Саяхан манай улсын Ахмадын үндэсний чуулган болж өнгөрлөө. Энэ арга хэмжээнд миний бие оролцсон юм. Энд тэмдэглэхэд, нэгэн нөхөр ахмадаасаа суралцъя гэдгийг тайлбарлаж өгөөч гэхэд цаадах нь ахмадуудаас муу санаагий нь л авахгүй юм бол өөр юуг нь авах юм бэ гэсэн ёгт үг санаанд орж суув. Энд муу санаа гэдэг нь хүний мууг үзэх гэсэн атгаг санаа огтхон ч биш, гагцхүү амьдралын болж өнгөрсөн бодит үнэний баялаг туршлагыг авч хэрэглэхийг сануулж байгаа хэрэг шүү дээ.

Өндөр зохион байгуулалттай, утга агуулга гүнзгий арга хэмжээ болов. Шалдан тал дээр цэцэг ургадаггүй гэдэг шүү дээ. Гагцхүү цэцгийг тордож ургах нөхцлийг нь л бүрдүүлж байх ёстой юм. Өнгөрсөн үе бол “туйл”-ын үнэн шүү дээ. Өнгөрсөндөө л сайн дүгнэлт хийж гишгэсэн мөрөө эргэж харж чадаж байвал улсын хувьд ч, байгууллагын хувьд ч, хувь хүний хувьд ч урдах зам маань илүү алдаа мадаг багатай байх болно. Манай улс одоо эмч, сувилагч, багш гурваар цангаж байгаа юм байна. Ялангуяа хөдөө орон нутагт. Эрүүл мэнд, боловсролын салбарт ажилладаг сэхээтнүүд маань гадагшаа амьдрал хөөж олноороо явцгааж байна. Энэ ч бас аргагүй л юм. Ийм нөхцөлд нас нь яая ийе болоогүй туршлагатай ахмад хүмүүсийг дутуу орон тоон дээр авч ажиллуулах нь аль аль талдаа хэрэгтэй байлгүй яахав. Батлагдаад удаагүй байгаа Ахмадуудын тухай хуульд 60 хүрээд тэтгэвэрт гарахыг заавал албадахгүй юм байна. Энэ нь ч бас зөв бололтой. Ер нь баруунд бол туршлага гэдэг юмыг чухалд авч үзэж байна шүү дээ. Тэр жил манай улсын нэгэн том дарга Алтангэрэл дарга Төмөр замын соёлын ордонд болсон нэгэн зөвлөгөөнд оролцоод тэгэхэд нь миний бие хурал дээр “Элж цоорсон оймсыг цойлдож өмсөх хэрэгтэй юм” гэж хэлснийг минь дарга өлгөж аваад одоо ба ирээдүйд их хэрэг болох санаа даа наадах чинь гэж хэлж байж билээ. Гэхдээ мэргэжлийн залуучууд эгнээгээрээ шил даран орж ирж байхад би тэтгэвэрт гарах болоогүй ээ гээд суугаад байх нь бас л зохимж муутай. Ер нь бол залуу эрч хүч оймс элээсэн туршлага хоёрыг зөв хослуулж байх хэрэгтэй юмдаа.

Өнөөдөр ахмад үе, залуу үе хоёрын хооронд завсар гараад байна гэж би боддог. Ахмадууд нь эд нар хэтэрхий амьдрал мэдэхгүй байна гэх. Залуучууд нь нөгөөдүүлээ хөгширч зөнөсөн гээд тоохгүй байх маягтай. Тэгэхээр дээрх чуулганы үзэл санаа бол энэ ан цавыг гагнаж арилгая гэж байгаа хэрэг юм. Эртийд ТЗДС дээр тус сургуулийн ахмад төгсөгч Мөнхбаярын санаачилгаар оюутан залуучууд багш сурган хүмүүжүүлэгчид, хөдөлмөрийн баатар гавъяатуудын уулзалт болсон. Тэн дээр манай вагоны Болд дарга, РБ-ийн Батдорж, Нямжаргал, Вандандагва гээд манай урдаа барьдагууд сайхан үг хэлцгээж заал алга ташиж хүлээж авч байсан. Мөн Зүтгүүрийн Депогийн дарга Энхмөнх, Ахмадын хороо болон залуучуудын байгууллагатайгаа хамтран Гэсэржав даргын ажил амьдралын баялаг туршлагаас суралцья гэсэн гүн агуулгатай сайхан арга хэмжээ зохион байгуулав. Тэнд яригдсан зүйлээс Гэсэржав гэдэг хүн ямар ажил амьдралын гүнзгий философи байж вэ гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Дээр нь ахмад төмөр замчин Ядамсүрэн, Нямжаргал, Сэнгээ нарын зэрэг манай ажил амьдралын шигтгээ болсон шилдгүүд оролцсон “Гурван үеийн чуулга уулзалт”-ууд шугам замын дагуу болж, тэр арга хэмжээнүүдэд замчин залуучууд өргөнөөр оролцож, санал бодлоо солилцож байсан тухайгий нь сонсоход сайхан байна....

 

Ахмад төмөр замчин Р. Раш