УБТЗТЭ-ийн Халдвартын их эмч Г.Хишигдэлгэр зөвлөж байна
Бидний хэлж заншсанаар корь буюу Улаанбурхан өвчний дөрвөн тохиолдол бүртгэгдээд байна. Улаанбурхан буюу корь /measles/ нь Дундад зууны үед үхлийн эрсдэлтэй хамгийн аюултай өвчин байсан. Орост гэхэд л дөрвөн хүүхэд тутмын нэг нь энэ өвчний улмаас нас барж байсан гэдэг. Энэ бүхнээс харахад улаанбурханы вакцин гараагүй тэр үед энэ өвчнөөр олон сая хүн амиа алдаж байжээ. Даржлаажуулалт бол улаанбурханаас 90 хувь урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм. Вакцины дархлаа 15 ба түүнээс дээш жилийн хугацаагаар тогтоно. Манай улс 1974 оноос улаанбурханы дархлаажуулалтыг эхлүүлж 2009 оноос улаанбурхан, гахайн хавдар, улаанууд хавсарсан вакциныг товлолын дагуу тарьж энэ өвчний тархалт нас баралтыг бууруулж, устгах өвчний тоонд оруулаад байсан билээ. Гэвч 2015-2016 оны хооронд Улаанбурханы томоохон дэгдэлт гарч вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдийн эндэгдэл нийт улаанбурханы нас баралтын 96 хувийг эзэлж байв. Улаанбурхан өвчин вирусээр үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин бөгөөд ярих, ханиах, найтаах үед гадаад орчинд цацагдан амьсгалын замаар халдварлахаас гадна халдвартай гараар нүдээ нухахад хүртэл халдварлана. Халдварлалтын индекс хамгийн өндөр буюу 100 хувь, зөрөх төдийд л халдвар авч өмнө нь өвдөж байгаагүй, вакцин хийлгэж байгаагүй хүн бүхэн өвдөх эрсдэлтэй юм байна. Улирал хамаарахгүйгээр дэгдэж, тархаж өвчлүүлнэ. Тийм учраас улаанбурханаар өвчлөгсөдийн дунд есөн сар хүртэлх, вакцин тариулж амжаагүй нялхас элбэг байгаа юм.
Улаанбурхан нь тухайн өвчтөний биеийн дархлаанаас хамаараад хөнгөн, дунд, хүнд хэлбэрээр өвчлүүлнэ. Хөнгөн хэлбэрээр өвчилбөл тууралт, халуурах шинж илэрч 5-7 хоногт түргэн эдгэрнэ. Хөнгөн хэлбэрийг гэрээр эмчлэх бүрэн боломжтой. Дархлаа султай тохиолдолд дунд, хүнд хэлбэрээр өвчлүүлнэ. Дунд болон хүнд хэлбэрийг зөвхөн ХӨСҮТ-ийн амьсгалын замын халдварын тасагт мэргэжлийн эмчийн хяналтын доор эмчилнэ. Хүндрэл нь эрт ба хожуу үеийн гэж ангилалтай. Насанд хүрсэн хүн тууралт багатай хэрнээ хордлогын шинж давамгайлж хүндээр өвчлөх магадлал өндөртэй. Нийт өвчлөлийн 1-1.8 хувь нь нас баралтаар төгсдөг. Эпидеми тархалтын үед энэ бол ноцтой тоо юм. Уушгины хатгаа, хоолой бачуурлын хүндрэл амьсгалын дутагдлаар бага насны хүүхдүүд нас барах эрсдэлтэй бол, ерөнхий хордлого, менингоэнцефалитаар насанд хүрэгчид нас барах эрсдэлтэй. Ихсээр халдвар орсон бол улаануудын ижил ургийн гажиг үүсгэх магадлалтай. Улаанбурханаар өвчлөөд эдгэсэн хэдий ч вакцин тариулах насанд хүрээгүй нялх хүүхэдтэй айлуудаар хэсэхгүй байхыг зөвлөж байна. Мөн амны хаалтаа тогтмол зүүж, олон нийтийн газраар аль болох бага насны хүүхдүүдийг авч явахгүй байх, гэртээ агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээ хийж өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлээс сэргийлээрэй.