-Төр засгийн хүндтэй шагнал "Алтангадас" одонгоор энгэрээ мялаалаа. Шагнал авах агшинд өөрийн нутаг, аав ээж эрхгүй бодогддог байхаа?

- Төр мялааж байхад өөрийн үнэтэй бүхэндээ л түрүүлж баярлана шүү дээ. Аав, ээж минь байсан бол “Миний хүү ажил хөдөлмөрөө чин сэтгэлээсээ хийсэн болохоор энэ хүндтэй шагналыг хүртлээ" гэх байсан даа гэж юуны түрүүнд бодогдсон. Би Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд таван хүүхэдтэй айлын дунд хүү болж төрсөн. Манай сум аймгийн төвөөсөө урагш 100 гаруй км-ийн зайтай, хур тунадас бага унадаг говийн сум. Энэ нутагт бага нас маань хөдөөний хүүхдийн л адил өнгөрсөн дөө. 1966 онд буюу намайг таван нас хүрдэг жил манайх хот руу шилжин ирж, одоогийн 25 дугаар эмийн сангийн хажуугийн байранд орсон. Манай байр гурван давхар, тухайн үедээ төмөр замын хамгийн өндөр байшин нь байв. Хотод ирээд аав, ээж хоёр маань тэр үеийн нэршлээр Суудлын вагон депод ажиллаж эхэлснээр би ч төмөр замын тосгоны хүүхэд болсон доо. Аав Н.Вандандорж мужаан, ээж В.Базармаа маань вагоны үйлчлэгчээр тус бүр 30 гаруй жил ажилласан. Манай аав гарын дүйтэй, уран сийлбэрч хүн байлаа. Аав, ээж маань бид тавыг багад бурхан болж, ээжийн маань дүү биднийг авч өсгөсөн юм. Хэдий төрүүлээгүй ч эцэг, эхийн хайр халамжаар огт дутаалгүй өсгөж хүмүүжүүлсэн "бурхан" шиг хүмүүс. Удам залгасан төмөр замчин болсны минь утга учир, бахархал энэ шагнал маань юм даа. Одоогийн "Ган зам пресс" төв буюу төмөр замын Хэвлэх үйлдвэрийн үе үеийн хамт олны маань хүч хөдөлмөр ийнхүү тэнгэрийн одны нэрээр энгэрт минь гялалзлаа гэж баярлаж байгаа.

-Төмөр замын тосгонд өссөн хүүхэд бүхэн төмөр замчин болохсон гэж мөрөөддөг байх шүү?

- Хүүхэд байхдаа аав ээжийнхээ ажил дээр очно. Нүүрс зөөлцөнө, ойр зуурын ажилд нь тусална. Гэвч төмөр замчин болъё гэсэн бодол төрөөгүй л юм. Харин цэргээс халагдаж ирээд 1985 оны долдугаар сарын 2-нд төмөр замын хэвлэх үйлдвэрт ажилд орох завшаан тохиолдож, цайр зурагчнаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Одоо 38 жилийн хойно эргээд харахад хувь заяаны азтай тохиолоор ажилсаг, элэгсэг энэ хамт олныхоо дунд хөл тавьж дээ гэж талархаж явдаг. Ажилд ороод удалгүй гэр бүлтэй болсноос эхлээд хүний амьдралын жамаар олон сайхан дурсамжит үйл явдлууд тохиолдож, амьдралын намтар минь зузаарсаар байна. Анх Хэвлэх үйлдвэрт ирэхэд манай даргаар Л.Лувсан гуай ажиллаж байсан. Тэр үеийн хашир туршлагатай Л.Чойш, Б.Төрбат, Л.Должинсүрэн, Д.Ичинхорлоо, Д.Хандсүрэн нарын сайхан хүмүүс надад тусалж, зааж сургасан. Манайхан өдөрт 15-20 мянган хэвлэлийн даралтат хуудас гаргана гэж төлөвлөж ажилладаг байлаа. Өдрийн төлөвлөгөөг аль болох давуулан биелүүлэхийн төлөө л чармайна. Анхны цалингаа аваад яаран ээждээ хүргэж өгсөн маань саяхан мэт санагдаж байна. Удалгүй ээждээ үйтэн хуараар дээл хийлгүүлж өгтөл "Хүүгийн минь ажил хөдөлмөрийн үр шим" гээд их баярласан. Эцэг, эхийн ачийг хариулсан хүн гэж энэ хорвоод байхгүй. Харин сэтгэл санааг нь зовоохгүй, ажил хөдөлмөртөө эзэн болж явбал бага ч гэсэн баярлуулж байгаа хэрэг гэж боддог доо.

