Эрчим хүч, ус хангамжийн төвийн дарга П.Баяржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Саяхан эрчим хүчний салбарын өдөр тохиолоо. Монгол Улсад эрчим хүчний салбар үүссэн цагаас хойшхи түүхэнд УБТЗ-ын эрчим хүчний салбарынхан ямар үүрэг оролцоотой явж ирсэн түүхээс яриагаа эхлүүлэх үү?
-Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний түүхт 100, 101 жилийн ойг энэ жил тэмдэглэн өнгөрүүлсэн. Ардын Засгийн газрын 1921 оны долдугаар сард 18-ны хуралдаанаар Нийслэл хүрээний цахилгаан гэрлийн хороог гүйцэтгэн байгуулах тухай тогтоол гаргаж, 1922 оны хаврын эхэн сард Нийслэл хүрээний цахилгаан гэрлийн хороо болон Налайхын уурхайн дүрэм журам, төсөв төлөвлөгөө, орон тоог батлан удирдах шийдвэр гаргасан. Иймд 1922 оныг орчин цагийн Эрчим хүчний салбар үүссэн эхлэлийн он гэж үздэг. Анх 100 жилийн тэртээ гэрлийн цацрагийг механик эх үүсвэрээс гаргасан Эрчим хүчний салбар өдгөө Монгол Улсын 21 аймаг, 330 сумыг төвлөрсөн эрчим хүчинд холбоод байна. Улс орны их бүтээн байгуулалт хийгээд аж үйлдвэр, эдийн засаг, стратеги зэрэг хөгжлийн тулгуур салбаруудын эхлэлийг бичилцсэн дэд бүтцийн тэргүүлэгч салбар юм.
УБТЗ-ын эрчим хүчний аж ахуй бол Монгол Улсын ууган цахилгаан түгээх сүлжээнүүдийн нэг бөгөөд энэ жил 55 жилийн ой нь тохиож байгаа. Өнөөдрийн байдлаар улсын болон хувийн хэвшлийн маш олон цахилгаан түгээх сүлжээний компаниуд бий болсон. Эдгээр түгээх сүлжээний байгууллагууд дотроо манайх эрчим хүчний борлуулалтаараа тавдугаар байранд ордог томоохон цахилгаан түгээх сүлжээ юм. Эрчим хүчний салбартай уялдаа холбоогүй ажиллах боломжгүй л дээ. Хэдэн зүйлийг дурдаж хэлбэл нэгдүгээрт, эрчим хүчний бүх үйл ажиллагаа тусгай зөвшөөрөлтэй явагддаг. Үүнийг төрийн захиргааны төв байгууллага олгодог. Хоёрдугаарт, эрчим хүчний үнэ тарифыг төрөөс тогтоодог. Гуравдугаарт, цахилгаан дамжуулах болон түгээх компаниуд бие биеэсээ маш их хамааралтай ажилладаг нь нягт уялдаа холбоотой ажиллах шаардлагыг үүсгэдэг. Ийм ч учраас манай Эрчим хүч, ус хангамжийн төвийн хувьд эрчим хүчний салбарын хэмжээнд бүх түвшинд нягт уялдаа холбоотой ажилладаг.
-Өнөөдөр УБТЗ-ын эрчим хүчний салбар ямар хэмжээнд хүртэл хөгжиж байна вэ? Салбарынхаа хэтийн төлөвийг тодорхойлбол?
