Олон улсын санхүүгийн донор байгууллагууд байнга сануулж, зөвлөдөг сэдвийн нэг нь Төв банкны хараат бус байдал. Сүүлийн жилүүдэд эл асуудал байнга хөндөгдөх болов. Нэг үгээр бол Монголбанкны бие даасан байдал алдагдах, улстөрчдийн үгээр хөдлөх хандлага нэмэгдэж байна. Төв банк бол Засгийн газрын яам, хэрэгжүүлэгч агентлаг, Хөгжлийн банк, тусгай сан биш. Бие даасан бодлого хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Гэвч сүүлийн үед Төв банк Засгийн газрын кассын машин болох гээд байгааг Дэлхийн банк, ОУВС, Азийн хөгжлийн банк болон дотоодын судлаачид төр засагт анхааруулж, зөвлөмж өгсөн байдаг. Тэд толгой дохих авч эс үйлдэх.Саяхан “Шаардлагатай бол бодлогын хүүг дахиад нэм”, “Монголбанк бодлогын хүүгээ яаралтай өсгөх хэрэгтэй" гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар  мэдэгдэж байх юм. Түүний энэ үйлдэл нь Төв банкны хараат бус байдалд улстөрчид хэрхэн халдаж байгааг харуулах хамгийн ойрын жишээ. Төв банк нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах, хадгалах, хамгаалах бие даасан хуультай, Засгийн газраас үл хамаарах зохицуулалттай. Гэтэл Засгийн газрын нэг сайд нь Төв банкийг мөнгөний бодлогын хүүгээ өсгөж, бууруулахыг үүрэгддэг болов. Засгийн газрын сайд шууд болон шууд бус байдлаар Төв банкныхаа хараат бус байдалд нь үг, үйлдлээрээ халдаж эхэллээ. Монголбанк  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, дуртай үедээ дуудаж ирээд загнадаг сайдын дэргэдэх газар, хэлтэс мэт болох нь. Сайдын эрхлэх чиг үүрэг тодорхой, хамрах хүрээ нь ч хэмжээ хязгаартай. Бүхний сайд мэт бүгдийг захирах хүслээ барьж дийлэх хүмүүс их байна аа. Төв банкны тухай хууль гэж бий. Хуулийн дээгүүр алхсан сайд, дарга хууль зөрчиж байгаагаа мэддэг болов уу. Төв банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлд Монголбанк, Засгийн харилцааг заасан. Үүнд “Монголбанк Засгийн газраас хараат бус байна” гэж цагаан дээр хараар бичсэн. Үүнийг нь хууль тогтоох дээд байгуулага УИХ баталж, дагаж мөрдөх хэм хэмжээ болгосон. Харамсалтай нь, Засгийн газар, Монголбанкны хараат бус байдалд хамгийн ихээр “дайсагнав”. Дайсагнах хэрээр өөрсдийн “хөзөр”-өө болгов. Төв банкны тухай хуульд “Монголбанкны Ерөнхийлөгч Монголбанк болон банкны үйл ажиллагаатай холбогдох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхэд зөвлөх эрхтэй оролцож болно” гэжээ. Гэтэл өнөөдөр  энэхүү хуулийн утга учир, агуулга, мөн чанар нь алдагдсан. Засгийн газрын аясаар хөдлөх Төв банк, төв банктай Засгийн газар болж хувирлаа. Мөнгөний бодлого өрх бүрийн амьжиргаанд нөлөөлдөг. Аж ахуйн нэгж, арын хашааны Батаа хүртэл мөнгөний бодлогын үр нөлөөг амсдаг, мэдэрдэг. Төгрөг үнэгүйдэхэд улстөрчдийн оролцоо, эрх баригчдын нөлөө их. Тэдний үг, үйлдэл мөнгөний бодлого саармагжих, нөлөө хүч нь сулрах, үр дүн нь бүдгэрэхэд түүхэн үүрэг гүйцэтгэж байгаа. Төсөв хэмээх “жолоогүй хүсэл”-ээ мөнгөний бодлогоор дамжуулан гүйцэлдүүлэх гэж дийлэнх нь маргаашаа бус өнөөдрөө боддог. Сонгуулийн оноо цуглуулахын тулд улстөрчид төв банк, төрийн мөнгөний бодлогын ашиглахаас буцдаггүй. Тэтгэврийн зээл тэглүүлсэн, 10 их наядын хөтөлбөрийг санхүүжүүлсэн, зах зээлд хэт бага хүүтэй зээлүүд олгосон. Угтаа цөм төсвийн шинжтэй Засгийн газрын хийх ёстой ажил боловч Төв банк өр алдагдлаа зузаатгаж, төгрөгөө үнэгүйдүүлэн байж эцэст нь эдийн засгийн талд бус эрх баригчдын эрх ашигт нийцүүлсэн. Монголбанк хараат бус үйл ажиллагаа явуулах, мөнгөний бодлогын бие даан тодорхойлох эрхтэй. Ийм эрх зүйн хамгаалалт, эрх, үүргийг хуулийн хүрээнд олгосон. Улстөрчдийн үг, үйлдлээр бус өөрсдийн эдийн засгийн тооцоо судалгаанд үндэслэн бодлогын хүүг өөрчлөх дархан эрх нь зөвхөн Монголбанкны Ерөнхийлөгч, Мөнгөний бодлогын зөвлөлийн гарт л байдаг. Түүнээс Засгийн газрын сайд, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга зааж, зөвлөх, шууд үүрэгдэх эрх байхгүй. Хийх ажил, гаргах шийдвэрт нь хөндлөнгөөс нөлөөлөх ч ёсгүй. Хэрэв тэгж байвал энэ нь хууль зөрчсөн үйлдэл хийгээд зогсохгүй Төв банкны хууль хэрэгжиж чадахгүй байна гэсэн үг. Хэдий УИХ-аас Төв банкны Ерөнхийлөгчийг томилдог боловч ямар шийдвэр гаргах, хэрхэн ажиллах эсэхийг нь заадаггүй. Заах ч арга байхгүй. УИХ-ын дарга ч хутгалдаад байдаггүй. Сонгуулийн дөрвөн жилд ирж, буцдаг хүмүүсийн үгээр Төв банк удирдуулж, үйл ажиллагаагаа байнга заалгаад байвал Засгийн газрын ивээлд багтаж, хуульдаа өөрчлөлт оруулах хэмжээний ухрах сонголттой нүүр тулна. Мөнгөний бодлогыг улстөрчид “тодорхойлох” тусам л жам ёсны бус зах зээл эвдсэн бодлого хэрэгжинэ.

 

 

Эх сурвалж: itoim.mn