Ахмад төмөр замчин О.Бадамсэд гуайг Хөвсгөлийн цэнхэр хязгаараас хотод ирээд байхад нь уулзаж ярилцлаа. Ажилч, хөдөлмөрч, энэ эрхэм манай сонины редакциар зочилсноос хойш хэдийнэ 12 жил өнгөрчээ. Тэрбээр, нас сүүдэр ная гарч яваа ч хөнгөн шингэн хэвээр, хийж бүтээж, судалж, туурвисаар л яваа юм байна. О.Бадамсэд гуай 1980-аад оны эхэн үеэс 1991 он хүртэл Тээврийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, ЭЗХТЗ-ийн Тээврийн байнгын комисс дахь Монголын төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга, УБТЗ-ын Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн даргын албыг эрхэлж байлаа. Тэрбээр, 2001 онд өндөр насны тэтгэвэрт гарсан хэдий ч олон салбарт хүч үзэж, амжилт гаргасан хүн юм.
-Та манай сонинд ярилцлага өгснөөс хойш 12 жил өнгөрсөн байна. Энэ удаа хоёулаа ярилцлагаа Аялал жуулчлалын салбарт ажиллаж байсан үеэс эхлэх үү. Тэр үед ч та тэтгэвэрт хэдийнэ гарчихсан байсан гэдэг байх аа?
-Тиймээ, Би 2001 оны хоёрдугаар сард 60 нас хүрсэн. Тэр үед манай төмөр зам Хустайд Туул голын захад улирлын ажиллагаатай жуулчны гэр баазтай байсан юм. Тэнд гол төлөв Японы төмөр замчид ирж амардаг байлаа. Баазын дарга нь өвөл халагдаад орны нь хүн томилогдоогүй байх үед Р.Раш дарга миний жуулчны баазын даргаар ажиллах хүсэлтийг зөвшөөрч гуравдугаар сарын 1-нээс ажлаа авч жуулчид хүлээн авах бэлтгэлээ хангаж эхэлсэн. Тэр жил Японоос жуулчдын нэлээд олон групп ирж үйлчлүүлсэн. Тэднийг гэрт байрлуулан хоол хүнсийг нь бэлтгэн үйлчлэх, хөтөчтэй морь унуулах, өглөөний нарыг харуулах, оройг зугаатай өнгөрүүлэх зэрэг аяллын хөтөлбөртэй байсан. ОХУ-аас ч хүмүүс ирнэ. Төмөр замынхнаа ч завсар зайд нь цөөн хоногоор амраана. Тэр жилийн жуулчны улирлын ажиллагааг арваннэгдүгээр сард дуусгавар болгож, дараа жил нь манай баазыг Дорноговь руу шилжүүлсэн. Би ч шинэ газар баазаа төвхнүүлэх ажилд нь оролцож байгаад даргын ажлаа өгөөд, 2002 оны зун Хөвсгөл нуур явах төмөр замчдынхаа группүүдэд хөтөч хийсэн.
-Та чинь хэзээнээс автотээврийн салбартай холбогдлоо доо?
