Ядаргаа гэхээр хүн бүхэн төдийлөн тоодоггүй амьдралд байж байдаг ердийн зүйл мэт хүлээн авдаг. Ачаалал ихтэй үед ядарч, амарч унтвал арилчихдаг гэж үзсээр өнөөг хүрчээ. Үнэндээ нэг талаас нь харахад нийгмийн хөгжил дэвшил гайхмаар урагшилж байгаа ч нөгөө талаасаа хүн бүхэнд, айл болгонд ядаргааны үндэс байдаг. Сүүлийн үед гар утас, интернэт, техник дэвшлийн дээд түвшинд хөгжиж байгаа ч энэ нь өсвөр насны хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж ядаргаа болох алхам нь болж байна. Хүн мах цус, тоо томшгүй амьд эсээс бүтсэн болохоор өлсөх, цангах, ядрах болгонд эд эс нь элэгдэж хөгширч байдаг. Иймээс ядаргаа гэж юу болох талаар мэдээлэл бэлтгэлээ.

 

Ядаргааг хөнгөн, хүнд, архаг, мөн биеийн, сэтгэл мэдрэлийн, яс булчингийн гэж ялган үзэж тусад нь эмчлэх хэрэгтэй. Сэтгэл мэдрэлийн ядаргаа нь ихэнхдээ төвийн мэдрэлийг цочроож тусдаг тул ой санамж муудах, анхаарал сулрах, шилэн хүзүү хөших, толгой тархи эргэх өвдөх, бухимдах, ууртай, мартамхай болох, унтаад боссон ч амраагүй юм шиг санагдах, санаа сэтгэл тогтворгүй болж сэрвэлзэх, зүүд олшрон хар дарах, нойр муудах зэрэг нь ихэнхдээ мэдрэлийн ядаргаатай холбоотой байдаг.

Харин биеийн хүч, энергийн ядаргаа нь эд эсийн элэгдэл хорогдол гэж ойлгож болно. Биеийн бүх түвшинд ядаргааны явц нөлөөлж байгаа болохоор гар хөлийн булчин хүчгүй болж, хөдөлмөрийн идэвх буурч, хааяа булчин шөрмөс татаж чилэх гэх биеийн бүх түвшинд мэдрэгдэнэ. Үүнийг эртхэн мэдэж ядаргаа тайлах зөв зохистой арга хэмжээ авах хэрэгтэй. Биеийн гадаргууд гарах өөрчлөлтийн хувьд ядаргаа архагшиж үс ихээр цайж, унах, үрчлээ ихсэх, нүд ба нүүрийн булчин сулрах, яс үе хатууран биеийн хөшинги нэмэгдэх зэргээр хөгшрөлт түргэсэх хандлага гардаг.

Бэлгийн үйл ажиллагааны хувьд архаг ядаргаанаас шалтгаалж бэлгийн дур буурах, сулрал болох, бэлгийн хөрөлт үүсэх, эрт цэвэрших, хөгшрөлт түргэсэх зэрэг гол шалтгаан болдог. Ядаргаагаа сайн тайлснаар дээрх шинжүүд ихэнхдээ арилж, хэвийн байдалдаа ордог.

Дархлааны тогтолцоо нь сайн ажиллаж байгаа хүн цог золбоотой харагдаж, тэр хэрээрээ өвчин эсэргүүцэх чадвар сайн байгааг илтгэнэ. Анагаахын шинжлэх ухаанд хүний дархлал сайн байснаар элдэв өвчин үүсгэгч нян вирус халдахгүй, халдварласан ч хурдан эдгэдэг гэж үздэг. Ядаргаа нь бие махбодид удаан хуримтлагдсанаар дархлааны тогтолцооны хэвийн байдлыг алдагдуулж сулруулдаг байна.

Ядаргаа нь оюуны ба биеийн хөдөлмөрийн хүний биед нөлөөлөх хүч, үргэлжлэх цаг зэргээс үүсдэг гэж үзэж болно. Тухайлбал, нөлөөлөх хүч хэдий чинээ их байна ядаргаа төдий чинээ эрт илэрнэ. Ажлын ачаалал ихсэх тусам ядаргаа ихэсдэг.  Мөн цаг хугацааны нөлөөлөл ч ихээхэн үүрэгтэй. Төв мэдрэлийн нөлөөнд бие сэтгэл ямар байдлаар ажиллана, эс эд мөн ялгаагүй үргэлжилсэн ажиллагаанд ордог. Ажиллаж амрах явцад эсийн түвшинд хөөрөлтийн байдал үргэлжилдэг учир ядрал, хорогдол эсийн түвшинд үүснэ. Ачаалалтай ажилласнаар мөн их өлссөн, гэнэт бие сулран хөлс чийхран суумаар болдог нь ходоод өлсөхөөс илүүтэй бүх биеийн түвшинд байгаа олон сая эс ядарч тэжээл нэхэж байгаагийн илрэл гэж үздэг. Үүнээс гадна аливаа сэдэлт болгон ядаргаа үүсгэнэ. Жишээ нь, байнгын дуу чимээ, хэрүүл маргаан, гэр орны таагүй байдал, тав тухгүй орчин нөхцөл, санаа бодол таарахгүй сөрөг энергитэй хүмүүстэй харилцах, хэт халуун ба хүйтэн нөхцөл, ажил амьдралын дарамтад орох зэрэг олон сэдэлтээс ядаргаа үүсэж болдог гэдэгт анхаарах хэрэгтэй.

 

Ядаргаанаас хэрхэн сэргийлэх вэ?

 

Хүн бүрт тодорхой хэмжээгээр бие махбодь, тамир хүчний хорогдол үүсдэг болохоор өдрийн ядаргаагаа тухайн өдөрт нь тайлж сурах зарчмыг баримтлах нь хамгаас чухал. Өдөрт 10 хувь ядарлаа гэж үзвэл идэж ууж, унтаж амраад найман хувийг нь тайлж,  хоёр хувийг нь үлдээгээд байвал цаашдаа архаг ядаргаа болно. Өдөр тутам ханатал унтах, зөв хооллох, нар салхинд явах, хөдөлгөөнтэй байхад сурах хэрэгтэй. Аль болох долоо хоногт нэг удаа нийтийн бүжигт оролцох, зан ааш таарах зөв энергитэй хүмүүстэй уулзаж сэтгэл санаагаа нээж байх, голын урсгал харах, дуртай дуу хөгжим, хошин урлаг үзэх, цэгэн бариа хийлгэх, усан эмчилгээ бассейнд явах, эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн, бие сэтгэл ариусах дасгал зэргийг амьдралын хэвшил болгосноор ядаргаа тайлагдаж бие махбодыг сэргээн засах ач тустай. Мөн ядаргаанд цэвэр хүн орхоодойг өдөрт 1-2 граммыг архинд дэвтээн нэг халбагыг уух, буцалган шүүсийг нь ууж болно. Улаан хүн орхоодой нь халуун чанартай учраас дотор халуунтай, ямар нэг үрэвслийн голомттой хүмүүс хэрэглэж болохгүй. Харин цагаан хүн орхоодой сэрүүн чанартай тул түгээмэл хэрэглэхэд тохиромжтой байдаг.