УИХ-аас өнгөрсөн онд Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хууль, түүнийг дагаж гарсан УИХ-ын тогтоолоор Төмөр замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулахаар заасан. Гэвч УИХ-ын сонгуулийн дараа Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай УИХ-ын 13 дугаар тогтоолын хавсралтад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрыг тусгалгүй орхигдуулжээ.

Иймд УИХ-ын 13 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулж, Төмөр замын агентлагийг байгуулах тухай асуудлыг УИХ-ын холбогдох байнгын хороогоор хэлэлцэж эхэллээ. ОХУ, БНХАУ болон төмөр замын чиглэлээр идэвхтэй харилцдаг бусад улс орнууд төмөр замын тээврийн үйл ажиллагаанд хяналт зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хэрэгжүүлэгч агентлаг буюу Төмөр замын газартай байдаг. Манай Улс хөрш орнуудтай ижил түвшний байгууллага байхгүй, тус үүргийг “Улаанбаатар төмөр зам” ХНН гүйцэтгэсээр ирсэн. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж хэрэглэгчийн тоо өссөн. 2007 онд хуулийг баталж байх үед суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нэг байсан бол өдгөө суурь бүтэц эзэмшигч дөрөв, тээвэрлэгч дөрөв, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүний эзэмшигч 250 орчим болж нэмэгдсэн. Төмөр замаар тээвэрлэсэн ачааны хэмжээ 14.8 сая тонн байсан бол 2024 оны байдлаар 42.5 сая тонн болж 2.8 дахин өссөн. Энэ салбарт нийт 15 мянга орчим хүн 1115 км замыг хариуцан ажиллаж байсан бол ойрын үед хэрэгжихээр шийдвэр гарсан төмөр замуудтай нийлээд сүлжээний нийт урт 4200 км болж 3.7 дахин өсжээ. Энэ хэрээр ажиллах хүчний тоо 50 мянга болж 3.3 дахин нэмэгдэх тооцоолол гарчээ.

Иймд Төмөр замын агентлагийг байгуулснаар өсөн нэмэгдсээр байгаа тээврийн хэрэгцээг хангах, төмөр замын суурь бүтцүүдийн галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч болон тээвэрлэгч хоорондын харилцааг зохицуулах, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх, төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх, тээврийн сүлжээг өргөжүүлэх, төмөр замын чиглэлийн судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаан, технологи, инновацийг нэвтрүүлэх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төмөр замын салбарт мөрдөх дүрэм журам, стандартыг боловсронгуй болгох, төмөр замын тээврийн үйлчилгээнд оролцогч олон өмчийн хэлбэрийн хуулийн этгээдийн зах зээлийн өрсөлдөөний тэгш байдлыг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

Төмөр замын газрыг байгуулахдаа Зам, тээврийн сайдын энэ оны төсөвт багтаан “Галт тэрэгний хөдөлгөөний зохицуулалтын нэгдсэн төв” улсын үйлдвэрийн газрыг татан буулгаж, Зам, тээврийн яамнаас агентлагийн чиг үүргийг хэрэгжүүлдэг тодорхой тооны орон тоог шилжүүлэх замаар улсын төсөвт дарамт учруулахгүйгээр байгуулахаар төлөвлөжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг хэлэхдээ “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого гэж улс орны эдийн засгийг чөдөрлөсөн нэг бодлого байна. Зарим зүйлүүд нь зөв. Хэрэгжээд явж байна. Зарим зүйл нь огтоос болдоггүй. Зарим улстөрчид хувийн уурхай руугаа хүртэл төмөр зам татдаг асуудлыг төрийн бодлогод шингээгээд оруулчихсан байна. Сүүлдээ төмөр замын бодлого дээр нь Үндсэн хуулийн цэц хүртэл орж ирдэг. ҮХЦ-эд хаа хамаагүй асуудлаар хандаж, цэцээр шийдвэр гаргуулдаг болжээ. Энэ нь нөхцөл байдлыг улам даамжруулж байна. Уг нь төрөөс Монгол Улсын хөгжлийн бодлогыг төлөвлөдөг хуультай болж, Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг 2010 онд батлаж, 2020 онд дунд хугацааны хэрэгжилтийг нь дүгнэх ёстой байтал хийгдээгүй. Гэтэл Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын цэгээс эхлээд бусад олон асуудал тодорхой бус байна. Өнөөдөр төмөр замаар ОХУ-ын бараа бүтээгдэхүүн хөнгөлөлттэй үнээр гарч байна. Бид хариуд нь мөн хөнгөлөлт эдэлж, хойгуур Владивостокоор дамжуулж гуравдагч орон руу гарна гээд үлгэрийн юм яриад байдаг. Хэрэгжиж байгаа зүйл алга. Тэгэхээр Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг эргэж харж, сайжруулаад Монгол Улсын урт хугацааны бодлоготой уялдуулах ажлыг ойрын хугацаанд хийгээч ээ. Эдгээрийг хийхгүй бол ахиад л эрх ашгууд явна. Хувийн эрх ашгийг цэгцлээд нийтлэг эрх ашгуудыг эдийн засгийн тулгуур салбарт тусгамаар байна”гэв.