Вагон ашиглалтын депогийнхон жил бүр шилдэг үзэгчээ тодруулан “Алтан алх” гардуулдаг уламжлал тогтоод цөөнгүй жилийг үдэж байна. Өнгөрсөн жилийн “Алтан алх”-ны эзнээр Улаанбаатар Техник үзлэгийн газрын шурган үзэгч Нэргүйн Ганбаяр тодорсон юм. Түүний талаар Багахангай ТҮГ-ын дарга Д.Ганхуяг “Миний шавь үнэхээр ажилд зүтгэлтэй, маш хичээнгүй залуу даа. Даалгасан ажилд эзэн болж чаддаг. Итгэл алдана гэж ер үгүй. Анх ажилд ороод надтай багш шавийн гэрээ байгуулан гурван сар дагалдаж байлаа. Миний ээлжид нийт хоёр жил ажилласан. Аливаа ажилд өөрөө их мэрийлттэй болохоор залуугаараа “Алтан алх”-ны эзэн боллоо. Цаашид энэ шавиа олон ч амжилт, алдрын эзэн болно гэж хардаг. Би 2015 онд Замын мэргэжлийн аварга болоход танай сониноос ирээд ярилцлага авч байсан. Тэр үед Н.Ганбаяр ажилд ороод удаагүй, намайг дагалдаж байсан юм. Хамт зургаа даруулж, миний тухай ч яриа өгч байсныг та бүхэн санаж буй байх. Тэгтэл одоо өрөө ярилцлага өгөөд явж буй нь сайхан байна. Миний шавь нараас Б.Балжинням /Вагон ашиглалтын депогийн зааварлагч инженер/ бүр хоёр ч удаа “Алтан алх” гардсан шүү дээ. Цаашид шавь Б.Сэргэлэн, Д.Бат-Өлзий нар маань ч амжилт гаргаж, та бид хоёр дахин уулзана гэдэгт итгэлтэй байна” хэмээн шавиа тодорхойлж, бас бусад шавиараа ч бахархаад авлаа. Н.Ганбаярыг ярилцлага өгөхөөр редакцын хаалгаар орж ирэхэд нь “Сургуулиа төгсөөд удаагүй байрын хүүхэд байна даа” гэж бодсоноо нуух юун. Тэгсэн их даруухан шинжтэй, нам дуугаар нухацтай, няхуур ярих энэ залуу төмөр замд ажилд ороод хэдийнээ найман жил болжээ. Гэвч Ганбаяр өөрийгөө “Би төмөр замчин болоод удаагүй ээ, шинэ хүн” гэх. Өөр салбарт бол найман жил гэдэг нь бараг хуучиндаа орно. Төмөр замд л бүгд тэтгэвэрт гартлаа ажилладаг болохоор арван жил болсон ч “шинэков” хэвээрээ л байдаг болохоор тэр биз. Харин төмөр замын байгууллага оны шилдгээ шалгаруулахдаа нас, ажилласан жилийг харгалздаггүй нь сайхан. Тийм ч учраас Н.Ганбаяр ийм залуугаараа олон зуун вагон үзэгчдээсээ ажил мэргэжил, чадвараараа шалгаран энэхүү шагналыг гардаад зогсохгүй “Замын мэргэжлийн аварга” болох болзлоо хангасан юм. Тэрээр, “Миний гаргасан амжилт багш болон хамт олонтой минь нягт холбоотой. Багшийг маань Д.Ганхуяг гэдэг. Анх багш шавийн гэрээ байгуулснаар ажлынх нь арга барилд суралцаж эхэлсэн. Хүнд их өгөөжтэй хүн дээ. Өөрөө Замын аварга. Миний номын ах /өөрийнх нь өмнөх шавь Б.Бажинням/ ч хоёр удаа алх гардсан чадварлаг хүн бий. Мөн Б.Батбаатар болон бусад ах нараасаа ч олон зүйлийг суралцсан” гэв. Тэрбээр, өнгөрсөн онд авто угсрааны, шингээх аппаратын гэхчлэн хүний нүдэнд ил харагдахгүй далд ноцтой болон ил гэмтэл олныг илрүүлэн Улаанбаатар ТҮГ-аас шалгарч, Замын хэмжээний ТҮГ-ын шилдгүүдтэй өрсөлдсөн байна. Тодруулбал, шалгарсан арван ажилтнаас ур чадварын, онолын мэдлэгийн, бие дааж ажиллах чадварын гэхчлэн шалгалт авч, дараа нь тэдний нүдийг боон авто угсрааны таван механизмыг задлуулж, угсруулсан байна. Ингээд нийлбэр дүнгээрээ Н.