-2002 оны намар Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү намайг дуудууллаа. Яваад очтол “Авто тээвэрчдийн үндэсний нийгэмлэг” гэж олон улсын харилцаанд гүйцэтгэгдэх автотээврийн ажиллагааг хариуцан зохицуулах олон нийтийн байгууллагыг байгуулаад жил боллоо. Үйл ажиллагааг нь жигдрүүлж амжаагүй байна. Би сайд гэдэг утгаараа энэ байгууллагын ерөнхийлөгч нь. Баазын даргаар ажиллаж байсан Тогтмолыг гүйцэтгэх захирлаар нь томилоод хэдэн залуучуудын хамт ажиллагаагаа дөнгөж эхлүүлээд байна. Тус нийгэмлэгт Олон улсын байгууллагын хэлтэс байгуулсан. Одоогоор даргыг нь томилоогүй байгаа юм. Энэ хэлтсийн ажил үүргийн гол чиглэл нь Швейцарын Цюрих хотод байрших Олон улсын автотээвэрчдийн холбоо (IRU – Internаtional roаd union)-той байнгын харилцаатай ажиллаж, том оврын их даацын автомашинаар олон улсын тээвэр хийх ажиллагааг өөрийн улсад зохион байгуулах зорилготой. Та энэ хэлтсийн даргаар ажиллаач” гэдэг юм байна. Би сайдын саналыг хүлээн авч 2005 оны дунд хүртэл гурван жил ажилласан. Олон улсын автотээвэрчдийн холбооны үйл ажиллагааг явуулдаг гурван хэлний нэг нь англи хэл. Олон улсын харилцаанд мөрдөгддөг үндсэн бүх баримт бичгийг англиас монгол руу орчуулж, тус холбооноос мэргэжлийн хүмүүс урьж ирүүлэн ажиллагсдадаа болон олон улсын тээвэр эрхлэх компаниудад семинар зөвлөгөө өгүүлж, ОХУ-ын автотээвэрчдийн үндэсний нийгэмлэгтэй ажил төрлийн холбоо тогтоож, төлөөлөгчид харилцан туршлага судлах зэрэг нэлээд ажлыг амжуулсан. Ингээд олон улсын тээвэр хийдэг том автомашинаар бусад улс оронтой хийх тээвэрлэлтийн ажлыг амжилттай эхлүүлээд ажлаа хүлээлгэн өгсөн. Түүний дараа мэргэжил нэгт найз нөхөдтэйгөө хамт төсөл бичих болж төмөр зам, автозам, хотын тээврийн хэд хэдэн төсөл дээр гурван жил ажилласан.
-Та хэдэн онд нутагтаа очив. Өдгөө улсынхаа нийслэлд бид багталцахаа ч болилоо. Зарим сүүхээ сэхээтэй нь хөдөөг зорьж байна. Тэгэхээр та тэр үед их холыг харж дээ?
-1961 онд нутгаасаа гарч, хот хүрээнд суурьшин идээшсэн надад хөдөө гарна гэдэг амар шийдвэр байгаагүй. Гэхдээ нутагтаа очих бэлтгэлээ маш нарийн төлөвлөж, жилийн өмнөөс судалж эхэлсэн. 2008 оны сүүлчээр төслийн ажлаа өгөөд зөөврийн компьютер худалдан авч, гэртээ интернэт тавиулснаар өвлийн дүнд сонирхсон асуудлуудаараа хайлт хийж нэлээд хугацаагаар сэтгэлээ зугаацуулан чамгүй материал татаж авсан даа. Тэтгэвэрт гарсан үеэс эхлэн би ардын уламжлалт эмчилгээ, эмийн ургамлын чиглэлээр гадаад дотоодын ном хэвлэл уншиж, орчуулж, байгаль дээрх байдлыг нь ч судлах болсон. Үүний зэрэгцээ нутагтаа очиж суурьшихад байр орон сууц, эрхлэх аж ахуй гэхчлэн 2009 оныг үндсэндээ энэ талын бэлтгэл ажлыг амжуулах жил болгосон гэхэд болно. Цагаан-Үүр сумын байгаль, цаг уурын нөхцөл зөгий үржүүлж, чацаргана тариалахад тохиромжтой гэж үзээд аж ахуй эрхлэхээр шийдсэн.
Ханьтайгаа Дархан, Сэлэнгийн нутгаар явж зөгийн аж ахуй эрхлэн, чацаргана тариалдаг хүмүүстэй уулзаж, мэргэжлийн багшаар ч хичээл заалгасан. Намар нь Дарханы ургамал, газар тариалангийн хүрээлэнгээс чацарганы 200 суулгац сумандаа аваачиж, Аригийн голын төгөлд суулгаж өвөлжүүлээд 2010 оны хавар нутагтаа шилжин очсон. 2011 он гарангуут хоёрдугаар сарын дундуур зөгийн аж ахуйн багаж хэрэгсэл, эмчилгээний бодис, эм бэлдмэлээс авахуулаад бал ялгуурыг нь хүртэл олж бэлтгэхээр Москва хүртэл явж байлаа.
-Танаас өмнө Хөвсгөлд зөгийн аж ахуй байгаагүй юм уу?
