Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш нүүр номдоо төмөр замчид, залууст хэрэг болохуйц санаа оноогоо хуваалцдаг. Түүний бичсэн нэгэн бичвэрийг та бүхэндээ толилуулж байна.

 

ӨНӨӨДӨР ТЭЭВЭР ЛОЖИСТИКИЙН АСУУДАЛ ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН БОДЛОГЫН АНХААРЛЫН ТӨВД БАЙНА.

 

Манай улсад энэ хавар улс төрийн том сонгууль болно. Энэ чухал үйл явдал. Бид чинь жижиг ард түмэн болоод ч тэрүү сүрхий улс төрждөг хүмүүс шүү дээ. Сайн тал бий л байх, бас сөрөг тал ч байдаг. Нам бүлгийн эрх ашиг гэж байлгүй л яахав. Парламентат төртэй манай улсын хувьд улс төрийн намуудын үүрэг роль тун чухал юм. Гэхдээ нам бүлгийн эрх ашгийг улсын эрх ашгаас дээгүүр тавьж, хэрхэвч болохгүй л дээ. 

Тээвэр ложистикийн асуудал бидний хувьд ямар чухал юм бэ гэдэг нь короногийн үед л харагдсан шүү дээ. Тяньжин, Эрээн, Замын-Үүдийн боомтууд манай улс руу ирэх ачаагаар хахаж байлаа. Ер нь тээвэр ложистик гэдэг чинь дэлхийн анхаарлын чухал хэсэг болж байх шиг байна. Хуурай зам, усан зам, агаарын зам гээд л том гүрнүүдийн цэрэг дайны сонирхол ч үүн дээр л үндэслэгдэж байх шиг. Манай улсын Засгийн газар Боомтын сэргэлт, Сэргээн босголтын бодлого гээд сайхан бичиг баримтууд гаргаж байна аа. Гэхдээ яг тэр бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд мэргэжлийн ажил хэрэгч хүн онцгой хэрэгтэй юм. Манайд Л. Халтараас эхлээд тээвэр ложистикийн салбарт гаршсан нөхдүүд цөөнгүй бий. Нөхөр Л. Халтар бол тээвэр ложистикийн чиглэлээр Шинжлэх ухааны докторын зэргийг ОХУ-ын Санкт-Петербург хотын Зам Харилцааны Их сургууль дээр өндөр үнэлгээтэй хамгаалсан манай хуруу дарам том мэргэжилтний нэг яах аргагүй мөн. За тэгээд А.Батболд, Л. Энхболд, Б.Сарангэрэл, Л.Дээдэнцэцэг гээд ачаа коммерийн ажил мэргэжлээрээ ажил нь гарт нь орсон хүмүүс бий. Мөн Иргэний нисэх, Авто тээврийн байгууллагуудын тээвэр ложистикийн чиглэлээр амжилт олж байгаа мэргэжилтнүүд цөөнгүй.

1963 онд тэр үеийн манай шилдэг коммерсантууд Ш. Намхайнямбуу агсан, Л. Бямбаа агсан, Л. Дорж нар голчлон санаачилж, ачааг “хаалганаас хаалга”-нд богино хугацаанд бүрэн бүтэн хүргэж өгөх девиз дор одоогийн Гурвалжин буюу АБТЭМА-г байгуулсан юм. Мөндөл гэдэг даргатай, мөрөө харахгүй сахиултай, мөлхөө хоёр трактортай ийм байгууллага бий болж байлаа гэж талийгаач Д. Мандаа дарга надад хошигнон хуучилж байж билээ.

"Туушин" компаний захирал Н.Зоригт санаачилж, Баян зөрлөгийн орчимд чингэлгийн том терминал барихаар төлөвлөн ажиллаж байгааг дэмжин сайшааж байна. Үнэхээр бид олигтой терминал, ачиж буулгах зам талбай краны аж ахуй байхгүй гацаж байна. Тэр жил Япончууд өгөөмөр сэтгэл гаргаж, тусламжийн гараа сунган Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийг байгуулж өгсөн нь Монгол Улс зах зээлд амжилттай шилжихэд том хандив болсныг бид байнга санаж байх учиртай. Боловсон хүчин бүхнийг шийддэг гэж Дэлхийн хэмжээний нэртэй нэгэн хэлсэн байдаг. Намууд улс төрийн сонгуульд нэр дэвшигчээ олон түмнийхээ санаа бодолд жинхэнээрээ тулгуурлан судалж, зоож байгаа энэ үед “төрийн төлөө оготно боож үхнэ” гэгчээр намын гишүүний хувьд саналаа хэлж байна.

 

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ ТЭЭВЭРЧИН Р. РАШ