Гуравдугаар сарын 28. 20:30 цаг. Дохиолол холбоо, эрчим хүч, ус хангамж, зам, зүтгүүр, вагоны аж ахуй, стандартчилал хэмжил зүй, тээврийн хяналт гээд УБТЗ-ын мэргэжил бүрийн төлөөлөл болсон 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг өмнийн цэнхэр говьд хүрэлцэн очив. Тэд УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын санаачилга, Замын удирдлагын дэмжлэг “Бодь интернэшнл”, “Инкон” ХХК-ийн залуусын урилгаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай газар дээр нь танилцахаар аяны дөрөө нийлүүлсэн нь энэ. Өглөө 08.00 цагт Улаанбаатараас гарч 600 гаруй км замыг арав гаруй цагийн турш туулж аялахдаа залуус хоорондоо хэдийнээ танилцаж, ажил мэргэжил, ахуй амьдралынхаа талаар халуун яриа дэлгэсээр замын урт, цагийн удааныг үл ажран зорьсон газраа ийнхүү очсон билээ.
Аяллын эхэнд “Инкон” ХХК-ийн Төмөр замын хэлтсийн захирал П.Мөнхсайхан ажил мэргэжлийн гараагаа анх эхлүүлсэн байгууллагынхаа мэргэжил нэгт нөхдөө өөрийн эрдэм мэдлэг, ур ухааныг шингээж ажилласан бүтээн байгуулалтын талбарт зочлуулж, төмөр замын салбарын сүүлийн үеийн дэвшилтэт технологитой танилцуулах гэж буйдаа туйлын баяртай байгаагаа илэрхийлээд, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт хэрхэн өрнөсөн хийгээд, одоо аль хэмжээнд хүрч, ямар үр дүн гарсан талаарх товч танилцуулгыг хүргэж явлаа.
Миний хувьд өмнө нь дээрх бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан “Бодь интернэшнл” болон түүний охин компани “Инкон” ХХК-ын удирдлагуудтай нэг бус удаа уулзан дэлгэрэнгүй ярилцлага хийж, сониныхоо уншигчдад цувралаар хүргэж байсан учраас төслийн талаарх ерөнхий ойлголттой байв. Гагцхүү мянга сонссон зүйлээ нэг удаа үзэхийн өмнөх гэгээн догдлолыг зүрхэндээ тээж явснаа нуух юун...
Өмнөговь аймгийн Цогтцэций сум өнгөрөөд л том оврын ачааны машинууд тасралтгүй давхилдаж, нар жаргахын өмнөх улбар шар тэнгэрийн хаяан доор буурал тоос дуниартан үзэгдэх нь ер бусын. Төмөр замын бүтээн байгуулалтыг хийж байгаа залуусын байрлал руу нэвтрэхийн өмнө тээврийн хэрэгслийн жолооч бүр холбогдох бичиг баримтаа шалгуулахаас эхлээд нарийн дэг журам мөрдөгддөг нь илэрхий. Төмөр замын торон хашаагаар нэвтэрч, өндөр далан доогуур тавьсан хонгилон гарц руу ойртох үед сунайсан урт галт тэрэгний цуваа шууд л нүдэнд тусаж, зэргэлдээх авто зам дээгүүр хүнд даацын ачаатай машинууд урт дараалал үүсгэн зогсох нь харагдав. Бидний суусан автобус хурдаа саалгүй давхисаар эгнүүлэн байрлуулсан чингэлэг сууцуудын дэргэд ирж зогслоо. Чухамдаа эх орныхоо хөгжил дэвшлийн тэргүүн магнайд түүчээлж яваа бүтээн байгуулагч залуус энд байрлан хөдөлмөрлөдөг аж. Гаднаас нь харахад байдаг л нэг төмөр чингэлгүүд боловч дотроо халуун ус, ариун цэврийн өрөө, гал тогоо, ажлын оффис, алжаал тайлж спортоор хичээллэх танхим, унтаж амрах зориулалт бүхий өрөө гээд хүний хэрэгцээт бүхий л зүйлийг шингээн тохижуулжээ. Биднийг оройн хоолоор дайлсны дараа “Бодь интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төслийн захирал Т.Даваадалай хүлээн авч уулзав. Түүний дурдсанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогц төсөл нь нийт зургаан багцаас бүрдсэн бөгөөд эдүгээ хамгийн сүүлийнх нь багц болох “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийн бүтээн байгуулалт өрнөж байгааг аж. Товчхондоо бусад төслийн кемпүүд ажлын талбараас бууж, түүний хариуцсан кемп л ийнхүү дангаараа ажиллаж байгаа юм байна. Хэдийгээр төмөр замын холбогдолтой бүтээн байгуулалтыг бүрэн дуусгаж, захиалагч тал болох “Тавантолгой төмөр зам” ХК-д шилжүүлсэн ч одоогоор ажил нь бүрэн жигдрээгүй учраас УБТЗ-ын төлөөлөгчдийг Тавантолгойгоос Гашуунсухайт өртөө хүртэлх нэгдүгээр зэрэглэлийн төмөр замд аялуулан өнгөрсөн таван жилийн хугацаанд гүйцэтгэсэн бүтээн байгуулалтуудтайгаа нэг бүрчлэн танилцуулах боломж нээлттэйг “Бодь интернэшнл” ХХК-Барилга угсралт, чанар хариуцсан захирал Б.Ариунболд болон “Инкон” ХХК-ийн Төмөр замын хэлтсийн захирал П.Мөнхсайхан нар дурдсан юм.