-Надаас өмнө “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас Хөвсгөл аймагт зөгийн аж ахуй хөгжүүлэх судалгаа хийж, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сумдыг сонгосон юм билээ. Манай Цагаан-Үүрийн хоёр талын хөрш сумд гэсэн үг л дээ. 2008 онд Чандмань-Өндөрөөс хоёр хүнийг зөгийчнөөр бэлтгэн таван бүл зөгий, багаж хэрэгслийнх нь хамт өгч, тухайн жилдээ боломжийн үр дүнтэй байсан тул 2009 онд Эрдэнэбулганаас мөн хоёр зөгийчин бэлтгэн багаж хэрэгслийн туслалцаа үзүүлж л дээ. Тэр талаар сонсоод туршлага судлах санаатай Эрдэнэбулганы зөгийчидтэй уулзахад тэд “Үзүүлэх юм бидэнд байхгүй болсон. 2010 оны өвөл их хүйтрэх үеэр зөгийнүүд маань бүгд хөлдсөн. Чандмань-Өндөрийнхөн ч зөгийгөө бас хөлдөөчихсөн сурагтай” гэлээ. Тэндээс зөгийн аж ахуй эрхлэхэд юуны өмнө өвөлжөөг сайн бэлтгэх ёстой юм байна гэж бодсон. Нэгэнт шийдэж зорьсных 2011 оны тавдугаар сарын дундуур Шаамараас гурван бүл зөгий аваад Дархан орчимд зун, намрын улиралд өөрсдөө маллаж байгаад тэнд нь туршлагатай зөгийчдийн өвөлжөөнд өвөлжүүлсэн. Тэр хооронд нутагтаа өвөлжөөг нь шаардлагын дагуу бэлтгэж, 2012 оны хавар зөгийнүүдээ сумандаа авчирсан. Бидний зүтгэл талаар өнгөрөөгүй ээ. Нутагтаа шилжиж ирээд зун нь гэр орноо төвхнүүлэх, зөгий, чацарганатай зууралдах, өвөл нь амьхандаа бичиж туурвих ажилд дарагдсаар байтал цаг хугацаа яах ийхийн чөлөөгүй өнгөрч даруй 15 жилийг ардаа орхижээ.
-Харин тийм. Таныг энэ их ажлын хажуугаар бас хэдийдээ ном бичиж амждаг байна гэж гайхдаг шүү?
-Хүн хийж бүтээе гэвэл ямар ч ажлыг амжуулдаг. Миний хувьд аж ахуйгаа эрхлэхийн хажуугаар Цагаан-Үүр сумынхаа 80 (2011 он), болон сумын сургуулийн мөн 80 жилийн (2015 он) ойг тэмдэглэх бэлтгэл ажилд оролцохдоо “Зүүний магнай хоймор нутаг” номд ахмад дайчин, төр нийгмийн зүтгэлтэн зэрэг ахмадуудтай хийсэн ярилцлага, сурвалжлагуудаа оруулсан. Мөн “Цагаан-Үүр–80” цуврал сонин гарган сумынхаа нийт өрхүүдэд тараалаа. Сургуулийн ойгоор “Цаг цагийн алдартны Цагаан-Үүрийн сургууль” номыг бичиж, нутгийн зон олны хүртээл болгосон. Цагаан-Үүр сумын 90 жилийн ойд (2021 он) зориулан нутгийн хоёр сэхээтний хамт сумынхаа байгаль, сав шимийн онцлог, зон олныхоо ололт амжилтыг багтаан тусгасан “Газрын диваажин хийморь заяатай нутаг” хэмээх томоохон ном Цагаан-Үүр сумын лавлах товчооныг бичиж тэрлэн хэвлүүлж нутаг нэгтнүүдийнхээ хүртээл болголоо. Үүний зэрэгцээ “Цагаан-Үүр 90” цуврал сониныг эрхлэн гаргаж, сумын алдарт бөхчүүдийн амжилтын талаар ном бичиж 2021 онд, Цагаан-Үүр нутгийнхны бахархал болсон зүйлс, бахархах хүмүүсийн талаарх товхимолоо 2022 онд тус тус хэвлүүлсэн.
