"Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам 75 жил" шуудангийн марк хэвлэгдэж худалдаанд гарсан. Шуудангийн марк нь тухайн  цаг үеийнхээ онцлог үйл явдлуудыг тусган мөнхөлж түүнийг нь Монгол Улсын сан хөмрөгтөө хадгалдаг. Тус маркийг бүтээхэд мэргэжлийн зөвлөгөө өгч зураг материалаар хангаж ажилласан Хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн төвийн инженер Ө.Ууганжаргалтай уулзаж ярилцлаа.

 

-Марк болгон өөрийн түүх, түүхэн он цагуудыг өгүүлдэг манай улсын нэгэн чухал нэрийн хуудас билээ. Улаанбаатар төмөр замын 75 жилийн түүхийг багтаасан марк хэмээх  үнэт бүтээлийн утга агуулга, зохиомж нь өргөн цар хүрээг өгүүлэх учиртай. 75 жилийн ойн марк хэрхэн бүтсэн бэ?

 

-Улаанбаатар төмөр замын 75 жилийн ойг угтаж  зохион байгуулалтын чиглэлээр ажлын хэсэг байгуулагдаж олон талт бүтээлч ажлууд хийсэн.  Энэ байгууллагад олон жил ажилласан хүний хувьд би юу хийж чадах вэ гэсэн бодол хамгийн түрүүнд төрж, ойдоо ямар нэгэн зүйл бүтээхээр бодсоны эцэст өөрийн хобби болох марк л санаанд орсон. Тухайн үед буюу өнгөрсөн оны 11 дүгээр сарын дундуур Оросын талаас манайд 75 жилийн ойдоо зориулж марк гаргах санал тавьсан нь завшаантай хэрэг болсон. Ажлын хэсгээс марк хэвлүүлэх тушаал гарч миний бие Маркийн дэд хорооны бүрэлдэхүүн хэсэгт багтаж ажилласан. Монгол Улсын Засгийн газраас маркийн сэдвийг хоёр жилээр баталж өгдөг юм байна. Тэгэхээр 2023, 2024 онд хэвлэгдэх маркийн сэдэв 2022 онд батлагдчихсан гэсэн үг. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, "Монгол шуудан" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, Г.Тэлмэн, Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар нартай уулзаж хөөцөлдсөний үр дүнд 75 жилийн ойн марктай болох боломж бүрдсэн. Байгууллагын 75 жилийн түүхийг багтаасан маркийг бүтээхэд төлөвлөгөө, судалгаа маш чухал. Судалгаа дутуу хийж марк хэвлүүлж гүйлгээнд гаргавал олны шүүмжлэлд өртөх эрсдэлтэй. Тиймээс ойг зохион байгуулах ажлын хэсгийн маркийн дэд хорооны гишүүд хянуур хандаж, судалгаа, зохиомж  утга агуулгад анхаарал хандуулах зэргээс шалтгаалж багагүй хугацаа зарцуулсан учраас ойн өдөр буюу өнгөрсөн зургадугаар сарын 6-нд амжаагүй, Төмөр замын баярын өдрөөс өмнө маркаа хэвлүүлж бэлэн болгохоор ажиллаж, өнгөрсөн наймдугаар сарын 2-нд нээлтээ хийж гүйлгээнд гаргаснаар үнэт цаас болсон.

 

-Марк бүрийн онцлог, бэлгэдэл нь өөр өөр байдаг. Улаанбаатар төмөр замын 75 жилийн ойд зориулан гаргасан шуудангийн маркийн утга агуулга, зохиомжийн талаар тодруулж ярина уу?

 

