УБТЗ-ын ХАБЭА-н албаны дарга Н.Намжилдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Олон улсын хэмжээнд жил бүрийн дөрөвдүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар” болгон компанит ажил зохион байгуулдаг “УБТЗ-ын хэмжээнд ямар ямар ажлууд хийж байна вэ?
-УБТЗ ХНН энэ дөрөвдүгээр сарыг “Эрүүл аюулгүй ажил-Бидний суурь эрх” уриан дор “ХАБЭА-н ажлыг эрчимжүүлэх сарын аян” зохион байгуулаад явж байна. Үүнтэй холбогдуулан Замын даргын А-309 тоот тушаал гарч, нийт 25 зүйлтэй төлөвлөгөө батлагдан хэрэгжүүлж байна. Тухайлбал, ХАБЭА-н ажилтнуудыг “Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, судалгаа хийх чадамж эзэмшүүлэх”, тоног төхөөрөмжийн инженер механикч нарыг “Машин механизм, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, бэлэн байдлыг хангах” сургалтад хамрууллаа. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг сурталчилах, аюулыг мэдээлэх болон “Нэн тэргүүнд ХАБЭА” сэдэвт богино хэмжээний видео шторк хийх болзолт уралдаан зарласан. ХАБЭА-н талаар ажилтан санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх “Надад санал байна” аяныг цахимаар зохион байгуулах, ирүүлсэн санал хүсэлтийг нэгтгэн, дүн шинжилгээ хийх үүрэг бүх алба, хэлтэс, төв, салбар нэгжүүдэд өгсөн. Бид үйлдвэр аж ахуйн нэгжээс гадна хүүхдийн цэцэрлэгийн гадна тоглоом, орчны аюулгүй байдалд үзлэг хийх, цэцэрлэгийн ахлах бүлгийнхний дунд “Аюулгүй байдал-Аз жаргал” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулж шалгаруулах, зангилаадад “ХАБЭА-г хэн сайн мэдэх вэ?” танин мэдэхүйн хөгжөөнт “Дэвжээ” тэмцээн зохион байгуулахаар төлөвлөөд байна.
- ХАБЭА бол өөрөө өргөн хүрээний ажил. Албаны зүгээс салбар нэгжүүдтэй хэрхэн ажиллаж байна вэ?
-Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль, эрх зүйн баримт бичгийн хүрээнд Замын даргын 24 тушаалыг гарган хэрэгжүүлж байна. Эдгээрээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар баримтлах бодлого, дэвшүүлсэн зорилго, зорилт, чиг үүргийн хуваарь /норматив/-ыг тусгасан А-03 тушаалаар манай албанаас гадна Замын болон алба, салбар нэгжийн удирдлага үзлэг шалгалт хийж, хийсэн ажлыг нь манай алба хянаж, тайланг авч хэлэлцдэг.
Манай алба “Замын захиргааны ХАБЭА-н нэгдсэн үзлэг”-ийг сард нэг зангилааны бүх салбар нэгж, цех тасгуудаар орж шалгадаг болоод зургаа дахь жилдээ явж байна. Үзлэгээс үзлэгт зангилаадад илэрсэн дутагдлууд багасаж байгаа нь энэ үзлэг чанартай болж байгаад байна уу даа гэж бодож байна.Толгойт зангилаанд нэгдүгээр сард 141, Улаанбаатарт хоёрдугаар сард 191, Замын-Үүдэд гуравдугаар сард 167, Зүүнхараад дөрөвдүгээр сард 108 дутагдал илэрснээс түрүүчээс нь арилгасан талаар хариу аваад байна.
Мөн манай албанд хөдөлмөрийн, хөдөлмөрийн эрүүл ахуйн, өргөх механизм зуух даралтат савны, эрүүл ахуй халдвар хамгааллын чиглэлээр Улсын байцаагч нар ажиллаж төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж, Улсын байцаагчийн бүрэн эрхийн дагуу баримт бичиг үйлдэн, баталгаажуулж байна.
-Замын хэмжээнд ХАБЭА-н мэргэшсэн ажилтнууд хэр хүрэлцээтэй вэ?
-Замын хэмжээнд орон тооны ХАБЭА хариуцсан инженер 58, хавсран гүйцэтгэж байгаа 14 нийт 72 хүн ажиллаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2017 оны 370 тоот тушаалын дагуу ХАБЭА хариуцсан инженерүүдийг мэргэшүүлэх 124 цагийн сургалтад хамруулдаг. Манай албанаас болон тусгай зөвшөөрөл бүхий сургалтын төвүүдэд тусгайлсан хөтөлбөрөөр сургалтад хамруулж байна.Мөн Замын энэ оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Эрхүүгийн Зам харилцааны их сургууль, БНСУ-ын КОША нийгэмлэгийн сургалтад ХАБЭА хариуцсан инженерүүдийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
-ХАБЭА-н чиглэлээр Замын хэмжээнд үлгэр жишээ болохуйц амжилттай ажиллаж байгаа байгууллага, ажилтнууд бий юу?
-Ер нь,Төмөр замын ажилд эрсдэлт хүчин зүйлүүд нөлөөлж болохуйц байдаг. Хаана сайн төлөвлөлт, менежмент, сургалт, байнгын хяналт байна тэнд ХАБЭА-н ажил сайн байдаг. Нэгэнт батлагдсан эрх зүйн баримт бичиг, стандартын дагуу үйл ажиллагаагаа тогтмол гүйцэтгэж байх нь чухал. Манайд ингэж ажилладаг салбар нэгж нэлээд бий.
Б.Гүнжинлхам