УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн төвийн дарга П.Баяржаргалтай хийсэн ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна.

 

- Төмөр замын эрчим хүчинд ямар онцлогууд байдаг вэ?

 

-Төмөр зам өөрөө нэгдүгээр зэргийн хэрэглэгч. Нэгдүгээр зэргийн хэрэглэгч бол хоёр эх үүсвэрээр тэжээгдсэн хоорондоо хамааралгүй хоёр талын тэжээлтэй байх ёстой. Уул нь хоёр талын эх үүсвэр гэдэг нь хоёр өөр цахилгаан станцаас тэжээгдэх ёстой гэсэн санаа байгаа юм. Манайд харамсалтай нь ийм боломж байхгүй. Тэгэхдээ хоёр өөр дамжуулах шугамаас тэжээх байдлаар шийдээд явж байгаа. Ялангуяа хойд талын бүс нутгуудад шугам сүлжээ нь хоёр өөр шугам сүлжээнээс тэжээгдээд явдаг. Говийн бүсэд тэгэх боломж хязгаарлагдмал. Эрчим хүчний системээс нэг л шугам татсан өнөөдрийг хүртэл тийм байдалтай байна. Говийн бүсийн олон өртөө зөрлөгүүд нэг талын тэжээлтэй үндсэн тэжээл нь тасалдангуут генератор нь ажилладаг. Ийм онцлогтой учраас Сайншандад гэхэд том дизель генератор суурилуулсан. Энэ нь Сайншандын төмөр замын орчмоо хангах хэмжээний л гэсэн үг. Замын-Үүдэд гэхэд Эрээнээс импортоор эрчим хүч худалдаж авах жишээтэй. Ийм онцлогууд байна.

 

-Шугамнууд хэр найдвартай ажиллагаатай вэ? Аж ахуйн нэгж, иргэд шугамын доор зөвшөөрөлгүй газар авахаас эхлээд  хүндрэл бэрхшээл хэр их байдаг вэ?

 

-Энэ бол бидэнд тулгамдаж байгаа асуудал. Шугам сүлжээний доор айлууд, байгууллагууд хашаа барьж газар авах асуудал нэлээд байгаа. Ялангуяа, Улаанбаатар хотын хоёр талын захаар шугам сүлжээний доогуур газар авсан айл өрх, албан байгууллага цөөнгүй байна. Эрчим хүчний тухай хуульд шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг зааж өгсөн байдаг. Үүнийг үндэслээд шугам сүлжээний зурвасаа хамгаалахаар тухайн газруудыг чөлөөлөхөөр айл өрх, албан байгууллагуудад мэдэгдэх хуудас өгөөд зарим газрын зөвшөөрөл гэрчилгээг цуцлуулах хүртэл ажлыг Нийслэлийн болон дүүргийн газрын албатай хамтраад хийж байна. Гэхдээ харамсалтай нь өргөн хүрээг хамарсан үр дүнтэй ажил болж чадахгүй байна.

 

-Энэ асуудал юун дээр гацаад байдаг вэ?

 

-Шугам сүлжээний хамгаалалтын зурвасаа баталгаажуулаагүй явж ирсэн. Бид кадастрын компаниар трассын зураглалаа  хийлгэж дуусаад байна. Энэ кадастрын зураглалаа нийслэл болон  орон нутгийн газрын албадад өгсөн боловч  тэр бүр баталгаажуулалт хийж өгөхгүй байгаа. Бид баталгаажуулах талаар сүүлийн хэдэн жил хөөцөлдөж байна. Зарим газрыг баталгаажуулах гэхээр өмчлөлийн давхцал үүсээд байдаг. Үүнийг шийдэх тал дээр нийслэл, дүүрэг, орон нутагтай ажиллаж байгаа.

 

-Уг нь шугамаа шинэчлэмээр байдаг. Гэтэл дээр дурсанчлан хамгаалалтын зурвасын газар чөлөөлөлт гээд хэцүү л байгаа юм байна даа?

