх, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар гарц гаргалгаа хайж байна. Юун түрүүнд Баян өртөөнд ажилтнуудын орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд “Тавантолгой түлш” ХХК-аас дэмжлэг авч байгаа юм байна. Тус өртөөнд ашиглалтгүй байсан хуучин сууцнуудыг засварлах хөрөнгийг харилцагч байгууллагаас гаргаж, өөрсдөө нөөц боломжоо ашиглан засварлах зэрэг богино хугацаанд шийдвэрлэхийн тулд ийм арга сүвэгчилжээ.

Бараг хоёр жилийн өмнө Замын даргын үзлэгийн үеэр тухайн үеийн Замын I орлогч дарга И.В.Милостных ачаа вагон хүлээлцэгч нарын ажлыг цахимжуулах чиглэл өгч байсан санагдана. Уг ажил хэрэгжсэн эсэхийг лавлахад Л.Дээдэнцэцэг дарга “Ганц манай өртөөний хувьд биш Тээвэр зохион байгуулалтын албаны хэмжээнд санамж буюу салбар замуудад вагон тавьж өгсөн үйлчилгээний хөлсний баримтыг цахимжуулах ажил хэрэгжих шатандаа яваа. Энэ чиглэлээр Замын даргын тушаал гарч, программ боловсруулж байгаа юм билээ” гэв.

Хэрэв санамж цахимжвал ажлын байрны автоматжуулалт нэг алхам урагшлах юм байна. Үр дүнд нь галт тэрэг бүрдүүлэлтийн үйл ажиллагааг илүү хурдасгах боломж бүрдэх аж. Улаанбаатар өртөөний Ачаа тээврийн цехийнхний хувьд энэ үйл ажиллагааг цахимжуулалтыг хоног тоолон хүлээж байгаа гэдгээ нуусангүй. Хамгийн гол нь, үйлчлүүлэгч байгууллагуудтай тоон гарын үсгээс эхлэн хамтран шийдвэрлэх олон асуудлын улмаас багагүй цаг зарцуулж байгаа бололтой. Гэхдээ нэгэнт эхэлсэн ажил эцэслэж, ачаа вагон хүлээлцэгч нарын гар ажиллагааг халах цаг холгүй бизээ.

Ер нь, сүүлийн жилүүдэд УБТЗ-ын тээврийн бичиг баримтын боловсруулалтыг цахимжуулах ажил эрчимтэй хэрэгжиж, хэдэн жилийн өмнө л хэдэн арван дэвтэр гараар хөтөлдөг байсан үе одоо бараг мартагдаж байна шүү дээ гэцгээж байлаа. Өдөр тутмын мэдээллээ хоорондоо цахимаар солилцчих нь цаг хугацаа болоод цаас хэмнэдэг болсон гэцгээв.

Өдөр тутмын ажилд гарах хүндрэл харьцангуй бага. Нөгөө талаар, Улаанбаатар өртөөний Ачаа тээврийн цехийн ажилтнууд бусад өртөөд, шугам замынхантай харьцуулахад харьцангуй тогтвортой ажилладаг. Цех дотроо ажилтнуудаа дараагийн ажлын байранд бэлтгэх, хөрвөн ажиллах ур чадвар эзэмшүүлэх тогтсон зарчим бий гэнэ. Ер нь, туршлагатай ажилтнууд нь амжилтынх нь нэг үндэс гэдгийг онцолж байна билээ. Харин хэсэглэлийн өртөөддөө ажилтнуудаа тогтвортой ажиллуулахад бусдын л адил зовлон бий гэдгийг Л.Дээдэнцэцэг дарга нуусангүй. Түүний тулд Политехник коллеж, МСҮТ-тэй хамтран ажиллаж, дадлага хийж буй оюутнуудаас эзэмшиж буй мэргэжилдээ дур сонирхолтой, зөв хандлагатай залууст ажлын урилга өгөх зэргээр ажиллаж байгаа аж.

Улаанбаатар өртөөтэй харилцдаг 120 гаруй байгууллага, хувь хүн байдаг аж. 30 гаруй салбар замтай. Харилцагчдаа томоохон байгууллага, терминалын үйл ажиллагаа жигд явагддаг тул хүндрэл багатай. Тийм байгууллагууд УБТЗ-ын 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай уялдаад хүн хүчээ зохион байгуулаад буулгалтаа шуурхай хийчихдэг аж. Үүний хажуугаар “Гаалийн бүрдүүлэлтээ хийж байна” гэдэг тайлбар тавиад алга болох, эсвэл вагоныг агуулах шиг ашиглах гэдэг үйлчлүүлэгч мэр сэр байдаг бололтой. Тийм үйлчлүүлэгчид төмөр замчдын ажлыг “уядаг” тул аль болохоор зохицоод асуудлыг хурдхан шийдээд явахын тулд өртөөний зүгээс уйгагүй хөөцөлддөг гэв.

