Чулуун заводын дарга Нямсүрэнгийн Отгонбаатартай ярилцлаа. Тэрбээр, УБТЗ-ын 2022 оны “Шилдэг дарга”-аар шалгарсан билээ. Түүнийг ээлжийн амралтаараа Австралийн Сидней хотод амарч байхад нь цахимаар холбогдож ярилцсан юм.
-Юун түрүүнд танд энэ өдрийн мэндийг хүргэе? Амралт сайхан уу?
-Баярлалаа. Амралт сайхаан.
-Тантай бид ажил хэргийн талаар олон удаа ярилцаж байсан. Энэ удаад хувь хүн талаас тань ярилцъя гэж бодлоо. Төрж, өссөн нутаг ус, ижий аав гээд... таны хамгийн нандин дурсамжийг уудална шүү дээ. Болох уу?
-Бололгүй яах вэ. Би Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын жижигхэн эмнэлэгт мэндэлж, Төмөрбулаг суманд зургаан нас хүртлээ аав, ээж, ах, эгч нартайгаа бужигнаж өссөн айлын бага хүү л дээ. Миний аав Увс аймгийн Зүүнхангай сумын, ээж минь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын хүн. Аав, ээж хоёр минь ХААДС-ийг төгсөөд Хөвсгөл аймагт хуваарилагдан очиж ажиллаж байсан юм билээ. Аав маань Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын дарга, Төмөрбулаг сумын “Саруул зам” нэгдлийн даргаар ажиллаж байхдаа Хөвсгөл аймгаас АИХ-д депутатаар сонгогдож байсан. Ээж минь малын их эмч мэргэжилтэй. Алаг-Эрдэнэ, Төмөрбулаг сумын “Мал эмнэлэг, үржлийн тасаг”-ийн даргаар ажилладаг байсан. 1993 онд аав минь бурхны оронд заларч, бид ээжийнхээ нутагт шилжиж ирсэн.
Миний хувьд Даланжаргалан сумынхаа найман жилийн сургууль, Айраг сумын 10 жилийн сургуулийг дүүргээд ШУТИС-д элссэн. Сургуулиа уулын цахилгаан машин тоног төхөөрөмжийн инженер мэргэжлээр төгссөн.
Ааваас хойш ээж минь таван хүүхдээ бүгдийг их дээд сургуульд сургаж, мэргэжил боловсролтой болгож, амьдралд нь хүргэсэн. Би хоёр ах, хоёр эгчтэй. Нэг ах минь 2014 онд бурхан болсон. Нэг эгч маань Австралийн Сидней хотод мастер хамгаалахаар сурахын зэрэгцээ гэр бүлээрээ энд ажиллаж амьдарч байгаа. Том эгч маань Замын-Үүд өртөөнд нягтлан Н.Золжаргал гэж хүн бий. Олон жил төмөр замд ажиллаж байгаа. Миний дээд талын ах Н.Болдбаатар гэж хүн бий. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Иргэдийн хурлын даргаар ажилладаг.
-Та сургуулиа төгсөөд ажлын гараагаа хаанаас эхлэв?
-Намайг сургуулиа төгсөх үед Оюутолгой, Тавантолгой, Энержи ресурс зэрэг том уурхайдын үүд хаалга бидний өмнө нээлттэй байлаа. Тийшээ явах хүсэл их байсан. Ангийн найз нөхөд маань бүгд л тэр уурхайд руу явцгаасан. Харин би нутагтаа ирж, Чулуун заводод II зэргийн бутлагчаас ажлын гараагаа эхэлсэн.
-Яагаад...?
-Ээж минь намайг сургуулиа төгсөхөд “ Миний хүү нутагтаа ирж, Чулуун заводад ажиллаарай” гэсэн. Залуу инженерийн хувьд том уурхайд ажиллаж өөрийгөө сорихыг хүсэж байсан ч ээжийнхээ үгэнд л орсон хэрэг.
-Уурхайчид ер нь гэрийн бараа хардаггүй хүмүүс шүү дээ. Тэгэхээр ээж тань бага хүүгээ дэргэдээ байлгахыг хүссэн юм болов уу?