Энэ кемпийнхэн 23.00 цагт бүрэн амарч, 06:00-07:00 цагийн хооронд өглөөний цайндаа ордог цагийн хуваарьтай. Энэ хуваариа хүн бүр чанд мөрддөг гэнэ. Уулзалтын танхимаас гарч амрах байр руугаа алхах зуурт их говийн бүлээн салхи өмнөөс сэвэлзэж, алсад уурхайн нүргээн чимээлэх нь сонсогдоно. Тэртээд тээврийн машины хурц гэрлүүд үдшийн тэнгэрийн ододтой ижилсэн гялалзаж, өлмий доор говийн элсэрхэг хөрс “шар шар” хийн гишгэгдэнэ. Баруун алсад сэрийсэн үзүүртэй хайрхан уулс хагас дүгрэг сарны доор бараантан харагдах нь нутгийн ардын шүншиг шингэсэн Цэций хайрхан аж. Энэ бүхэн яг л кинонд гардаг Марс гарагт оччихсон мэт содон мэдрэмжийг төрүүлэх авай.
Хол замд удаан довтолгосныг хэлэх үү чингэлэг сууц доторх цэмцийтэл зассан орон дээр дэр толгой нийлүүлээд л гүн нойронд автжээ. Нэг мэдэхэд өглөөний цайндаа орох цаг болов. Цайгаа уусны дараа аяллын багийнхан ХАБЭА-н зааварчилгаа авч, шар хантааз, хамгаалах дуулгануудаа өмсөн хөтөлбөрийн дагуу бүтээн байгуулалттай танилцах ажилдаа шамдав. Залуус автобусандаа сууж, Тавантолгой өртөө орчмын бүтээн байгуулалтуудтай танилцлаа. Үүнд Зүтгүүр, Вагон депо, Суурь бүтэц засварын төв, Удирдлагын төв зэрэг бүтээн байгуулалтыг нэг бүрчлэн үзэж, сонирхсон асуултдаа хариулт авлаа. Энэ үеэр аяллын багийн залуус “Зүтгүүрийн депо нь зэхэлтээ яаж хийдэг юм бэ”, “Хос дугуй зорох төхөөрөмж нь хэрхэн ажилладаг вэ” гэхчлэнгээр төслийн багийнхныг асуултаар бөмбөгдөж байв. Арга ч үгүй биз. Монголын төмөр замын салбар дэлхийн хөгжлөөс даруй 50 жилээр хоцрогдсон гэж ярьдаг бол энэхүү бүтээн байгуулалтыг хийхдээ хөгжил 30 жилээр ойртсон алхмыг хийжээ. Уг нь 50 жилээр урагшилсан шинэлэг техник технологийг нэвтрүүлж болох ч өнөөгийн Монгол Улсын төмөр замын тээврийн салбарт тийм хэмжээний эрэлт хэрэгцээ, шаардлага хараахан бий болоогүй гэдгийг төслийн ерөнхий гүйцэтгэгчид дурдаж байсан юм.