 

- Тийм ээ, шугамаа шинэчлэх ажил бидэнд нэн тулгамдаж байгаа асуудал. Манайд нийтдээ 2300 км өндөр хүчдлийн агаарын шугам байдгийн 65 хувийнх нь насжилт дууссан. Үүнийг нэг дор засаж шинэчлэнэ гэвэл маш их хөрөнгө мөнгө шаардлагатай. Жил болгон их засварын төлөвлөгөөний дагуу бага багаар засаад явж байна. Гэхдээ энэ нь хангалтгүй байгаа. Бид үүн дээр өөр арга хэмжээ авахаар ажиллаж байна. Манай Барилга орон сууцны албаны харьяа Барилга засвар, ашиглалт үйлчилгээний ангид Бетон эдлэхүүний цех гэж байдаг. Энэ цехэд бетон тулгуур үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж аваад бетон тулгуур үйлдвэрлэхэд жилдээ таван мянган бетон тулгуур үйлдвэрлэх боломжтой. Ингэснээр өөрсдийнхөө засвар үйлчилгээг зах зээлийн үнээс хямдаар хийх боломж бүрдэх юм.  Барилга орон сууцны албатай хамтраад Замын техник эдийн засгийн зөвлөлөөр бетон тулгуур үйлдвэрлэх тооцоо судалгааг оруулж, шийдвэрлүүлсэн. Өнгөрсөн жил тоног төхөөрөмж авахаар тендер зарласан боловч тендер нь амжилтгүй болоод энэ жил хөрөнгө мөнгөний шалтгаантайгаар бетон тулгуур үйлдвэрлэх тоног төхөөрөмж авах ажил шийдэгдээгүй байна. Ийм учраас одоо бид зах зээлээс өндөр үнээр бетон тулгуур авч байгаа. Бетон тулгуурын үнэ өнлөр байхаас гадна олдоц муу байна. Бодит байдал дээр бидний засвар үйлчилгээний ажил маань элэгдлийн хэмжээнээсээ давж чадахгүй байгаа. Энэ нь бидний засаж байгаа хэмжээнээс илүү шугам сүлжээ элэгдээд байгаа гэсэн үг. Манай агаарын шугамын 90 гаруй хувь нь модон тулгууртай. Модоор шон хийхийг аль эрт хориглосонтой холбоотой агаарын шугамд модон шон ашиглахад хүндрэлтэй болсон. Тэгэхээр бетон тулгуураар хийхээс өөр арга байхгүй. УБТЗ-д Бетон эдэлхүүний цех байгаа учраас түүнийгээ түшиглээд тоног төхөөрөмж аваад бетон тулгуураа үйлдвэрлэх бол өөрсдийн хэрэгцээгээ хангахаас гадна зах зээлд борлуулах эрэлт хэрэгцээ ч их байгаа.

 

-Ус хангамжийн хувьд хэчнээн худаг, шугам хоолой байдаг вэ?

 

- Ус өөрөө хүний анхдагч хэрэглээ. Тийм ч учраас төмөр замын хамгийн анхны аж ахуйнуудын нэг нь Ус хангамжийн аж ахуй юм. Эрчим хүч ус хангамжийн төвийн хувьд цахилгаан эрчим хүчнээсээ түрүүлээд ус хангамжийн аж ахуй нь байгуулагдсан онцлогтой. Түүх ярихад төмөр замд паравоз аялдаг байх үед бүх өртөө зөрлөгүүдэд уурын илчит тэргийг усаар зэхэх аж ахуйнуудыг хамгийн анх байгуулсан. Сүүлд нь уурын илчит тэргийг дизель хөдөлгүүртэй илчит тэргээр солисон. Үүнтэй холбоотойгоор бүх өртөө зөрлөгүүдэд дохиолол холбоо, барилга байгууламжууд нэмэгдэж, суурьшлын төвүүд бий болсоноор цахилгаан эрчим хүчний аж ахуй байгуулагдаж хөгжсөн түүхтэй.

