Сайншанд зангилааны спорт заалны гэрэл гурван жилийн өмнөөс өглөө бүр 05 цаг 50 минутад асдаг болжээ. Энэ бол Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” хөтөлбөр тус зангилаанд хэрэгжиж эхэлснээс хойш гэсэн үг. УБТЗ-ын Төв эмнэлгийн харьяа Сайншанд их эмчийн тасгийн эрхлэгч Энэбишийн Гэрэлцэцэг Ерөнхий сайдын санаачилсан дээрх хөтөлбөрийг сонссон даруйдаа талархан дэмжиж, ажил хэрэг болгохоор дор нь төлөвлөгөө боловсруулан зангилааны даргаараа батлуулан өөрөө уриалан эхлүүлсэн гэдэг.
Төмөр замчдын эрүүл энхийн манаанд 20 дахь жилдээ хоёргүй сэтгэлээр хичээн зүтгэж буй Замын мэргэжлийн аварга Э.Гэрэлцэцэг эмчийг урилаа.
Мөрөөдөлдөө хөтлөгдөх говийг зорьсон нь
Би уг нь Зүүнхараад төрж өссөн. Айлын том охин. Аав минь Зүүнхараагийн, ээж минь Булган аймгийн Гурванбулаг сумын хүн. Манай эмээ өвөө, ээжийн ах дүүс Дорноговь аймагт байдаг болохоор багадаа говьд ирж амардаг байсан юм. Миний мөрөөдөл эмч болох байлаа. Наймдугаар анги төгсөхөд нагац ах маань “Гэрлээ эмч болно гэвэл Дорноговь аймгийн Анагаахад сур. Энд дунд сургуулиа төгсвөл элсэлтийн шалгалт өгөхөд ч амар” гэж зөвлөсөн. Тэр ах маань Дорноговь аймгийн нэгдүгээр 10 жилийн сургуулийн захирал байсан юм. Ингээд есдүгээр ангидаа Дорноговь аймаг руу шилжиж, эмээ өвөө дээрээ ирж, сургуулиа дүүргээд Анагаахын сургуульд орсон. 1995 онд сургуулиа төгсөж, бага эмч-сувилагчийн дипломоо өвөртлөөд Зүүнхарааг зорьж байлаа. Нутагтаа очоод Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт өрхийн бага эмч-сувилагчаар ажлын гараагаа эхэлсэн. Өрхийн эмнэлэгт бага эмчээр хоёр жил хэртэй ажиллахдаа би маш их зүйлийг сурсан. Өрхийн эмнэлэг маань хэсэг хугацаанд их эмчгүй байх үед би дангаараа ажиллахаас аргагүй болсон. Анх чагнуур тавьж хүн үзэхэд мэдэхгүй чадахгүй зүйл их тулгарсан. Хүүхэд, өндөр настнаа үзэх, жирэмсэн эхчүүдээ хянах гээд... Хүн гараад явангуут дэвтэр номоо эргүүлж харна.
Тэр үед өөрийгөө голж, цааш нь суралцаж, заавал их эмч болох ёстой юм байна гэж бодсон. Ингээд 1997 оны намар их эмч болохоор ахиад Сайншандыг зорьсон доо. Зургаан жил сурахын хажуугаар хүний хань, айлын эзэгтэй, ээж болоод амжсан. Нэгдүгээр курстээ ууган охиноо, сургуулиа төгсөх жилээ дунд охиноо төрүүлсэн. Хань маань дунд сургуулийн нэг ангийн хүүхэд. Говийн бэр болоод эндээ суурьшсан даа. Одоо манайх гурван охинтой.