Үүний зэрэгцээ тээврийн салбарынхантай, ялангуяа УБТЗ-тайгаа холбоотой байж төмөр зам, төмөр замчдадаа хэрэг болохоор зүйлс хийж бүтээхийг хичээлээ. Хэдийгээр алс бөглүү нутагт суурьшсан ч УБТЗ-ын хамт олонтойгоо байнгын холбоотой байж, танай сониноор 2012 онд ийм зорилго өвөртлөөд ингээд явж байна шүү гэдгээ төмөр замчдадаа дуулгаснаас хойш 12 жил өнгөрчихөж. Тэгэхдээ 2012 онд “Уламжлагдсан эмчилгээ” хэмээх 22 хэвлэлийн хуудас номоо төмөр замчдынхаа болон нутгийнхаа иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор бичиж хэвлүүлснийг та бүхэн дуулсан байх. Түүний дараа “Настангууд улам урт наслаг ээ” номыг 2014 онд хэвлүүлж, төмөр замынхаа Ахмадын холбоонд тэмдэглэлт ойд нь зориулж хандивласан. Мэргэжил нэгт нөхдийн хамтаар “Төмөр замын нэр томъёоны Англи – Монгол – Орос тайлбар толь” (2009), “Хурал зөвлөгөөний Монгол – Орос - Англи толь” (2011), “Төмөр замын зам барилгын нэр томьёоны Англи – Монгол – Орос толь” (2014) номуудыг хэвлүүлж төмөр замчдынхаа хэрэгцээнд зориулан гаргасан. 2015 онд хэвлэгдсэн олон улсын харилцаанд ачаа тээвэрлэлт гүйцэтгэхэд мөрддөг ЦИМ ба СМГС хоёр хэлэлцээрийн эрх зүйн зохицуулалтын баримт бичиг “ЦИМ/СМГС-ийн падаан” товхимлыг УБТЗ-ын мэргэжлийн албадын хүсэлтээр орос эхээс нь орчуулсан юм. Тухайн үед УБТЗ-ын тээвэр ашиглалтын асуудал эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан Д.Жигжиднямаа намайг дуудуулж уулзахдаа “ЦИМ/СМГС-ийн падаан” товхимлыг орчуулах шаардлагатай боллоо. Таныг ТЗХАБ-ын төмөр замын ашиглалтын асуудал эрхэлсэн комиссын даргаар ажиллаж байх үед ЦИМ ба СМГС хоёр хэлэлцээрийн эрх зүйн баримт бичгийг зохицуулах асуудлаарх гишүүн орнуудын хоорондын хамтын ажиллагаа танай комиссын үйл ажиллагааны хүрээнд гүйцэтгэгдсэн. Тиймээс уг баримт бичгийг танаар орчуулуулмаар байна” гэлээ. Аль эрт тэтгэвэрт гарсан надад ийм том итгэл хүлээлгэж байхад би яаж цааргалах билээ. Даргын өгсөн үүргийг биелүүлсэн. Мөн “УБТЗ-ын Гадаад харилцааны алба – 50 жил” товхимлыг албаны нь ойн үеэр 2016 онд бэлтгэн хэвлүүлсэн. Энэ нь тус алба байгуулагдсанаас нь хойшхи бүхий л үйл ажиллагааных нь хүрээг хамруулан оруулсан анх эмхэтгэсэн баримт бичиг болсон байх. Цаашлаад УБТЗ-ыг хөгжүүлэх, техникийн шинэчлэлт хийхэд шаардагдах төслүүдийг монголоос орос руу хөрвүүлэх орчуулгын ажлыг УБТЗ-ын захиалгаар 2019-2020 онуудад амжууллаа.
Ингээд яривал юм бий л дээ. Эргээд бодоход тэтгэвэрт гараад гар хумхиж суугаагүй юм байна. Хүн хийж бүтээж, хөдөлмөрлөх тусмаа бие эрүүл, ухаан саруул байдаг шиг. Үүнийг би амьхандаа 83 насны босгон дээр өөрөөрөө баталчих санаатай хичээгээд л байна /инээв/.
-Танд эрүүл энх урт удаан насалж, ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөе.
Б.Гүнжинлхам