-Байгууллагын хөгжил гэхээр цогц ойлголт болох байх. Манай үйл ажиллагааны хувьд хоёр салбарын бодлогыг уялдуулж ажиллах зайлшгүй шаардлага бий. Учир нь, манайх төмөр замын тээврийн компани доторх эрчим хүчний байгууллага. Тэгэхээр төмөр замын салбарын хэтийн бодлого болон эрчим хүчний салбарын хэтийн бодлоготой нийцэж ажилладаг онцлогтой. Төмөр замын хэтийн төлөвийг төмөр замчид маань гадарлах болохоор Эрчим хүчний салбарын хэтийн төлөвийн талаар товч дурдая гэж бодож байна. Манай улсын Эрчим хүчний салбар олон улсын эрчим хүчний бодлого чиглэлийн дагуу ногоон эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүч рүү маш хурдацтай шилжиж байна. Мөн энэ салбар смарт буюу мэдээллийн технологийн салбартай маш сайн уялдаатай хөгжиж байна. Ийм учраас бид энэ хөгжлийн чиглэл рүү алхаж эхэлсэн. Өнгөрсөн жил 10кВт чадлын нарны цахилгаан үүсвэрийг Эрчим хүч, ус хангамжийн I ангийн Амгалан цахилгаан шугам сүлжээний хэсэгт туршилтаар суурилуулж, үр дүнг тооцож үзэж байна. Мөн Эрчим хүчний салбарын хэмжээнд ашигладаг цахилгаан эрчим хүчний борлуулалтын цогц системийг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүллээ. Ухаалаг тоолуурын системийг нэвтрүүлэх ажлын эхний үе шат нь дуусах дөхөж байна. Энэ хоёр системийг нэвтрүүлээд хооронд нь холбож ажиллуулах юм. Ингэснээр хэрэглэгчийн тоолуурын заалтыг зайнаас авах, өөрийн системийн хэмжээний хэмжилтийг нэгэн зэрэг хийх, зайн хяналтын системээр ашиглах зэрэг олон боломжууд бүрдэх юм.
-Ард иргэдийг цахилгааны тарифаас чөлөөлсөн үед эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж, гэмтэл саатал гарах нь ихэссэн шүү дээ. Энэ үеэр УБТЗ-ын эрчим хүчнийхэн хэрхэн ажилладаг вэ?
-Цар тахлын үед цахилгаан эрчим хүчний хэрэглээг тодорхой хэмжээгээр хэсэг хугацаанд төрөөс хариуцсан. Энэ үед ахуйн цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом ихэссэн. Үүнийг дагаад шугам сүлжээнд гэмтэл тасралт нэмэгдсэн боловч бид шуурхай ажиллаж тухай бүр шийдвэрлэж ажилласан.
-УБТЗ-ын эрчим хүчний салбар хүчин чадлынхаа хэдэн хувьд хүртэл ажиллаж байна вэ?
-Монгол Улсын эрчим хүчний систем бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Манай улс эрчим хүчний хэрэглээнийхээ 80 хувийг өөрсдийн цахилгаан станцуудаас хангаж, үлдсэн 20 хувийг импортоор ОХУ болон БНХАУ-аас өндөр үнэтэй худалдан авч байна. Эх үүсвэр талдаа чадлын дутагдалтай байхад цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ өргөтгөл хийгээд энэ асуудал шийдэгдэхгүй. Үүнийг энгийн жишээгээр тайлбарлавал, нэг сумын төвийн иргэд өдөрт 100 талх иддэг байж гэж бодъё. Гэтэл тухай сум нь өдөрт 80 талх үйлдвэрлэх хүчин чадалтай талхны цехтэй байж. Тэгэхээр энэ тохиолдолд талх зардаг дэлгүүрүүдийн хүчин чадлыг хичнээн нэмээд ч иргэдийг бүрэн талхаар хангаж чадахгүйтэй ижил юм.
-Цаашид ачааллаа даахгүйд хүрэх эрсдэл бий юу?
-Ийм бодит эрсдэл бол байгаа. Эрчим хүчний салбарын хувьд өнөө жил хамгийн хүнд өвөл байх болно гэж онцгойлон анхааруулаад байгаа. Энэ эрсдлийг салбарын хэмжээнд харж байгаа болохоор эрсдлийг удирдах, эрсдэл үүслээ гэхэд хамгийн бага хохиролтой даван туулах төлөвлөгөө гарган ажиллаж байна.
-Танай салбарын хэмжээнд техник технологийн шинэчлэл хэр хэмжээнд хийгдэж байна вэ? Хэрэгцээ шаардлага нь хэр өндөр байна вэ?
