Барилга, орон сууцны албаны инженер Ч.Лхагвасүрэнтэй уулзаж албаных нь ажил, үйлсийн талаар товч ярилцлаа.

 

-Та одоо БОСА-ны даргын үүргийг түр орлон ажиллаж байгаа юм байна. Танай албаны энэ оны ажлын гүйцэтгэл ямар байна вэ?

 

-Замын даргын А/01 тоот тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахын тулд замын хэмжээнд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Манай алба Нийслэлийн дөрвөн дүүрэг, зургаан аймагт нийтдээ  37 халаалтын зуух,  есөн ЦТП, хоёр цэвэрлэх байгууламж, 11 КНС, 64 км дулаан, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээгээр иргэд, төмөр замын болон төмөр замын бус аж ахуйн нэгжүүдэд   дулаан, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах мөн барилга байгууламж барих, засвар үйлчилгээ хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Төлөвлөгөөгөөр 2024 онд замын хэмжээнд 62 газарт барилга угсралт, засварын ажил хийж гүйцэтгэх ёстой. Дээр нь нэмэлтээр 36 ажил орж ирсэн. Ингээд нийтдээ 98 ажил буюу найман тэрбум 823 сая төгрөгийн ажил хийж гүйцэтгэнэ. Одоогийн байдлаар бүрэн дууссан 57 ажил байна. Дуусах шатандаа орсон 28 ажил, одоо хийгдэж байгаа 9 ажил, сая болсон Замын даргын намрын үзлэгээр шинээр нэмэгдсэн машин техникийн засвартай холбоотой хийхээр  дөрвөн ажил үлдээд байна.

Өнгөрч байгаа 2024 онд их барилгын ажлаар хүүхдийн Ган зам цэцэрлэгийн барилгын цутгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Одоо улирлын чанартай зогссон засал чимэглэл, тохижилтын ажлаа дулааны улиралд гүйцээнэ. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зорчигчдын бууж, суух ая тухтай байдлыг хангахын тулд Хангай, Цайдам зөрлөгт зорчигчдын нам тавцан буюу пероныг шинээр  хийж гүйцэтгэлээ. 

 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд манай алба 1.5 тэрбумын төсөвт өртөгтэй 15 ажил төлөвлөж, арваннэгдүгээр сарын 1-ний дотор 100 хувиар гүйцэтгэлээ. Тухайлбал нүүрс таталтаар 16 мянган тонн нүүрс татан хуримтлуулж, дундаж зарцуулалтаар 35 хоногийн нүүрсний нөөц бүрдүүлээд байна.

 

-Хөрөнгө, санхүүжилтийн хувьд ямар байна вэ?

 

Санхүүжилтийн хувьд хэдэн жилийн өмнө нэг хэсэг хүндрэлтэй байсан. Харин сүүлийн хоёр жилд график, хуваарийнхаа дагуу хэвийн сайн хийж байгаа.

 

-Төсөвтөө багтахгүй ажил хэр гардаг вэ?

 

-Тийм ажил бас гарна аа. Үүнийг Их барилга, хөрөнгө оруулалтын албатайгаа ярилцаад нэмэлт төсөв хийх, тодруулах, ажлын хэмжээнд өөрчлөлт оруулах, бусад зүйлсээр орлуулах гэх мэт олон аргаар шийддэг. Гэхдээ бид барилгын норм, дүрмийг баримтлан аль болохоор чанартай бараа материалаар засвар хийхийг эрмэлздэг.

 

-Танай алба хүн хүчний хувьд хэр байна вэ?

 

Манай алба харьяа гурван ангитайгаа нийлээд 1000 гаруй ажилтантай. Цаг үеэ дагаад хүмүүсийн хөдөлгөөн нэлээн байна. Нарийн мэргэжлийн боловсон хүчний хүрэлцээ газар зүйн байршлаас хамаараад харилцан адилгүй байна. Ялангуяа, хөдөө орон нутагт, говийн бүсэд барилгын инженер, сантехникийн инженер, өндөр зэрэглэлтэй цахилгаанчин, сантехникч, мужаан гэх мэт мэргэжилтэй ажилтан их дутагддаг, тэдний тогтвор суурьшилтай ажиллах нь хангалтгүй байгаа.

