Сайншанд зангилааны “Хараацай” цэцэрлэгийн эрхлэгч Р.Бадамхандтай ярилцлаа.
-Сайн байна уу. Та цэцэрлэгийнхээ үйл ажиллагааг танилцуулна уу?
-“Хараацай” цэцэрлэг 1956 онд орос эрхлэгч, таван ажилтантай байгуулагдаж байсан бол өнөөдөр найман бүлэг болж өргөжжээ. Агь-Сүмбэт, 35 дугаар зөрлөгт салбар бүлгээ нээн ажиллуулж байна. Нийт 240 хүүхэдтэй, сургалт хүмүүжлийн дөрвөн байртай. Төмөр замчдын хүүхдүүдийг хамруулахын дээр дөрөв, долдугаар багийн хамран сургах тойргийн 2-5 настай хүүхдүүд суралцдаг. Манай цэцэрлэг хүүхдийг Монгол ёсоор мэндэлж хүндлэх ёсыг зааж, зөв Монгол хүүхэд хөгжүүлэхээр хүүхдийн хөгжлийг цогцоор нь дэмжих нээлттэй өдөрлөгийг сар бүр зохион явуулдаг. Хүүхдийн танин мэдэх, нийгэмшүүлэх, бие бялдрын чадварыг дэмжих зорилгоор өнгөрсөн есдүгээр сард “Алтан намар” спорт өдөрлөгийг зохион явуулж, энэ сард “Мөнгөн өвөл” тайлант өдөрлөгтөө бэлтгэж байна. Харин ирэх нэгдүгээр сард “Өв соёлоо дээдэлье”, хоёрдугаар сард “Гарьд магнай”, гуравдугаар сард “Уран хавар” хөдөлгөөнт гимнастик гэхчлэн төлөвлөгөө гаргасан, тэр дагуу ажиллана. Ирэх дөрөвдүгээр сард улсын хэмжээний боловсролын үнэлгээнд багш хүүхдүүд бүгд хамрагдана. Тавдугаар сард “Хүүхэд бүхэн эрүүл байг” тайлант өдөрлөгөөр сурсан мэдсэнээ хүүхдүүд ээж аавдаа танилцуулна. Хүүхдийг хөгжүүлэх сургалтын ахицыг нээлттэйгээр тайлагнадаг.
-Сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
- Манайх дугуйлан хэлбэрээр нэмэлт үйл ажиллагааг явуулдаг. “Монголын оюун ухааны академи”-тай хамтарч хүүхдийн оньсон тоглоомын дугуйлан хичээллэж байна. Мөн гар зураг дуу хөгжмийн дугуйланг манай цэцэрлэгийн дуу хөгжмийн багш нэмэлтээр хичээллүүлж байна. Шатар, 3D баримлын урланг манай багш мэргэжлийн байгууллагуудтай хамтран хичээллүүлдэг. “Алтан намар”-аа аялал байдлаар зохион байгуулж, нийт найман бүлгийн 164 хүүхэд 96 эцэг эхийг хамруулсан. Аравдугаар сард хүүхдийн танин мэдэхүйн чадварыг хөгжүүлж, музейгээр аялуулах үндэсний өв уламжлалтайгаа холбоотой сургалтыг явуулсан. Өнгөрсөн сард бэлтгэл бүлгийн хүүхдүүдээ сургуульд нь бэлтгэх зорилгоор “Сургууль цэцэрлэгийн залгамж холбоо”-г хоёр үйл ажиллагаагаар төлөвлөсөн. Эхнийх нь өнгөрсөн сард, хоёрдах нь ирэх тавдугаар сард болно. Эхний сургалтаар сургуулийн бага ангийн багш нар маань цэцэрлэгийн багш нартай ажиллаж, хэрхэн амжилттай сургах талаар арга зүйн мэдлэг олгох талаар хичээл заасан. Харин ирэх тавдугаар сард хүүхдүүдээ сургууль шинэ орчин, багш анги танхимтай нь танилцуулна. Мөн ахлах бэлтгэлийн хүүхдүүдээ дөрөвдүгээр сард төмөр замаар аялуулж, ээж аавынх нь ажилтай танилцуулж, төмөр замчдын онцлогийг харуулсан аяллыг төлөвлөсөн. Эцэг эхийн оролцоог дэмжих зорилгоор “Бид хариуцлагатай аав ээж” сургалтыг ирэх дөрөвдүгээр сард хийнэ. Ер нь Хүүхдийн сектороос гаргасан хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаа болон багш нар ажлын байрандаа тасралтгүй хөгжих төлөвлөлтийн дагуу чөлөөт цагаараа багш нар Монгол бичигтэн болсон.
-“Хараацай” цэцэрлэгт тулгамдаж байгаа асуудал бий юу?
