Төмөр замчдын эрүүл энхийн манаанд 25 жил хоёргүй сэтгэлээр зүтгэсэн Төв эмнэлгийн үйлдвэрийн бага эмч Сандаг- Очирын Хандмааг уншигчидтайгаа уулзуулъя.
Цар тахал нүүрлэсэн энэ амаргүй цаг үед авралын элч шиг сэтгэл зүрхнээсээ төмөр замчдадаа ойр байж, тэдний амь нас, эрүүл мэндийг хамгаалж явааг нь олон хүн өөр өөрийн жишээн дээр ам уралдан магтах юм билээ. Тэрбээр, “Хэрэг гарвал өдөр шөнийн аль ч цагт над руу утсаар яриарай” гэнэ. Товчхондоо, тэр эзэмшсэн мэргэжил, өргөсөн тангарагтаа үнэнч бүсгүй.
АНХНЫ ДУУДЛАГА
“Салхит зангилаанаас санаандгүйгээр ажил, амьдралын гараагаа эхлүүлсэн хүн дээ” гээд инээд алдан яриагаа эхэлсэн эмч бүсгүй уг нь Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрж өсжээ.
Тэрбээр,1996 онд анагаахын сургуулийг “эх баригч-бага эмч”- ээр төгсмөгцөө Салхит руу “ар гэрийн томилолт” авчээ. Учир нь, түүний өвөө хүнд өвчтэй байсан тул аав, ээж хоёр нь бага эмч болсон охиноороо асруулахаар явуулсан хэрэг. Өвөө, эмээ дээрээ ирээд хэдхэн хонож байтал Салхитын Д.Тунгалаг эмч, сувилагч Ц.Дашиймаа нар хүнд өвчтнөө эргэхээр орж иржээ. Д.Тунгалаг эмч “Өвөөгийнхөө тариаг нь хүртэл хийчихсэн юмуу?” хэмээн лавлангаа “За энэ тариа хийдэг охин хаанаас ирсэн, юун хүүхэд вэ?” гэхэд нь анагаахын сургууль төгссөнөө хэлэхэд нь “Юу гэсэн үг вэ? Энд эмч дутмаг байхад чи эмээ, өвөөгөө харна гээд байж байдаг. Одоо шууд ажилдаа ор. Маргааш Зүүнхараагийн төмөр замын эмнэлэгт дипломоо барьж очоод Б.Тагтаа даргатай уулзаад ир” гэжээ.
Хэлснээр нь Б.Тагтаа даргатай уулзаж, хөдөлмөрийн гэрээгээ байгуулчихаад өдрийн суудлаар буцаад ирэхэд анхных нь дуудлага хүлээж байсан гэдэг.
Эхний дуудлагаа аваад итгэл муутайхан дотроо “Эмч хамт явахгүй юм болов уу?” гэсэн байдалтай харахад нь Д.Тунгалаг эмч “Одоо ингээд л биеэ даагаад ажиллана шүү дээ” гэхэд гараад явахаас өөр зам үлдсэнгүй.
“Анхны дуудлага төмөр замчин айлын 7-8 настай хүү өвдсөн байв. Зовиурыг нь сонсвол мухар олгой бололтой. Анагаахад сурч байсан үеэ тархиндаа ургуулж бодоод л үзлэгээ хийлээ. Яалт ч үгүй олгой гэж оношлоод Д.Тунгалаг эмчид хэлэхэд “Тийм бол Дархан руу шууд хүргэж өг. Хэрэв олгой биш бол эмнэлгээс бөөн зардал мөнгө гардаг юм шүү дээ” гэжээ. Энэ талаар “Түргэний машинаар өвчтөнөө аваад Дархан руу явах замдаа дотроо “Онош нь олгой мөн байгаасай. Биш бол яана” гэж бодсоор явж билээ. Дарханд очоод зөв оношилсноо мэдээд сэтгэл уужирч, бас урам орсон” Тэр оройноос хойш нэгдүгээр курсээс эхлээд бүх лекцийн дэвтэр, мэргэжлийн номоо ахин уншиж эхэлсэн дээ. Оюутан байхад дүн авахын төлөө хичээлээ уншдаг бол ажлын талбарт гараад мэддэг, чаддаг болохын тулд уншдаг юм билээ” /инээв/
Түүнээс хойш өглөө өдөр, үдэш орой, хол ойр гэлгүй мөн ч олон дуудлаганд явсан даа.
Ажлаа тараад гэрийн хаалгаар ороход араас бараг өсгий гишгэх нь холгүй дуудлага ирнэ. Буцаад л гарна.
