Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин, тээврийн зөвлөх инженер Р.Раш өөрийн нүүр хуудсаараа дамжуулан төмөр замын талаарх санал бодол,  ажлын туршлага болон зөвлөмжүүдийг байнга оруулдаг. Түүний тээвэр зохион байгуулалтын албаны талаарх байр сууриа илэрхийлсэн нийтлэлийг уншигч танд хүргэе. 

       

      1990-ээд онд ганзагын наймаачдын ачаалал Төмөр замын Зорчигч тээврийн салбарыг дарж байлаа. Орлого ч овоо оруулж байсан. Зорчигчид Замын-Үүд өртөөний гадаах талбай дээр гахайгаа дэрлэх нь дэрлэж, сандайлах нь сандайлж суудлын галт тэргийг хүлээж, сууцгаадаг байв. Замын-Үүдийн Вокзалын кассан дээр овооролдож бараг хөл тавих зайгүй бужигнадаг байж билээ. Депутатын танхимаа хүртэл чөлөөлж, хүлээлгийн заал болгож байв.

Жинчин зочид буудал, Зорчигч Үйлчилгээний Төв, Тээшний агуулах зэргийг тэнд шинээр барьж ашиглалтанд оруулж, Вокзалын пёрон, ар өврийн зам талбайг засч өөрчилсөн нь зорчин явагсдын тав тухыг хангах, үйлчилгээг хөнгөн шуурхай болгоход багагүй түлхэц болсон юмдаг. Улаанбаатарт ч мөн Билет худалдаалах төв, нүхэн гарц, тээшийн агуулах зэрэг бусад ажлууд хийгдсэн санагдана. Бусад өртөөдөд ч мөн адил иймэрхүү. Зорчигчийн вагоны засвар үйлчилгээ сайжирч, өнгө зүс, үйлчилгээний соёл ч дагаад дээрдсэн. Зорчигч тээврийн албыг Тээврийн зохион байгуулалтын  албанаас салгаж, зохион байгуулсан нь дээрх ажлуудыг дагнан хөөцөлдөж, үр дүнд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Энэ тал дээр Японы төмөр замын үйлчилгээний ажлын загвар, Польш болоод Оросын төмөр замууд дээр энэ чиглэлээр хийгдэж байсан ажлуудыг үлгэрлэж авч байсан талууд ч бий.

Яг иймэрхүү өнцгөөс харахад Д буюу Тээвэр зохион байгуулалтын албаны бүтцэд гар хүрч, ачаа коммерийн үйлчилгээг хөдөлгөөнөөс нь салгах нь зүйтэй гэсэн бодол толгойд эргэлдээд байх боллоо. Гэхдээ энэ бол зөвхөн миний санал шүү дээ. Яаж шийдэх нь шийдвэр гаргагчдын асуудал. Өнөөдөр Ачаа тээврийн ажил нь Захиран хуваарилах хэлтсийнхээ ажилд дарагдаад байна. Өөрөөр хэлбэл манай төмөр замын ачаа тээврийн үйлчилгээ захиран тушаах арга руу хэтэрхий хэлбийгээд байгаа мэт санагдах юм. Гэхдээ салах юм нь салж, нэгдмэл байх ёстой юм нь байж л таарна шүү дээ. Сайн судлах л хэрэгтэй юм. Энд Оросын ЦФТО буюу Тээвэр Үйлчилгээний Фирмийн Төвийн ажлын жишгийг гүнзгий судалж харах нь хэрэгтэй гэж бодож байна. Тийм фирмийн костюм, тийм фирмийн гутал гэж ярьдаг шүү дээ. Хятадын төмөр замд ч мөн нэгэн адил иймэрхүү жишиг бий. Үүнийг Эрээн өртөөний үйлчилгээнээс харж болно. Өнгөрсөн ойрхоны түүхээс сөхвөл 1963 онд АБТЭМА буюу Ачиж Буулгах Ангийг байгуулсан. Энэ нь хаалганаас хаалганд хүртэл үйлчилгээг үзүүлэх зорилготой. Манайд 1991 онд Туушин компани, зэрэгцэж Монголтранс байгуулагдсан юм. 1993 онд Монголтранс компани төмөр замаас зайгаа барих болсны улмаас мөн онд Төмөр замын харъяанд Тээвэр зуучийн төвийг байгуулсан билээ. Энэ нь төмөр замын ачаа тээврийн гадаад зах зээлийн ажлыг боловсронгуй болгоход чухал алхам болсон юм. Өнөөдөр ч сайн ажиллаж байгаа.

Эд бүгдээс болон төмөр замын ачаа тээврийн үйлчилгээний ажлын өнөөгийн түвшин зарим үйл явдлаас харахад биеэ даасан алба байх нь илүү зохимжтой гэж бодож байна. Үүнийг дотоод гадаадын Төмөр замын их дээд сургуулиудын мэргэжлийн тэнхимүүдийн төрөлжилт бүтцүүдээс төсөөлөхөд ч иймэрхүү дүр зурагтай байдаг.

Дашрамд тэмдэглэж хэлэхэд өнөөдөр МТЗ компани болон ТТТЗ цаашид ямар бүтцээр ажиллахаа бодож, боловсруулж байгаа. Энд ч гэсэн дээрх байдлыг давхар судалж үзэхэд гэмгүй гэж зөвлөж байна. . Дахиад хэлэхэд энэ бол төмөр замын мэргэжилтэн миний далайд дусал нэмэр гэсэн өчүүхэн санал юм шүү.

Р.РАШ /ТЭЭВРИЙН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР/