Шугам зам дахь төмөр замчдын ажлын байр ая тухтай, дулаан байх боломжийг бүрдүүлэн ажилладаг уурын зуух олон бий. Хойд, урд хэсэглэлийн аль ч уурын зуухаар нь орсон бүгд л цэмцийж байдаг. Тэдгээрийн дотоод орчныг тухайн орон нутгийнх нь уурын зуухуудтай харьцуулахад оффис гэж эндүүрмээр нь ч бий. Харин төмөр замын тэдгээр цэвэрхэн зуух дотроос бүр ч илүү цэмцгэр тохижилттой газар цөөнгүй. Тэдний нэг нь Багахангайн уурын зуух. Сүүлийн жилүүдэд дотоод нөөц боломжоо ашиглан өөрсдөө засвар үйлчилгээний олон ажил хийсэн тул Замын даргын хаврын үзлэгээр Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболдоор ахлуулсан комиссынхон тус зуухны механикч Б.Дуламсүрэн тэргүүтэй ажилтнуудыг сайшааж, ажил үйлчилгээг нь сонинд сурвалжлах үүрэг өгсөн юм. Саяхан Багахангайн уурын зуухаар орлоо.

Гаднаасаа өндөр яндангаар уурын зуух гэдэг нь илт харагдах ч үүдээр нь ормогц үнэхээр л оффис шиг цэвэрхэн орчин угтав. Механикч Б.Дуламсүрэн “Ажилчдын эв нэгдэл, сэтгэл зүтгэлээр манайх ийм сайхан болсон. Хүн бүрээс санал асууж, түүнийг нь дэмжин дээд байгууллагаасаа материалын зардал гаргуулаад л засчихдаг юм” гэв. Түүний хувьд 1985-1989 онд УБТЗ-ын Техникумыг сантехникийн техникч мэргэжлээр төгсөөд Багахангайд тухайн үед байсан БОС-ны IV ангид диспетчер болж, 1993 оноос зуухны анхны эмэгтэй мастераар томилогдож байжээ. Тэр цагаас хойш Баян зөрлөгөөс Агуйт хүртэл шугам замын есөн өртөө, зөрлөгийн барилга орон сууцны нам даралтын зуух болон Мааньт, Багахангай-2 халаалтын зуухыг хариуцан ажиллаж байгаа гэнэ. Тэрбээр, “Бид гадна, дотор инженерийн шугам сүлжээнд их болон урсгал засварын ажлыг графикт хугацаанд технологийн дагуу гүйцэтгэдэг. Бид шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж төмөр замчид, оршин суугчдын ая тух, сэтгэл хангалуун ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлдэг хамт олон” хэмээн  ажил мэргэжлээрээ бахархав. Сантехникийн цех нь үндсэн болон улирлын 29 ажилтантай аж. Халаалт зогссоноос хойш улирлын ажилтнууд их засварын бригадуудад шилжсэн тул одоогоор үндсэн 18 ажилтантай байгаа гэнэ.

Тус зуух нь төмөр замын 10, орон нутгийн найман аж ахуйн нэгж, 154 айл өрхийг дулаанаар хангадаг юм байна. Уурын зуухны хамт олон эрүүл аюулгүй байх шаардлагыг бүрэн хангасан ажлын байртай болох зорилгоор 2016 оноос хойш үе шаттайгаар зуухны утаа, тоосжилтыг багасгаж, нөхцөлийг сайжруулах ажлыг өөрсдийн нөөц бололцоогоор хийжээ. Тав тухыг бүрэн хангасан тохилог, цэвэр ажлын байртай болсноор ажилтнуудын ажилдаа хандах хандлага, ажлын бүтээмжид нь ч эергээр нөлөөлснийг механикч онцолж байв. Машинч, слесариуд ч “Цэвэр, тохилог орчинд ажиллах нь зөвхөн байгууллагад бус бидний эрүүл мэндэд маш чухал хөрөнгө оруулалт юм” гэцгээн  яриа нэгдлээ.  Тэд Менежментийн нэгдсэн тогтолцооны хэрэгжилтийг баталгаажуулах тушаалын хүрээнд ажлын байрандаа 18 төрлийн 41 цэцэг тарьж, ургуулжээ. Мөн зуухны гадна орчныг зүлэгжүүлэн агч, гацуур, чацаргана, буйлс зэрэг модны төрлийг нэмэгдүүлэн эко орчин бүрдүүлж, хогоо гурав ангилан ялгах сав шинээр хийж тавьжээ. Зөвхөн Багахангай гэлтгүй Мааньтын зуухны тохижилтод анхааран үнсний цэгийг хашаажуулж, байгаль орчны чанарын менежментийн тогтолцоог ханган ажиллаж буйгаа механикч өгүүллээ.