-Тухайн үед ээж минь тэгж бодсон байх. Би ер нь амьдралынхаа бүх цаг үед ээжийнхээ үгнээс зөрж үзээгүй хүүхэд. Маш олон бурхад байдаг. Гэхдээ ээжээс илүү бурхан гэж хаана ч байхгүй гэдэг. Эх хүн үр хүүхдэдээ үргэлж сайн сайхныг хүсэж, ерөөж байдаг учраас хүн ээжийнхээ үгийг сонсдог байхад ер нь буруудахгүй дээ.
-Тэгвэл Чулуун заводод таныг авчирсан ээжид тань бид талархах ёстой юм байна?
-..../инээгээд/ Миний ээж Хөвсгөлөөс нутагтаа ирээд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын “Мал эмнэлэг, үржлийн тасаг”-ийн дарга, Тамгын газрын дарга, түшмэл, сумын Төрийн банкны эрхлэгч зэрэг хариуцлагатай ажил албыг хашиж байсан. Ээж минь бидэнд хүн ямар байхыг өөрөөрөө үлгэрлэсэн гайхалтай хүн байсан.
-Бутлагчаас эхлээд үйлдвэрийн дарга хүртэл дэвшсэн тэр он жилүүдийг бүгдийг яривал урт яриа болох байх. Хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн дурсамж юу байна. Магадгүй таныг энэ хамт олон дунд авч үлдсэн нэг нууц бий байх?
-Зургаан сар орчим II зэргийн бутлагчаар ажиллаж байтал Чулуун заводод шинэ бутлан ангилах шугам ирсэн. Тухайн үеийн Чулуун заводын дарга Б.Бат-Өлзий намайг хэсэг нөхдийн маань хамт шинэ шугам угсрах ажилд томилсон. Тэр бол Чулуун заводын 50 жилийн ойг угтаж хийж буй хариуцлагатай ажил байлаа. 2006 оны наймдугаар сард, заводынхоо 50 жилийн ойгоос өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй хятад мэргэжилтнүүдтэй хамт угсралтын ажлыг эхлүүлж, төлөвлөсөн хугацаандаа дуусгасан. Өөрийнхөө гараар угсарсан шинэ шугам дээрээ ээлжийн ахлах боллоо. Тухайн үеийн Замын дарга В.В.Магдей, Замын аж ахуйн албаны дарга Г.Вандандагва нар ирж, нээлтийн туузыг нь хайчилж байсан. Яг тэр мөчөөс том уурхай руу явах хүсэл мөрөөдөл маань зогссон. Яагаад гэвэл өөрийн гараар угсарсан тоног төхөөрөмж дээрээ ажиллах нь надад онцгой сайхан мэдрэмж, баяр бахдлыг төрүүлж байсан. Тэр шугам дээрээ сайн ажиллаж, 2007 онд үйлдвэрийн аварга болж байлаа. Ажилд ороод жил гаруйхан болоод “Үйлдвэрийн аварга бутлагч” болсон минь надад их урам зориг өгсөн.
Төдөлгүй Б.Бат-Өлзий дарга дуудаад Бутлан ангилах цехийн мастераар ажиллахыг санал болгосон. Бутлан ангилах цехийн мастераар 2007 оны сүүлчээс 2009 он хүртэл ажилласан. Тэгээд 2009-2019 он хүртэл Чулуун заводын ерөнхий инженерээр 10 жил ажиллаад үйлдвэрийн даргын ажлыг хүлээж авсан. Өнгөрсөн хугацаанд Б.Бат-Өлзий, Б.Доржсүрэн, Д.Пүрэвсүрэн, Д.Эрдэнэсайхан гээд дөрвөн даргатай хамтран ажиллаж байлаа. Бүгд надад ажлын арвин туршлагаасаа зааж сургасан сайхан дарга нар байсан.
