УБТЗ-ын хамт олон өнгөрсөн 2022 оныг “Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх жил” болгон зорилт тавьж, энэ хүрээнд дээр дооргүй  их ажил өрнөсөн. Тэгвэл 2023 оныг төмөр замчид "Менежментийн нэгдсэн тогтолцооны хэрэгжилтийг баталгаажуулах жил”-ээр зарлан, барьцаа ахиулах зорилт дэвшүүлсэн. Өнгөрсөн оны хувьд Замын хэмжээнд өрнөсөн дээрх ажлын явц, үр дүн төмөр замын салбар нэгж бүрт харилцан адилгүй байлаа. Зарим байгууллагын хувьд шинээр эхлэлийн цэг хатгасан бол заримынх нь хувьд хэдэн жилийн өмнөөс хөрсөө бэлтгэж, үрээ суулгачихсан, өөрөөр хэлбэл хэдийн гараанаас гарчихсан байсан гэхэд болно.

    “Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх жил”-д боломжийн “ургацтай” ажилласан хамт олны нэг нь Зорчигчийн вагон депогийнхон.

Депогийн дарга Б.Юлхарсүрэн  “Манай байгууллага 2016 оноос эхлэн Чанарын менежментийн тогтолцоо  ISO9001:2015 стандартыг амжилттай нэвтрүүлж 2019 онд Стандарт хэмжил зүйн газраас баталгаажуулалтын гэрчилгээг гурван жилийн хугацаатай авсан. Түүнээс хойш сайжруулалтын ажлаа хийж явсаар   2021 онд гэрчилгээгээ дахин баталгаажуулсан. Замын захиргаанаас өнгөрсөн оныг “Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх жил”-ээр зарласантай холбогдуулан бид энэхүү ажлаа эрчимжүүлж, хэд хэдэн зорилтыг дэвшүүлсэн. Нэгдүгээрт, Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 стандартынхаа гэрчилгээний баталгаажуулалтыг сунгуулах, мөн ХАБАЭ-н ISO45001, Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO14001 стандартын гэрчилгээг авах зорилт тавьсан. Өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж, баталгаажуулалтад хамрагдаж гэрчилгээнүүдээ өнгөрсөн арванхоёрдугаар сард авлаа. Энэ онд Замын захиргаанаас дэвшүүлсэн  “Менежментийн нэгдсэн тогтолцооны хэрэгжилтийг баталгаажуулах жил”-ийн хүрээнд хийх ажлаа төлөвлөөд явж байна. Одоогийн байдлаар, бид энэ онд 100 гаруй ажил хийхээр төлөвлөж байна. Энэ дашрамд,манай депогийн Чанарын баг маш сайн ажилласныг зориуд онцолмоор байна” хэмээлээ. Тус депогийн Чанарын багийнхан буюу чанар хариуцсан инженер Ш.Ганбат, чанарын менежер Т.Гантулга, Х.Бадамзул нартай Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлж буй арга туршлага, ажил зохион байгуулалт бусдад жишээ болох болов уу гэх үүднээс ярилцлаа.

    Өнгөрсөн оны зорилтыг хэрэгжүүлэхэд тус баг ажлаа юунаас эхэлснийг сонирхсон юм.  Чанарын багийнхан юун түрүүнд ажилтнуудынсэтгэл зүйг бэлтгэх, ажилтан бүрийн оролцоог тодорхойлж, татан оролцуулахнь тун чухал байсныг онцлов.

Депогийн 1300 гаруй ажилтанд гурван хүн нэг бүрчлэн хүрч ажиллана гэдэг боломжгүй нь зүйл. Гэхдээ тэд гарц гаргалгаа олжээ. Энэ нь мэдээж, тэдний ажлын өмнөх туршлага дээр тулгуурлажээ. Өмнө нь, ISO9001 стандартыг хэрэгжүүлэх явцад Чанарын багийнхан бүх ажилтны өмнөөс бичиг баримтын боловсруулалтыг хийх зэргээр ачааллыг өөрсдөдөө үүрсэн байна. Гэтэл нийт ажилтнуудын дунд энэ бол зөвхөн Чанарын багийн ажил гэсэн ойлголт бий болж, хүн нэг бүрийн оролцоо тун дутмаг байжээ. Тиймээс тэд тэр алдааг давтахгүйн тулд депогийн хэмжээнд нийт 265 үйл явцыг тодорхойлоод, үйл явц нэг бүрийн хариуцагч нарыг депогийн даргын А-01 тоот тушаалаар албажуулсан байна. Ингэснээр хариуцагчгүй үйл явц байхгүй, мөн давхар хариуцагчтай үйл явц байхгүй болсон байна. Бүх үйл явцыг эзэнтэй болгож, хариуцагч нарт нь чиг үүргийг нь тодорхойлоод өгчихөөр ажил хамаагүй цэгцтэй болсон гэв.