Сүүлдээ дуудлага ирж байгааг бараг мэдэрдэг болчихсон байсан даа. Шөнө унтаж байхдаа орцны хаалга дуугарах, хүний хөлийн чимээ хоёр давхарт гарч ирээд хаалга тогшихтой зэрэгцээд л годхийгээд л босдогсон.
ХӨДӨӨГИЙН АМЬДРАЛ Ч САЙХАН ДАА
Түүнээс “Эх баригч юм чинь олон хүүхэд эх барьж авсан уу?” гэхэд “Цөөхөн, арав гаруйхан. Манайх ердөө их эмчийн салбар учраас төрөх эхчүүдээ аль ойрын эмнэлэгт нь хүргэх үүрэгтэй. Хэрэв гэрийн төрөлт гарвал өндөр хариуцлага яригдана шүү дээ. Шугам замын жирэмсэн эхчүүд хэт оройтож дуудлага өгнө. Эмнэлэг рүү явах замдаа машиндаа хүүхэд эх барьж авсан тохиолдол арав гаруй бий. Дуудлаганд Замын VI ангийн машинаар явдаг байсан юм. Сүүлдээ жолооч маань хамаг юмыг минь дөхүүлж өгдөг туршлагатай туслагч минь болчихсон байсан даа. Тэр үед эх барьж авсан хүүхдүүд маань одоо том болсон оюутан охид залуус бий. Заримтай нь одоо ч холбоотой.
Залуу байхад цагаан сарыг хөл болж тэмдэглэдэггүй байлаа. Тавгийн чихэр бэлдчихээд амрахаараа аав, ээж дээрээ оччихдог байсан. Нэг жил шинийн нэгэнд ажилтай таараад, шинийн хоёронд аав, ээж рүүгээ явна гээд байж байтал шинийн нэгний өглөө хаалга тогшлоо. Дуудлага л юм байх гэж бодтол хаалгаар хадаг, дээлийн торго гээд бөөн бэлэг сэлт барьсан хүмүүс ороод ирсэн. Тэгтэл эх барьж авсан хүүхдийг маань надтай золгуулах гээд хөдөөнөөс аав ээж нь аваад ирсэн байж билээ. Тэр миний эх барьж авсан гурав дахь хүүхэд байсан. Төмөр замын биш хөдөөний айл байсан юм. Ямар ч бэлтгэлгүй байсан тул сандарсан гэдэг жигтэйхэн. Түүнээс хойш манайх цагаан сарыг өргөн тэмдэглэдэг болж билээ.
Хөдөө ажиллаж байхдаа их зүйл сурсан даа. Сайн ч эмчтэй байлаа. Д.Тунгалаг эмч “Оёдол тавихгүй бол хөдөө эмч гэж байгаад ямар ч хэрэггүй. Хэний ч дуудлаган дээр хэн байх нь хамаагүй. Зүсэлт байвал оё. Боломж байвал эмнэлэг дээрээ авчирч оёж байгаарай. Ядаж орчин нь ариун юм. Боломжгүй бол байгаа газарт нь ариутгалаа сайн хийгээд, талбайгаа цэвэрлээд оё” гэдэгсэн. Хөдөөгийн жижигхэн эмнэлэгт ямар нарийн мэргэжлийн эмч нар байх биш. Дуудлаганд Б.Энхжаргал бид хоёр явна. Хүүхдийн дуудлага, мэс засал юу л байна бүгдийг л мэдэх, чадах ёстой. Бүх төрлийн анхны тусламжийг газар дээр нь үзүүлээд, шаардлагатай бол дараагийн шатлалын эмнэлэгт хүргэх ёстой. Зүсэлт байвал оёно. Мөр нь мултарсан байвал оруулна. Яс хугарсан бол чиг тавина. Хөл нь эргэчихсэн хүн ч таарч л байлаа. За тэгээд дуудлагын машин байхгүй үед үхэр тэрэг, морин тэргээр ч явна. Морин дээр ч, мотоциклт ч сундлаад явж л байлаа.
Хөдөөгийн амьдрал гоё шүү дээ. Ёстой амьдрал дунд “буцалж” л явдаг байж. Дуудлагаар очоод бие биедээ туничихсан гэр бүлийн хоёрыг хүртэл эвлэрүүлчихээд гарч ирж байсан тохиолдол ч бий. Бараг эмчийн ажлыг цагдаатай нь хамт хийгээд байгаа юм биш үү /инээв/.
Одоо би шинэ төгсөж байгаа эмч нар хөдөөгийн алслагдсан суманд 2-3 жил ажиллачихвал маш их зүйл сурна даа гэж боддог юм.
