Жил бүрийн тавдугаар capын 15-ны өдрийг " Олон улсын гэр бүлийн өдөр” болгон зарласан. Манай улс 2006 оноос энэ өдрийг тэмдэглэж эхэлжээ. Энэ өдөр төмөр замчин гэр бүлийн төлөөлөл, ахмад төмөр замчин Р.Туяа, Я.Сайнбилэгт нарыг зочин хоймортоо урилаа.

 

 - Олон улсын гэр бүлийн өдрийн баярын мэндийг танай гэр бүлийнхэнд хүргэе.  Төрж, өссөн нутгаас тань ярилцлагаа эхэлх үү?

Р.Туяа: Гэр бүлийг улс үндэстэн оршин тогтнохын хамгийн бага нэгж гэдэг. Энэ өдөр "Ган зам" сонины хуудсаар дамжуулан нийт гэр бүлүүддээ баярын мэнд хүргэе.

Би Очирваань хайрханы хормойд төрж өссөн. Өөрөөр хэлбэл, Завхан аймгийн Улиастай хотод бага нас маань өнгөрсөн юм. Дөрөвдүгээр анги төгсдөг жил манайх хот руу нүүсэн. Хотод ирээд 49 дүгээр сургуульд шилжин суралцаж, наймдугаар ангиа төгссөн. Миний хотын хүн болсон түүх товчхон доо.

Я.Сайнбилэгт: Би бол Говь-Алтай аймгийн хүн. Бага насаа аав ээжтэйгээ өнгөрөөгөөд Чех улсад сурч ирээд хотод суурьшсан.

 

 -Одоо, та хоёрыг Завханы, Говь-Алтайн гэхээсээ илүүтэй төмөр замын гэх нь илүү ойр тусаж байгаа байх аа?

 

Р.Туяа:- Тийм шүү, миний төмөр замчин болсон түүх богинохон доо. Наймдугаар ангиа төгсөхөд багш нар есдүгээр ангид ор гэж байсан ч аав, ээж маань "Техникумд сурсан хүн алзахгүй. Ажлын захад эрт хүрнэ" гээд оруулаагүй юм. Тухайн үед үнэндээ би төмөр замын талаар "А" ч үгүй хүүхэд байлаа. Бидний үеийнхэн аав, ээжийн үгнээс зөрөх биш. 1975 онд Төмөр замын техникумын  вагоны ангид элссэн. Хоёр жил сурч байтал цэрэгт татагдсан. Одоо оюутан байх хугацаанд цэрэгт татдаггүй шүү дээ. Бидний үед цэргийн албаа хааж ирээд эргээд сурдаг байлаа. Тэр журмаар Зүүнбаянд гурван жил алба хааж ирээд үргэлжлүүлэн сурч 1982 онд сургуулиа төгссөн дөө. Тэр хавраа Салхит зангилаанд ангийн найз Өлзийбаяр, Сумъяа нартайгаа хуваарилагдан очиж вагон үзэгчээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн нь нөгөө талдаа жинхэнэ төмөр замчин болох гараа минь байж дээ. Хоног хугацаа өнгөрөх тусам ажилдаа дадаж, гурван сарын дараа ахлах үзэгч болсондоо их урамшиж билээ. 

 

      -Салхитад хэр удсан бэ. Зорчигчийн вагон депод хэзээнээс ажиллаж эхлэв?

Р.Туяа: -1984 онд хот руу ирж Зорчигчийн вагон депогийн Механик цехэд засварчнаар ажилласан. 1985 оноос Бээжингийн галт тэргэнд мастераар явж эхэлсэн юм. Тухайн үед хоёр вагон л явдаг байлаа. Мастераар ажиллахын тулд Замын намын хороогоор орж шалгуулна. Шалгалтад ороход олон дарга эгнээд суусан нь сүрдмээр шүү. Гурван үеийн намтраас эхлээд олон л зүйл асуусан. Тэр цагийнхаа журмаар Улс төрийн товчоо хэдэн гишүүнтэй вэ гэхчлэн. Мөн орос хэл болон Хятад улсын талаарх мэдлэгийг давхар шалгаж байсан. Техникч мэргэжилтэй хүн ховор байсан болохоор өрсөлдөөн бага байсан байх. Хоёр вагон маань тэр ондоо галт тэрэг болж анхны галт тэрэгний мастераар ажиллаж эхэлсэн. Тэр үед О. Насанбат гуай байгууллагын дарга, галт тэрэгний дарга маань Бямбасүрэн, Сандуйжав нар байсан.

          -Хоёр улсын харилцаа одоогийнх шиг нээлттэй байгаагүй үед анх Бээжинд очиж байж?

Р.Туяа:-Тухайн үед Улаан-Уулаас цааш хориотой бүс болохоор энгийн иргэн ордоггүй байсан юм. Хил гараад л эзгүй тал. Эрээн гэж байгаагүй. Одоогийн энэ бүтээн байгуулалт  бол бүр сүүлд хийгдсэн шүү дээ. Бээжингийн агаар анх их бүгчим өмхий ч юм шиг санагдаж байсан. Цэвэр цэнгэг агаартай нутгаас ирсэн болохоор аргагүй л дээ. Очоод буудалд байрлана. Гараад явахад тэднийхнээс хүн байнга дагана.Бидэнд нэг удаагийн явалтад хоолны мөнгө гэж 18 юань өгдөг байлаа. Хоолны мөнгөнөөсөө илүүчлээд заримдаа нусны алчуур, хилэн шаахай эхнэр хүүхдэдээ авна. Ажлаас буусныхаа маргааш өглөө нь Төмөр замын цагдаа дээр очиж ажлын тайлангаа тавьдаг байлаа. Эндээс хоёр хүн явлаа гэхэд нэг нэгнээ хянаж яваад буцаж ирээд тайлагнаж байгаа нь тэр. Одоо ийм сайхан нээлттэй болсон цагт тийм байсан гээд ярихад хүмүүс гайхах байх л даа. Зорчигчийн вагон депо хэмээх өнөр өтгөн, хөдөлмөрч хамт олны дунд 35 жил ажиллаад Техникийн нэгдсэн байцаалтын цехийн бригадын даргаар ажиллаж байгаад 2019 онд тэтгэвэртээ суусан даа. Төмөр замд нийтдээ 37 жил ажилласан.

-Та хоёр маань гэр бүлийн түүхийн эхний хуудсыг нээвэл ..?

Р.Туяа:- 1987 он их тод харагдах байх даа.  Бид хоёр тэр жил танилцсан. Манай ангийн найз С.Сүхбаатарын эхнэр нь манай хүнтэй найз. Гутлын үйлдвэрт хамт ажилладаг байсан юм. Нэг үгээр хэлэхэд, найзаараа зуучлуулсан. Анх танилцахад том  алаг нүдтэй  охин дотно санагдсан. Трэ өдрөөс хойш 30 гаруй жил өнгөрсөн байна шүү дээ.

 

-Гэргий тань бас төмөр замчин байх аа?

 

Р.Туяа: -Тиймээ. Эхнэр маань түрүүн хэлсэнчлэн Гутлын үйлдвэрт ажиллаж байгаад, хоёр хүүхдээ төрүүлсэн. Буцаад ажилдаа орох гэтэл үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон байсан. Тухайн үед манай байгууллагын даргаар О.Сүрэн гуай ажиллаж байсан. Учир байдлаа хэлэхэд уриалгахан хүлээж авч  ажилд авсан.

Я.Сайнбилэгт: - Би Зорчигчийн вагон депогийн Сэлгээ, угаалгын цехэд вагон угаагчаар 15 жил ажилласан. Хоёулаа нэг газарт ажилладаг болохоор ажилдаа хамт яваад хамт харина. Өглөө тогтмол 06.30 цагт ажилдаа явна. Хол гэртэй ч ажлаасаа нэг ч удаа хоцорч байгаагүй.  Хүн ямар ч ажлыг чин сэтгэлээсээ л хийх хэрэгтэй. Хийе, бүтээе гэсэн сэтгэл байхад бэрхшээлийг давна. Төмөр зам хүнийг цаг барьдаг болгоно, дэг журамд сургадаг.

   -Хуримлаж байсан үеийн дурсамжаасаа хуваалцана уу?

Я.Сайнбилэгт:-Бид 1988 оны долдугаар сарын 10-нд Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулж хуримаа хийсэн. Төрөх дөхсөн том гэдэстэй хуримын ордны шатаар өгсөж байлаа. Хурим найр наадмын баяртай давхцаж гурван хоног үргэлжилсэн юм. Тэр үеэс хойш 35 жилийн амьдралын жаргал зовлонгоо хуваалцаж, хоёр хүүхдийн аав, ээж боллоо. Охин Т.Даарийжаргал маань Оюутолгой ХХК-д, хүү Т.Зулхүү Япон Улсад "Sony" корпорацид ажиллахын зэрэгцээ суралцаж байна. Бид хоёр зээ харна гэдэг чухал албанд  хичээнгүйлэн зүтгэж  байна даа/ инээв/.  

  -Нэг талаар, төмөр замын ажил цагт баригддаг, ажлын зав чөлөөгөөр гарч ороод байх нь ховор. Хүүхдүүдээ өсгөх амаргүй байв уу?

