Төвийн хэсгийн үзлэгийн дүнгийн хурал энэ сарын 23-ны Мягмар гарагт боллоо. Хуралд Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков, Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн, Ерөнхий инженер С.П.Старцев, Хөдлөх бүрэлдэхүүний засвар ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр, Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд, Суурь бүтэц хариуцсан орлогч дарга К.Р.Белош, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа нарын удирдлагууд, Улаанбаатар зангилааны төмөр замчдын төлөөлөл оролцлоо.
Хурлыг Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн удирдаж, уламжлал ёсоор Тээврийн хяналтын албаны чиглэл хариуцсан байцаагч нарын дүгнэлтийг сонсож, аж ахуйн нэгжийн дарга нараас тайлбар авч, тус бүрт нь тодорхой үүрэг даалгавар өглөө.
Замын Ерөнхий инженер С.П.Старцев: Улаанбаатар өртөөнд гарсан асуудалтай холбогдуулж, төмөр замчдыг ээлжинд гарахаас нь өмнө зааварчилгааг чанартай сайн өгч, ажилтнуудынхаа эрүүл мэнд, сэтгэл зүйн бэлтгэл хэр байгааг дарга удирдлагууд мэдэж байх хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл аюултай бүсэд ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны ажлыг зогсоох хүртэл арга хэмжээг авах хэрэгтэй. Ажилд гарахад эрүүл мэндийн хувьд юм уу, сэтгэл зүйн хувьд бэлэн биш байгаа ажилтны оронд өөр хүн гаргах хэрэгтэй.
Замын даргын зөвлөх Р.Раш:Замын даргын үзлэг төмөр замын бүхий л ажлыг шат ахиулдаг. Замын даргын хаврын үзлэгийн дүнгийн хурлын илтгэл тайлангаас энэ удаагийн үзлэг бууж мордоод өнгөрсөн биш нэлээд ажил хэрэгч болж өнгөрчээ гэж дүгнэж байна.
Замын Суурь бүтэц хариуцсан орлогч дарга К.Р.Белош: Үзлэгийн үеэр Замын аж ахуйн албаны хэмжээнд замын металл хийц, модон дэрийн хангалтын хувьд хүндрэл үүссэн. Гэхдээ бүх зүйл тийм биш. Замын захиргаа гэрээ хийсний дагуу ОХУ-аас 30 мянган модон дэр худалдан авсан нь ирж яваа. Мөн Монгол Улсын үйлдвэрлэгчдээс 12 мянган модон дэр авах шийдвэрийг Замын нэгдүгээр орлогч дарга гаргасан. Хөтөлийн төмөр бетон дэрийн үйлдвэр замын урсгал арчилгаа үйлчилгээнд 50 мянган бетон дэрийг нийлүүлсэн. Тэгэхээр дэрийн аж ахуйг муутгахгүй өнгөрсөн жилийн түвшинд барих боломжтой. Мөн сумын эд ангиудыг сэргээн засварлах ажлыг тодорхой хэмжээнд хийх чиглэл барьж байна. Үүний зэрэгцээ жааз зам төмөр болон шор худалдан авах ажиллагаа явж байна. Үзлэгээр илэрсэн зөрчлүүдийг бид цаг тухайд нь арилгана. Баянтүмэнд болсон түймрийн улмаас маш их хохирол амссан. Бараг 17 мянган дэр мод шатсан. Энд бас хариуцлагын асуудал бий. Бид нөөцөнд байсан дэр моднуудаараа Баянтүмэнгийн асуудлыг бараг шийдвэрлэсэн.
Санхүүгийн зарим хүндрэл тулгарч байгаа ч бид шаардлагатай асуудлыг цаг тухайд нь шийдвэрлээд явах боломжтой. ЗЗМС-ын ерөнхий механикчийн хэлсэн асуудалтай уялдаад хэлэхэд 2013-2023 онд нийт 420 км замд их засвар хийсэн шүү. Сайншанд-Замын-Үүд хэсэглэл тэр чигтээ бетон дэртэй болсон. Замын II ангийн хэсэглэлийн бараг 65 хувь нь бетон дэртэй. Их засвар ороогүй ганц жил нь 2022 он. Дулаан-Ерөөгийн замын хэсэгт их засвар хийх зам төмрийг худалдан авах үнийн комисс хуралдсан. Замын хэмжээнд замын дундаж балл 28 байна. Энэ бол сайн дүн. 25 хүртэл баллтай байвал онц дүнтэй гэж үнэлэгддэг. Бидэнд замын баллын үнэлгээг сайжржуулах боломж бий.
Үүний зэрэгцээ Монгол Улсын төмөр замын сүлжээг хөгжүүлэх бүтээн байгуулалтад манай замчид оролцож байна. Тэр дундаа манай ЗЗМС-ын хамт олны оролцоо 70 хувийг эзэлнэ. 2019-2023 онд Алтан ширээгийн нефть боловсруулах үйлдвэрийн зам, Зүүнбаян-Тавантолгой, Зүүнбаян-Хангийн замын их бүтээн байгуулалтад оролцсоноороо УБТЗ-ын санд 300 сая ам.долларыг оруулсан. Энэ мөнгө замын хөгжилд буюу шинэ зүтгүүр худалдаж авах зэрэг ирээдүйн хөгжилд зарцуулагдсан.