Ажлын гараа, амьдралын эргэлт
2004 онд сургуулиа төгсөөд Сайншандын төмөр замын эмнэлэгт сургалтад явсан нэг их эмчийн оронд түр ажилласан юм. Тэгээд эмнэлэгт орон тоо гартал зүгээр сууж чаддаггүй. “Хараацай” цэцэрлэгт гурван сар туслах багшаар ажиллаж үзлээ. Цэцэрлэгийн хүүхдүүдийн аяга таваг угаах, 00-ийн өрөө цэвэрлэх, шал угаах гээд цэвэрлэгээ үйлчилгээний ажил их хийсэн. Тэр үед цэцэрлэгийн багш, туслах багш нарын ажлын онцлогийг овоо гадарлах болсон шүү. Хүнд сурсан мэдсэн зүйл илүүдэхгүй, хүүхдийн орчин гэдэг миний хувьд амьдралын нэг хичээл байсан. Тэгтэл 2005 оны нэгдүгээр сард Сайншандын төмөр замын эмнэлэгт орон тоо гарч, их эмчээр орсноос хойш 20 жил болжээ.
Энэ хугацаанд олон зүйлийг үзэж туулсан. Эмнэлэг маань 2011 онд орон нутгийн мэдэлд шилжсэн. Тэр үед төмөр замынхаа баг дээр “Талст зам” гэх өрхийн эрүүл мэндийн төвийг анх байгуулаад гурван эмч, хоёр сувилагч гарсны нэг нь би.
Түүнээс өмнө манай эмнэлгийг улсад шилжүүлнэ гэх яриа хоёр жил орчим яригдсан. Тухайн үед төмөр замынхаа ажилчдыг хариуцаад хэдэн хүн Өрхийн эрүүл мэндийн төвийн системд шилжээд ажиллана. Үлдсэн нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт очно, тэтгэвэрт гарах нь гарна гээд л ярьдаг байлаа. Тэр хэрээр бид сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан гэж бодож байлаа. Гэхдээ яг цаг нь тулаад ирэхэд 40 гаруй ажилтантай, нэг байгууллага үгүй болно гэдэг ажилтан бидний хувьд маш хүнд туссан. Аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү тоног төхөөрөмж, ширээ сандал, хогийн шүүр, хутгуур, хананд өлгөөтэй толь, үдээсний машиныг минь хүртэл бүртгээд хуу хамаад аваад явдаг юм билээ. Өрхийн эрүүл мэндийн төв байгуулна гээд Эрүүл мэндийн газраас бидэнд хэдэн ширээ өгсөн байсан. Хоосон хэдэн ширээ, дэвтэр номоо өрөөнийхөө нэг буланд шалан дээр хураачихаад үлдэхэд ёстой хэцүү байсан. Тухайн үедээ төмөр замаас тусламжийн мөнгө төгрөг олгож л байсан санагдана. Тэр нь сэтгэл зүйн хүнд цохилтод орсон ажилтнуудад бол тийм ч чухал байгаагүй байх. Хэдэн тийшээ тарсан ч эмнэлгийнхэн маань нэг хэсэгтээ л шинэ жил, мартын 8, эмч нарын баяраа тал талаасаа цуглаад тэмдэглэсэн дээ. Тэгсээр цаг хугацаа өнгөрөхийн хэрээр аяндаа дасацгааж, шинэ байгууллага хамт олондоо уусаж, байр сууриа олцгоосон.
Биднээс гадна төмөр замчдад их хэцүү байсан. Замын даргын үзлэг шалгалтаар төмөр замчид маань байнга л эмнэлгийнхээ талаар гомдол саналаа хэлцгээнэ. Бараг 5-6 жил энэ асуудал яригдсан шүү. Орон нутгийн удирдлагууд төмөр замын хотхонд аймгийн Нэгдсэн эмнэлгийн салбарыг байгуулснаар эмнэлгийн тусламж үйлчилгээ төмөр замчдад ойртож асуудал намжсан даа. Байхгүй зүйлийг бүтээнэ босгоно гэдэг хэцүү. Харин байгаа зүйлийг тарааж, бутаргах бол амархан юм билээ дээ. Эмнэлгийн байшин маань ашиглалтгүй үндсэндээ 20 жил болсон. Хаалга үүд нь онгорхой цоорхой, доторх нь тоногдоод дууссаныг харахад эвгүй. Зүгээр хараад сууж чаддаггүй ээ, бид. Зангилааны даргад хэлж байж, хаалга үүдийг нь хааж таглуулна. Харин одоо энэ барилгыг буулгаад төмөр замчдын 162 айлын орон сууц барих шийдвэр гарч байгаа юм билээ. Ашгүй дээ л гэж бодож сууна.