- Монголын хэвлэлийн технологийн хөгжлийн хоёр үеийг дамнан та ажиллаж байна. Таныг анх ажилд орох үед манай үйлдвэр өндөр хэвлэлийн технологитой. Өөрөөр хэлбэл, гар ажиллагаа ихтэй байсан байх?

-Тиймээ, хэвлэлийн машин өндөр хэвлэлийнх байлаа. Удалгүй офсет хэвлэлд шилжсэн юм. Би Чехийн "Рамаёор-13" маркийн нэг өнгийн жижиг машин дээр ажиллаж эхэлсэн. Техник технологи хөгжихийн хэрээр дөрвөн өнгийн машин дээр ажиллах болсон доо. Хэвлэгчээс гадна цайр зурагчин, хэвлэгч, эх бэлтгэгч гээд олон ажил хийсэн. Энэ хугацаанд эхлээд өөрөө хүний шавь байсан бол ажилдаа дадаж туршлагажаад ирэх үедээ багш болсон. Хэвлэгч Ж. Алтанбаатар гэж сайн шавь минь байсан даа. Мэргэжилдээ дуртай, хичээнгүйгээс гадна сэтгэл сайтай хүн байсныг нь энд дурсахгүй өнгөрч болохгүй. Отгон шавь гэвэл одоо монтажчин Ө.Долгорсүрэн байна. Өөрийн мэддэг, чаддагаа хойч үеийнхэндээ хэлж зааж өгье л гэж хичээдэг. Ж.Алтанбаатар бид хоёр ажил дээрээ багш, шавь, амьдрал дээр найзууд болсон доо. Нэлээд хэдэн жилийн өмнө би Ж.Алтанбаатартаа нутгаа үзүүлэх гээд Өвөрхангай руу ногоон "Бенз"-тэй гараад давхилаа. Гэтэл замдаа төөрч, дээр нь машин эвдрээд хээр хонов. Гэгээ ороход ойр орчмоо хартал айлаас зуугаадхан метрийн зайтай эргэж тойроод хоносон байж билээ. Айлын бараа харсан бид хоёр ч бөөн баяр. Ингээд л тэр хавийн айлуудад хонож өнжин машинаа засаад цааш хөдөлсөн маань сэтгэлд тодхон үлджээ.

-Таны гэргий төмөр замчин хүн. Галт тэрэгний үйлчлэгч бүсгүйчүүд таныг эхнэрээ ээлжтэй үед халуун савтай хоол, цай барьж ирээд биднийг дайлдаг гэж ярьж байсан санагдаж байна?

-Гэргийг маань Ш.Эрдэнэчимэг гэдэг. Ээжийнхээ ажилд туслаад явж байхдаа том алаг нүдтэй, нүд хөмсөг болсон, хонгоо давсан урт гэзэгтэй хөөрхөн охиныг олж харсан. Залуу ч байж дээ. Манай хүн Ховд аймгаас нагац эгчийгээ дагаж хотод ирж, аравдугаар ангиа Улаанбаатарт төгсөөд вагоны мэргэжлээр сурч, үйлчлэгч болоод байхад нь танилцсан хэрэг. Бид үерхэж гүйсээр 1988 онд Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийж, гэр бүл болсон доо. Ирэх жил гэр бүл болсны маань 35 жилийн ой болох юм байна шүү. Аав ээж маань хүүгийнхээ хуримыг хийж өгсөн. Тухайн үед Гэрлэх ёслолын ордонд ороход мянгаад төгрөгийн ханштай байсан санагдана. Манай хүн мэргэжлээрээ 31 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Галт тэрэгний үйлчлэгчийн ажил амаргүй. Хань минь хүү бид хоёрынхоо төлөө бүхнээ зориулсан хүн дээ. Манайх нэг хүүтэй. Хүү Б.Шинэбаяр маань УДЭТ-т жүжигчин.

-Таны хүү Б.Шинэбаярыг танихгүй хүн ховор байхаа. Хүү тань манай сонинд өгсөн ярилцлагадаа "Аав" киноны дүрийг бүтээхдээ ааваараа л төсөөлөн бодож дүрээ амилуулсан тухайгаа ярьсан байдаг. Та өөрийгөө ямар аав гэж боддог вэ?