-Техник технологийн шинэчлэлийг мэдээж жил бүр тодорхой хэмжээнд хийж байгаа. Гэхдээ техник технологийг шинэчлэх хөрөнгө мөнгөний хэмжээ бага байгаагаас шалтгаалан уг ажлын явц удаашралтай байна. Шугам сүлжээний тоног төхөөрөмжийн насжилт өндөр, нийт шугам сүлжээний 65 орчим хувь нь хуучирч элэгдсэн байна. Энэ бүгдийг нь нэг доор шинэчлэнэ гэвэл маш их хөрөнгө шаардлагатай тул бид шугам сүлжээндээ техникийн эрсдлийн үнэлгээ хийж нэн тэргүүнд шинэчлэх шаардлагатай ажлаа тодорхойлсон. Манайд хамгийн их эрсдэл үүсгэж байгаа нь насжилт өндөртэй модон тулгуурууд байгаа. Иймд модон тулгуурыг төмөр бетон тулгуураар сольж шинэчлэх хөтөлбөр боловсруулсан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд УБТЗ өөрсдөө төмөр бетон тулгуурын үйлдвэртэй байвал бодит ажил хэрэг болох юм. Иймээс төмөр бетон тулгуурын үйлдвэрийг Барилга орон сууцны албыг түшиглэн байгуулахаар ажиллаж байна даа.
-Эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр төмөр замчид чамгүй амжилттай ажиллаж байгаа гэж сонссон?
- УБТЗ маань үүрэг хүлээсэн хэрэглэгчийнхээ хувьд “Хангалттай сайн” ажилласан гэдэг үнэлгээг өнгөрсөн жил Эрчим хүчний зохицуулах хорооноос авсан. Үүрэг хүлээсэн хэрэглэгч гэдгийг товч тайлбарлая. Манай улс 2015 онд Парисын хэлэлцээрт нэгдсэн 190 гаруй орны нэг болсон. Энэ хэлэлцээр, НҮБ-ийн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Конвенцын хэрэгжилтийг эрчимжүүлж хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг бий болгох, дэлхийн дулаарлын өөрчлөлтийг 1.5 хэмд хязгаарлах амлалт юм. Энэхүү хэлэлцээртэй холбоотой 2015 онд Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг баталсан. Уг хуулийн хүрээнд Эрчим хүчний зохицуулах хорооноос үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн тогтоол гаргасан. Жилд 2 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчнээс их хэрэглээтэй байгууллагууд цахилгаан эрчим хүчийг хэмнэх үүргийг хүлээн ажиллана гэсэн үг. УБТЗ-ын хувьд жилд ойролцоогоор 36 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэдэг болохоор үүрэг хүлээсэн хэрэглэгч болж байгаа юм.
-Мэргэшсэн боловсон хүчний хүрэлцээ хангамж ямар байна вэ?
-Мэргэжилтэй боловсон хүчний хүрэлцээ говийн бүсэд хангалтгүй. Энэ нь нийтлэг хүндрэл байх. Уг асуудлыг шийдвэрлэхэд “Говийн төмөр замчин” хөтөлбөр томоохон түлхэц өгсөн. Манай төвийн хэмжээнд дээд боловсролтой залуу ажилтнууд харьцангуй олон байгаа боловч тэднийг чадавхижуулах бэлтгэх ажил орхигдсныг анхааралдаа авч ажиллаж байгаа.
-Эрчим хүчний салбар эрсдэл өндөртэй салбар. ХАБЭА-д чиглэсэн ажил болоод үзүүлэлтийг дурдвал?
-Олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар аюулгүй байдал талаасаа хамгийн өндөр эрсдэлтэй салбар бол уул уурхай, дараа нь эрчим хүчний салбар ордог юм билээ. Иймээс манай төвийн хувьд ХАБЭА бол хамгийн чухал. Өнгөрсөн жил манай аж ахуй дээр харамсалтай үйлдвэрлэлийн осол гарсан. Уг осолтой холбоотой “Цоож пайзны систем”-ийг төвийн хэмжээндээ нэвтрүүлэн ажиллаж байна. Эрчим хүчний салбарт гардаг ослуудын дийлэнх нь ажилтан шугам сүлжээн дээр ажиллаж байхдаа андуурч хүчдэл залгаснаас үүсдэг. Цоож пайзны системийг ашигласнаар ажил гүйцэтгэх үед тухайн ажилд оролцогч бүх ажилтан хувийн цоожоор хүчдэл салгасан тоног төхөөрөмжийг цоожилж, ажил дуусмагц бүх ажилтан хувийн цоожоо авч байж хүчдэл залгах боломжтой болдог. Ингэснээр аюулгүй байдал бүрэн хангагдана гэж үзэж байгаа. Энэ системийг Оюутолгой, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Эрдэнэт үйлдвэр гэх зэрэг томоохон байгууллагууд үйл ажиллагаандаа ашигладаг.