 

-“Говийн төмөр замчин” хөтөлбөрийн үр нөлөө боловсон хүчний хангалтад мэдрэгдэхгүй байна уу?

 

-Энэ хөтөлбөр өөрөө их өргөн хүрээг хамарсан, ялангуяа төмөр замын тээвэрлэлттэй холбоотой, тэнд ажиллаж байгаа ИТА-уудад чиглэсэн нүсэр том хөтөлбөр л дөө. Одоогоор боловсон хүчний хувьд яг үр дүн нь өнөөдөр бидэнд харагдаад байх зүйл бараг алга. Харин байшин барилгыг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд хийж байгаа ажлууд илт нэмэгдэж байгаа. Тухайлбал, Долоодын хөндийн зөрлөгийн ажилчдын орон сууцыг ердийн галлагаанаас цахилгаан халаалтад шилжүүлснээр ажилчдын ая тухтай амьдрах, удаан хугацаанд тохилог орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж байна.    

 

-Барилгын өртөг зардлыг бууруулахын тулд юу хийсэн бэ?

 

- Өртөө зөрлөгүүдэд байгаа байшин барилгуудад дээврийн засварын ажил их гардаг. Үүнд шаардлагатай дээврийн төмрийг дотоодын зах зээлээс  худалдан авч байгаа. Иймд цаашдаа дээврийн төмрийн түүхий эдийг өөрсдөө гаднаас оруулж ирээд, хэвд оруулж, нугалдаг болбол нэмүү өртөг хэмнэх бололцоотой гэж үзэж байгаа. Ингэснээр өнгө, үзэмжтэй, чанартай дээврийн төмрөөр хангагдах нөхцөл бүрдэнэ. Үүнд шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг хийнэ.  

 Эрчим хүч, ус хангамжийн анги цахилгааны модон шонг, төмөр бетон шонгооор солих ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Ингэхдээ гаднаас бетон шонг худалдаж авч байгаа. Иймд манай албаны харьяанд байгаа Төмөр бетон эдлэлийн үйлдвэрт бетон шон хийх тоног төхөөрөмжийг худалдан авахаар  Хангамжийн албанд хандаж, захиалга өгч, тендерт шалгаруулах материалыг холбогдох алба хэлтэст өгөөд байна.  

 

-Танай алба ШБАЗ-аар ямар шинэ бүтээл гаргаж байна вэ?

 

-Манайхан их даруухан. Өөрсдийнхөө хийж санаачилсан зүйлсээ тэр бүр сурталчлаад байх дургүй бололтой. Наад захын жишээ хэлэхэд л ОХУ-д зуухны үйлдвэрт хийж байгаа  яндангийн  үнс баригчийг манай инженер, механикууд өөрсдөө хийж, суурилуулсан. Үүнийг ШБАЗ-д бүртгүүлээч гэхээр энгийн л зүйл шүү дээ гээд байх юм билээ. Иймэрхүү жишээ олон бий.

Манай Барилга ашиглалт, үйлчилгээний III анги энэ намар нэг бүтээл хийсэн. Бид үр дүнг нь үзэж туршиж байгаа; 2025 ондоо ШБАЗ-д оруулна.

 

-Ирэх жил ямар төлөвлөгөөтэй байна вэ?

 

-Сайншанд, Замын-Үүд өртөөнд ажилчдын орон сууцны барилга, Айраг өртөөнд хүүхдийн цэцэрлэгийг их барилгын хөрөнгө оруулалтаар барина. Тэдгээр барилгын ажилд манай албаны зүгээс тодорхой хэмжээгээр оролцоно. Бусад засвар үйлчилгээний ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдээд явна. Ер нь тэр бүр анзаарагдаад байхгүй ч дуудлага, засвар үйлчилгээний ажилд их цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарцуулдаг. Жишээ нь, долоо хоногт гэхэд л халаалт, цэвэр ус, цахилгаан, ариутгах таталттай холбоотой 111 дуудлага, захиалга ирсэн байх жишээтэй. Энэ бүхнийг барагдуулахад маш их хөдөлмөр зарцуулдаг.  

 

Г.Энхбаатар