Ганбаяр шалгарч “Алтан алх”-ны эзэн болжээ. “Би анх удаагаа шалгарч оролцсон. Маш өрсөлдөөнтэй болдог юм билээ” гээд даруухан хэр нь өөрөөрөө битүүхэн бахархсан аястай өгүүлэх аж. Сүүлийн жилүүдэд вагонууд нэлээд шинэчлэгдэж байна. Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн хийх засварын ажил ч сайжирсан болохоор далд ноцтой гэмтэл илрэх нь жил ирэх тусам багассаар байгааг вагончид хэлдэг. Харин хүйтний эрч чангарсан үед вагоны эд ангиудын бат бөх чанар нь буурдаг учраас гэмтэх магадлал өндөрсдөг. Мөн салбар зам эзэмшигч, ачаа ачиж буй байгууллагуудтай хамааралтай гэмтлүүд ч гарах нь бий. Энэ бүхнийг вагончид хурдан шуурхай илрүүлэн, ГТХАБ-ыг ханган ажилласаар байна. Н.Ганбаярыг хамт олон нь “Вагоныг их няхуур үздэг” гэх нь бий. Энэ тухайгаа “Маш сайн үзэж байж л бид гэмтлийг илрүүлнэ. Хэрэв өнгөцхөн үзвэл гэмтлээ олохгүй, тэр нь хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй шүү дээ. Ер нь, манайхан бүгд л их няхуур үзэж, эвдэрсэн эд ангийг шуурхай сольдог. Вагоны төгсгөлийн кран, таслах кран, агаар хуваарилагчийн гол хоолойн ерөнхий хэсэг зэрэг эд ангийн нөөц дуусах тохиолдол их гардаг. Өвлийн улиралд эдгээр эд анги гэмтэх магадлал өндөр. Тиймээс эдгээр эд ангийг хангалттай нөөцөлмөөр санагддаг юм. Даанч санхүү мөнгөтэй холбоотой ихээр нөөцөлж чаддаггүй юм шиг билээ” хэмээн сэтгэл зовнино.
Н.Ганбаяр Дархан хотын хүүхэд ажээ. Дунд сургуулиа төрөлх хотдоо дүүргээд байтал авга ах нь “Чи төмөр замын мэргэжил эзэмшсэн нь дээр. Тэр дундаа вагоны мэргэжил зүгээр шүү” гэж санал болгосон байна. Ах нь эхнэртэйгээ Салхитын Үе угсрах баазад ажилладаг аж. Тиймээс зөвлөснөөр нь Төмөр замын дээд сургуулийн вагоны техникчийн ангид хоёр жил суралцан 2014 онд төгссөн байна. Тэр дариудаа мэргэжлээрээ бус, Үе угсрах баазад түр замчнаар тухайн оныхоо арванхоёрдугаар сар хүртэл ажилласан гэнэ. Энэ тухайгаа “Замчин байхдаа их засварын цонхонд явж үзсэн. Нар халахаас өмнө гээд үүрээр 04.00 цагт л ажилдаа гарна. Маш хол газар алхацгаана, ажил нь ч их хүнд юм билээ. Тэгээд 2015 оноос Улаанбаатар ТҮГ-т дагалдан үзэгчээр орсон. Өвөө, эмээгийнх Салхитад байдаг болохоор галт тэргэнд суугаад л ирж очдог байснаас вагончид яг юу хийдгийг нь мэддэггүй байлаа. Тэгээд ажиллаад үзтэл их сонирхолтой байсан. Вагон үзэгчдийн ажил ч хүнд. Ялангуяа, шурган үзэгч нар үргэлж л вагон доогуур хөлдүү газар дээр мөлхөж, хүйтэн төмөртэй харьцдаг. Нормын өмд нимгэдэж хайрна. Хүрэм нь ч ханцуй дотроо нэхийгүй болохоор газар тохойлдохоор дааруулдаг. Тиймээс бид өвдөг, тохойгоо давхар дулаалдаг юм. Мөн ажлаас өвдгөвч өгдөг. Өмнө нь, хүрмийн ханцуй болон өмд нэхий дотортой байсан гэдэг. Гутал ч харахад дулаахан юм шиг хэр нь их дааруулна. Өвлийн хүйтэнд бидэнд