 

        Мастер  Б.Дуламсүрэн: Уурын зуух гээд бохир байж болохгүй

 

-Замын даргын үзлэгээр бидний энэ ажлыг сайшаасан. Ийм тохилог орчин бүрдүүлсэн маань хамт олны л хүч. Санаачилж, төлөвлөсөн ажлыг гардан хийж бодит болгодог,олон жил хамтарч ажилласан ахлах слесарь Д.Цогтбаяр, бохирын слесарь Ц.Эрдэнэбат, гагнуурчин Б.Баттогтох, слесарь С.Жаргалсайхан нар маань үнэхээр сэтгэл нэгдэж ажилладаг. Мөн өнгөрсөн онд гавьяаны амралтдаа гарсан слесарь Б.Батзориг, оператор Г.Оюун нар маань ч бий. Бидний ажилд үндсэн төлөвлөгөөт ажлынхаа хажуугаар барилгын нарийн мэргэжил дээр тусалдаг Багахангайн Ашиглалтын цехийн хамт олон байгаа. “Алтан гартай” мужаан Г.Мөнхбямба, шавар будагчин М.Өсөхбаяр, цахилгаанчин М.Баярсайхан болон нийт ажилчдаараа би бахархдаг. Өнгөрсөн онд манайх Замын хэмжээнд ажлын байрны тохижилтоор  жишиг зуухаар шалгарсан. Тиймээс Барилга орон сууцны албанаас санаачилж ангийн захиргаа болон ҮЭ-ийн хорооны дэмжлэгтэйгээр орон сууцны гурван ангийн ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг зуухны механикуудын дунд үзүүлэх сургууль зохион байгуулсан. Анги байгууллагаас материалын үнийн өсөлттэй уялдуулж засварын ажлын төлөвлөгөөг нэмэгдүүлэхэд онцгой анхаарахын зэрэгцээ санаачилж, хэрэгжүүлж байгаа ажлыг маань дэмжин тусалдагт энэ ташрамд талархал илэрхийлье. Бид их засварын зардлыг бууруулан хэмнэлт гаргах зорилгоор сантехникийн инженер Л.Батсайханы санаачилга, удирдлага дор гагнуурчин Б.Баттогтох, Ц.Цэрэн-Очир, ахлах слесарь Д.Цогтбаяр нарын бусад ажилтнууд үйлчилгээ, засвар хийхэд хялбар, өртөг багатай тогоог шинээр бүтээхээр тооцоо судалгааныхаа шатанд явж байгаа. Миний хувьд, уурын зуух гээд бохир байж болохгүй. Хөдөлмөр хамгааллын болон бусад өрөө тасалгааг ажилтнуудад гэртээ байгаа юм шиг тав тухыг мэдрүүлэхээр засаж тохижуулсан нь зөв зүйтэй ажил болсон. Хүн хариуцсан ажлаа чин сэтгэлээсээ, хариуцлагатай хийх хэрэгтэй. Энэ бол миний гэр бүлийн хүмүүжил. Хүүхдүүддээ ч тэгж сургадаг. Би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд найман хүүхэдтэй айлын хоёр дахь охин болж мэндэлсэн. 1977-1985 онд Цэцэрлэг сумын дунд сургуулиа төгсөөд л Төмөр замын техникумд элсэж байлаа. Манайх ам бүл тавуулаа, нөхөр гурван хүүхэдтэй. Нөхөр О.Бүрэнтөгс маань Багахангайн ТҮГ-т вагон үзэгчээр 34 жил ажиллаад энэ оны дөрөвдүгээр сард тэтгэвэртээ гарсан. Том хүү Б.Ууганбаяр “Pояаль” олон улсын дээд сургуулийг маркетингийн мэргэжлээр бакалавр, Санхүү эдийн засгийн их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр магистр хамгаалан гадаадад ажиллаж амьдарч байгаад ирсэн. Одоо хувиараа ажил эрхэлдэг. Дунд охин Б.Баасандэлгэр ОХУ-ын Новосибирскийн Зам харилцааны их сургуулийг төгсөөд Тээвэр зохион байгуулалтын албанд инженерээр ажилладаг. Эгчийн маань таван хүүхдийн нэг нь л дээ. Би зургаан настайгаас нь өсгөж хүмүүжүүлсэн охин маань байгаа юм. Бага охин Б.Золбоо маань Тээвэр хөгжлийн банканд эдийн засагч, харилцааны менежерээр ажиллаж байна.