Инженер хүн их сургуулиас олж авсан мэдлэгээс гадна мөр зэрэгцэн ажиллаж байгаа хамт олноосоо ихийг сурч мэддэг. Намайг өдий зэрэгт хүртэл тусалж дэмжиж байсан дарга нартаа үргэлж баярлаж явдаг. Ялангуяа, Д.Эрдэнэсайхан дарга надад хүнтэй ажиллах талаар их зааж зөвлөдөг байлаа. Чулуун заводынхан маань хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг. Хүнд хэцүүг давж туулж байгаа хамт олноо яавал сэтгэл өөдрөг хангалуун байлгаж, аз жаргалтайгаар ажлаа хийж төмөр замын тээврийн найдвартай байдлыг хангах вэ гэдэг тал дээр их зөвлөдөг байсан. Мөн өвгөн дарга (Б.Бат-Өлзий агсан) маань намайг бутлагчаас ерөнхий инженер хүртэл дэмжиж тусалж, ирлэж, хурцалж, шаардаж шахаж, дөнгөж сургууль төгссөн хүүхэд гэж гололгүй хариуцлагатай ажил даалгаж мэргэжлийнхээ хувьд өсөж хөгжих “хөрсийг” сайн тавьж өгсөн гэж боддог.
Тэгээд ч би Чулуун заводыг хар багаасаа мэдэх юм даа. Тоосон дунд нь тоглож, өрөмдлөг, тэсэлгээнийх нь чичиргээг биеэрээ мэдэрч өссөн болохоор сэтгэлд дотно байдаг юм. Тиймээс энэ хамт олон дундаа хурдан дасаж, том уурхайд руу явах бодлоо эрт орхисон доо /инээв/.
-Та шинэ ажилтан байхдаа шинэ шугам угсарч байж. Одоо дахин шинэ шугам нээх гэж байгаа гэж сонссон. Чулуун заводын хувьд хөгжлийн шинэ хуудсыг эхлүүлж байна. Тийм үү ?
-Тэгэлгүй яах вэ. Би их азтай хүн юм. Өнгөрсөн хугацаанд Чулуун заводын 50, 60 жилийн ойгоор шинэ техник, технологи, парк шинэчлэлтийг хийлцлээ.
Түүхт ойгоороо бид үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж, амжилт ололтоо ахиулах чухал алхмуудыг хийж ирсэн. 50 жилийнхээ ойгоор шинэ шугам нээж байсныг би дээр дурдсан. 60 жилийнхээ ойгоор машин механизмынхаа парк шинэчлэлтийг гайгүй сайн хийсэн. Тухайлбал, караз машинуудаа нордбензын машинуудаар сольж, жижиг авто ачигчаа том болгож, Солонгосын “Hyundai” эксковатор авч байлаа. Чулуун заводын 70 жилийн ой 2026 онд тохионо. Бид дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрөө боловсруулан УБТЗ-ын Техник эдийн засгийн хурлаар оруулаад батлуулчихсан. Чулуун завод Олон-Овоо-2 ордыг түшиглэсэн эдийн засгийн үр ашигтай, УБТЗ төдийгүй улс орны хэмжээнд төмөр замын шебень балласт, чигжээсийг нийлүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ-ээ гуравдугаар сард дэмжүүлсэндээ сэтгэгдэл өндөр байгаа. Олон-Овоо-2 ордыг үр ашигтай ашиглах талаар 2020 оноос хойш тасралтгүй хөөцөлдөж, Замын захиргааны дэмжлэгийг авч хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө тусгуулсан. Энэ ордыг одоо уурхай шиг уурхай болгож ашиглаж байгаа.
Дээрээс нь, Замын захиргаа ордыг ашиглахад шаардлагатай өрмийн машин, эксковатор гээд олон хөрөнгө оруулалтыг 2020 оноос хойш хийсэн. Харин 2023 онд шинэ бутлан ангилах шугам суурилуулах боломж бүрдсэн.
