УБТЗ ХНН-ийн Аялал жуулчлалын төвийн менежер Ш.Амараас “Монголд зочлох жил”-ийн хүрээнд тус төв ямар ажил хийж байгааг тодрууллаа.
-Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан. Энэ хүрээнд УБТЗ-ын Аялал жуулчлалын төв ямар аяллууд зохион байгуулж байна вэ?
-Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Аялал жуулчлалын шинэ сэргэлтийн хүрээнд “Монголд зочлох жил”-ийг үндсэндээ 2022 оны хоёрдугаар хагаст зарлан Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо байгуулан Ерөнхий сайд ахалж байгаа. Салбар яамнаас бол 2022 оны сүүлчээр ирэх оныхоо буюу 2023 оны төлөвлөлтүүдийг гаргуулж, эхлүүлсэн. Дотоодын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, ингэхдээ галт тэрэг ашигласан аялал нэмэгдүүлэх чиглэл зорилго байсан. Энэ хүрээнд “Хүүхдийн галт тэрэгний аялал” гэсэн Дархан-Улаанбаатар-Дархан маршрутаар Дархан-Уул аймаг дахь “Хүүхдийн галт тэрэг” сургалтын баазад түшиглэсэн шинэ бүтээгдэхүүн эхлүүлээд он дамжуулан амжилттай зохион байгуулж байна. Өнөөгийн байдлаар, 11 удаагийн аялалаар 350 орчим хүүхэд багачуудыг эцэг, эхтэй нь хамт хүүхдийн төмөр замд зочлууллаа. Энэ галт тэргээ түшиглэсэн залуусын “Хаврын баяр”, “Намрын баяр” нэртэй аялал, “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд говийн ажилтнууд болон тэдний үр хүүхэд ар гэрийнхэнд чиглэсэн “Хангайн аялал”-ын зохион байгуулалтыг хийж байна. Цар тахлын хугацаанд хоёр жил тасалдсан “Нарны галт тэрэг” брэнд аяллаа бас амжилттай зохион байгуулсан. 500 шахам жуулчны 160 нь япон, бусад нь АНУ, Герман, солонгос жуулчин байсан. Улс орон бүрд цар тахлын хориг бүрэн тавигдаагүй байсан ч 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өглөө гэхэд олон гадаад жуулчин хамруулж чадсан ажил байлаа.
-Бусад аяллаар гадны жуулчид хэр ирж байна?
-“Нарны галт тэрэг” аяллын зорилтот жуулчид нь гадаадынхан байдаг. Энэ аяллаар бид хангалттай гадаад жуулчин хамруулсан гэж дүгнэж байгаа. Харин бусад уламжлалт хөтөлбөрүүдээр хятад жуулчдыг дөрөвдүгээр сарын 23-нд авах төлөвлөлттэй байсан ч цаг агаар харьцангуй хүйтэн байгаа болохоор хойшлуулсан. Манай удирдлагууд БНХАУ-ын уламжлалт түншүүдтэйгээ гэрээгээ хийж эхэлсэн. Энэ дагуу цар тахлаас өмнөх үеийн гадаад жуулчны тоог бууруулахгүй ажиллахаар зорьж байна.
-Цаашид төлөвлөсөн ямар чиглэлийн аялал байгаа вэ?
-“Монголд зочлох жил”-ийн хүрээний болон уламжлалт аяллууд маань бүгд зохион байгуулагдана. Дээр нь хил дамнасан галт тэрэгний аялал зохион байгуулах төслийн судалгаа, тандалт хийж байгаа.
-Дотоодын аялагчид их явж байна уу?
-Дотоодын аяллыг нэмэгдүүлэх хүрээнд шинээр нээсэн аяллууд маань салбар яамны төлөвлөсөн төлөвлөгөөндөө дөрөвдүгээр сарын байдлаар хүрсэн. Энэ нь жилийн туршид хангалттай ажиллана гэж харагдаж байгаа. Ер нь, аялал жуулчлалын салбар бодлогоор гэр бүл, найз нөхдөөрөө хувийн машинаар дур зоргоороо байгаль талхалж, хаана ч хамаагүй буудаллаж, бохирдуулахгүй байх чиглэл барьж байгаа. Тэгэхээр цаашид монгол аялагч бүр ямар нэгэн байдлаар аялал жуулчлалын мэргэжлийн, эрх бүхий байгууллагын хамааралтайгаар аялах чиг хандлагатай болж байна. Алсдаа монгол аялагч буюу дотоод жуулчид эх орондоо соёлтой боловсон, байгаль эх дэлхийдээ ээлтэй аялдаг болно. Энэ нь аялал жуулчлалын бизнес эрхэлдэг байгууллагуудын амжилт, өсөлтөд нөлөөлнө гэж харж байгаа.
-Аялагчид аль чиглэлийг их сонирхдог вэ?
-Монгол оронд аялал жуулчлал эхэлж, хөгжиж ирсэн хугацаанд буюу аялал жуулчлалын анхны бүс нь Горхи-Тэрэлж байсан. 30 жилийн аялал жуулчлалд талхлагдсан гэсэн үг. Тиймээс шинэ аялал жуулчлалын бүс бол баруун тийш Ховд, Баян-Өлгий рүү түшиглэн гарч байгаа. Харин энэ чиглэлийн дотоод жуулчны урсгал, явах хүсэлтийг шинжих төдийгүй шинэ бүсээр тодорхойлохын тулд тохижилт үйлчилгээнээс эхлээд төрийн бодлого чухал юм.
-Төмөр замын байгууллага, хамт олон танайхаар үйлчлүүлбэл ямар нэгэн хөнгөлөлт эдлэх боломжтой юу?
-Манай байгууллага 2019 онд Худалдаа хөгжлийн банктай хамтран төмөр замчдадаа “Аяллын зээл”-ийн үйлчилгээ гаргасан. Энд төмөр замын ажилтан, албан хаагчид манай төвд аяллын захиалга өгөөд, зээлээр явах хүсэлтэй гэдэг гэрээгээ үйлдэхэд л манай байгууллагын нэхэмжлэхээр шууд зээл гардаг. Ингэхдээ цалингийн зээл буюу ер нь бүх төрлийн зээлтэй байсан ч давхар аяллын зээл гарна. Цалингийн зээлийн хүүтэй ижил буюу зах зээл дээрх ямар ч аяллын байгууллагаас олгож буй зээлийн хүүгээс бага байдаг давуу талтай. Одоо бид “Монголд зочлох жил”-ийн хүрээний болон уламжлалт бүтээгдэхүүнээрээ нийт таван аялал зарлаж байна. Энэ бүх аяллыг зах зээл дээрх үнээс 30-40 мянган төгрөгөөр хямдаар төмөр замчдадаа зарлаж байгаа.
М.Наранболд