-Танай төв эрчим хүчний хэрэглээнээс гадна төмөр зам дагасан усан хангамжийг бас хариуцдаг. Энэ тухайд тодруулбал?
-Манай төвийн хэмжээнд ус хангамжийн 117 гүний худаг, 80 км усны шугам, 15 усан сан бий. Говийн бүсэд зарим өртөө, зөрлөгт усны судал байдаггүй. Усны чанар ундны хэрэгцээнд нийцэхгүй байдагтай холбоотой. Сард хоёр удаа усны галт тэрэг аялуулж усан сангуудыг усаар зэхэж ажиллаж байна. Өнгөрсөн жил Усны зохицуулах зөвлөл болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран УБТЗ-ын хэмжээнд 88 үзүүлэлт бүхий усны нарийвчилсан судалгааг бүх уст цэгт хийсэн. Уг судалгааг үндэслэн усны чанар сайжруулах хөтөлбөр боловсруулан батлуулахаар ажиллаж байна. Хүний биеийн ихэнх хувь уснаас бүрддэг тул ундны усны чанар хүний эрүүл мэндэд хамгийн чухал нөлөөлдөг гэдэг. Иймээс нийгмийн хариуцлагын хүрээнд ундны усны чанарыг сайжруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа.
-Ялангуяа, Улаанбаатар хотын хэмжээнд цэвэр усны нөөц хомсдолд орох эрсдэл ойрхон байгааг мэргэжилтнүүд анхааруулдаг. Энэ талаар?
-Мэргэжлийн байгууллагын тооцоогоор Улаанбаатар хотын ундны цэвэр усны нөөц 2030 гэхэд дуусна гэдэг судалгаа гарсан. Үүнтэй холбоотой ард иргэдийг соён гэгээрүүлэх зорилгоор “Усаа ХАЙРЛАЯ” нийгэмд нөлөөлөх аян өрнөж байгааг та бүхэн маань анзаарсан байх.
-Цэвэр усны хомсдлын эсрэг бидний хийж чадах зүйл юу байна вэ?
-Дэлхийн гадаргын 71 хувийг ус эзэлдэгч, гэвч үүнээс ердөө 2.5 хувь нь цэвэр ундны ус байдаг. Одоогоор дэлхий дээр 7.7 тэрбум гаран хүн амьдарч байгаа, 2050 он гэхэд 9.8 тэрбум хүн амтай болно гэсэн тооцоолол бий. Хүн амын өсөлттэй холбоотой цэвэр усны хэрэглээ одоогийнхоос 30 орчим хувиар нэмэгдэнэ гэсэн үг. Иймээс цэвэр усаа ариг гамтай, зүй зохистой хэрэглэх нь яг одоо хүн бүрийн хийж чадах зүйл. Байгалийн шавхагдах нөөц болох чандмань эрдэнэ болсон цэвэр усаа хайрлан хамгаалж хойч үедээ үлдээе гэж уриалмаар байна.
-Бусад орны төмөр зам эрчим хүч, ус хангамжийн асуудлаа хэрхэн зохицуулдаг вэ?
-Манайх төмөр замаа цахилгаанжуулж, цахилгаан галт тэрэгтэй болох ёстой гэж үздэг. Үүнийг хэрэгжүүлэхэд мэдээж олон асуудал байгаа. Хамгийн том асуудал нь эрчим хүчний системийн хүчин чадлын дутагдал юм. Япон улсад төмөр зам нь өөрөө цахилгаан станцуудтай байдаг. Ирэх сард Японы зүүн төмөр замтай танилцахаар явах үедээ очиж үзэхээр төлөвлөж байгаа. Ирээд илүү тодорхой мэдээлэл өгч болох юм.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
Б.Дэлгэрхишиг