Зүтгүүрчдийн эрүүл мэндийг “манасан” есөн жил
Өрхийн эрүүл мэндийн төвд жил шахам ажиллаад Сайншанд Татах хэсэгт үйлдвэрийн эмчээр ажиллах болов. Татах хэсэгт есөн жил гаруй хугацаанд ажиллахдаа ажил амьдралын арвин туршлага хуримтлуулсан. Тухайн үед Зүтгүүрийн албатай хамтраад “Эрүүл ажилтан-Амжилтын үндэс” гэдэг хөтөлбөр боловсруулаад хэрэгжүүлж эхэлсэн. Татах хэсгийн удирдлагуудад шинээр ажилд орж байгаа ажилтныг заавал үйлдвэрийн эмчээр дамжуулдаг болгож өгөөч. Шинэ ажилтны эрүүл мэндийн байдлыг би мэдэж байх ёстой гэдэг шаардлагыг тавьсан. Тэгээд шинэ ажилтан маань эрүүл мэндийн үзлэгийн хуудсаа аваад ороод ирэхэд нь эрүүл хүн байвал “Маш сайн байна. Энэ эрүүл мэндээ чи ингэж ингэж хамгаална шүү” гэдэг зөвлөгөөг өгнө. Мөн бүгдийнх нь шүдний эрүүл мэндийг заавал үзнэ. Эрүүл шүдтэй хүнийг магтаад явуулна. Шүдний өвчлөлтэй хүний хуудсыг нь аваад “Яваад шүдээ эмчлүүлээд ир. Шүд эрүүл бол юу гэдэг билээ” гээд гаргана. Нэг хэсэг нь яваад шүдээ эмчлүүлээд ирдэг. Сургууль төгсөөд ирж байгаа хүүхдүүд “Амжсангүй” эсвэл “Мөнгөгүй байна” гээд үнэнээ л хэлнэ. Тийм үед нь бүртгэж аваад “Цалингаа аваад шүдээ эмчлүүлээд ирээрэй” гээд явуулдаг. Анхны цалингаараа шүдээ эмчлүүлчихээд орох хүн цөөнгүй. Мэр сэр худлаа хэлэх, хуурах гэж оролдох хүн ч таарч байлаа. Хорхойтой шүд рүүгээ цагаан зүйл чихчихээд мэлзэх жишээтэй. Тийм үед нь шүдний эрүүл мэнд яагаад чухал гэдгийг тайлбарлаж өгнө. “Чи ирээдүйд хань ижил, үр хүүхэдтэй болно. Амны хөндийн эрүүл мэнд чинь ийм байхад хайртай хүмүүсээ яаж үнсэх вэ. Хорхойтой шүд чинь үрэвсэж, хавдах, идээлэхдээ тулбал эмчилгээ хийлгэхэд 10-аад хоног акт авах шаардлага үүснэ. Хавдартай шүдийг эмчлэхгүй антибиотик ууна, шарлага хийлгэнэ гээд хоруу чанар ихтэй” гээд л нэг нэгэнгүй тайлбарлаж өгнө дөө.
Сүүлдээ хэн нь үнэн, хэн нь худал өвдөв гэдгийг нүдний харцнаас нь “уншина”. “Цагаан мах гарчихлаа. Ажилд гарч чадахгүй нь” гээд ороод ирэхэд нь бээлийгээ өмсөж байгаад үзлэг хийгээд “Зүгээр байна. Явж ажлаа хий” гээд л хөөгөөд гаргах ч үе байна. Зарим үед дарга нар “Чиний акт өгсөн ажилтан жинхэнэ өвдсөн юм уу” гэхэд нь дагуулж ороод биеийн байдлыг нь тайлбарлаж, өвдсөнийг нь нотлох ч үе гарна. Хөгжилтэй, сургамжтай үе олон байсан.