-Манай цэцэрлэг 2022 оны их засварын төлөвлөгөөнд орсон байсан. Замын даргын үзлэгийн комисс шалгаад их засварт орох зайлшгүй шаардлагатай гэж үзээд 1.9 тэрбум төгрөгийн барилгын өргөтгөл хийхээр болсон. Уг нь урд талын хоёр давхар барилгаасаа хойш өргөтгөл барихаар төлөвлөсөн. Замын дарга Х.Хэрлэн ирж шав тавих ёслол ч болсон. 2023 оны зун барилгын ажил эхэлчихсэн явж байгаад тендер авсан байгууллагын үл ойлголцлоос болсон уу хөрөнгө мөнгөнөөс болсон уу таг зогссон. Хараацай цэцэрлэгийн барилга маань анх Сайншандад замчдын тосгон байгуулахад л баригдсан эхний хэдэн барилгын нэг шүү дээ. Хүүхэд сурч хөгжүүлэх сургалтын таатай орчин орчин загвар стандартын шаардлага хангахгүй хэмээн акт тавигдаж, аль хэдийнээ нураах заалттай хуучны барилгыг улирал бүр урсгал засвар хийж өнөө хүрлээ. Цэцэрлэгийн өнгө үзэмж аюулгүй байдалд манай Хүүхдийн секторын дарга Л.Янжмаа болон эцэг эхийн төлөөлөл маш их дэм болж хамтран ажилладаг.Тиймээс бидний зүгээс тэдэндээ баярлалаа хэмээн урмын үг илгээмээр санагдлаа. Барилгын асуудал энэ намрын Замын дарга болон Замын ерөнхий инженерийн төлөвлөгөөт үзлэгээр ч яригдсан. Шийдэлд хүрнэ гэдэгт итгэж байгаа.
-Цэцэрлэгийн барилгаас өөр шийдвэл зохих асуудал байна уу?
-Цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын асуудал л шийдэгдчихвэл манай цэцэрлэгийн хувьд асуудал харьцангуй гайгүй. Ажиллах хүчин хангалттай, СӨБ-ын бакалавр магистрын зэрэгтэй мэргэжлийн чадварлаг багш нар ажиллаж байна. Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, дуу хөгжмийн багштайгаа есөн багш ажилладаг. Агь-Сүмбэтэд манай харьяа “Солонго” цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Ингээд нийт 29 ажилтантай.
-Шинэ барилга бариулах талаар орон нутгийн удирдлагад хандсан уу?
-Бид орон нутгийн удирдлагадаа хандаж төсөл бичиж өгсөн. Гэвч энэ жил Дорноговийн хэмжээнд шинээр барилга барих зөвшөөрлийг хумьсан юм байна. Манай тойргоос УИХ-д сонгогдсон Б.Дэлгэрсайхан гишүүнд мэдээллээр тасралтгүй ханган ажиллаж байна. Өөрийн биеэр дөрвөн удаагийн уулзалт хийсэн. Хүүхдийн төлөө хийж байгаа ажил бүтдэг дээ гэсэн сайхан бодол тээж, болно байхаа л гэж итгээд байгаа бид.
Ер нь, төмөр замын цэцэрлэг орон нутгийн хэмжээнд хувийн хэвшлийн цэцэрлэгийн статустай явдаг. Тэр утгаараа аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бусад улсын цэцэрлэгээсээ хязгаарлагдмал байдаг. Аймгийн хэмжээнд 33 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдгаас Сайншандад 14 цэцэрлэг байна. Эдгээр цэцэрлэгийн нэг нь төмөр замынх юм.
Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэг боловсролын гүйцэтгэлийн үнэлгээнд ордог болоод гурван жил болж байна. Төмөр замын цэцэрлэг улсын үнэлгээнд ордоггүй байсан. Харин энэ жилээс манайх үнэлгээнд ордог болсон. Ингэснээр бид аймагтаа индексээр гуравт үнэлэгдсэн. Энэ нь сургалт үйл ажиллагаагаар дээгүүрт үнэлэгдэх эрэмбэ юм. Энэ үнэлгээний ангилалд орно гэдэг нь багш нар маань ур чадвараа сорьж ажлаа үнэлүүлэхээс гадна урамшуулалд багтах зэрэг сайн нөлөө ихтэй. Байгууллагыг ч хамруулдаг. Улсын үнэлгээнд хамрагддаг болох асуудлыг манай Хүүхдийн секторын дарга маш сайн дэмжиж хөөцөлддөг. Хүүхдийн секторын хэмжээнд шилдэг арга зүйтэй биеийн тамирын багш ур чадварын уралдаанд манай багш нар амжилттай оролцсон. Бид сар бүр хийсэн ажлаа зургаар гарган эцэг эхчүүддээ тайлагнадаг. Бид одоо “Тэнгэрт дүүлсэн хараацай” тайлант өдөрлөгөө хийхээр бэлтгэж байна. Манайхаас зохион байгуулж байгаа ажилд багачуудын маань эцэг эх асран хамгаалагч нар маш харицлагатай сэтгэл дүүрэн оролцдогт талархаж явдаг.
-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.