Энэхүү шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг хийхдээ аль болох хүний гар ажиллагааг хөнгөвчилсөн, үр ашгийг дээшлүүлсэн шийдлийг олноор шингээжээ. Байшин барилгын хийц, зохион байгуулалт, төлөвлөлтүүд нь хүртэл хамгийн сүүлийн үеийн эрэлтийг хангасан байв. Тиймдээ ч тус төслийн байшингууд 2023 оны “Шилдэг дизайнтай барилга”-аар шалгарсан гэнэ. Ийнхүү залууст үзэх, сонирхох, асуух зүйл маш их байсан учраас мэргэжил мэргэжлийнхээ чиглэлээр дор бүрнээ саатаж, багагүй хугацаа авсан. Гэхдээ төслийн удирдагчдын зүгээс төлөвлөсөн хугацаандаа багтахгүй байх магадлалтайг анхааруулаад дараагийн аялалдаа гарахыг шамдууллаа. Ингээд рэйлбус хөлөглөн Ганшуунсухайт өртөөг зорьсон юм. Өргөн талын дундуур шугам тавьсан мэт сунайсан урт төмөр зам, өчүүхэн ч чимээгүй хурдлан давхих рэйлбус, цэлийсэн том цонхоор тэмээн сүрэг, хар сүүлт, аргал янгир, зээрийн сүрэг тааваараа нь зураглал яг л уран зураг шиг…
Ингэж явах зуураа зөрлөгүүдийн удирдлагын байр, ажилчдын орон сууц, үерийн далан, төмөр замын 430 метрийн урттай анхны гүүр, 5T хяналтын систем гэхчлэнгээр мэдлэгийн хүрээ тэлж, туршлага судлах даалгавартай залуусын тэмдэглэлийн дэвтрийн хуудас ч зузаарсаар. Миний хувьд мөн адил үзэг, цаас, гэрэл зургийн камер гурваа хоршуулан ажилласаар…
Б.АРИУНБОЛД: МЭДЭЭЛЛИЙН ЗӨРҮҮГ ГАЗАР ДЭЭР НЬ ТАНИЛЦСАН ЗАЛУУС ОЙЛГОСОН БАЙХ
- Монгол Улсыг ОХУ, БНХАУ хэмээх хоёр том гүрэнтэй холбосон ууган төмөр замын 16 мянган ажилтны төлөөлөл бидний хийсэн бүтээн байгуулалттай газар дээр нь ирж танилцсанд маш их баяртай байна. Энэ төслийг гардан гүйцэтгэсэн маш олон залуус УБТЗ-аас ажил мэргэжлийнхээ гарааг эхлүүлж, арвин туршлага суусан, хариуцлага гэж юу болохыг бүрэн ойлгосон байдаг. Энэ ч утгаараа унаган байгууллагаасаа олж авсан мэдлэг туршлагадаа суурилан орчин цагийн шинэ төмөр замын төсөл дээр ажиллаж, амжилттай ард нь гараад тэрхүү бүтээлээ өмнө нь мөр зэрэгцэн ажиллаж байсан мэргэжил нэг нөхдөдөө танилцуулна гэдэг нь бидний хувьд нэр төрийн хэрэг. Уг нь бид барилга угсралтын ажил ид өрнөж байх үед буюу 2020 оноос эхлэн УБТЗ-ынхан ажлын талбарт маань ирж үзэхийг хүссэн. Гэвч цар тахлын хорио цээр, ажлын цаг зав гэхчлэнгээр амжихгүй байсан. Харин өнөөдөр тэрхүү хүсэл биеллээ. Бүтээн байгуулалтын үр дүнг нүдээр харж, гараараа мэдэрсэн залуус өөрийн байгууллагадаа нэвтрүүлж болохуйц олон санаа, шийдлийг олж авсан гэдэгт итгэлтэй байна. Олон нийтийн дунд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд зөвхөн 233.6 км төмөр зам л тавьсан юм байна гэдэг ойлголт яваад байгаа нь анзаарагддаг. Мөн “Зүүнбаян төмөр зам 430 км атал яагаад дээрхтэй адилхан өртөгтэй байна вэ” гэдэг асуудлыг нийгмийн сүлжээнд үе үе хөнддөг. Гэвч бодит байдал дээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь дээд, доод бүтэц, дохиолол холбоо, барилга байгууламж, эрчим хүч, тоног төхөөрөмж, машин механик гээд зургаан багц бүхий цогцолбор төсөл гэдгээрээ өөр юм. Зүүнбаянгийн төмөр замын төсөлд тоног төхөөрөмж, машин механизм огт ороогүй шүү дээ. Дээрээс нь биднийг төсөл хэрэгжүүлэх үед өмнө нь 86 хувийн гүйцэтгэлтэй орхигдсон даланг тухайн үеийн өртгөөр нь манай төсөлд шилжүүлж өгсөн. Эдгээрийг ч хүрэлцэн ирсэн төмөр замчин залуус маань мэргэжлийн хүмүүсийн нүдээр харж, тус тусын дүгнэлтээ хийсэн байх.
