УБТЗ-ын 75 жилийн ойн баярын хүрээнд Вагоны аж ахуйн албаны инженер техникийн ахмад ажилтнууд Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депод зочилцгоов.Уулзалтад зорчигч тээврийн алба, Төмөр замын дээд сургуулийн ахмад ажилтан, багш нарыг урилгаар оролцуулав. Түүнчлэн энэ үеэр 45 жилийн өмнө Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Ерөнхий хорооны 1979 оны долоодугаар сарын 2-ны өдрийн шийдвэрээр вагоны аж ахуйн албыг анх байгуулсан Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Цэгмэд болон 20-иод жилийн өмнө тус албыг дахин сэргээсэн Монгол Улсын Гавьяат тээвэрчин  Л.Болд тэргүүтэй үе үеийн удирдлагууд оролцов.Тэд Ачааны вагон засварын вагон депод шинээр хийсэн бүтээн байгуулалт, техник технологийн шинэчлэлтэй танилцаж, үнэтэй сургамж, зөвлөгөө өглөө. Мөн тус депогийн Алдрын танхим музейг нээж, депогийн үүсэл хөгжил, үзмэрүүдийг үзэн танилцаж, цаашид өсөх ирээгүйтэй, тэргүүний засварчныг мөнгөн аягаар мялаав.

            Уулзалтын талаар Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Цэгмэд “Вагоны аж ахуйн албаны инженер техникийн ажилтнууд сүүлийн таван жилийн дотор Зүүнхараа дахь ачааны вагон засварын депод орчин үеийн компьютер цахим технологи, робот техникийг нэвтрүүлж, хөдлөх бүрэлдэхүүний хос дугуйн их засвар буюу ган дугуйг гол дээр нь угсрах, бүрэн механикжсан өндөр бүтээмжтэй үйлдвэрийг цогцлоон бүрдүүлсэн байна. Үнэн хэрэгтээ Вагоны аж ахуйн алба ачааны вагоны хоёр депог байгуулан, засварын депог ашиглалтын урсгал ажлаас нь чөлөөлж, зөвхөн вагоны засвар, түүний чанарыг дээшлүүлэх ажилд чиглүүлж чадсаны үр дүн энэ юм даа хэмээн харж, ахмад төмөр замчны хувиар мэргэжил нэгт нөхдөөрөө, залуусаараа  бахархаж явлаа. Миний дурдсан цех нь хүнд үйлдвэрийн салбар бөгөөд робот техникийг бүтээгдэхүүний чанарын хяналтад анх нэвтрүүлсэн гэдгээрээ зөвхөн УБТЗ-д төдийгүй Монгол Улсын тээврийн салбарт өндөр үр ашиг, хөгжил дэвшлийг авчирсан шилдэг бүтээл болжээ. Тийм ч учраас ахмадууд бид тус бүтээлийг Монгол Улсын Төрийн соёрхолд нэр дэвшүүлэх санаачилга гаргалаа.

            Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн хамт олон цаашид үйлдвэрлэлтийг бүрэн автоматжуулахаар төлөвлөснөө бидэнд танилцууллаа. Мөн  тус депогийн дарга Э.Эрдэнэбат зочдод хүндэтгэл илэрхийлж, депогийнхоо түүхт 70 жилийг тохиолдуулан гаргасан “Депо” нэртэй номыг гардуулсан. Тус номыг түүхэн баримтад тулгуурлан уран сайхны өнгө аястай найруулан эмхэтгэсэн маш сонирхолтой бөгөөд уншууртай санагдлаа. Одоогоос 70 жилийн өмнө уурын тэрэгний депог хэрхэн орчин цагийн технологид нэвтрүүлж байсныг бодит хүмүүс, уран сайхны үйл явдалтай уялдуулан он цагийн нарийн дараалалтай бичсэнд ахмадууд бид ихэд урамшлаа. Түүнчлэн, депогийн 50 жилийн ойгоор гаргасан “Төмөр замчдын түүх” номд хараахан орж чадаагүй  Хөдлөх бүрэлдэхүүний албаны Вагоны аж ахуй эрхэлсэн үе үеийн орлогч дарга нар болох Дамдинсүрэн, Галай, Магсар, Б.Цэгмэд нарыг дурдсан нь талархууштай. Их буянтай ажил болжээ. Ёстой нүд баясгаж, сэтгэл сэргээсэн уулзалт боллоо. Бидний бүтээсэн түүхийг үргэлжлүүлэн өндөрт өргөж, улам өнгөлж тордож яваа залуустаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэв.

Мөн энэ үеэр ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн үндэсний бөхийн барилдаан зохион байгуулахад ахлах засварчин, сумын заан Л.Лхагва-Учрал түрүүлж, засварчин, сумын заан Г.Ганхуяг үзүүрлэжээ.