“ЦОНХНЫ ЭМЧ”-ЭЭР ГУРВАН ЖИЛ ЯВСАН
Ханийнхаа ээжийн эмчлэгч эмч нь байлаа. Өглөө ажил эхлэхэд, орой тарахад даралтаа үзүүлэхээр ирэхдээ хэдэн чихэр атгаж ирээд өгдөгсөн. Тэр хүн хожим миний хадам ээж болох хүн гэдгийг яаж мэдэх билээ. Гэрээр нь эргэж тойрч, үзлэг хийж байх үедээ ханьтайгаа танилцсан. Хань маань тэр үед Дарханы барилгын техникумд оюутан байлаа. Хадам ээж минь намайг тэр үед бэрээ болохыг мэдээгүй л дээ. Бид бурхан болсноос нь хойш жилийн дараа гэр бүл болсон юм. Манай хүн ч Салхитын Үе угсрах баазад замчнаар анх ажилд орж, төмөр замын хүн болсон. Одоо ЗЗМС-д ДГКУмашинчаар ажилладаг Л.Батболд гэж хүн бий.
Манайх гурван хүүхэдтэй. Том хоёр маань Салхитад төрсөн. Салхитад байхад төрөхийн чөлөө авахад орны эмч гэж ирэхгүй шүү дээ. Тэгээд хүүхдээ төрүүлээд 60 хоноод л ажилдаа орно. Одоо бодоход яаж болж байсан юм бэ гэж бодогддог. Дүү нар маань хааяа ирж тусалж, хүүхэд харж өгдөг байсан. Цайны цагаараа гүйж орж хөхүүлнэ. Томыгоо гурван нас хүрэхэд багыгаа харуулж үлдээгээд л ажилдаа явдаг байлаа.
Салхитад 12 жил ажиллаад нөхөр маань хотод ЗЗМС-д ажиллах болсон тул хот руу шилжиж ирсэн. Нөхрөө дагаад шууд шилжих юм бодтол бас орны хүнгүй гээд бараг жил үлдэж ажиллаад ирсэн.
Хотод эхлээд сувилагчаар тасгуудад ажиллаж байгаад үйлдвэрийн бага эмч болсон.
2012 оноос их засварын цонхны эмчийн томилолтод явдаг боллоо. Дарга намайг дуудаад “Нөхөр чинь ЗЗМС-д ажилладаг билүү. Нөхөр рүү нь томилолт өгнөө” гээд “Цонх”-ны эмчээр явуулах болов. Анх удаа явахдаа замын их засварын цонхон дээр очоод нөхөртэйгөө хамт байх юм бодон “За” л гэлээ. Ер нь, “За” гэхээс өөр үг мэддэг ч байсан юм уу, үгүй ч юм уу. Тэр үед бараг гурван сартай жирэмсэн байлаа. Их засварын цуваа Толгойтод байрлаж байсан. Тэнд цэвэрлэх байгууламжийн үнэр гэдэг жигтэйхэн. Хавар томилогдоод намар аравдугаар сард л их засвар дууссан санагдана. Тэгээд арваннэгдүгээр сард нь төрөхийн чөлөөгөө авах гээд дарга дээр ороход “Хүүеэ, чи жирэмсэн байсан юмуу. Тэгээд хэлэхгүй тийм хүнд хүчир ажил руу явчихдаг” гэж билээ. Цонхны үеэр тусламжийн цүнхээ үүрээд өдөржин замчдаа дагаад алхчихна. Их засварынхан чинь нэг хэсэг нь хуучин үеэ хуулна. Нэг хэсэг нь шинэ үеэ тавина. Үлдсэн хэсэг нь араас нь засварын ажлаа хийнэ. Хаана, хэзээ хэн дуудахыг мэдэхгүй болохоор станцаа чагнаад л зам дагаад л явна. Ер нь, замаас салахгүй шүү. Гурван жил их засварт явсан. Явуулах болгондоо манай дарга нар намайг “Нөхөр рүү нь томилолт өглөө” гэнэ. Яг үнэндээ их засварын хугацаанд нөхрийнхөө барааг харах завгүй байсаар ирдэг дээ. Манай хүн том техник бариад явчихдаг болохоор тулгуур өртөөдөд байрлана. Замчид болохоор аль хөдөлгөөн багатай жижиг өртөө, зөрлөг дээр байдаг. Салхитад ажиллаж байхдаа боолт, оёдол гээд юм юм хийгээд сурчихсан болохоор ажлын тухайд хүндрэл гарах нь гайгүй. Цонхон дээр ажиллахад их засварынхнаас гадна өртөө зөрлөгийнхөн маань эмч байгаа дээр үзүүлээд авъя гэцгээнэ. Ер нь, цонхны эмч гэдэг борви бохисхийх завгүй ажилтай байдаг юм билээ.