М.НЯМЖАВ: ГАЗАР ДЭЭР НЬ ИРЖ ТАНИЛЦАХАД ИЛҮҮ ОЛОН ЗҮЙЛИЙГ ОЛЖ ХАРДАГ ЮМ БАЙНА
Замын аж ахуйн албаны шуурхай ажил, урсгал засвар хариуцсан инженер
-Миний хувьд шинэ төмөр замын бүтээн байгуулалттай газар дээр нь танилцахдаа өөрийн мэргэжлийн салбар болох суурь бүтэц дээр шингээсэн шинэ технологи, орчин цагийн дэвшилтэт арга барилуудыг голчлон анхаарч явлаа. Нэн тэргүүнд арчилгаа үйлчилгээ багатай, аюулгүй байдал, найдваржилтыг дээд зэргээр хангасан уулзваргүй замыг анх удаа Монгол залуус бүтээн байгуулсныг харахад бахархалтай сайхан санагдлаа. Суурь бүтцэд гардаг гэмтлийн 80 гаруй хувь нь зам төмрийн уулзвар дээр гардаг учраас энэ шийдэл нь өртөг зардлыг багасгаж, үр ашгийг дээшлүүлж, аюулгүй байдлыг хангахаас эхлээд олон давуу талтай. Мөн өртөө зөрлөгүүдийг алсын удирдлагатай болгосон байна. Ингэснээр товчилсон бригадын систем рүү орж ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ. Замын нь хэмжээнд байгаа нийт зургаан зөрлөгийн 3-4-т нь л замын бригад, мастерууд байрладаг бөгөөд бусад зөрлөгтөө томсгосон бригадаар ажиллаж байх жишээтэй. Түүнчлэн, хамгийн сүүлийн үеийн тоноглолтой хоёр шинэ вагоноор зам хэмжилт, сэв шалгуурыг гүйцэтгэдэг юм байна. Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийг 30 жилээр урагшлуулсан энэхүү бүтээн байгуулалттай газар дээр нь танилцах явцад УБТЗ-даа ийм техник технологийг нэвтрүүлэх юмсан гэх бодол өөрийн эрхгүй төрж байв. Өмнө нь энэхүү бүтээн байгуулалтын талаарх нэвтрүүлэг, баримтат кино зэргийг үзэж байсан ч яг өөрийн биеэр ирээд харахад илүү олон зүйлийг олж хардаг юм байна.
У.СҮХБААТАР: ӨӨРИЙН ХЭМЖЭЭНДЭЭ НЭВТРҮҮЛЖ БОЛОХУЙЦ САНАЛ САНААЧИЛГЫГ СУДЛАХЫГ ЭРМЭЛЗЛЭЭ
Зүүнхараа дахь ачааны вагон засварын депогийн Техник хэлстийн дарга
-Монгол Улсын шинэ төмөр замын бүтээн байгуулалттай газар дээр нь ирж танилцах боломж олдсонд үнэхээр сэтгэл өндөр байна. Энэхүү төмөр замыг бүтээн байгуулахдаа хүний гар ажиллагааг багасгаж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, үргүй зардлыг бууруулах чиглэлд инженерчлэлийн тооцоо судалгааг маш сайн гаргаж хийсэн нь тодоор харагдаж байна. Ялангуяа, орчин цагийн дэвшилтэт технологиудыг алхамт тутамд нь шингээж өгсөн нь маш сайхан санагдлаа. УБТЗ-даа цаашид нэвтрүүлэн хэрэгжүүлмээр олон шинэлэг шийдлүүд байна. Залуу төмөр замчны хувьд тэдгээрийг боломжтой хувилбараас нь эхлэн аж ахуйн нэгждээ, цаашлаад замын хэмжээнд нэвтрүүлэхэд өөрийн хэмжээндээ идэвх санаачилга өндөр ажиллах нь чухал юм байна гэсэн бодол нэн тэргүүнд төрлөө.