Өнгөрсөн зургадугаар сард Шанхай хотод очиж манай бутлан ангилах шугамыг үйлдвэрлэсэн үйлдвэртэй танилцаад ирсэн. Одоо тоног төхөөрөмжүүд маань Чулуун заводод бууж байгаа. Энэ ондоо багтаад суурилуулалт, угсралтын ажлыг эхлүүлэхээр нийлүүлэгч тал ажиллаж байна. Чулуун заводын гурван арванд тохиож байгаа томоохон өөрчлөлт, техник технологи, парк шинэчлэлд оролцож, эдийн засгийн ашигтай ажиллах тооцооллуудыг хийж, хэтийн хөгжлийг нь төлөвлөн ажиллаж яваа өөрийгөө их азтай хүн гэж бодож явдаг.
Тийм ч учраас би ажилдаа хоёргүй сэтгэлээр ханддаг. Ажилдаа маш их дуртай. Үйлдвэрийнхээ хаана юу болж буйг бүгдийг мэдэрч, ажилчдынхаа дунд нь орж ажиллах дуртай.
-Чулуун заводынхны хувьд уурхайнхаа дэргэд суурин амьдардгаараа бусад уурхайчдаас давуу талтай юм даа?
-Тийм шүү. Ер нь, уул уурхайн салбарынхны ажлын нөхцөл маш хүнд. Ихэнх уурхайчид ар гэрээсээ олон хоногоор хол кемпэд байрлан ажилладаг. Хүнд нөхцөлд ажилладаг хүмүүст ар гэрээсээ хол байна гэдэг амаргүй. Ар гэрийнхэнд нь ч хэцүү. Ер нь, ажлаа тараад гэр рүүгээ инээгээд орох шиг аз жаргал гэж байдаггүй байх. УБТЗ Чулуун заводыг байгуулсан цагаасаа ажилчдынх нь нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн.
2008 онд шиг санаж байна. Төмөр замаас Олон-Овоо тосгонд бага сургууль барьж өгч байлаа. Мөн Чулуун заводын ажилчдын саналаар, Б.Бат-Өлзий даргын маань хичээл зүтгэлээр Даланжаргалан сумын Олон-Овоо баг шинээр байгуулагдаж байлаа. Ингэж төрийн үйлчилгээг 25 дугаар зөрлөгт ажиллаж амьдарч байгаа төмөр замчдад ойртуулах чухал шийдвэр гарч байсан юм. Нөгөө талаар, манай заводод нутгийн залуус ажилладаг. Сумын иргэдийг тогтвортой ажлын байраар хангадаг байгууллага. Олон-Овоо баг бол сумаасаа илүү дэд бүтэцтэй тохилог суурьшлын бүс. Төмөр замаас цэвэр бохир устай орчин үеийн орон сууцнуудыг барьсан зэрэг нь засаг захиргааны шинэ нэгжийг энд бий болгоход их түлхэц болсон шүү.
-Хамт олон гэдэг олон цөөндөө биш. Тэдэн дунд бүрдсэн уур амьсгал их чухал юм шиг санагдсан. Танай хамт олны хувьд ямар онцлогтой вэ?
-Энэ хамт олон дунд би 17 жил ажилласан байна. Тэгэхээр хамт олон гэдэг миний хувьд төрснөөс өөрцгүй ах дүү шиг болдог юм байна.
“Олны хүч оломгүй далай” гэж үг бий. Хамт олны дунд эерэг уур амьсгал бүрдүүлдэг зүйл бол хамтын хүч гэдгийг мэдэрцгээсэн үед л жинхэнэ хамт олон бүрддэг юм шиг санагддаг. Тиймээс хамт олондоо хамтын хүчийг мэдрүүлэхийг хүсдэг. Хүсэл зорилго нэгтэй, хүчээ нэгтгэж сурсан хамт олон ямар ч ажлын ард төвөггүй гардаг.
Манай хамт олон нэг айлын хүүхдүүд шиг бие биенээ маш сайн ойлгодог, хүндэлдэг. Алдсан нэгнээ түшиж тулдаг, аварга сайчууд нь залуу үеэ сургаж хүмүүжүүлдэг, дэмждэг. Манайхан дунд удам дамжсан бутлагч, жолооч, өрөмдөгч, тэсэлгээчин олон. Өөрөөр хэлбэл, хүүхэд байхаасаа Чулуун заводын тоосонд дарагдаж, дуу чимээ, тэсэлгээний чичиргээг нь мэдэрч, хөгжил дэвшлийг нь нүдээрээ харж өссөн залуус.