-"Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам 75 жил"сэдэвт блок маркийг чанартай, хүнд өгөх мэдээлэл нь баялаг байдлаар бүтээхээр зорилго тавьж УБТЗ-ын Ахмадын зөвлөлийн орлогч дарга М.Ганбат ахтай зөвлөж  ажилласан. Нэгдмэл нэг хуулийн этгээд учраас нэг нэршилтэй байх. Хоёр улсын уламжлалт төрх, найрамдлын бэлгэдэл, төмөр замын 75 жилийн хөгжлийн түүхийг харуулах нь маркийн зохиомжийн цөм нь. Орос, Монгол хоёр улсын найрамдалт харилцааны бэлгэдэл болсон хаан бугуйвч, хатан сүйхэнд хоёр улсын төрийн далбааг сүлжин зангидсан утга агуулгатай. Чимэглэл хэсэгт Монгол Улсын төрийн дээд шагнал Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 75 жилийн ойн логог залсан. Маркийн төв хэсэгт хадгалагдан үлдэх өв болох МТЗ, УБТЗ-ын логог хос төмөр замын дээд талд байрлуулж, замын нэг талд нь1956 онд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн, манайд зорчигчийн галт тэргэнд ашиглаж байсан хамгийн сүүлчийн уурын тэрэг "П36А" серийн зүтгүүрийг, нөгөө талд нь сүүлийн үеийн "2ТЭ25К-0459" загварын зүтгүүрийг байршуулж зохиомжилсон. Мөн "2ТЭ116УД", "2ТЭ116УМ" зүтгүүрээ ч оруулсан. Өмнөх он жилүүдэд хэвлэгдсэн монгол марк дээр вагон огт дүрслэгдээгүй байдаг учир хүнс тээврийн битүү вагон, шатахуун тээврийн цистерн, нүүрс хатуу түлшний тээврийн ачааны вагон, зорчигчийн вагоныг хөдөлгөөнтэйгөөр тусгасан.  "2Загал" маань манай Улаанбаатар төмөр замын өөрийн брэнд бүтээл тул энд багтсан.

 

-"Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам 75 жил" сэдэвт блок марк хэдэн хувь хэвлэгдэж худалдаанд гарсан бэ?

 

-75 жилийн ойн марк 15000 хувь хэвлэгдсэн. Гүйлгээнд гарсан анхны өдөр 2024 оны наймдугаар сарын 2. Маркийн хэмжээ 40х40 мм, блокийн хэмжээ 110х80 мм. Анхны өдрийн дугтуйны үнэ 8000 төгрөг, 800 ширхэг хэвлэгдсэн."Монголын Филателийн холбоо" нь 144 оронтой харилцаатай тул 5000 орчим  нь гадаад руу явна. 2000 нь Монголын марк цуглуулагчдад, 1000 хувь нь нийгэмлэгт, үлдсэн нь худалдаанд гарсан. Энэ жилдээ марк ховордчих болов уу. Ховордох тусмаа үнэтэй орно. Ер нь марк худалдаанд гарсан даруйдаа өөртөө үнэ цэнээ хадгалаад явчихдаг нандин эд юм.

 

-Монгол марк дээр вагон дүрслэгдэж байгаагүй гэж сая дурдлаа. Монгол маркийн түүхэнд төмөр замтай холбоотой хэчнээн марк байдаг вэ?

 

-Орос, Монгол хоёр орны найрамдалт харилцаа тогтоосны 25 жилийн ой 1956 онд тохиож, хоёрдугаар сарын 01-ний өдөр "Монгол-Зөвлөлтийн найрамдал" сэдвээр хос марк гаргасан байдаг. ЗХУ-ын Кремлийн Спасккая цамхаг, Сүхбаатарын хөшөө хоёрын хооронд зүтгүүр явж байгаагаар дүрсэлсэн нь төмөр замын сэдэв орсон анхны марк болсон. Төмөр зам, зүтгүүр орсон 150 марк бий. "ТЭ2" зүтгүүр олон дүрслэгдсэн байдаг.

 

-Жижиг орон зайд чухал зүйлийг гоё урнаар гаргах нь нарийн ажил хийгддэг. Манай улсын шилдэг зураачид уран бүтээлээ шингээсэн байдаг. Зураачаар нь хэн ажилласан бэ?

 

-Маркийн зураачаар уламжлалт болон монгол зургийн аргаар зурдаг Г.Баттөр ажилласан. Сүүлийн үеийн маркийн эх зургуудыг зурж байгаа сайн зураач. Тодруулж хэлэхэд, Улаанбаатар төмөр зам 75 жилийн ойн марк их онцлогтой. Улаанбаатар төмөр зам гэсэн нэрээрээ байгууллага марк гаргасан гурав дахь тохиолдол нь.  Өмнө нь "Эрдэнэт" үйлдвэр хоёр, Нэгдүгээр сургууль нэг марк гаргасан байдаг.

 

-Таны санал санаачилгаар хэвлэгдсэн өөр марк байдаг уу?