Үүний зэрэгцээ ажилтнууд менежментийн тогтолцоонд оролцох оролцооны хувьд ямар мэдлэг, ойлголттой байх вэ гэдгийг тодорхойлж,   түүнийгээ “Мэдлэг ойлголтын минимум”болгон дөрвөн түвшинд боловсруулан хэрэглэж байна.

Өөрөөр хэлбэл, удирдах ажилтны, ИТА болон бүртгэл тооцооны ажилтны, ажил удирдагч нарын, гүйцэтгэх ажилтны гэсэн шатлалаар боловсруулжээ.

Гүйцэтгэх ажилтны минимум гэхэд А4-ийн хоёр нүүр хүрэхгүй, ажил удирдагч нарынх гурван нүүр, ИТА-нуудынх дөрвөн нүүр, удирдах ажилтнуудынх нь таван нүүр байх жишээтэй. Тус тусынх нь түвшинд минимум ойлголт мэдлэгийг заавал авсан байх үүргийг депогийн даргын тушаалаар албажуулсан байна.

Заавал мэдэж байх мэдлэг ойлголтын минимумд юу юу багтдаг вэ гэвэл Замын бодлого зорилтоос эхлээд депогийн бодлого зорилт, ХАБЭА, Байгаль орчны тогтолцооны бодлого зорилтуудыг тусгажээ. Мөн менежментийн нэгдсэн тогтолцооны бодлого зорилтыг нэвтрүүлж хэрэгжүүлэхийн ач холбогдол нь юу юм. Энд тухайн ажилтны оролцоо ямар байх.Хэрэв эдгээрийг мэдээгүйгээс ямар үр дагавар гарах вэ гэх зэргээр ажилтнуудад хүргэж буй мэдлэг, мэдээлэл ойлгомжтой, товч тодорхой болгосноор ажилтнуудын оролцоог нэмэгдүүлсэн бололтой.Ер нь, Чанарын баг энэ ажилд арга зүй, зохион байгуулалтаар хангах үүрэгтэй ажилласан гэлээ.

Тогтсон хэвшлийг халж, аливаа өөрчлөлтийг хийхэд амаргүй байдаг. Гэхдээ хийхээс аргагүй гэдгийг хүн бүр ойлгосон байвал үйл явц арай хялбар байх талтай.

“Өөрчлөлтийн онолоор бол аливаа өөрчлөлтийн гарааны бүтцийн хувьд авч үзэхэд хамт олны 20 хувь нь дэмждэг, 20 хувь нь эсэргүүцдэг, 60 хувь нь дундыг баримталдаг байна. Тэгэхээр өөрчлөлтийн менежментийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд дэмжиж байгаа 20 хувь руугаа тулж ажиллах нь чухал. Эхний үр дүнгүүд гарч эхлэхэддундыг баримтлагч 60 хувь дотор байгаа идэвхгүй дэмжигчид идэвхтэй дэмжигчдийн эгнээ рүү орж ирдэг.

Одоо бол депогийн дийлэнх масс буюу 80-90 хувь нь дэмжиж байгаа гэдэгт бид найдаж байна” хэмээн багийн ахлагч Ш.Ганбат ярилаа.

Тэд эхний ээлжинд Замын 2022 оны зорилтын талаар мэдээллийг бүх ажилтанд хүргэж, энэхүү зорилтод ажилтан бүр оролцох үүрэгтэйг ойлгуулж, үүний дараа байгууллагын хэмжээнд хийх ажлаа тодорхойлж, өөрчлөлтийн процесс бүрийг депогийн даргын тушаалаар албажуулж явсан байна.Ингэж депогийн захиргааны зүгээс байнгын дэмжлэг, оролцоотойгоор ажилласнаар ажлын үр дүн боломжийн гарлаа гэж тэд дүгнэж байна.