Замын даргын үзлэгээр өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэхийг хүсье.
Замын Хөдлөх бүрэлдэхүүний засвар ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр: Зуны тээвэрт хөдлөх бүрэлдэхүүний паркийг бэлтгэх ажил үргэлжилж байна. Вагон ашиглалтын депогийн хувьд 6540 вагонд эрүүлжүүлэх засвар хийх ёстой. Нийт эрүүлжүүлэх вагоны тоо өнгөрсөн жилээс 40 хувиар нэмэгдсэн. Зургадугаар сарын 01 гэхэд энэ ажлыг чанартай гүйцэтгэж дуусгах ёстой. Зүтгүүрийн аж ахуй татах цахилгаан хөдөлгүүрийн хувьд маш хүнд байгаа. Засвар хийлгэхээр төлбөр нь хийгдсэн 24 якорь Ярославаас наашаа гараагүй байгаа. Энэ ажлыг Худалдан авалт, борлуулалтын албаны дарга ??? Ууганбаяр яаралтай зохион байгуулж, зургадугаар сарын эхэн гэхэд ирүүлсэн байх шаардлагатай байна. Байцаагч нарын илрүүлсэн үл тохирлуудыг Зүтгүүр болон Вагоны аж ахуйн албаныхан яаралтай арилгах хэрэгтэй.
Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд: Өнгөрсөн онд бидний хувьд урд хил хаагдсан амаргүй жил байлаа. Дээр нь, манай зардлын 35 хувийг эзэлдэг түлшний үнэ дөрөв дахин, зам төмрийн үнэ дөрөв дахин,сэлбэг материалын үнэ хоёр дахин нэмэгдсэн. Хажуугаар нь инфляци гэдэг “чимээгүй хулгайч” бидний орлогоос өдөр бүр хумсалж байсан. Тээвэр багассан. Нийт 21 бүлэг тээврийн тарифаас ердөө ганц нь ашигтай байсан нь модны тээвэр. Энэ нь балга устай зүйрлэмээр өчүүхэн бага хувийг эзэлдэг. Замын санхүүгийн байдал 2022 онд хүнд байдалтай байсан. Замын дарга тэргүүтэй удирдлагууд энэ хүнд байдлаас шуурхай гарах бодлогоо боловсруулаад тодорхой арга хэмжээг авч ажилласан. 21 бүлэг тарифын алдагдалтай 20 бүлгийг яаж ашигт хүргэх вэ гэдэг байлаа. Үндсэндээ бид өнгөрсөн жил 16 бүлэг ачааны тарифыг гурван удаа нэмэгдүүлсэн. Өмнө нь, жилд гурван удаа тариф нэмсэн түүх байхгүй. Онцолж хоёр тарифыг хэлье. Зорчигч тээврийн тарифыг 50 хувиар нэмэгдүүлсэн. Одоо ОУ-ын зорчигч тээврийн тариф ашигтай гарч эхэлж байна. Нөгөөх нь жилдээ 7-8 сая тонныг тээвэрлэдэг ТЭЦ-ийн нүүрс тээврийн тарифыг 18 хувиар нэмэгдүүлсэн. Төр засагтай удаан хугацааны тохиролцоо хийхдээ ТЭЦ-ийн нүүрсний тээврийг бид алдагдлаас нь гаргая. Цаашид тодорхой хэмжээний ашигтай тээвэрлэе. Тэгэхгүй бол үндсэн төмөр зам чинь сөхрөх нь гэдгээ хэлсэн. Гэхдээ тариф нэмэгдүүлнэ гэдэг тийм амар ажил биш. Энэ асуудлыг төрийн гурван өндөрлөгөөс эхлээд төрийн захиргааны маш олон байгууллагад зөвөөр ойлгуулах чухал байсан. Энэ асуудал дээр Замын дарга өөрөө судалгаа хийж, маш олон газраар явсан. Төрийн ордон, төмөр зам хоёрын хооронд жим гартал явж байж тээврийн тарифаа нэмлээ. Дөнгөж он гаргаад дахин 16 бүлэг ачааны тарифыг нэмэх шийдвэрийг Засгийн газраар гаргуулж чадсан. Нэлээд ажил болж байж ШӨХТГ-аас зөвшөөрсөн хариуг авлаа.
Өнгөрсөн онд хойд, урд хил дээр галт тэрэг солилцоо хоёр дахин буурсан. Урьдчилсан тооцоогоор 2022 онд УБТЗ 200-250 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарч байсан. Хилийн галт тэрэг солилцоог нэмэгдүүлж, тариф нэмсний үр дүнд хүлээгдэж байсан алдагдлын хэмжээг бид 61 тэрбум төгрөг болгож бууруулсан. Хилийн галт тэрэг солилцоог нэмэгдүүлснээр 22.5 тэрбум, тариф нэмэгдүүлснээр 77.5 тэрбум төгрөгийн орлого олсон. Замын дарга “2022 онд УБТЗ-ын хувьд олон сөрөг нөлөөллийн улмаас үүссэн маш хүнд цаг үеийг даван тууллаа. Энэ хүндрэлийг нийт төмөр замчдынхаа хүчээр амжилттай даван гарлаа. Тиймээс төмөр замчдадаа талархлаа илэрхийлж буйг уламжлаарай” гэснийг дамжуулъя” хэмээлээ.
Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков: Албадын дарга нарт үүрэг даалгавар өгнө. Тээвэр зохион байгуулалтын албаны хувьд эерэг зүйлгүй байна гэж дүгнэсэн. Энэ албан дээр системчилсэн ажил бүрэн дутагдалтай байна. Хөдөлгөөний аюулгүй байдал, техникийн бичиг баримтын талаар ч тэр. Хамгийн гол нь шуурхай ашиглалтын үйл ажиллагааг системтэй удирдаж чадахгүй байна. Өртөө зөрлөгүүдэд зөрчил дутагдлууд яригдсан. Ачаа тээврийн талаар ч зөрчил дутагдлууд байна. Өнгөрсөн жилээс гологдол дөрвөөр нэмэгдсэн тул танай албаны ажлыг хангалтгүй гэж үнэллээ.
Зүтгүүрийн албаны хувьд тууз орчуулагч нартай сайн ажилла. Түрээсээр ажиллаж байгаа гурван зүтгүүр бий. Тууз орчуулагч нарын ажлыг анхаарлаасаа бүү гарга. Мөн засварын цехийн чиглэлээр дуугүй өнгөрч болохгүй. Комиссын үзлэгээс гарсан тэрэг 100 км явахгүй эвдэрч байна. Сэлгээний илчит тэрэг засвараас гараад гурав хоног ажиллахгүй эвдэрсэн тохиолдол гарсан. Надад засварын чиглэлээр тайлбар бичиж өгөөрэй. Зорчигч тээврийн албаны дарга Зорчигчийн вагон депогийнхоо даргатай яриад надад тайлбараа өгөөрэй. Яагаад өнгөрсөн онд өгсөн үүрэг даалгаврын дөнгөж 50 хувь биелэгдсэн байна вэ гэдэг талаар тодорхойлолт бичиж ирүүл.
Вагоны аж ахуйн албаны даргын тавьсан хүсэлтийн дагуу орон тоо нэмэх асуудлыг судалж үзээд шийдье.
Замын аж ахуйн албаны хувьд маш их ажил хийжээ. Миний ажигласнаар та бүхэн Замын хойд хэсэгт замын хажуугаар хаягдсан дэр моднуудыг цэвэрлэхэд анхаарлаа хандуулаарай. Би үзлэгийн үеэр зүтгүүрт сууж явж үзсэн. Ус нэвтрүүлэх суваг, хоолой элс шороонд дарагдсан байгааг цэвэрлэх шаардлагатай. Дунд, их засвар эхэлнэ. Гэхдээ урсгал засварт тавих анхаарлаа бүү сулруулаарай.
Дохиолол холбооны албаны хувьд өртөө зөрлөг дэх релейний өрөөгөөр явж байхад бүх зүйлийг эмх цэгцтэй болгож, их ажил хийсэн байна. Гэхдээ үүнд тайвшрах хэрэггүй. Үзлэг эхэлсэн өдөр Хойт зөрлөгт 4 мм-ийн зөрүү гарсныг битгий мартаарай.Хүний нөөцийн албаны даргад хэлэхэд дан ганц сургалтын гэрээнүүдийг харж үзэх биш зорилтот чиглэл гаргаж өгөх хэрэгтэй байна. Сургалтын тоог нэмэгдүүлэх нь гол биш. Зорилтот сургалтуудыг зохиогоод энэ талаар наймдгаар сар гэхэд надад илтгээрэй. Би Сайншанд зангилааны үзлэгийн дүнгийн хурлын үеэр “Хүүхдүүд нь төмөр замд ажилладаг, сурдаг хүмүүс гараа өргөнө үү” гэж гэж хүсэхэд тэр том танхимд наймхан хүн гараа өргөсөн. Бид боловсон хүчний өлсгөлөнд ороод байна гэдэг. Бид өөрсдийн хүүхдэд мэргэжлээ өвлүүлэх хэрэгтэй.
Мөн Замын Ерөнхий инженерт үүрэг өгөхөд их засвар хийхдээ үзлэгийн үеэр заагдсан асуудлуудыг төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж тусгаарай. Үзлэгийн үеэр гарсан зөрчил дутагдлууд мартагддаггүй. Гэхдээ муугаасаа сайн зүйлүүд их байсан. Тиймээс төмөр замчдадаа баярласнаа илэрхийлье. Бидэнд хийх ажил их байна. Бид ж чадна” хэмээлээ. Хурлын төгсгөлд, шилдэг тэргүүний төмөр замчдыг шагнаж урамшууллаа.
.
Б.Гүнжинлхам