Ө.САЙНЗАЯА: ТАВ ТУХТАЙ АЖИЛЛАХ НӨХЦӨЛИЙГ БҮХ ТАЛААР ХАНГАСАН НЬ МАШ ИХ ТААЛАГДЛАА
Техникийн бодлого стандартчиллын албаны инженер
Шинэ төмөр замын бүтээн байгуулалттай танилцах явцад Монгол инженерүүд тэр дундаас төмөр замын үндсэн мэргэжлийн хүмүүс ямар өндөр хэмжээний мэдлэг чадвартай юм бэ гэх бахархал өөрийн эрхгүй төрж байна. Эрхэлж байгаа ажлынхаа хүрээнд УБТЗ-даа авч хэрэгжүүлж болохуйц олон сайхан санаа, шийдэл энд байна. Нөгөө талаас нь авч харвал УБТЗ ХНН олон улсын ISO стандартыг 2013 оноос байгууллагадаа нэвтрүүлж ажилласны хувьд манай байгууллагад давуу тал ч олон байна. Гэхдээ энэ нь дутуу, энэ нь илүү гэж харьцуулахаас илүүтэйгээр аяллын маань зорилго хоёр байгууллагын залуус харилцан туршлага судлахад оршиж байгаа учраас мэдэхийг хүссэнээ харилцан асууж, мэдлэг туршлагаа хуваалцаж ажиллалаа. Энэ төмөр замд хүнийг тав тухтай ажиллах нөхцөл бололцоог бүх чиглэлээр хангаж, бүрдүүлсэн байгаа нь маш гоё санагдлаа. Амьдрах, чөлөөт цагаа өнгөрөөх орчин, ажлын байр гээд бүх талаар үлгэр жишээ зохион байгуулалтыг хийсэн нь энд ажиллах хүмүүсийн тогтвор суурьшлыг нэмэгдүүлэхэд гол түлхэц болжээ гэж харлаа. Мөн энэхүү бүтээн байгуулалтыг гардаж, удирдан зохион байгуулж байгаа хүмүүсийн дийлэнх хувийг УБТЗ-аас гаралтай өндөр ур чадвартай инженер техникийн ажилтнууд эзэлж байгааг харах үнэхээр сайхан байлаа. Өөрийн өсөж, дэвжиж, бойжиж яваа унаган байгууллагаараа бахархах сэтгэл ч их төрлөө. Ажил нь жигдэрсний дараа стандарт, шаардлагуудыг мэдээж шат дараатайгаар хангаад явах байх. Гэхдээ ажил нь албан ёсоор эхлээгүй, ажиллах хүч нь ирээгүй байгаа ч ажилтнуудынхаа ажиллах орчны деталь бүрт онцгой анхаарал хандуулсныг нь харах маш их таалагдлаа.
З.БОЛДБААТАР: УБТЗ-ААС ОЛОН ТАЛААРАА ДАВУУ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛСЭН БАЙНА
Зүтгүүрийн албаны ахлах диспетчер
-Би УБТЗ-д 1994 оноос хойш 30 дахь жилдээ ажиллаж байна. Монгол инженерүүдийн өөрсдийн ур ухаанаа шингээсэн бүтээн байгуулалттай нэг бүрчлэн үзэж танилцахад үнэхээр сайхан байлаа. Манайд бэлтгэгдсэн инженер залуус суурь бүтцээс эхлээд холбоо дохиолол, хөдлөх бүрэлдэхүүн хүртэлх бүх шийдлийг өөрсдийн тооцоолол, ур чадварт үндэслэн дэлхийн стандартыг Монголд нутагшуулж чаджээ. “Мянга сонсохоор нэг үз” гэж юутай үнэн бэ гэдгийг энэ өдөр илүү бодитоор мэдэрлээ. Маш өргөн цар хүрээтэй бүтээн байгуулалт болсон байна. 5Т систем, доод оврын автомат хаалтаас гадна зүтгүүрийн депогийн зохион байгуулалттай танилцлаа. Энэ төмөр замд ашиглахаар Америкаас шинэ зүтгүүрүүдийг оруулж ирсэн байна. Хагас жилд нэг удаа ТО-3 засварыг хийдэг маш өндөр бүтээмжтэй зүтгүүр ашиглаж байгаа юм байна. Технологийн хувьд манайхаас хамаагүй илүү гэж ойлголоо. Бид хоёр секцийн зүтгүүрээр 5000 тонн ачаа татдаг бол энд нэг секцийн зүтгүүрээр ийм хэмжээний ачаа татдаг юм байна. Манай залуучууд өөрсдийнхөө мэргэжлийн чиглэл бүрээр маш нухацтай үзэж танилцаж байгаа нь анзаарагдлаа. Авах, хэрэгжүүлэх шийдлүүд ч энд олон байна. Зүтгүүрийн чиглэлээр л гэхэд депо орох шаардлагагүйгээр өртөөндөө зэхдэг технологийг нэвтрүүлсэн байна шүү дээ гэлээ.