Эмч хүний хань гэдэг ихээхэн тэвчээртэй, бас ар амьдралдаа их нэмэртэй байхгүй бол болохгүй шүү. Хань минь эмч хүний ажлын онцлог, жаргал зовлонг сайн мэднэ.
САЙХАН ЦАГ УДАХГҮЙ ИРНЭ ДЭЭ
С.Хандмаа эмч одоо Улаанбаатар өртөөг хэс э глэлийн өртөө зөрлөгийн хамт, Зорчигч тээврийн төв, Улаанбаатар ТҮГ, Улаанбаатар худалдаа, манай үйлдвэр, сонин гээд төвийн долоон байгууллагын 1240 гаруй төмөр замчны эрүүл мэндийг хариуцан ажиллаж байгаа гэнэ. Арав гаруй жил ажиллаж байгаа болохоор тэр төмөр замчдаа, төмөр замчид түүнийг андахгүй. Дээр нь, төмөр замаар байнга явдаг зорчигчид хүртэл андахгүй.
Тэрбээр, “Би л энд удаж байна даа. Одоогоор найман ч их эмчтэй хамт ажилласан байна. Залуу эмч нар ирээд удалгүй дэвшээд явчихдаг.
Вокзал гэдэг чинь олон хөлийн газар. Одоо л энэ ковидоос болоод эл хульхан байна даа. Зорчигчийн галт тэрэг явж байхад Замын- Үүдийн галт тэрэг явах дөхүүлээд л хөл хөдөлгөөн нэмэгдчихнэ. Зарим настай хүн хүлээлгийн танхимд сууж байхдаа уйддаг юм уу, эсвэл сонирхдог юм уу, орж ирнэ. “Хүү минь даралт үзээд өг” гэнэ. Үзээд гаргахаар гараад энд үнэгүй даралт үзэж байна гэдэг шиг байгаа юм. Нэг мэдэхэд даралтаа үзүүлэхээр өвөө эмээ нар дугаарлачихсан байдагсан. Заримдаа ч би “Хүүеэ энэ чинь өрхийн эмнэлэг биш шүү дээ” гэнэ. Тэгэхээр галт тэргэнд ороод даралт нь хөдлөөд янз бүр болдог л гэнэ шүү дээ. Тэгж бужигнаад бүр дасчихаж дээ.
Галт тэргээр хүнд өвчтөн ирвэл тосож авна. Дараагийн шатлалын эмнэлгийнхэнд хүлээлгэж өгнө. Эсвэл эмнэлгээс гараад явж байгаа хүмүүсийг суудалд нь суулгаж өгнө. Вокзалын эмч нар бас ачаалал ихтэй.
Ковид-19 цар тахал дэгдснээс хойш шинжилгэ эний багт ажилласан. Одоо ч шинжилгээгээ авч байгаа. Нэг хэсэг өнгөрсөн өвөл, хавар төмөр замын байгууллагууд дээр халдвар голомтолж гарч байхад голомттой аж ахуйн нэгжид ажилласан. Манайхан маш өндөр зохион байгуулалттай ажиллаж байж голомтыг богино хугацаанд хумьсан. Одоо харьцангуй буурч байна шүү.
Халдварын тохиолдол өндөр байхад эерэг гарсан хүмүүстэйгээ утсаар холбогдож биеийн байдлыг нь асуугаад, ар гэрийнхнийх нь судалгааг авна. Шаардлагатай хүмүүсээ эмнэлэгт хэвтүүлнэ. Гэ р э э р эмчлүүлж байгаа хүмүүсийнхээ биеийн байдалд хяналт тавина. Харьяа дүүрэг, өрхийн эмнэлгүүдийнх нь утасны дугаарыг нь төмөр замчдадаа олж өгнө. Бас өөрөө өрхийн эмнэлгүүдтэй нь холбогдож хүмүүсээ, ар гэрийнхнийг нь захина. Өглөө мэдээгээ аваад л хүмүүстэйгээ ярьж эхэлнэ. Өдрийн ярьсан хүмүүсээ эргээд харахаар дөнгөж талтай нь ярьж амжсан байдагсан. Үнэхээр нэг хэсэг утасны хамааралтай ажилласан.
Маш амаргүй цаг үеийг бид хамтын хүчээр даван туулж байна. Сайхан цаг удахгүй ирнэ байх аа. Төмөр замчдадаа эрүүл энхийг л хүсье дээ. Эмч хүний хүсэл энэ шүү дээ” хэмээсэн түүний өөдрөг үгээр тэмдэглэлээ өндөрлөе.
Б.ГҮНЖИНЛХАМ