Амьсгалын замын халдварт салхин цэцэг өвчний нэлээд олон тохиолдол Төмөр замын эмнэлэгт бүртгэгджээ. Бага насны хүүхэд ихэвчилэн халдаврладаг энэ өвчний талаар Төв эмнэлгийн Халдвартын их эмч Г.Хишигдэлгэрийн зөвлөгөөг уншигчиддаа хүргэе.
-Салхинцэцэг өвчин нь херпес вирусээр үүсгэгдэж арьсан дээр цэврүүт тууралтат хам шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин юм. Манай улсын хувьд жил бүрийн 12 дугаар сарын сүүлээс тавдугаар сарын сүүлч хүртэл өвчлөл нэмэгдэж, зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл буурах зүй тогтол ажиглагддаг. Сүүлийн үед улсын хэмжээнд салхин цэцэгийн өвчлөл нэмэгдэж ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй хүний тоо нэмэгдэж байна. Голдуу бага насны хүүхдэд халдварладаг, 90 хувь нь 13 хүртэлх насны хүүхэд, 10 хувь нь 13 - аас дээш насны хүмүүст тохиолддог. Халдварын үед өндөр халуурах, толгой өвдөх, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдэг нь тууралт гарахаас өмнө илэрнэ. Эдгээр шинж тэмдгүүд нь 1-2 хоног үргэлжилдэг. Хүнд, хөнгөний зэрэг нь тухайн өвчилсөн хүүхдийн дархлаанаас шалтгаалж янз бүр. Гэхдээ, хүндрэлээс сэргийлэхийн тулд эмчид хандах хэрэгтэй.
- Эцэг эхчүүд хөнгөн хэлбэрийн салхин цэцгийг гэрээр дур мэдэн эмчилдэг тал бий?
- Халдвар авсан бол хөл хорионы дэглэм мөрдөх ёстой. Салхин цэцэг нь халдварлалт өндөр, хүнээс хүнд агаар дусал болон халдвар авсан хүмүүсийн цэврүү хүрсэн эд зүйлсээр дамжин шууд бус замаар халдварлана. Салхинцэцэгийн халдварын нууц үе 14-21 хоног байдаг тул энэ хугацаанд хөл хорионы дэглэмийг гүйцэд сахиж, гадагш халдвар тараахгүй болсон үед нь сургууль цэцэрлэгт явуулахыг зөвлөж байна. Хэрэв жирэмсэн эмэгтэй салхинцэцэгийн халдвараар халдварлавал ургийн гаж хөгжил үүсэх цаашлаад нярайн эндэгдэлд хүрэх эрсдэлтэй. Зарим тохиолдолд бага насны хүүхэд ч эндэх хүртэл эрсдэл байдаг. Тийм учраас зайлшгүй эмнэлэгт хандан өөрт тохирох эмчилгээг эмчээс авах хэрэгтэй.
- Хүүхэд багадаа энэ өвчнөөр халдварласан бол цаашдаа хөнгөн хэлбэрээр өвчилдөг гэж ярьдаг ?
- Буруу ойлголт л доо. Энэ өвчний вирус хоёрдогчоор халдварлагдвал дархлаа сул өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, суурь өвчтэй хүмүүст бүслүүр херпес буюу монголоор могой яр өвчний шинжээр халдварлагддаг. Анги танхимд бөөнөөрөө голомтлон өвдвөл дархлаа суларч цаашлаад бактер буюу нянгийн халдварт томуу томуу төст өвчин, хатиг, менингит ч тусах аюулд хүргэдэг учраас өнгөцхөн хандаж болохгүй.