Тус депогийн хувьд Чанарынменежментийнтогтолцоо ISO9001:2015 стандартыг дээр дурдсанчилан 2016 оноос хэрэгжүүлж, баталгаажуулалтаа 2019 онд авахдаа л ХАБАЭ-н тогтолцоо ISO45001, Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO14001 хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлсэн байсан нь Замын 2022 оны зорилтыг хэрэгжүүлэхэд их дөхөм болсон.

Ер нь, энэ Менежментийн нэгдсэн тогтолцооны үндсэн системээ бид бүрдүүлчихлээ цаашид системийн үйл ажиллагааг сайжруулах ажлуудыг тасралтгүй хийгээд явна. Ирэх онд гэхэд бид сайжруулалтын чиглэлээр хийх 117 ажлыг одоогоор төлөвлөөд байна. Уг төлөвлөгөөг депогийн захиргааны хурлаар хэлэлцэж гэж байгаа талаараа танилцууллаа.

Үйл ажиллагааны сайжруулалтыг зорчигчийн вагоны засварын болон зорчигчийн галт тэрэгний үйлчилгээний гэсэнхоёр үндсэн чиглэлээр хийхээр төлөвлөжээ.

Ингэж системийн сайжруулалтыг тасралтгүй явуулснаар эхний үр дүнгүүд энэ оны эцэс гэхэд эхэлнэ гэж тооцож байгаа аж. Тэр тохиолдолд гарсан үр дүнг царцаах буюу бэхжүүлэх үйл явцыг хийх ёстой гэнэ.

Менежментийн нэгдсэн тогтолцооны системийг үйл ажиллагаа  нь хэн нэгний шахалт шаардлагагүйгээр хэвийн үргэлжилж байвал систем ажиллаж байна гэж дүгнэдэг байна.Хэрэв байнгын шахалт шаардлагаар ажил явж байвал систем гүйцэт боловсроогүйн дохио аж.Тэгэхээр энэхүү ажил багагүй цаг хугацаа, хүчин чармайлт шаардах аж.

Замын хэмжээнд сүүлийн жилүүдэд эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан баахан ажил төлөвлөөд хэрэгжүүлэх шатанд санхүүжилтгүйн улмаас биелэхгүй үлдэх тохиолдол гарч байгаа. Тиймээс Чанарын багийнхныг энэ онд төлөвлөсөн ажлуудаа хэрхэн биелүүлэхийг сонирхлоо. Тэд хамгийн гол нь эдгээр ажлыг төсөв хөрөнгө шаардахгүй, зохион байгуулалтын аргаар хийхээртөлөвлөснөө тайлбарлалаа. Тиймээс гүйцэтгэлийн шатанд гарах хүндрэл төдийлөн гарахгүй гэдэгт итгэлтэй байгаа аж.

Эдгээр ажлыг хийснээр 2023 оны төгсгөлд, нүдэнд харагдаж, гарт баригдахуйц хэмжээнд үр дүн гарсан байна гэлээ.

Түүнчлэн, тус депогийн хувьд байгаль орчны менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр зорьж буй нь сайшаалтай санагдлаа. Өнөөдөр тус депогийн хувьд вагоны галлагаанаас эхлээд байгаль орчинд сөрөг нөлөөтэй асуудлууд байсаар байгаа. Энэ бүх асуудлыг нэг амьсгаагаар шийдэх боломжгүй. Гэхдээ тэглээ гээд хойш тавьж болохгүй чухал асуудал. Тиймээс энэ ажлыг аажмаар зогсолтгүй системтэйгээр шийдвэрлэж явсаар “Эко депо” болох зорилт тавьжээ.

Энэ зорилт урт удаан хугацаанд тасралтгүй ажиллаж байж үр дүнд хүрнэ. Түүний тулд бид энэхүү Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO14001 стандартын гэрчилгээг авсан. Одоо бидэнд ухралт байхгүй. Зорилт болоод түүнд хүрэх арга зам ч тодорхой хэмээлээ.

Б.ГҮНЖИНЛХАМ