-Эхнэр ихэнхдээ олон улсын галт тэргэнд, Москва, Бээжин рүү явна. Хойшоо явлаа гэхэд 10 хоног ажиллаад бууна. Тэр хооронд аав хүү хоёр гэрээ сахина. Залуу ч байж, ажлаа ч хийнэ, ар гэрээ ч зохицуулна. Хүүтэйгээ хамт эхнэрээ вокзал дээр ирэхэд өглөө зургаан цагт ч хамаагүй хоол цай хийгээд хүлээж байдаг сан. Завтай үедээ хүүгээ машиндаа суулгаад явж өгнө дөө. "Аав" кинонд тоглоход нь бага насны тэр дурсамж нь бодогдсон байх. Ний нуугүй хэлэхэд, хүүгээ төмөр замчин болоосой гэж боддог байлаа. Гэвч "Би урлагийн хүн болно" гээд СУИС-д элсэлтийн шалгалт өгөөд орсон доо. Драмын театрын тайзнаа дэлхийн сонгодог "Ромео Жульетта" жүжигт Ромеогийн дүрийг бүтээсэн хүүгийнхээ тоглолтыг үзээд мэргэжлээ зөв сонгосон хүүгээрээ их бахархсан. Хүүгийнхээ жүжгийг үзээд сууж байхад дотроос нэг юм огшоод "Хэр баргийн хүн дэлхийн сонгодог жүжгийн гол дүрд тоглохгүй дээ" гэж бодогдсон. Ийм үед өөрийн эрхгүй самсаа шархирдаг юм билээ. Хүүг минь мэргэжлээрээ өсөн дэвжихэд тусалж дэмждэг багш, хамт олонд нь их баярлаж явдаг. Хоёр ачтай боллоо, тэднийгээ харахаар эхнэр бид хоёр "хүн биш" болно. Байдгаа л барина шүү дээ. Өөрөөс нь илүүгээр үр хүүхдэд нь "нугасгүй" болдог юм байна. Үр хүүхэд маань ажил үйлс нь амжилттай, тэгш сайхан яваа нь хүний амьдралын утга учир, баяр жаргал юм даа.

-1990-ээд онд нийгэм солигдох үед залуус ажлаасаа гараад наймаанд явцгаасан. Харин та нэг байгууллагадаа олон жил тогтвортой ажилласны нууц юу юм бол?

-Би 1989 онд хойшоо наймаанд явж үзсэн шүү. Ээлжийн амралтаа аваад эхнэрээ ажилтай үеийг тааруулаад явлаа. Купендээ нэг Оростой таарсан. Анх удаа гадаад явж байгаа маань тэр. Хил даваад л Оросын хотуудыг гайхаж биширсээр Москвад буусан. Метронд сууж үзээд өнөөх гайхшрал маань улам нэмэгдсэн. Цаашаа Чех орох маршруттай. Гэтэл тэндхийн айлууд хашаандаа алимны модтой. Гэрийнхээ үүднээс алим аваад идэхээр нь атаархаж байлаа шүү дээ. Тэр цагт Чехийн оёдол, гутлын үйлдвэрүүдэд Монгол хүмүүс ажилладаг байсан. Би эндээс арван савхин хүрэм, тэр тооны ор дэрний цагаан хэрэглэл аваачиж зарсан. Нэг савхин хүрмээр машин сольж байлаа гэвэл одоо хүмүүс итгэхгүй байх даа. Үнэхээр л нэг хүрмээр "Москвич" машинаа авсан юм. Чехээс авсан тэр машинаа 10 жил унасан. Тухайн үед манай үйлдвэрт надаас өөр машинтай хүн байгаагүй болохоор үйлдвэрийн бүх л ажилд "Москвич" маань дайчлагддаг байлаа. Ардчилал гарч зах зээлийн нийгэмд дөнгөж шилжээд байсан үе шүү дээ. Сонирхуулж ярихад, наймаа хийж ийн явахдаа Чехээс Польш руу гараад виски зарж үзсэн. Хүний биед хүрэхгүй гэх тэр улсын журмыг ашигласан ч гэх үү, далимдуулсан ч гэх үү өмднийхөө захаар виски битүү хавчуулаад хил гаргаад зарж байлаа. Ингэж анх наймаа хийгээд чамгүй ашигтай яваад ирсэн. Эргээд явсан ч болмоор санагдаж байлаа. Харин аав, ээж маань "Тогтсон ажил, хамт олноос илүү чухал зүйл байхгүй" гээд ахин явахыг зөвшөөрөөгүй. Би ч тэднийхээ үгнээс зөрөөгүй. Амралтаа дуусгаад ажилдаа орсон. Аав ээж маань ажил хөдөлмөрийн амтыг багаас минь мэдрүүлж, аливаад тууштай байхын утга учрыг ойлгуулсны ачаар би энэ байгууллагадаа өдий болтол ажиллаж, хөдөлмөрөө төр засагт үнэлүүллээ.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Амьдралд тань аз жаргалын дээдийг хүсэн ерөөе!

ЯРИЛЦСАН Б.ЗОЛЖАРГАЛ