Ийнхүү УБТЗ-ын инженер техникийн ажилтнууд нэгэн цагт мөр зэрэгцэн ажиллаж байсан нөхдийнхөө хийсэн бүтээн байгуулалттай танилцаж, халуун нөхөрлөл дунд гурван өдрийг хамтдаа үр бүтээлтэй өнгөрүүлсэн юм. Уулзалтын явцад төмөр замчин залуус бие биедээ урмын үг хайрлаж, удаан уулзаагүй найзууд халуун яриа дэлгэх нь цаанаа л таатай. Тэр дундаас УБТЗ-аас ажлын гараагаа эхлүүлсэн залуу инженерүүдийн төлөөлөл болох Д.Бишхүү “Би төрөлх байгууллага, ижилдэн дассан найзуудаа үргэлж сэтгэлдээ бодож явдаг. Та нарыг маш их хүлээсэн. Ирнэ гэхээр нь хамгийн түрүүнд нэрсийн жагсаалтыг нь харсан. Дийлэнх нь таньдаг, хамт ажиллаж байсан хүмүүс байхаар их баярласан. Та нарыг ирэхийн урд шөнө нойр хүрэхгүй сэрвэлзэж хонолоо. Биднийг зааж сургасан олон чадварлаг хүмүүс УБТЗ-д байгаа учраас өөрсдийнхөө чадан ядан хийсэн бүтээн байгуулалтыг шалгуулчих юмсан гэсэн хүсэл ч их байсан. “Юу ч хийж үзээгүй юм байж…” гээд л залуучуудыг мохоох үзэл өнөөгийн нийгэмд их байдаг шүү дээ. Тэр ч утгаараа энэ бүтээн байгуулалтын ард гарч чадсанаараа өөрөөрөө бахархдаг. УБТЗ-аас олж авсан мэдлэг туршлага минь үүнд гол хүч болсон. Ер нь, цаашдаа УБТЗ-ынхантайгаа хамтарч ажиллах боломж гаргах бүрд хамгийн их баяртайгаар хүлээж авах болно” хэмээн ярьсан нь ямар ч нэмэлт хачиргүй сэтгэлийн үг санагдсан. Нэгэн эхийн хэвлийгээс төрсөн хүүхдүүд амьдралын замд өөр өөр зүгт жигүүр дэлгэн нисдэг ч сэтгэл зүрхэнд нь үргэлж өсөж, торнисон гэр бүл нь үргэлж уяатай явдаг шиг залуус унаган байгууллагаа, найз нөхдөө хэзээ ч мартдаггүй, мартахыг ч хүсдэггүй гэдгийн бодит нотолгоо энэ гэлтэй. Тэд бие биеэсээ өөр өөр орон зайд оршин байгаа ч сэтгэл зүрхээрээ үргэлж хамт явдаг аж.
Тиймээ, Монгол залуус хэний ч гарыг харалгүйгээр төмөр замын салбараа бүтээн байгуулж, удирдан зохион байгуулж чаддаг юм шүү гэдгийг энэ төсөл яруу тодоор харуулж чаджээ. Залуу хүн бүр хүсэл мөрөөдөлтэй Гагцхүү тэдний бүтээн байгуулалтыг хэрхэн үр ашигтай байлгах, өмнийн цэнхэр говийн эрдэнэс баялгийг эх орныхоо хөгжил дэвшилд хэрхэн үр дүнтэйгээр зориулахыг гагцхүү шийдвэр гаргагчдын мэргэн оюун мэдэх буй за. Зарцуулалт нь зөв байж чадвал Монгол хүн баялагтаа эзэн суугаад зогсохгүй байгаль орчинд ээлтэй нөхцөл бүрдэж, тээврийн жолооч нарын амь насанд учирдаг эрсдэл буурч, үргүй зардал хэмнэгдэхээс эхлээд олон давуу тал шил даран гарах нь дамжиггүй юм.
Б.Дэлгэрхишиг