Я.Сайнбилэгт:-Манай хүүхдүүд цэцэрлэгт явдаггүй байсан. Дүү нь эгчийгээ дагаж гэртээ сурч болох бүхнийг сурсан. Эгч нь сургуульд ороход зургаан настай дүү нь уншаад сурсан. Тэр үед хүүхдийн  IQ хөгжүүлэх тоглоом ховор, харин аав нь Москвагийн галт тэргэнд явдаг байсан болохоор сэтгэхүй хөгжүүлэх тоглоом болон үзэг бал, дэвтэр ном авчирна. Бид гэр бүлээрээ  үгийн сүлжээ их бөглөнө. Гадуур явахаар чихэр жимснээс түрүүлж үгийн сүлжээтэй сонин авахаар хоёулаа гүйчихдэг байлаа. Мөн аав нь төрөл бүрийн сонин захиалдаг байсан болохоор хүү маань “Таван цагираг” сонины дугаар бүрийг уншдаг. Бөхийн барилдааныг алгасахгүй хөтлөөд зураг хөрөгтэй нь цуглуулсан зузаан дэвтэр нь одоо ч байгаа шүү. Охиноо төмөр замчин болоосой гэж боддог байсан ч өөрийнхөө хүсэл сонирхлыг дагаад ШУТИС-ийн цахилгааны ангид орсон доо. Харин хүү маань элсэлтийн шалгалтаа математик, физик, англи хэлний хичээлээр өгч улсын хэмжээнд эхний тавд багтсан. Дунд сургуулиа төгсөхдөө олон олимпиадад ордог байсан болохоор “Хаан” банкны тэтгэлэг авсан. Дөрвөн жил дээд сургуульд сурах хугацаандаа аав ээжээсээ нэг ч төгрөг ч аваагүй шүү, хүү минь. Харин ч бидэнд өгдөг байсан.

-Та хоёр маань хүүхдүүдийнхээ сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд их анхаарч дээ?

Я.Сайнбилэгт:- Хүү мааньABU robocon” буюу робот зохион бүтээх тэмцээнд  МУИС-ийн багийн гишүүнээр оролцож, багаараа таван удаа улсын аварга болсон доо. Улсын аварга болсон баг олон улсын тэмцээнд оролцдог. Багаараа Япон, Энэтхэг, Египет зэрэг улсад зхиогдсон уралдаанд орж байсан.

Р.Туяа:-Гадагшаа тэмцээн уралдаанд явахад зардлаа өөрсдөө гаргадаг байсан юм. Бид хоёр хүүгээ Египет явах жил зардлын туслалцаа үзүүлнэ үү гэсэн өргөдлөө бариад тухайн  үед Замын нийгмийн асуудал хариуцсан орлогч Л.Халтар даргатай уулзахад "Та хоёр хоёулаа олон жил ажилласан төмөр замчид болохоор дэмжинэ" гээд хүүгийн маань онгоцны зардлыг шийдэж өгсөнд одоо ч талархаж явдаг.

-Хүний амьдралын гол утга учир юу юм бол. Бидний эрхэмлэж хайрладаг үр хүүхэд, ажил үйлс гээд олон зүйл байдаг шүү дээ?

Р.Туяа:- Хамгийн гол нь нэг газартаа тогтвор, суурьшилтай ажиллах нь чухал. Дасаж ээнэгшсэн хамт олныхоо дунд бужигнаж явах шиг сайхан зүйл хаана байхав. Бидний үед ур чадвараар нь, ажилдаа хандах хандлагаар нь шударгаар үнэлдэг, сайн хүмүүсээ дэмждэг байсан. Зорчигчийн вагон депод үе үеийн шилдэг дарга нарын удирдлага доор ажилласан даа. Тэр үеийн дарга нар маань засварчидтайгаа энгийн сайхан харьцдаг, хоолоо хуваагаад идэх үе ч байсан. Харин алдаа дутагдал гаргавал арга хэмжээг авсан шиг авна шүү.

Я.Сайнбилэгт: -Хүн үнэнчээр хөдөлмөрлөх хэрэгтэй гэж боддог. Хүүхдүүддээ ч ингэж захидаг. Ажил хийсэн хүн ам тосдоно гэдэг үнэн шүү дээ. Гол нь, ажилдаа үнэнч сэтгэлээр хандах нь чухал. Хийх ажлаа л бодно уу гэхээс цалин мөнгөний их багыг боддоггүй сэн. Одоо эргээд бодоход бид ажил хөдөлмөрийг шүтэж амьдарч байж дээ.

- Байнгын ажил,  албатай байсан хүмүүс гавьяаны амралтдаа  гараад зүгээр суугаагүй байх?

Р.Туяа:- Ажиллаж байхдаа хийж амждаггүй байсан зүйлүүдээ хийж байна. Би залуудаа машин техник сонирхдоггүй байсан. Харин тэтгэвэрт гараад жолооны курсэд суусан. Одоо бол хүссэн газар руугаа машинаа бариад л явчихдаг болсон. Урин дулаан цагт агаар салхинд их гардаг.

Я.Сайнбилэгт:  -Тэтгэвэртээ гарахаар өөрийгөө хөгжүүлэх амьдралын бас нэгэн шинэ үе эхэлдэг юм байна. Би шууд борлуулалтын компанид ажиллаж эхэлсэн. Шинэ хамт олон, найз нөхөдтэй боллоо. Өндөр цалин аваад улам урамшдаг юм байна. Энэ ажлынхаа шугамаар Европын орнуудаар аяллаа. Ковидоос өмнөхөн Америк яваад ирсэн. Одоо ханьтайгаа хоёулаа хамт ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

 -Та хоёртоо баярлалаа. Гэр бүлд нь аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе!

 

Б.Золжаргал