Депод ажилласан есөн жил цаг наргүй, утсаа унтраах эрхгүй, хэзээ ч дуудагдаж магадгүй тийм л ачаалал өндөртэй байв. Дуудлаа л бол хэдэн цагт ч гараад л явна. Ямар сайндаа, нөхөр маань “Утас нь дуугарахаар орноосоо годхийж босоод гараад алга болдог. Гэрийнхэндээ санаа тавьдаггүй” гэж зэмлэдэг л байлаа. Хөдөлгөөнтэй холбоотой байгууллагад ажиллахын хэцүү нь тэр шүү дээ. Хүүхдүүд бага байхад хэцүү байсан. Гэхдээ яах билээ, ажил юм хойно. Хань маань өөрөө төрийн ажил хийдэг цаг наргүй явдаг хүн болохоор яваандаа ажлын маань онцлогийг ойлгодог болсон.
Эрүүл мэнд бол эрхэм баялаг
Сайншандын их эмчийн тасаг дөрвөн их эмч, хоёр бага эмч, хоёр сувилагчтай. Бид 1400 гаруй төмөр замчин, 400 гаруй өндөр настан, тэдний гэр бүл гээд нийт 2000 гаруй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Урагшаа Долоодын хөндий хүртэл, хойшоо Агьсүмбэт, Улхын-Овоо зөрлөг хүртэл хариуцдаг. Шугам замынхандаа сар бүр эргэлтээр очиж, үзлэг хийж, эрүүл мэндийн сургалт хийдэг. Намайг энд ирэхээс өмнө зангилааны даргаар батлуулсан хуваариар баланстай аж ахуйн нэгжүүдийн машинаар сар бүр эргэлт хийдэг байсан юм билээ. Гэвч шугам замд ажилтан нь байдаггүй байгууллагууд машинаа гаргаж өгөхгүй байх тохиолдол их. Харин Замын IV анги эмч нарынхаа ажлыг ойлгож дэмжиж, сард нэг удаа машинаа өгч эргэлт үзлэг хийх боломжийг гаргаж өгдөг. Бид эргэлтээр явахдаа ойр зуурын ханиад, даралтны эм зэргийг авч явдаг. Өндөр настнуудынхаа гэрээр нь орж эргэдэг. Бидний хувьд ингэж эргэлтийг тогтмол хийж байгаа нь төмөр замчдаа өвдсөн цагт нь дуудагдаж очихоос илүү өвдөхөөс нь урьдчилан сэргийлж, эрүүл мэндийг нь хянаж, сургалт, мэдээллүүдийг давтамжтай өгч байх нь үр дүнтэй байдаг.
Энэ жил зангилааны гурван ч аж ахуйн нэгжид элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа. Энэ хүрээнд элэгний В, С вирусийн тест шинжилгээг хийж, элэгний В вирусгүй ажилчдыг вакцинд хамруулж эхэлсэн. Тухайлбал, Барилга ашиглалт үйлчилгээний III ангийн 55, ЭХУХ-ийн II ангийн 36 ажилтанд элэгний В вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх гурван тун вакцинд хамрууллаа. Ингэснээр эдгээр ажилтанд 20 жилийн дархлаа тогтлоо гэсэн үг.
Энэ вакциныг хийлгэхэд байгууллагын удирдлага, ҮЭ-ийн хороодтой хамтарч ажилласан. Байгууллагууд вакцины зардлыг ХАБ-ын зардлаасаа гаргасан.
