Энэ оны II улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого оны үнээр хоёр сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 221.5 мянган төгрөгөөр буюу 12.4 хувиар, өмнөх улирлаас 112.1 мянган төгрөгөөр буюу 6.5 хувиар нэмэгджээ. 

Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ II улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 17 мянган төгрөгөөр буюу 1.5 хувиар, өмнөх улирлаас 31.3 мянган төгрөгөөр буюу 2.7 хувиар нэмэгдсэн байна. 

Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар өсөхөд цалин хөлсний бодит орлого 73.7 мянган төгрөг буюу 13.8 хувиар нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлсэн байна. Өрхийн орлогыг бүтцээр нь авч үзвэл 94.1 хувь нь мөнгөн орлого, үлдсэн хэсэг нь бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн эсвэл өөрийн хувийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн бүрдүүлжээ.

 

Эдгээрээс өнгөрсөн хугацаанд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн орлого, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 4-30 хувиар нэмэгдсэн байна.

Энэ оны II улирлын байдлаар дунджаар 300 мянган төгрөг хүртэлх болон 500 мянган төгрөгөөс 900 мянга хүртэлх төгрөгийн орлоготой өрхийн тоо харьцангуй буурсан бол гурван сая төгрөгөөс дээш орлоготой өрхийн тоо нэмэгдэж, нийт өрхийн 15.5 хувийг бүрдүүлж байгаа аж. 500.0-900.0 мянга хүртэлх төгрөгийн орлоготой өрхийн дундаж орлогын 60.8 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлжээ. 

 

Тайлант хугацаанд өрхийн бодит зарлагын хэмжээ 1,283,400 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар, өмнөх улирлаас 9.4 хувиар өссөн байна. 

Өрхүүдийн дунджаар авч үзэхэд нийт зарлагын 65.8 хувь нь хүнсний бус бараа үйлчилгээний зарлага, 22.1 хувь нь хүнсний бүтээгдэхүүний зарлага бүрдүүлж байна. Хүнсний бүтээгдэхүүний дундаж зардлын 33.2 хувийг мах, махан бүтээгдэхүүн, 24.4 хувийг үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүний зардал эзэлжээ.