Намайг анх ажилд орж байхад манай ажилчдын ихэнх нь дундаас дээш насныхан байсан. Одоо Чулуун заводын ажилчдын 90 хувь нь залуус болсон. Энэ залуусаа тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзлэлийг нь төрүүлэхийг хичээдэг. Би хамт олноо “ЧАМБАЙ” гэж тодорхойлно.
-За хоёулаа ярилцлагынхаа сэдвийг жаахан өөрчилье. Та гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Хадам аав маань манай үйлдвэрт токарьчнаар, хадам ээж маань нярваар ажиллаж байсан. Гэргий маань энэ айлын том охин. Санхүүгийн мэргэжилтэй, банкны салбарт ажиллаж байсан. Бид хоёр 2008 онд Олон-Овоодоо байшин барьж, гал голомтоо бадрааж байлаа. Манайх гурван хүүхэдтэй. Хоёр том маань ихэр. Олон-Овоо багийнхаа бага сургуулийн дөрөвдүгээр ангид сурдаг. Бага охин ой найман сартай. Ам бүл тавуулаа амьдардаг. Одоогоор гэргий маань бага охиноо харж байгаа. Миний хань бол хань ижил, үр хүүхдэдээ маш халамжтай, ажилсаг бүсгүй бий. Ялангуяа, үйл үртэст их уран. Зүү ороох оёдлоор хөөрөгний даалин урладаг. Мөн маш сайхан хоол хийнэ. Гэр бүлээ хайр халамжаар дүүрэн байлгаж, ар талыг минь бат найдвартай даадаг ханьтай учраас миний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байдаг болов уу гэж боддог. Манай гэрийн хамгийн том дарга бол эхнэр. Бид дөрөв бол ээжийн үгнээс гардаггүй /инээв/.
Ажлын ачаалал ихтэй байдаг ч гэртээ ороод ядаргаа тайлагддаг. Хэдий их ажилтай байсан ч ар гэртээ, хүүхдүүддээ цаг зав гаргахыг хичээдэг.
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
-Чөлөөт цаг их хомс доо. Цаг зав гарвал гэр бүлтэйгээ хамт байхыг хичээдэг. Ажлын хажуугаар аж ахуй эрхэлдэг. Үхрийн фермтэй. Ажлын бус цагаар үхрийнхээ өвс тэжээл, усалгаа гээд ажил мундахгүй. Тиймээс надад чөлөөт цаг ер нь гардаггүй. Цаг гарвал гэр бүлтэйгээ өнгөрөөхийг хичээдэг.
-Таны хувьд хамгийн аз жаргалтай мартагдашгүй үе хэзээ тохиож байв?
-Тийм үеүд зөндөө бий. Хүн амьдралдаа эд баялаг, хөрөнгө чинээ хураахаас илүү аз жаргалтай сайхан дурсамжуудыг бүтээж амьдрах ёстой гэж боддог. Тиймээс эргээд бодоход сэтгэл дүүргэх сайхан дурсамжуудаар дүүрэн амьдрахыг хичээдэг. Миний хувьд ээжтэйгээ байсан тэр он жилүүд амьдралын минь хамгийн сайхан үеүдийн нэг. Мөн ханьтайгаа учирч, өрх тусгаарлаж, гэр бүл болсон тэр үе бол хамгийн дурсгалтай сайхан үе. Амьдралд ирсэн хамгийн том бэлэг бол ихрүүд минь байлаа. Хүү, охин хоёртой болсон тэр өдөр бол хамгийн их аз жаргалыг мэдэрсэн. Дараа нь бага охиноо төрөхөд ч тэр... Миний амьдрал аз жаргал, гэрэл гэгээгээр л дүүрэн байна даа.
-Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
-Би ер нь өөрөөрөө байх дуртай. Өөрийнхөө хийе гэж бодсон ажлаа заавал хийдэг. Өмнөө зорилго тавьсан бол заавал биелүүлж байж санаа амардаг. Замын дундаас буцдаггүй. Мөн цагийг дэмий зүйлд үрэх дургүй. Цагийг гиюүрч, эсвэл архи дарс зэрэгт үрж байгаа хүмүүст харамсдаг. Эр хүн зорьсон зорилготой, түүндээ хүрэх тэмүүлэлтэй байхад зам нь дардан байдаг.
-“УБТЗ-ын Шилдэг дарга” гэдэг хүндтэй шагналыг хүртэж байхдаа та юу бодож байв?
-Энэ шагналыг хүртэхдээ “Би” гэж бодохоосоо илүү сайхан хамт олныхоо хүчээр ийм хүндтэй шагнал хүртлээ гэж бодсон. Миний өмнө Д.Эрдэнэсайхан дарга маань энэ шагналыг хүртэж байсан. Түүнээс хойш хоёрхон жилийн дараа би энэ шагналыг хүртэж зогсохдоо үнэхээрийн ачааны хүндийг үүрдэг гайхалтай хамт олныхоо буянаар энэ байгууллага хоёр дахь “Шилдэг дарга”-аа өлгийдөн авч байна даа гэж бодсон. Мөн ханьдаа маш их баярласан. Өдөр шөнийг ялгахгүй ажил ажил гээд гараад явдаг миний ар талыг найдвартай даадаг ханийнхаа буянд ажилдаа би бүхнээ зориулж чаддаг. Миний амжилт ололтод ханийн минь хувь нэмэр их бий гэж боддог доо.
-Та удирдагч хүний манлайллыг юу гэж ойлгодог вэ?
-Ээж минь 2017 онд “Миний хүү нэгдүгээр ангиасаа дарга хийсэн хүн дээ” гэж билээ. Үнэхээр Даланжаргалан сургуулийнхаа найман жилийн сургуульд нэгдүгээр ангиасаа наймдугаар ангиа төгстөл ангийн дарга байлаа. Айраг сумын 10 жилийн сургуульд сурахдаа дотуур байранд сууна. Дотуур байрны дарга хийж байсан. Оюутан болоод мөн л ангийн дарга болсон.
Би багаасаа маш их зүйлийг санаачилдаг, сэддэг. Түүнийгээ бусадтай хуваалцах дуртай, бусдын санал бодлыг сонсдог хүүхэд байсан. Түүнээс юм болгоны түрүүнд ороод “Би, би... Би чадна. Би мэднэ” гэж явсангүй. Бусдад өөрийгөө илэрхийлэх, үзэл бодлоо хуваалцах маань нээлттэй байдаг маань нөлөөлдөг байж магадгүй.
Би удирдах албан тушаалд цөөнгүй жил ажиллаж байна. Бусдыг удирдах, манлайлах гэдгийг хүн бүрийн харах өнцөг өөр байдаг. Зарим хүн бусдад байнга заадаг сургадаг, зөвлөдөг, өөрөөрөө үлгэрлэдэг, бусдыг дагуулдаг хүн байдаг. Энэ бол нэг хэлбэрийн манлайлал. Мөн бусадтай өөрийн санал бодлыг хуваалцахын сацуу бусдынхаа санаа бодлыг сонсдог, зөвлөдөг, асуудлыг хамтран шийдвэрлэдэг хүн байдаг. Ер нь, удирдагч хүн бусдын үзэл бодол, хүсэл зоригийг хүндэтгэн үзэж, хамт олныг эрх ашигт нийцэх хамгийн зөв шийдвэрийг гаргадаг байх ёстой. Манлайлал гэдэг үргэлж бусдад аз жаргал, эерэг энергийг түгээдэг, бусдыгаа зөв зүйлд чиглүүлдэг хүнийг манлайлагч хүн гэж боддог. Аль болж бүтэхгүй зүйлд уруу татдаг хүн бол манлайлагч биш шүү дээ.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
Б.Гүнжинлхам