Усны аж ахуйн хувьд төмөр зам дагасан өртөө зөрлөгүүдээ усаар хангадаг нийт 180 гаруй худаг, 70 гаруй км усны шугам байна. Зүүнхараа зангилаа буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумыг бараг бүхэлд нь хангаж байна, Улаан-Уул зангилаа буюу Дорноговь аймгийн Эрдэнэ сумын усны хэрэглээг манайх усаар бүрэн хангаж байна. Жижиг өртөө зөрлөгүүд өөрийн гэсэн усны эх үүсвэр, шугам сүлжээгээрээ тухайн суурингаа усаар хангаж байна.

Манайд анх ширмэн шугам байсан. Дараа нь ган шугам болгон шинэчилсэн. Одоо хуванцар шугам ашиглаад явж байна. Одоо энэ гурван шугам гурвуулаа л ашиглагдаж байна. Ган шугам болон ширмэн шугамуудын насжилтын хугацаа бүхэлдээ дууссан. Түүнийг үе шаттайгаар хуванцар шугамаар солиод явж байна. Ус хангамжийн хувьд сүүлийн жилүүдэд усны эрүүл ахуй, чанарын асуудлыг хөндөж байгаа.

 “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд усны эрүүл ахуй чанарын асуудал, говийн бүсэд байгаа усгүй өртөө зөрлөгийн асуудлыг шийдвэрлэх зорилт тавьсан. Газар ухсан ч ус гардаггүй, газрын гүний усгүй, ус гарсан ч ундны усны шаардлага хангахгүй,  байгалийн газар зүйн онцлогоос шалтгаалаад тэмээ мал ч уухын аргагүй маш өндөр хатуулаг эрдэсжилт ихтэй шорвог устай газрууд ч байна. Дорноговь аймгийн Айраг сумаас Замын-Үүд хүртэлх усгүй өртөө зөрлөгүүдэд усны галт тэргээр зөөврөөр усан санг зэхэх ажлыг сард хоёр удаа хийдэг.

Говийн бүсийн өртөө зөрлөгт амьдарч байгаа төмөр замчдадаа  усаар хангах нь нийгмийн хамгийн тулгамдсан асуудал. Усгүй бол төмөр замчид маань яаж ажиллаж амьдрах билээ.

 

-Төмөр замыг хос болгох, шинэчлэх асуудал яригдаж байна. Энэ хүрээнд эрчим хүч ус хангамжийн асуудал давхар шийдэгдээд явна биз?

 

-Тэгэлгүй яах вэ. “Улаанбаатар төмөр замыг шинэчлэх 2030” хөтөлбөр боловсруулагдсан. 2025 он хүртэлх эхний төлөвлөгөө нь Ерөнхий хороогоор батлагдсан. Үүнийгээ үргэлжлүүлээд 2030 он хүртэлхийг дахин шинэчлэх гээд Оросын компани ажиллаж байна. Энэ дээр манай бүх алба саналаа өгөөд явж байгаа. Хаана шинээр өртөө зөрлөг барьж, өргөтгөнө тэнд шугам сүлжээ, дэд станц, худаг усны асуудал цогцоороо шийдэгдээд явна гэсэн үг.

 

-Танай албанд нийт хэчнээн хүн ажиллаж байна вэ?

 