Мөн тус цехийн хувьд оны эцэст ажлаа дүгнэхийн зэрэгцээ ирэх онд ажилдаа нэвтрүүлэх оновчтой саналыг ажилтнуудаасаа авч, төлөвлөгөөндөө тусгаж ажилладаг нь олзуурхууштай санагдав. Энэ онд л гэхэд ажилчдаас гаргасан саналыг үндэслэн Дулааны IV цахилгаан станцтай хамтарсан өдөрлөг зохион байгуулжээ. Үүнд галт тэрэгний хөдөлгөөн зохион байгуулдаг диспетчерүүдээ ч татан оролцуулсан нь харилцагч байгууллагуудын хамтын ажиллагаанд эерэгээр нөлөөлсөн байна. Мөн аюултай ачааны хэмжээ нэмэгдэж, өнгөрсөн өвөл Дүнжингаравын уулзвар дээр гарсан осолтой холбогдуулан Нийслэлийн ОБ-ын газартай хамтран бүтэн өдрийн сургалтыг Амгалангийн аюултай ачаа буудаг Юнигазын зам дээр зохион байгуулжээ.

Ирэх онд хэсэглэлийнхээ хүний нөөцийг бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулж ажиллана гэлээ. Тус цехийн зарим ажилтнуудаас өдөр тутмынх нь ажлын талаар тодрууллаа.

 

А.Уянга: Ээлжиндээ 100 гаруй үйлчлүүлэгчтэй харилцдаг

/Тооцооны оператор/

-Би Төмөр замын коллежийг 1995 онд төгсөөд,  долдугаар сараас нь Улаанбаатар өртөөнд ажилд орсон. УБТЗ-д 30 дахь жилдээ ажиллаж байна. Тооцооны оператороор 2000 оноос ажиллаж байна. Тооцооны оператор ээлжиндээ байнгын үйлчлүүлэгч байгууллага, иргэд гээд 100 гаруй үйлчлүүлэгчтэй харилцаж ажилладаг. Манай өртөөний хувьд нэг ээлжинд гурван тооцооны оператор гарахдаа тооцоогоо төрөлжүүлээд хийгээд явдаг. Тухайлбал, олон улсын олголтоо нэг нь, нөгөө хоёр нь ачилт, санамжаа хариуцдаг байх жишээтэй. Миний хувьд санамж, олон улсын ачааны олголтын тооцоог голчлон хийж байна.

 

-Өдөр тутмын ажилд тань гардаг хүндрэл бий юу?

 

-Харьцангуй гайгүй. Манайд нефтийн ачаа нэлээд ирдэг. Сүүлийн үед аюултай ачаа гэдэг үүднээс вагонууд ирэнгүүтээ шууд салбар замдаа тавигддаг болсноос хойш зарим харилцагч тооцоогоо удаах тохиолдол мэр сэр гарч байна. Байнгын үйлчлүүлэгчидтэй харилцахад хүндрэл гардаггүй. Ялангуяа, тэд цахимаар бүх мэдээллээ аваад тээврийн хөлсний тооцоогоо тухай бүрд нь хийж хэвшсэн. Шинэ үйлчлүүлэгчдийн хувьд гаальтай холбоотой асуудлаа шийдвэрлэх гэж удах тохиолдол гардаг бололтой юм билээ.

 

Д.Бадамсүрэн: Ачаалал ихтэй үед өдөрт 470-480 вагон буудаг

Ачааны зохицуулагч

 

-Би ТЗДС-ийн техникчийн ангийг 2002 онд төгсөөд Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудалд суурин кассираар ажлын гараагаа эхэлсэн. 2008 оноос Улаанбаатар өртөөний Ачаа тээврийн цехэд шилжиж ажилласан. Энд ачаа вагон хүлээлцэгч, агент, тооцооны оператороор ажиллаж байгаад 2019 оноос хойш ачааны зохицуулагчаар ажиллаж байна.

 

-Та өөрийн ажлын онцлогийг манай уншигчдад танилцуулж өгнө үү?

 

-Ачаа зохицуулагч бол ээлжийнхээ ачаа тээврийн бүх ажлыг зангидаж ажиллах ёстой. Нэг ээлжинд 13 ажилтан гардаг. Үүнд салбар замын ачаа вагон хүлээлцэгч нар, агентууд, тооцооны операторууд багтдаг. Ээлжийн ажилчдынхаа ажлыг хуваарилж, цаг тухай бүрд нь мэдээгээ нэгтгэж аваад удирдлагуудад мэдээлэх үүрэгтэй. Бид нэг ээлжиндээ 380 вагон буулгаж, 60 вагон ачих төлөвлөгөөтэй бол бүгд нэгдсэн журмаар уялдаа холбоотой ажиллаж, төлөвлөгөөгөө бүрэн биелүүлж л буух ёстой.