эсгий гутал тавьж өгдөг л дөө. Тэр нь өмсөхөд дулаахан ч хөдөлгөөн хязгаарлаад, вагон доогуур шургаж үзэхэд түүртдэг юм. Энэ талд Худалдан авалт, борлуулалтын албаныхан сайн анхаармаар санагддаг. Улаанбаатарт галт тэрэгний тоо их. Өдрийн ээлжид таван галт тэрэг орж ирлээ гэхэд явах нь зургаагаас дээш байх жишээтэй. Ер нь, өдөр шөнөдөө нийлээд 25-аас дээш галт тэрэг тогтмол явдаг. Урт бүрэлдэхүүнтэй олон галт тэрэг ирсэн үед шөнөжин завсаргүй үзлэг, засвар хийх тохиолдол ч гарна” хэмээн ажлынхаа хүндрэл бэрхшээлийн талаар ярилаа. Үнэхээр ч вагон үзэгчдийн ажил амаргүй. Үе мөч, нуруу, бөөрний өвчлөлтэй болсон гэх олон хүнтэй ярилцсанаа санаж байна. Н.Ганбаяр ч залуу хүн гэлтгүй бөөр, нуруу нь өвдөж өнгөрсөн жил эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээ хэлсэн юм. Түүнээс “Цаашид мэргэжлээ дээшлүүлэн инженерээр суралцах уу” гэвэл “Суралцах бодол бий. Гэхдээ техникч гээд одоохондоо мэдэхгүй, чадахгүй зүйл тулгарах нь гайгүй л байна. Залуучуудын олонх нь инженер хүн дарга болох ёстой гээд өөртөө бүрэн итгүүлчихдэг юм шиг байна. Ажлыг багаас нь хийж үзсэн хүн л удирдах түвшинд очихоороо тухайн ажлын байрны онцлог, зовлон жаргалыг мэднэ, зөв ч шаардлага тавина шүү дээ. Тэгэхгүй шууд л дарга болох гээд байгаа үеийнхнээ харах онцгүй л санагддаг. Сургуульд онол болон эд ангийн ерөнхий бүтцийг л заадаг. Харин ажил дээр ирэхээрээ илүү нарийн суралцдаг юм билээ. Миний хувьд өөрийн ТҮГ-ын удирдлага, хамт олноос гадна албаны ахлах байцаагч А.Пүрэвбаатар болон Вагон ашиглалтын депогийн удирдлага, инженерүүдээс ч үргэлж суралцсаар байна. Ер нь, төмөр замын аль ч мэргэжлийг сонгосон хүн мэргэжилдээ эзэн болоод яваасай гэж боддог. Манай төмөр замчид их хамт олонч. Зүтгүүрчид, вагончид, замчид, хөдөлгөөнчид, холбоочид, эрчим хүчнийхэн, ачаа вагон хүлээлцэгч, нийгмийн салбарынхан гээд бүгд нэг л зорилгын төлөө явж, нэг ажлыг тал бүрээс нь элбэж хийдэг шүү дээ. Гэтэл анх төмөр замд ажилд орсон, онцлогийг нь сайн ойлгоогүй зарим нэг залуус “Манай мэргэжлийнхэн л ажил хийхгүй бол бүгд зогсоно. Манайх л гол нь, чинийх юу юм” гэх хандлага гаргадаг. Харин хэсэг хугацаанд ажиллаад ирэхээрээ бие биеэсээ хамааралтай байж галт тэрэг саадгүй явдгийг ойлгодог” хэмээн ярилаа. Тэрээр, өнгөрсөн жилээс шинэ залуустай багш шавийн гэрээ байгуулж, Э.Идэрбат, н.Болорбат гэх хоёр шавьтай болсон байна. “Ажилд орохынхоо өмнөхөн ханьтайгаа танилцаж, төмөр замд ажилласнаар амьдрал минь дээшилсээр л байна. Хань маань хувийн дээд сургуульд багшилдаг Э.Одончимэг гэх бүсгүй бий. Бид нэг хүүхэдтэй, одоо дөрвөн настай. Манайх өнгөрсөн жил шинэ байранд орсон. Төмөр замдаа үнэнчээр ажиллаж, буян хишгийг нь насаараа л хүртэнэ гэж боддог доо” гэх энэ эгэл даруухан залуу Д.Ганхуяг багшийнхаа хэлснээр цаашид олон амжилт гаргаж, сэтгүүлч бид ч дахин дахин уулзах биз ээ.
М.НАРАНБОЛД