Саяхан Төмөр замын хэмжээнд хэрэгжиж байгаа Менежментийн нэгдсэн тогтолцооны хэрэгжилтийг дүгнэх зөвлөгөөн болж Техникийн бодлого, стандаричиллын албаны дарга С.Мөнх-Алдар илтгэл тавьж хэлэлцүүлэн Замын дарга Х.Хэрлэн оролцож баяр хүргэж, үг хэллээ. Зөвлөгөөн маш ажил хэрэгч болсон гэж бодож байна. Хэлэлцүүлгийн явцад С.Мөнх-Алдар болон Хүний нөөцийн албаны дарга С.Цэвээндорж нарын зэрэг нөхөд сонирхолтой мэдээлэл хийж, ажил хэрэгч саналуудыг нийтэд тавьж байгааг ашгүй дээ гэж бодож суулаа.

Төмөр замын хэмжээнд 2023 оныг Менежментийн нэгдсэн тогтолцоог баталгаажуулах жил болгон зарласан билээ. Энэ ажлыг хэрэгжүүлж ажил болгох талаар багагүй зүйлүүд байгууллагуудаар зохион байгуулагдаж хийгдлээ. Юуны өмнө С.Мөнх-Алдар, Ш.Ариунбаяр, Ө.Энх-Амгалан, Х.Алмагул, Ө.Сайнзаяа, Г.Дашням нарын зэрэг манай залуучууд Удирдлага менежментийн тогтолцоог хүмүүст тайлбарлаж махчлан ойлгуулах талаар онцгой хичээл зүтгэл гаргасныг тэмдэглэмээр байна. Улсын Стандартчилал Хэмжилзүйн газраас Төмөр зам дээр хийгдэж байгаа эл ажлыг үзэж танилцан өндрөөр үнэлсэн байна. Явж явж стандарт гэдэг чинь чанар юм шүү дээ. Түүнийг баримтлан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг бидний хамгийн гол зорилго юм даа. Бидний хувьд гол зүйл маань Зорчигч болоод ачаа тээврийн үйлчилгээ юм. Бас мэргэжлийн байгууллагаар хөндлөнгийн аудит хийлгэсэн юм байна. Үүнд Зам Тээврийн Хөгжлийн Яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудит эрхэлдэг газраас оролцсон. Манай зарим байгууллагууд тэдгээрийн тасаг цехүүдийн үйл ажиллагаатай танилцаж, дээрх чиглэлээр зохиож байгаа ажлыг үнэлэн Замын 2-р анги, Улаанбаатар татах хэсэг, Вокзал, Ганзам ресторан зэрэг байгууллагуудад батламж гэрчилгээ олгож тасаг цех, инженер техникийн ажилтнуудыг Замын захиргаанаас урамшуулан шагналаа. Төмөр замыг зах зээлийн залуу байгууллага MCS-ын ажилтай зүйрлэн ярьж байсан нь чихэнд аятайхан сонсогдож байв.

2022 оныг Менежментийн нэгдсэн тогтолцооны жил болгоё гэдэг саналыг анх Замын орлогч дарга Ш.Нямсүрэн санаачилж байсныг санаж байна. Тэр үед миний бие дотоод нөөц бололцоогоо ашиглах, арвилан хэмнэлтийн жил болгоё гэсэн бодолтой байж билээ. Гэвч миний энэ бодол Менежментийн нэгдсэн тогтолцоо гэдэг ойлголтын дотор орсон юм. 2022 оны хавар Замын дарга Х.Хэрлэн удирдах ажилтны зөвлөгөөнийг өвөрмөц хэлбэр, агуулгаар зохион байгуулсан нь дээрх “аян” замын хэмжээнд “хазаар ташуур” болох аятайхан эхлэл нь болсон юмдаг.

2023 он гарахад Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлнэ гэдэг нь нэг жилийн дотор амжих ажил биш юм байна гэдэг нь ойлгогдож, 2023 оныг дээрх аяныг баталгаажуулах жил болгож сунгасан юм.

Эргээд харахад тээврийн хэмжээ эрс нэмэгдэж, бүтээн байгуулалтын ажлууд ч муугүй хийгдэн, замчдын цалин хөлс 1 хүнд дунджаар 230 орчим мянган төгрөгөөр өсөв. Шагнал урамшлын систем эрс шинэчлэгдэж, энэ нь замчдын сэтгэлд нийцэж байгаа бололтой. Хүн чинь урмаар тэжээгддэг л амьтан шүү дээ.

Манай Төмөр зам ирэх онд 75 жилийнхээ ойг тэмдэглэнэ. “Хүний хууч дээлийн шинэ” гэж улсын хэмжээнд үлгэр жишээ болохуйц зүйл их бий. Үнэ цэнийг нь мөнгөөр илэрхийлэх арга байхгүй. Төмөр зам чинь босоо тогтолцоотой байгууллага, графикт үйлдвэрлэл юм. Доктор Д.Цэрэнжавын хэлснээр дэлхийн төмөр замуудад үйл ажиллагааны хэвтээ тогтолцоог их сонирхож байна гэж хэлснийг бид анхааралдаа авч гадны шинжээчийн энэ үгийг судлах ёстой гэж ойлгож байна. Манайд ч 1987-2004 оны хооронд ямар нэгэн хэмжээгээр хэрэгжиж байсан юм шүү дээ. Шалдан тал дээр цэцэг ургадаггүй гэдгийг бид ойлгож байх ёстой. Бүх юм 1990 оноос хойш эхэлсэн юм шиг ярьцгаах юм. Монгол улс 1950, 1960, 1970, 1980 гэсэн 40 жилд эрчимтэй хөгжсөн юм шүү.

Байгууллагуудын биеэ даасан байдал тун чамлалттай байгаа тухай миний бие нэг биш удаа хэлж байснаа санаж байна. Бодоход дотоод нөөц бололцоог илрүүлж ашиглана гэдэг энэ л ухагдахуунаас эхлэх ёстой гэж мунхагланам. Ойрын ирээдүйд 3-н депогоо тордож, замын ангийн засварын газраа бэхжүүлэх, Төв засварын газраа ойрын болоод дунд, бүр алсын хараатайгаар бодож төлөвлөн аль болохоор бусдын гар харахгүй амьдрах хэрэгтэй байна. Бидэнд ийм боломж бий. Мэдлэг оюунтай инженерүүд ч төрж гарч ирж байна. Тэднийхээ санаа бодлыг дэмжиж хөгжүүлье. Ерөнхий инженер С.П.Старцев, С.Цэвээндорж, Ш.Ариунбаяр нарын зэрэг нөхөд инноваци гэж их яриад байгаа юм. Тэр маш зүйтэй.