Жил бүр л өвлийн хүйтэн тачигнахаар нутаг ус, аав ээжтэйгээ байсан багын дурсамж минь тодордог юм. Өдийд Арбулагийн дэнж битүү цасан хучлагатай, Цагаан нуурын хөндий нэлэнхүйдээ цавцайн цайраад хангир жингэр хийсэн өвөл болж байгаа даа. Цас хэчнээн их унасан ч нутгийн хөгшид айл хотлоороо бууж мордон, гаанс нэрэнгээ ганц нэг шанага нэрмэл халаалгаж, шар тос хөвүүлэн аягалах зуураа “Өнтэй сайхан өвөл болж байна” гэлцэж, аавыг минь бас дурсацгааж суугаа. Үнэхээр ч манай нутагт цас ихээр унасан ч модон дундаа борог өвс нь сагсайж, наранд ойрхон болоод ч тэр үү энгэр бэлийнх нь цас төдөлгүй арилчихдаг учир хүн, мал туйлдах нь үгүй. Гэрийнхээ тооноор аав маань Арбулагийн орой дахь хонь малаа дурандаж, “Миний хүү цагаан тосноосоо хагалж халуун цайндаа хийж уугаад морд доо. Эртхэн явахгүй бол нэг л мэдэхэд нар буучихна шүү” гэдэг сэн.

Ер нь, хангай нутагт ес эхэлсэн, эхлээгүй хүйтэн уур савсан, жихүүн салхи хацар ороолгож, сарлагийн гуна халуу төөнүүлэх ч хөвөнтэй бээлий өмссөн хурууны үзүүр чимчигнэнэ. Нам дор газраа цас ихтэй, явган шуурах агаад Хятруун голын мөс үе үехэн тасхийн хагарахад үзүүрийн хэдэн модонд суусан болжморууд дэрхийн нисээд л... Арбулагийн энгэрт малаа хурааж явахад доод дэнжийн хунгар зүсэн урагшлах машины дуу сонсогдсоор манай гадаа ирэв үү гэмээр ноход шуугиулан чимээ алдрах... Холын хүний бараа харалгүй удсан тул буцахаас нь өмнө гэртээ ирэх гэж ихэд яардагсан. Сургуулийн хүүхдүүд амрах үеэр л сумын төвөөс машинтай зарим нь хүргэж ирэх далимдаа наймаа бараа сонирхуулж, өрөм ааруул, аарц цагаагаар солилцох гэж буй нь тэр. Гэхдээ холоос ирсэн улс ихэвчлэн хоноод явна. Оройжин л аавтай хол ойрын сонин хачин ярилцаж, ээж минь цай хоол болж суудаг сан.

Өдийд ч нутагт минь сайхан байгаа даа. Хангайн нуруу тэнгэр баганадан лүглийж, хааяа нэг Ангалагийн нуруунд чоно улихад Арбулаг, Байц, Хятруун, Байшинтын аманд өвөлжиж буй айлуудын ноход дуу дуугаа авалцан хуцаад л... Богочны модонд тоншуул мод тонших сонсогдож, бутанд хярсан чандага малын хөлөөс дайжин дэгдсээр зайдуухан цомцойн сууж байгаа. Энэ л агшныг ажиглах мэт тээр дээр тас шувуу эргэлдэж, тэрүүхэн модны хаяанд үнэг шогшиж, өвөлжөөний пин дээр хөх бух тонголзож, шинэс моддын орой салхины аясаар шуугин ганхахад мөчирт тогтсон цас нь нурж, идээшилж явсан хэрэм цочихдоо огло үсрэн ойролцоох модонд гарч байгаа. Өвлийн улиралд нутаг минь уран зураг шиг л байдаг сан.

 

М.Наранболд