“Шүд эрүүл бол бие эрүүл” гэдэг шүү дээ. Сайншанд Татах хэсэгт эхлүүлсэн энэ ажлаа одоо ч үргэлжлүүлж байгаа. Хоёр жилийн өмнө Төв эмнэлгийн хөдөлгөөнт оношилгооны вагон ирж урьдчилан сэргийлэх үзлэг хийх үед манай тасгийн эмч сувилагч нар сууж байгаад үзлэгтээ орж ирж байгаа төмөр замчдаа бүртгэж аваад шүд, амны хөндийн үзлэг хийж, суурь судалгааг гаргасан. Энэ судалгаанд тулгуурлаад шүдний эмчилгээг үе шаттай хийж эхэлсэн. Эхний ээлжинд Төв эмнэлгийн дарга С.Еркегүл даргаас гуйж байгаад Сайншанд Татах хэсэгт шүдний эмчийг нь долоо хоног ажиллуулсан. Шүдний эмч бүх багаж тоног төхөөрөмжтэйгөө ирээд шүд эрүүлжүүлэх ажлыг хийсэн. Тэгэхэд долоо хоногийн хугацаанд 149 ажилтны 270 гаруй шүдийг эмчилсэн. Энэ бол төмөр замын ажилчдаа ажлаас нь хөндийрүүлэхгүйгээр шүдийг нь эмчилж эрүүлжүүлэх маш үр дүнтэй ажил болсон. Энэ жил бас төлөвлөгөөндөө оруулсан байгаа. Гэвч Төв эмнэлгээс шүдний эмчээ олон хоногоор явуулах боломжгүй байна. Хөдөлгөөнт оношилгооны вагон очих үед эмчлүүл гэсэн. Гэтэл надад шүдийг нь эмчлүүлэх шаардлагатай маш олон төмөр замчин байна. Тэгэхээр нь аймгийн Нэгдсэн эмнэлэгтээ “Манай төмөр замчид бол аймгийн иргэд шүү дээ. Танай эмнэлэгтэй хамтарч ажиллая” гэж гуйсан. Аймгийн нэгдсэн эмнэлгээс төмөр замчид бусад иргэдийн адил цахимаас цагаа аваад үйлчлүүлж болно гэхэд нь төмөр замчдын ажлын онцлогийг тайлбарлаад үйлчилгээгээ манай ажилтнуудад ойртуулж өгөөч гэдэг хүсэлтийг зангилаагаараа дамжуулаад албан ёсоор тавьчихсан байгаа. Аймгийн Нэгдсэн эмнэлгээс ирэх сарын 1-нээс эхлэн Төмөр замын тосгон дахь салбар эмнэлэг дээрээ төмөр замчдын шүдийг эмчлэх ажлыг эхлүүлнэ гэдэг хариуг өгсөн. Тэгвэл ядаж 100 төмөр замчныхаа шүдийг эрүүлжүүлээд авах сан хэмээн ярилаа.
Э.Гэрэлцэцэг эмч “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” хөтөлбөрөө гурван жил тасралтгүй үргэлжлүүлэхдээ өвлийн ид хүйтнээр хоёр сар, зуны ид халуунд мөн хоёр сар завсарладаг. Бусад хугацаанд өдөр бүр 06.00-07.00 цагийн хооронд дасгалаа хийцгээдэг. Төмөр замчдаас гадна тэдний гэр бүлийнхэн ч хамрагддаг. Харин эрчүүд маань арай цөөн ирж байгаа. Олон хүнд эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлчихвэл эрүүл мэндэд нь их өөрчлөлт гарна даа хэмээсэн билээ.
Ийм л эгэлхэн бусдын төлөө сэтгэлээ гэрэл шиг “асаасан” эмч бүсгүйтэй ярилцахад сэтгэл дулаацаад сайхан байлаа. “Өөрийнхөө замыг чи өөрөө л гэрэлтүүлнэ” гэдэг үг бий. Харин Э.Гэрэлцэцэг эмч бусдын өмнө гэрэл гэгээг түгээхийг амьдралын зорилгоо болгосон санагдана.
Б.Гүнжинлхам