Эрчим хүч, ус хангамжийн төвийн дарга П.Баяржаргалаас дараах тодруулгыг авлаа.

 

- Өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн биелэгдсэн үү?

 

- Өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу бүрэн хангагдсан. Гэхдээ Монгол Улсын эрчим хүчний системийн хувьд энэ жил хамгийн хүндхэн өвөл болно гэж мэдэгдээд байгаа. Учир нь, манай улс цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 81 хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэн 19 хувийг ОХУ болон БНХАУ-аас өндөр үнэтэй импортын цахилгаан эрчим хүчийг худалдан авдаг. Энэ нь өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангаж чадахгүй байдалд хүрсэн тул оргил ачааллын үед Диспетчерийн үндэсний төвөөс ачаалал чөлөөлөх зорилгоор түр хугацааны хязгаарлалтуудыг хийх замаар өвлийн их ачааллыг давахаар ажиллаж байна.

 

- Замын хэмжээнд эрчим хүчний найдвартай үйл ажиллагааг хэрхэн хангаж байна вэ?

 

- Манай төвийн зүгээс төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангахын тулд технологийн нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчдээ салгуулахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байгаа.

 

- Төмөр замын хэмжээнд ундны ус хангамж, аюулгүй байдал ямар байна вэ?

 

- Ундны усны чанарын асуудал бол хүний эрүүл мэндтэй шууд холбоотой маш чухал асуудал шүү. НҮБ-ын 2015 оны дээд чуулганаар хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг батлагдсаны 6-д “Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах” зорилт тавигдсан. Монгол Улс 2020 онд “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогодоо уг зорилтыг тусгасан. УБТЗ-ын хувьд Усны зохицуулах зөвлөл болон ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтран 2021 оны арваннэгдүгээр сарын 10-наас 2022 оны хоёрдугаар сарын 10-ны хооронд замын хэмжээнд нийт 181 уст цэгийг 88 үзүүлэлт бүхий нарийвчилсан шинжилгээнд хамруулж дүгнэлт зөвлөмж бүхий судалгааны тайлантай болсон. Уг судалгааг үндэслэн “Ундны усны чанар сайжруулах хөтөлбөр”-ийг Замын даргын 2023 оны есдүгээр сарын 29-ний өдрийн А/847 тоот тушаалаар батлуулан хэрэгжилтийг хангуулан ажиллаж эхлээд байна.

 

- Амгалан дахь сэргээгдэх эрчим хүчний үйл ажиллагаа хэр явагдаж байна вэ, үр дүн гарсан уу?

 

- Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард туршилтын байдлаар 10кВт чадал бүхий нарны цахилгаан үүсгүүрийг Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангийнхаа Амгалан цахилгаан шугам сүлжээний хэсэгт суурилуулан ажиллуулж байна. Хагас жилээр үр дүнг нь авч үзсэн. Одоо арванхоёрдугаар сард бүтэн жилээр үр дүнг нь дахин авч үзэж эцсийн байдлаар Замын удирдлагад танилцуулахаар төлөвлөн ажиллаж байна. Хэрэв энэ туршилтын бага чадлын нарны үүсгүүр маань үр дүнтэй тооцоолол гарвал бид том чадлын нарны цахилгаан станцыг барих санаатай байгаа. Ингэвэл УБТЗ цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ тодорхой хувийг өөрсдөө ногоон эрчим хүчээр үйлдвэрлэж хангах боломжтой болно. Энэ нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 7-д заагдсан “Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх” гэсэн зорилтыг хэрэгжүүлэхээс гадна байгууллагад санхүүгийн бодит хэмнэлтийг бий болгох юм.

 

- Эрчим хүчний шинэ тариф хэзээ үйлчилж эхлэх вэ?

 

- Эрчим хүчний маш олон тариф мөрдөгдөж байдаг. Зарим нь зохицуулалтын маягтай богино хугацааны тариф, зарим нь урт хугацааны гэж ойлгож болно. Айл өрхийн буюу ахуйн хэрэглэгчийн тарифыг харьцангуй тогтвортой урт хугацаанд мөрдөж байна.  Нэгэнт эрчим хүчний тариф ярьж эхэлсэн чинь нэг зүйл хэлмээр санагдлаа. Манай улсын эрчим хүчний тариф нь олон улсын дундаж тарифаас 2-3 дахин бага байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бид маш хямдхан эрчим хүчийг хэрэглэдэг гэсэн үг. Нөгөө талаас нь авч үзвэл эрчим хүчний байгууллагуудад хүнд нөхцөл байдал. Өөрөөр хэлбэл, төмөр замчид бид алдагдалтай тарифаар тээвэр хийгээд байсантай адил юм.

 

-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.