 

Д.Цогтбаяр: Зун сайн ажиллаж байж өвлийг эрсдэлгүй давна шүү дээ

Ахлах слесарь

-Би Багахангайдаа Нефть хангамжийн газар Гал командад туслах байцаагчаар ажиллаж байтал татан буугдсан. Тэгээд 1998 онд энэ зуухны галчаар ажилд орж байлаа. Дээхэн үед уурын зуухны орчин ямар байдаг билээ, тийм л байсан. Утаа угаар ихтэй. Хоёр жил ажиллаад слесарь болсон. Манай мастер ажлын байрны орчин нөхцөл сайжруулах ажлыг бага багаар санаачлан хийсээр өнөөгийн түвшинд ирсэн дээ. Одоо бол бид бараг эрүүл агаарт ажиллаж байгаа шиг л болсон. Гэхдээ уурын зуух л юм чинь өвөл ачаалалтай үед бага зэрэг утаа униар гаралгүй яах вэ. Агааржуулагчийн системээ сайжруулах зэрэг технологийн дагуу олон ажил хийсэн. Манайхан нүүрс оруулж ирээд галлагаа хийх бүртээ зуухны амаа бүрэн цэвэрлэдэг. Нэг л бужигнуулчихвал тэр чигтээ бохирдоно шүү дээ. Цэвэрхэн байх нь бидний эрүүл мэндэд тустай. Шинэ залуусаа ч бид ингэж сургадаг. Ер нь, механикч болон хамт олонтойгоо олон жил ажиллаад гар сэтгэл нийлдэг болсон. Хүмүүс манай ажлаар орж ирэхдээ “Хөөх, ямар гоё цэвэрхэн юм бэ” л гэдэг. Зуны цагт биднийг амардаг гэж хүмүүс ойлгодог юм билээ. Галч нараас бусад нь ажилладаг юм. Хэрэглээний халуун, хүйтэн усыг хариуцаж, айлуудын дуудлагаар сангийн засвар хийдэг. Мөн ажлын байрны  засвар үйлчилгээг зуны цагт хийдэг. Зун сайн ажиллаж байж бид өвлийг эрсдэлгүй давна шүү дээ. 

 

Эерэг дулаан уур амьсгал ажлын байранд чухал

 

Удирдагч хүн ажилтнуудынхаа өчигдрийг уучилж, өнөөдрийг ойлгож, маргаашид итгэж, ирээдүйгээ бүтээхэд нь чиглүүлэгч болох ёстой гэсэн зарчмыг Б.Дуламсүрэн механикч баримталдаг юм байна. Аль ч өрөөгөөр нь орсон бүгд гял цал харагдана. Өөрсдийн хүч бололцоогоор ширээ сандал, тавилга, ариун цэврийн болон шүршүүрийн өрөө, Хөдөлмөр хамгааллын өрөөний тохижилтыг хийснээ үзүүлэв. Зуухны өрөө ч нүүрс түлдэг гэхээргүй цэвэрхэн байлаа. Тэрбээр, “Хүн ер нь их ажлаас халширч мохдоггүй юм. Харин хамт олны таагүй уур амьсгал, ажил удирдагчийн харьцаа хандлага, арга барил буруу бол ажил урагшлахгүй. Залуучууд ч ажилд тогтохгүй шүү дээ. Тиймээс хүн бүрийн зан байдалд тохируулан ажлаа зохион байгуулж ажиллахын зэрэгцээ ямарваа нэг ажлыг чин сэтгэлээр шуурхай, чанартай, технологийн дагуу гүйцэтгэж сургах,эерэг дулаан уур амьсгалыг хэвшил болгоход анхаардаг” гэж хэлсэн. Үнэхээр ч тус уурын зууханд шинээр ажилд орсон залуус ахмадаасаа үлгэрлэн суралцаж, бүгд л “Цэвэр орчноо бохирдуулахгүйг хичээдэг” гэцгээв.

Ийнхүү Барилга засвар, ашиглалт үйлчилгээний ангийн Багахангайн уурын зуухныхан айл өрх, аж ахуйн нэгжүүдэд дулаан түгээдэг шигээ сэтгэл нь ч эерэг дулаан, хамтач хүмүүс аж. Уулзан ярилцаж, өрөө тасалгаагаар нь орохдоо “Энэ чинь уурын зуух уу, оффис уу” гэж хүмүүс асуудаг нь түмэн зөв юм хэмээн бодож явлаа.

 

М.Наранболд