-Манай албаны хэмжээнд нийт 350 орчим хүн ажиллаж байна. Албан дээр найман хүн, лабораторид 17 хүн, үлдсэн нь эрчим хүч, ус хангамжийн ангиудад ажилладаг. Эрчим хүч ус хангамжийн нэгдүгээр анги нь Хойд зөрлөгөөс Мааньт өртөө хүртэл хариуцдаг, Мааньт өртөөнөөс цааш Замны-Үүд хүртэл Эрчим хүч ус хангамжийн хоёрдугаар анги хариуцдаг. Үүнээс гадна манайд нэг онцлог бий. УБТЗ-д 60 аж ахуйн нэгж байдаг. Эндээс Эрчим хүч, ус хангамжийн ангиудаас бусад салбар нэгжүүдэд цахилгааны мэргэжлийн хүмүүс ажилладаг. Нийт цахилгааны мэргэжлээр хавсарсан болон дангаараа 115 хүн ажилладаг. Эдгээр хүмүүс манай албанд харъяалагддаггүй. Тус тусын албандаа харъяалагдаад тухайн салбар нэгждээ цахилгааны жижиг ажлуудаа гүйцэтгээд явдаг. Эдгээр хүмүүсийг ажилд ороход, мэргэжлийн зэргээ нэмэхэд нь манайх мэргэжлийн байгууллагын зүгээс шалгалт шүүлгээ авч, сургалт явуулдаг.

 

-Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэлийг хангахад гол хийсэн ажлууд юу байна вэ?

 

- Замын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах нэгдсэн төлөвлөгөөнд манай чиглэлээр нийт 11  ажил төлөвлөсөн. Энэ 11 ажлаас 10 ажил нь бүрэн хийгдэж, 100 хувийн биелэлттэй байна. Одоо үлдсэн 1 ажил Сайншанд-Өргөний 10 кВ агаарын цахилгааны шугамын ачаалал хуваах ажил 70 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Бусад ажлын хувьд биелэлт бүрэн хангагдсан.

 

-Ирэх жилд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

 

-Ирэх жилийн хувьд юуны түрүүнд говийн бүсэд усны галт тэргээр ус зөөврлөхийг Айраг-Сайншанд чиглэлд зогсоно. Галт тэргээр ус зөөврлөх нь төмөр замын тээвэр эрчимтэй өсөж байгаа, ачаалал ихтэй байгаа үед сөргөөр нөлөөлж байна. Иймд говийн өртөө, зөрлөгүүдийг байнгийн усны эх үүсвэрээр хангах ажлыг энэ жилээс эхлүүлсэн. Уг ажлын хүрээнд хоёр газарт шинээр худаг гаргах, нэг газарт ус цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулах асуудал шийдэгдсэн. Шинээр худаг гаргах асуудлын хөрөнгө мөнгө нь шийдэгдсэн тендер нь зарлагдаад явж байгаа дараа сард багтаад худаг нээгдэх байх. Үргэлжлүүлээд амжвал ондоо багтаагаад эсвэл ирэх жилд үлдсэн нэг цэгтээ ус цэвэршүүлэх төхөөрөмжөө суурилуулна. Ингэснээр Сайншандаас хойд чиглэлд усны галт тэрэг явахаа больж оронд нь ачаа тээврийн галт тэрэг явна. Усны галт тэрэг өөрөө маш өндөр зардалтай явдаг. Өндөр зардлыг хэмнэхээс гадна тухайн өртөө зөрлөгт ажиллаж амьдарч байгаа төмөр замчид маань усны байнгийн эх үүсвэртэй болж ахуйн хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой болно.

Эрчим хүчний чиглэлд Улаанбаатар хот орчимд хамгаалалтын зурвасын асуудлыг шийдвэрлэх нь үндсэн гол ажил байгаа. Улаанбаатар хотын хоёр зах руу Эмээлт, Амгаланд суурьшлын бүсүүд тэлж байгаатай холбоотой төмөр замын хэрэглээ өсөж, ачаалал нэмэгдсээр байна. Ялангуяа, Эмээлт чиглэлд ачаа нэмэгдэж байна. Энэ чиглэлд борлуулалтын шугам гаргах, ачаалал хөнгөлөх ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Замын-Үүд, хилийн боомтод аж ахуйн нэгжүүдийн томоохон төвлөрөл үүсч байна. Эдгээрийг цахилгаан эрчим хүчээр хангах борлуулалтын шугам гаргах боломжийг судалж байна.

 

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. 

                       

Г.Энхбаатар