 

-2017 онд Улаанбаатар төмөр замын  Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангийн  50 жилийн ойд зориулж "Галт тэрэгний зүтгүүр" нэртэй тусгай технологийн зургаан марктай нэг блок  хэвлүүлж байсан. Тухайн үедээ Монголд ашиглагдаж байсан зүтгүүрээр дагнасан марк гараагүй байснаараа онцлог болж байв.

 

- Та хэдэн оноос эхэлж марк сонирхож эхэлсэн бэ?

 

-1983 оноос шуудангийн захидлын дугтуйн дээр наасан маркийг хайчлан хадгалж эхэлсэн. Марктай дугтуйгаа тэр чигт нь хадгалж байсан бол илүү үнэ цэнэтэй байх байжээ. 1989 онд Төмөр замын техникумд суралцахаар болж, тэр үед захидал харилцаа өргөн дэлгэр хөдөө аймаг сум, гадаадад байгаа найз нөхдөдөө захидал илгээдэг байлаа. Тиймээс сонирхолдоо хөтлөгдөн маркийг өнгө өнгөөр нь, байхгүй дүрсээ хайж олох зэргээр цуглуулна. 1993 онд цэргийн алба хаахаар болж цуглуулгаа айлын байшингийн дээврийн хонгилд  орхисон ч алга болчихсон. Цэргээс ирээд гэр бүл зохиох, ажил алба зэргээс шалтгаалж сонирхол багассан. 2008 онд Америкт хэдэн сар болж ирсэн найз маань Америкт хүн бүр хоббитой, түүнийгээ хөгжүүлэх ёстой юм байна гэж ярихад би хөгжим, хоол хийх, ан амьтан гэх зэрэг юу сонирхдог эсэхээ бодож эргэцүүлсэн. Марк цуглуулах нь миний хобби юм байна. Хаа нэгтээ тааралдсан үедээ марк худалдан авч номны засвар хавчуулдаг байснаа сэргээж идэвхтэй цуглуулж эхэлсэн. 2011 онд "Монголын филателийн холбоо"-нд гишүүнээр элссэн. Холбооноос гишүүддээ хэвлэгдсэн марк бүрээс нэг  шүдгүй марк үнэгүй өгдөг зэрэг давуу талууд бий.

 

-Таны  маркийн цуглуулга хэр баялаг вэ. Та марк сонирхогч, цуглуулагч эсвэл мэргэшсэн цуглуулагч уу?

 

- Манай улс анх 1924 онд "Элдэв-Очир" сэдвээр  долоон нэрийн марк гаргасан. Энэ онд Монгол маркийн 100 ой тохиож байна. Энэ хүрээнд анхны маркаа Юнескогийн соёлын биет өвд бүртгүүлэн батламжаа авсан. Би сонирхогчоос давж цуглуулагчийн хэмжээнд хүрсэн гэж дүгнэж байна. 1924 оноос өнөөдрийг хүртэл 1163 удаа 4431 нэрийн марк хэвлэгдсэнээс найм нь надад байхгүй.1941 оны "Шинэ Монгол" засвартай маркийн гурав нь, 1927 оны  хоёр соёмбо, 1951 оны таван улаан сүлдтэй маркийн 20,40 мөнгө нь дутуу.Одоо шинээр худалдаанд гарсан Монгол маркаас гадна төмөр зам, морь, гүүр, уул, хүүхэд, чоно, муур гэсэн сэдвээр төрөлжүүлэн цуглуулж байна.  Төмөр замын 10, 15, 20, 40, 50, 75  жилийн ойд зориулан гаргасан захидал харилцааны шуудангийн дугтуй байдаг.

 

"Монголын филателийн холбоо"-ны гишүүд олон улсын үзэсгэлэнд оролцдог. Та оролцож байсан уу?

 

-2019 онд БНХАУ-ын Ухань хотод үзэсгэлэнд оролцож байсан. Энэ онд ОХУ-ын найрамдлын сарын хүрээнд болсон үзэсгэлэнд  Монгол  маркт Орос, Зөвлөлтийн тээврийн хэрэгсэл, машин механизм дүрслэгдсэн 109 нэрийн маркаа дэлгэн үзүүлсэн. Өнгөрсөн оны зургадугаар сарын 6-ны өдөр Төмөр замын музей дээр төмөр зам, зүтгүүр дүрслэгдсэн 150 нэрийн маркаар үзэсгэлэн зохион байгуулсан.

 

 -Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.

 

П.Түмэндэмбэрэл