 

-Улаанбаатар өртөөнд өдөрт дунджаар хэдэн вагон буудаг вэ?

 

-Ачаалал ихтэй үед өдөрт 470-480 вагон буудаг. Энэ жилийн хувьд транзит галт тэрэг олон,  орон нутгийн буулгалт бага байсан. Өвөл цахилгаан станцуудын нүүрсний тээвэр нэмэгддэг болохоор ачаалал харьцангуй нэмэгддэг. Буулгалт нэмэгддэг. Уржинан манай ээлжийнхэн хоногт 570 вагон буулгаж, тухайн жилийн буулгалтын дээд амжилтыг тогтоож байсан.

 

-Өдөр тутамд гарч байгаа бэрхшээл бий юу?

 

-Манайх 40 гаруй салбар замтай. Салбар зам руу орж ирж байгаа вагонуудыг зөв хуваарилж, тавиад үйлчлүүлэгчдэдээ хүлээлгэж өгөөд явбал буулгалтад хүндрэл гарахгүй. Салбар замуудынхаа багтаамж, онцлогийг сайн мэддэг байх хэрэгтэй. Таван вагоны багтаамжтай зам руу зургаан вагон тавьж болохгүй шүү дээ. Үүний тулд Хөдөлгөөн цехийнхэн, сэлгээний диспетчертэйгээ маш нягт хамтарч ажиллах ёстой.

 

-Шинээр ажилд орж байгаа залуус хэр тогтвортой ажиллаж байна вэ?

 

-Залуучууд ирж байгаа. Туршлага суутлаа залуучууд шантрах гээд байдаг. Эхний 1-2 сард нь тал талаас нь дэмжиж байгаад ажилд нь сургаад авчихвал цаашаа дажгүй ажиллачихдаг. Одоогийн залуус үг даах чадвар сул. Тийм болохоор загнах, зандрах биш ажлыг нь сайн тайлбарлаж, ойлгуулахыг хичээдэг.

 

Б.Уранчимэг: Бид ачаа тээврийн ажлын нүүр царай

Ачааны зохицуулагч

 

-Би УБТЗ-д 25 жил ажиллаж байна. Би вагоны үйлчлэгчээр ажиллаж байгаад Эрхүүгийн Зам харилцааны их сургуульд суралцаж төгсөөд Улаанбаатар өртөөнд 2018 оноос хойш ажиллаж эхэлсэн.

Өмнө нь вагоны үйлчлэгч УБТЗ-ын нүүр царай. Тиймээс ажлаа хариуцлагатай сайн хийх ёстой гэж хичээдэг байлаа. Дараа нь ашиглалтын чиглэлээр сургууль төгсөж ирээд ачаа вагон хүлээлцэгчээр ажиллаж эхлэхдээ үйлчлүүлэгчидтэй төмөр замаа төлөөлж шууд харилцдаг бас төмөр замын нүүр царайг илтгэх чухал хариуцлагатай ажил юм байна гэдгийг ойлгосон. Нөгөө талаар, төмөр замчдын цалин хөлс бол тээврийн орлогоос бүрддэг. Тээврийн орлогыг ачаа тээврийн ажилчид бид бүрдүүлдэг. Тийм болохоор үйлчлүүлэгчидтэй харилцахдаа хүртэл энэ үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хувцаслалт нь хүртэл өөр байгаасай гэж хүсдэг.

Нөгөө талаар, ачаа вагон хүлээлцэгч нарын ажлын нөхцөл маш хүнд. Ихэнх нь эмэгтэйчүүд. Салбар замд ганцаараа явна, вагон руу авирна гээд эрсдэл өндөртэй. Ялангуяа, өвлийн улиралд харанхуйд салбар зам руу ганц эмэгтэй хүн явж ажиллана гэдэг хэцүү. Энэ хавар энэ ажлын байр хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд орсонд ачаа вагон хүлээлцэгчдийнхээ өмнөөс маш их баяртай байгаа.

 

Улаанбаатар өртөөний Ачаа тээврийн цехийн ажлаас цухасхан сурвалжлахад ийм байна. Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилсан энэ өдрүүдэд өвлийн бэлтгэл ажил ид дундаа өрнөж байна даа. Төмөр замчид маань ч өнтэй өвөлжих бэлтгэлээ базааж байна. Улаанбаатар өртөөний хувьд дулааны цахилгаан станцуудын нүүрсний тээвэр нэмэгдсэн тул ачаалал ч өсжээ.

 

 

Б.Гүнжээ